Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/02385

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 25 181/ШШ2022/02385

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОУХЛТ ХК -д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос хойш ОУХЛТ ХХК-д Аж ахуй нэгж хариуцсан Орлогын байцаагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус компанийн захирлын 2022.04.01-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар МУХтХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-ийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулсан.

Тушаалд ажилчдад хууль бус дарамт үзүүлж, хэл амаар доромжилсон, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан, дээрэлхэн сүрдүүлж, нэр төрийг гутаан доромжилсон, өөрийн ажиллаж буй байгууллагыг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн, ажилчидтай зүй бус харилцсан зөрчлийг удаа дараа гаргаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж 2022.04.01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилчдын гомдлыг үндэслэсэн байх бөгөөд тухайн ажилчдын гомдлыг надад танилцуулаагүй, надаас гомдолтой холбоотой тайлбар мэдүүлэг аваагүй. ХтХ-ийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг миний бие нэг ч удаа гаргаагүй ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй тул дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна.

Тушаалд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан зэрэг хуулийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна. Хуульд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зөрчлийн үйлдэл тухай бүрийг нэрлэн заах бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Мөн тушаалд үндэслэж буй зөрчлийг урьдчилан тогтоогоогүй надаас зөрчилтэй холбоотой ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй болно.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд агуулгын болон хэлбэрийн хуульд заасан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

Миний бие 2022.04.08-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022.04.15-ны 181/Ш32022/05175 тоот захирамжаар "Хөдөлмөрийн эрхийн 3 талт хороонд хандаж шийдвэрлүүлээгүй" гэх үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. ОУХЛТ ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, одоогоор бүрэлдэхүүн томилогдоогүй тул шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн миний бие Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэст хандсан боловч тус хэлтсийн 2022.04.20-ны өдрийн 2/367 тоот зөвлөмжөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн одоогоор томилогдоогүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн туул шүүхэд ахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ОУХЛТ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ш.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.С нь 2015 оноос манай компани /хуучнаар Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ/-д тооцооны нягтлан бодогч, Аж ахуйн албаны дарга, талбайн менежер, орлогын байцаагчийн албан тушаалд тус тус ажиллаж байсан. Я.Сд холбогдуулж Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллага болон хамт олны дундаас хэд хэдэн гомдол гаргасан.

Дээрх гомдлуудтай холбогдуулан компанийн ёс зүйн хороо 2 удаа хуралдаж гомдол гаргасан хүмүүс болон Я.С нараас гомдолтой холбоотой тайлбар авч, хуралдсан. Нэхэмжлэлд өргөдлүүдтэй иргэн Я.Сг танилцуулаагуй тухай дурдсан байна. Ёс зүйн хороо хуралдахаас өмнө компанийн захирал С.Мөнхбат, Хүний нөөцийн менежер С.Мөнхтуяа нар Я.Стай уулзаж ирүүлсэн өргөдлийг танилцуулсан. Тухайн танилцуулсан үйл явц дуу хураагуурт бичигдсэн. Түүнчлэн ёс зүйн хороо 2 дахь хурлаараа Я.Сг дуудаж өргөдлүүдтэй холбоотой тайлбар мэдээллийг авсан. Тус хурал мөн хурлын тэмдэглэлээр баталгаажна. Ёс зүйн зөрчил гаргасан тухайгаа ч хурал дээр Я.С өөрөө зөвшөөрсөн байдаг.

Компани маргаан таслах комиссгүй тул шүүхэд хандсан тухай нэхэмжлэлд мөн дурдсан байна. ОУХЛТ ХХК нь 2018 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 28 дугаар тогтоолоор ОНӨААТҮГ-аас компанийн хэлбэр рүү шилжсэн. 2019 онд компанийн маргаан таслах комисс гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдож, 2022 оны 3 дугаар сард комиссын бүрэлдэхүүн шинэчлэн томилогдсон. Иймд, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн нь хууль бус байна.

