| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/00842/И |
| Дугаар | 181/ШШ2022/02389 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2022/02389
2022 10 25 181/ШШ2022/02389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Амармэнд, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.С-д холбогдох
Гэм хорын хохиролд 5,186,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч М.С, нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагч Л.С, түүний өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020.12.30-ны өдөр өөрийн өмчлөлийн 22-** У** улсын дугаартай Истана маркийн машинтай Улаанбаатараас Хэнтий чиглэлд хүнс тээвэрлэж явсан. Энэ орой Налайх дүүргийн Бөс нуурийн ойролцоо 93-** У** улсын дугаартай ГАЗ 66 маркийн автомашинтай Лувсандаш овогтой Сэргэлэнбаатар нь зам чөлөөлөөгүй, анхааруулах зүйл, гэрэл тавилгүй байснаас осол гарсан. Үүний улмаас тээврийн хэрэгсэл болон орон нутаг руу ачиж явсан эд бараа эвдэрч гэмтсэн.
Налайх дүүргийн цагдаагийн газрын үзлэг, хэмжилтээр Л.С-ын буруутай нь тогтоогдож, зөрчлийн тухай хуулиар шийтгэл ноогдуулсан. Миний бие хохирлын үнэлгээг ВЕНДО ХХК-р хийлгэхэд тээврийн хэрэгслийн 5,217,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээний 2,858,380 төгрөг, нийт 8,076,180 төгрөгийн үнэлгээ гарснаас Л.Сын жолоочийн даатгал дутуу байсны улмаас зөвхөн тээврийн хэрэгслийн 56.7% болох 2,970,145 төгрөг, үнэлгээний 140,000 төгрөгийн хамт Миг даатгалаас олгосон.
Иймд, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцож бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан хариуцагч Л.Саас үлдэгдэл 5,186,035 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С би 2020.12.30-ны орой Налайхаас Городок орох чиглэлийн буюу Бүс нуурын ойролцоо У** 93** дугаартай Газ-66 машинтай явж байхад машинд гэнэт догол гарч би боломжийн хэрээр баруун гар тийш замыг чөлөөлж ачаан дээр байсан дугуй болон ослын тэмдгийг хамт явж байсан үеэл дүү У.Шижирмөрөнөөр 30-40 метрийн зайд аваачиж тавиулсан. Машины доголыг засаад дуусч байх үед их чимээ гарч надад цохилт мэдрэгдэх шиг болж хэсэг ухаан балартсан. Нэг сэхээ орон өндийхөд хүмүүс шуугилдаж, би замын эсрэг урсгал дээр хэвтэж байсан. Босоод ирэхэд миний машин байсан газраа байхгүй харин нэг Istana машин оронд нь зогсож байсан. "Юу болов?" гэж дүү нараас асуухад "Машины чинь араас энэ машин мөргөчихлөө гэж хэлсэн" энэ үед л миний машины араас тэр Istana машинтай залуу мөргөснийг ойлгосон. Цагдаа дуудаж хэмжилт хийлгүүлсэн. Уг Istana машиныг ачлагын тэрэг ачаад явсан. Миний машин тухайн үед дахиж асаагүй бөгөөд маргааш нь очиж хүнээр чирүүлж Городокд найзынхаа хашаанд тавьсан. Би Налайх дүүргийн цагдаагийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч Istana-гийн жолооч Ням-Очир нь "Миний амьдрал хэцүү, ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, ээжийнхээ цалингийн зээлээр энэ машиныг худалдан авч Хэнтий аймгийн чиглэлд ачаа ачиж эхэлсэн, хүмүүсийн ачаа ачиж явсан тул их хэмжээний өрөнд орчихлоо, та надад даатгалаасаа мөнгө гаргаж өгч туслаач" гэж хувиараа гуйсан. Би Ням-Очирын аргагүй байдлыг бодож, мөн хэмжилт хийсэн цагдаа манай гэрт ирж байцаалт авахдаа "Танд ямар ч хохиролгүй даатгалаас чинь л мөнгө гарна тийм учраас хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурчихаа" гэж хэлсний дагуу би хүлээн зөвшөөрсөн. Гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөхөөр болоход байцаагч "Та 5 оноогоо хасуулаад 100000 төгрөгний торгууль төлчихөөд ир" гэхэд би "Би оноо хасуулах, торгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, надад торгууль төлөх мөнгө байхгүй" гэж хэлсэн, энэ үед Ням-Очир "Торгуулийн мөнгийг би төлөлцье гээд өөрөө торгуулийн мөнгийг банканд тушаасан. Мөн би хувийн зүгээс мөнгө төлөхгүй даатгалаараа асуудлыг шийднэ гэж М.Нтой тохиролцсон байсан. Үүний дараа Миг даатгал дээр очиж асуудал шийдэгдэнэ гэж бодож байтал М.Н даатгалаас мөнгө гаргуулж авсныхаа дараа дахин шүүхэд хандаж байгаад би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч М.Солонго дүгнэлтдээ: Хариуцагч тал мөнгө төлөх шаардлагагүй гэж үзлээ. Нэхэмжлэгч тал хурд хэтрүүлж явж байсан гэж бодож байна гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн нотариатын үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн баримт, М.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, М.Нын жолоочийн үнэмлэхийн хуулбар, М.Нын Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зураг /4 хуудас/, Л.Сын жолоочийн үнэмлэхийн хуулбар, Л.Сын Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33393 дугаар Авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсралт, гэрэл зураг /2 хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шийтгэлийн хуудас, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Торгууль төлсөн баримт, М.Нын Вендо ХХК-д төлбөр төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, М.Нын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас ослын газрын гэрэл зураг /4 хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2107000017 дугаар Зөрчлийн хэргийн материал /37 хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/05 дугаар Шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Л.Ст холбогдуулан гэм хорын хохиролд 5,186,035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Л.Сыг ГАЗ-66 маркийн 93-**У** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа зам чөлөөлөөгүй, зогсолтын анхааруулах тэмдгийг зохих зайд тавиагүй зогссоны улмаас зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн Истана маркийн 22-**У** улсын дугаартай автомашинд болон ачиж явсан бараа, бүтээгдэхүүнд хохирол учруулсан гэх үндэслэлээр шаардлага гаргасныг хариуцагч Л.С эс зөвшөөрч, нэхэмжлэгч зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн араас ирж мөргөсөн нь хурдаа тохируулж яваагүй замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн, зорчих хэсгийг боломжоороо чөлөөлж, ослын анхааруулах тэмдгийг тавьсан тул гэм буруугүй, нэхэмжлэгч хохирлыг даатгалаас авчихна гэж төөрөгдөлд оруулж Цагдаа дээр асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлсэн, торгуулийн мөнгийг өөрөө төлсөн, ачиж явсан бараануудыг нотлох баримтгүй тул хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2. Иргэдийн төлөөлөгч М.Снь нэхэмжлэгч М.Ныг хурд хэтрүүлж явж байсан гэж үзэж хариуцагчаас хохирлыг гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлт гаргасныг шүүх дараахи үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
3.1. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.Н өөрийн өмчлөлийн Истана маркийн 22-** У** улсын дугаартай автомашиныг жолоодон Налайх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр, Бөс нуурын ойролцоо явж байхдаа зам дээр зогсолт хийсэн Л.Сын өмчлөлийн ГАЗ-66 маркийн 93-** У** улсын дугаартай автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гарсан байх бөгөөд уг зам тээврийн осол ГАЗ-66 маркийн 93-** У** улсын дугаартай автомашины жолооч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 буюу Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна, 9.5 буюу Ослын зогсолтын тэмдгийг ...суурин газрын гаднах замд 30 м-ээс ...багагүй зайд байрлуулна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан болох нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, холбогдогч нараас авсан мэдүүлэг, уг зам тээврийн ослын зөрчилд Л.Сыг 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдал, Техникийн шинжээчийн 2022.03.10-ны өдрийн 03/05 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хх-6-12, 50, 193-196, 232-233х/
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хариуцагч Л.С нь ослын зогсолтын тэмдгийг 30 м-ээс багагүй зайд байрлуулсан, замын зорчих хэсгийг чөлөөлсөн болохоо буюу татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул Л.Сэргэлэнбаатыг зам тээврийн осолд буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 38-40 хуудаст авагдсан гэрэл зурагт хагарч, эвдэрсэн ослын зогсолтын тэмдэг харагдаж байгаа боловч уг зургаар ослын зогсолтын тэмдгийг хариуцагч зохих ёсоор байршуулсан гэж үзэх боломжгүй байна.
3.3. Нэхэмжлэгч М.Ныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн энэ талаарх тайлбар болон иргэдийн төлөөлөгч М.Солонгын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.4. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Э.Хишигтогтох нь Л.Сыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх бөгөөд торгуулийн мөнгийг М.Н төлсөн нь Л.Сыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчилд шийтгэл ногдуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хавтаст хэргийн 50 хуудас/
3.5. Л.С нь ГАЗ-66 маркийн 93-** У** улсын дугаартай автомашины эзэмшигч бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-17х/
Дээрхи үндэслэлээр хариуцагч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10, 9.5 заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай, тээврийн хэрэгслийг эзэмшигч тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасны дагуу тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсний хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул иргэдийн төлөөлөгч М.Солонгийн хариуцагчаас хохирлыг гаргуулах шаардлагагүй гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Н нь автомашин болон ачиж явсан бараа, материалд учирсан хохирлын үлдэгдэл 5,186,035 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
4.1. Зам тээврийн ослын улмаас М.Нын өмчлөлийн Истана маркийн 22-47УАР улсын дугаартай автомашинд 5,217,800 төгрөгийн хохирол учирсныг Вендо ХХК-ийн 2021.01.04-ний өдрийн дүгнэлтээр, мөн зам тээврийн ослын улмаас ашиглах боломжгүй болсон бараа, бүтээгдэхүүний үнэ 2,858,380 төгрөг болохыг Вендо ХХК-ийн 2021.01.05-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоосон байна. /хавтаст хэргийн 18-33 хуудас/
Хариуцагчийн өмгөөлөгч 43 инч-ийн телевизор эвдэрснийг нотлох баримтгүй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан эвдэрсэн эд зүйлийн фото зургаар 43 инч-ийн телевизор эвдэрсэн болох нь харагдаж байгааг дурдах нь зүйтэй байна. /хх-33х/
4.2. Мөн нэхэмжлэгч М.Н нь Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэхээр 228,000 төгрөгийн зардал гаргасан болох нь Вендо ХХК-ийн НӨАТ-ын баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 51-51-52 хуудас/
4.3. Миг даатгал ХХК-иас Л.Стай байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний дагуу хохирлын нөхөн төлбөрт М.Нт 3,110,145 төгрөг төлсөн болох нь М.Нын ХААН банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-215, 54х/
4.4. Иймд М.Нын Истана маркийн 22-**У** улсын дугаартай автомашинд учирсан хохирол 5,217,800 төгрөг, бараа, бүтээгдэхүүнд учирсан хохирол 2,858,380 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 228,000 төгрөг нийт 8,304,180 төгрөгөөс даатгалаар төлөгдсөн 3,110,145 төгрөгийг хасахад үлдэгдэл 5,194,035 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Л.Саас 5,186,035 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Нт олгох үндэслэлтэй байна.
5. Шинжээчийн ажлын зардлын тухайд,
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1852 дугаар захирамжаар шинжээчээр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийг томилсон. Шинжээч нь ажлын хөлс 200 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд Нэхэмжлэх ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус заасан.
Нэхэмжлэлийн шаардлага болох 5,186,035 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 200,000 төгрөгийг хариуцагч Л.Ст хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Саас 5,186,035 /таван сая нэг зуун наян зургаан мянга гучин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Л.Саас 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж шинжээч ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд /ХААН банкны 5022282507 тоот данс/ олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,927 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Саас 97,927 /ерэн долоон мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД
Ж.ЛХАГВАСҮРЭН