Я.Сгийн нэхэмжлэлд дурдагдсан зүйлс нотлох баримтаар үгүйсгэгдэнэ. Ёс зүйн хороо хуралдаж шийдвэрээ гаргаагүй, зөвхөн тайлбар мэдээлэл авч байх үйл явцад Я.С нь "...хурдан миний тушаалыг гаргаж өг, би нэр төрөө сэргээж шүүхэд хандана, би дахиж энэ байгууллагад ажиллахгүй... гэх үгийг удаа дараа хэлж, ёс зүйн хорооны хурлаас хойш 2022.04.01-ний өдрийг хүртэл өдөр бүр Хүний нөөцийн менежер луу ярьж тушаал хурдан гаргаж өгөхийг шаардаж байсан. Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль бус байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ОУХЛТ ХХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/77 дугаар тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/05175 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/368 дугаар албан бичиг, ОУХЛТ ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 22/01 дүгээр тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас ОУХЛТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаал, ОУХЛТ ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар тушаал, ОУХЛТ ХХК-ийн дүрэм, ОУХЛТ ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн захирлын шуурхай хурлын 07 дугаар тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн ажилчдын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн ажил дүгнэх комиссын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22/01 дүгээр хурлын тэмдэглэл, П.Чимэд-Очирын 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ОУХЛТ ХХК-ийн захиргаанд гаргасан тайлбар, Д.Цэцэгжаргалын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ОУХЛТ ХХК-д гаргасан өргөдөл, Н.Алтанцоожийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ОУХЛТ ХХК-д гаргасан өргөдөл, Б.Энхсайханы 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ОУХЛТ ХХК-д гаргасан өргөдөл, С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ОУХЛТ ХХК-д гаргасан өргөдөл, Жи Эл Ти ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т гаргасан гомдол, ОУХЛТ ХХК-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22/01 дүгээр хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаал, ОУХЛТ ХХК-ийн Ёс зүйн дүрэм, ОУХЛТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 22/01 дүгээр тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/02 дугаар хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Я.Сгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ОУХЛТ ХХК-д гаргасан гомдол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ОУХЛТ ХХК-ийн Я.Сгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэр гардуулсан баримт, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-н даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаал зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Компанийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр улиралд зохион байгуулсан сургалтын тайлан, мэдээ, ОУХЛТ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар захирлын шуурхай хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоол, ОУХЛТ ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, ОУХЛТ ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оын 06 дугаар сарын 30-ны өдрийн 22/01 дүгээр хурлын тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ажилчдад гэрээ болон бусад материал танилцуулсан баримтын дотоод товъёог, Хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан хүмүүсийн нэрс зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч ОУХЛТ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу ОУХЛТ ХХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Б/77 тоот Я.Сд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг Я.С гардаж аваад, 2022.04.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022.04.15-ны өдрийн 5175 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, дахин 2022.04.20-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг шүүх хүлээн авсан байх тул гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Я.С нь ОУХЛТ ХХК-ийн Аж ахуйн нэгж хариуцсан Орлогын байцаагчаар ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 01ий өдрийн Б/77 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.3, 43 дугаар зүйлийн 43.1.3, 43.1.4, 43.2.3 дахь заалт, 71 дүгээр зүйлийн 71.4 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 2 дугаар зүйлийн 2.2, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.6, 6.2.15, 10 дугаар зүйлийн 10.2.4.5, 10.2.5.6, 10.2.5.11, 10.2.5.14, 10.2.6.4, 10.2.7.3, 10.2.7.4, 10.2.9.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Компанийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.9 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.5.1 дэх заалт, иргэн Н.Алтанцоожийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өргөдөл, Ажилтан Б.Энхсайхан, Д.Цэцэгжаргал, С.Эрдэнэцэцэг нарын гомдол, Хамт олны 2022 оны 03 дугаар сарын 23-ны, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдийн хамт олны хурлын тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 25, 29-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Я.Сг ёсзүйн зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 4 хуудас/

3. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан эсэх талаар талууд маргаж байна.

  3.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...ажилчдад хууль бус дарамт үзүүлж, хэл амаар доромжилсон, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан, дээрэлхэн сүрдүүлж, нэр төрийг гутаан доромжилсон, өөрийн ажиллаж буй байгууллагыг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн, ажилчидтай зүй бус харилцсан зөрчлийг удаа дараа гаргаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж тодорхойлсон.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд мөн зүйлийн 80.1.4.-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

4.1. Я.Сд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэр байхгүй байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

4.2. Ажил олгогчийн Я.Стай байгуулсан 2022.01.10-ны өдрийн 13 дугаар Хөдөлмөрийн гэрээний 7.3-т Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.5-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийг нэг удаа гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй гэжээ. /хавтаст хэргийн 8-11 хуудас/

4.2.а. ОУХЛТ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.2.5-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, захиргааны санаачлагаар ажлаас халах зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд Я.Сг ажлаас халах тушаалд ...10.2.5.6, 10.2.5.11, 10.2.5.14 дэх заалтуудыг дурдсан байна. Үүнд:

10.2.5.6. Хамтран ажиллагчид болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд, мөн компанийн удирдлагад хууль бус дарамт шахалт үзүүлсэн, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн

10.2.5.11. Өөрийн хариуцсан ажил үүргээ биелүүлэхдээ авилга авсан, авахаар завдсан, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэсэн бол

10.2.5.14. Өөрийн удирдлагад хамаарах ажилтан болон бусад этгээдэд аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлсэн, барьцаа хэрэглэсэн, хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн, хийхээр заналхийлсэн, илэрхийлсэн, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарласан, байгууллагын нууцыг адил төстэй үйл ажиллагаа явуулж буй этгээд болон шууд өрсөлдөх чиглэл бүхий этгээдэд задруулсан гэжээ.

 

4.3. Эдгээр ноцтой зөрчлүүдийг Компанийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.9 дэх заалтад заасан ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй харьцуулахад адилтгах боломжгүй байна.

 

4.4. Хариуцагч ОУХЛТ ХХК нь нэхэмжлэгч Я.Сг ажилчдад хууль бус дарамт үзүүлж, хэл амаар доромжилсон, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан, дээрэлхэн сүрдүүлж, нэр төрийг гутаан доромжилсон, өөрийн ажиллаж буй байгууллагыг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн, ажилчидтай зүй бус харилцсан зөрчлийг удаа дараа гаргасан нь иргэн Н.Алтанцоожийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өргөдөл, Ажилтан Б.Энхсайхан, Д.Цэцэгжаргал, С.Эрдэнэцэцэг нарын гомдол, 2022 оны 03 дугаар сарын 23-ны, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдийн хамт олны хурлын тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 25, 29-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын санал, дүгнэлтээр нотлогдоно гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 62-79, 85-89, 91-102 хуудас/

Эдгээр баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсан, зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

4.5. ОУХЛТ ХХК-ийн захирлын 2022.03.18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Ёс зүйн хорооны гишүүдийг томилсон байна.

Компанийн Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлд Ёс зүйн хорооны гишүүдийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан байх бөгөөд 12.8-д ...гомдол мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, ажлын 5 өдрийн дотор дүгнэлт гаргана гэж, 12.9-д Дүгнэлтийг холбогдох компанийн Гүйцэтгэх захиралд танилцуулна гэж тус тус заажээ. /хавтаст хэргийн 104-109 хуудас/

Ёс зүйн хорооны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Я.Сд холбогдуулан гаргасан гомдолд үндэслэн гомдол гаргагч этгээдүүдээс тайлбар сонсох асуудлыг хэлэлцэж, гомдолд Я.Сгаас тайлбар авахаар шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 91-102 хуудас/

Ёс зүйн хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээр Я.Сгаас тайлбар сонсох, Хороо санал гаргах асуудлыг хэлэлцэж, Я.Сд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах саналыг Захиралд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. хавтаст хэргийн 117-130 хуудас/

Эдгээр баримтуудыг харьцуулан дүгнэхэд Ёс зүйн хорооны гишүүд нь ёс зүйн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоогоогүй буюу Ёс зүйн дүрэмд заасан ямар зөрчлийг, хэзээ, хэрхэн Я.С гаргасныг шалгаж тогтоогоогүй, Я.С ёс зүйн зөрчил гаргасан эсэх дүгнэлтийг нотлох баримт болон хууль дүрэм, журамд нийцүүлэн гаргаагүй, Захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар буюу Я.Сд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

 

4.6. Хариуцагч ОУХЛТ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй буюу Я.Сг Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.5.6, 10.2.5.11, 10.2.5.14 дэх заалтуудад заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Я.Сг ОУХЛТ ХХК-ийн Аж ахуйн нэгж хариуцсан Орлогын байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч Я.Сгийн сарын дундаж цалинг тодорхойлоход нэг сард 1,138,660.67 төгрөгийн цалинтай байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-7 хуудас/

Ажилгүй байсан хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 6 сар 17 хоногоор тооцоход 1,138,660.67 х 6 сар = 6,831,964 төгрөг, 1,138,660 төгрөг : 21.5 хоног = 52,960 төгрөг, 52,960 төгрөг х 17 хоног = 900,320 төгрөг, 6,831,964 + 900,320 = 7,732,284 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Сгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч ОУХЛТ ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Сгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,732,284 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Я.Сг ОУХЛТ ХХК-ийн Аж ахуйн нэгж хариуцсан Орлогын байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ОУХЛТ ХХК-аас 7,732,284 /долоон сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж Я.Сд олгож, Я.Сгийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг ОУХЛТ ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Сгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ОУХЛТ ХХК-аас 208,866 /хоёр зуун найман мянга найман зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА