| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/03627/И |
| Дугаар | 181/ШШ2022/02578 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2022/02578
2022 11 11 181/ШШ2022/02578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Н
Нэхэмжлэгч: М.Я нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГРК ХХК холбогдох,
2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 27,772,200 төгрөг, хохирол 16,050,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаарлагатай,
2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгч М.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н, М.Я нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Н миний бие 2018.07.02-нд фэйсбүүк уралдаанаас шалгарсан 10 хүмүүс дундаас 1 хүнийг сонгон 1мкв-ийг 990,000 төгрөгөөр өөрийн хүссэн байраа захиалах эрхийн бичиг олгох сугалаанд хожиж эрхийн бичгийн эзэн болсон. Ингээд тус барилгын "Грийнресурс контракшн" ХХК-тай очиж уулзан 2018.07.03-ны өдөр орон сууц захиалгын 802/37 тоот гэрээг байгуулсан. Ингээд гэрээний хавсралт №1 тоотод заасны дагуу 2018.07.03-нд нийт төлбөрийн урьдчилгаа 10% болох 5,554,440 төгрөгийг Голомт банкны 2705115989 дугаартай ГРК ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 90%-г 24 сарын дотор төлж дуусгахаар гэрээний төлбөрийн нөхцөлд тохирсон. Ингэж төлөхдөө сар бүрийн график байхгүй нийт 24 сарын хугацаанд төлөхөөр заасан байсан. Гэрээний төлбөрийн нөхцөлд 24 сар дотроо хэрхэн яаж хувааж төлөх нь байхгүй асуухаар 2 жилдээ багтааж төлөөрэй гэсэн тул өөрсдөө хуваарь гарган төлж байсан. Ингэж төлөхдөө 2018.08.06-нд 1.000.000 төгрөг, 2018.08.25-нд 1.000.000 төгрөг, 2018.09.11-нд 1.000.000 төгрөг, 2018.09.26-нд 1.000.000 төгрөг, 2018.10.11-нд 1.000.000 төгрөг, 2018.10.26-нд 1.000.000 төгрөг, 2019.01.03-нд 2.000.000 төгрөг, 2019.01.26-нд 2.000.000 төгрөг, 2019.02.15-нд 500.000 төгрөг, 2019.02.25-нд 1.500.000, 2019.03.25-нд 1.000.000 төгрөг, 2019.04.11-нд 1.000.000 төгрөг, 2019.05.05-нд 800.000 төгрөг, 2019.09.04-нд 3.000.000 төгрөг нийт 17,800,000 төгрөгийг тус тус Голомт банкны 2705115989 тоот, Капитрон банкны 3020008026 тоот Грийн ресурс констракшн" ХХК-ийн эзэмшигчийн дансанд шилжүүлж 2021.08.06-нд үлдэгдэл төлбөр болох 32.189.900 төгрөгийг шилжүүлж 100% тооцоо дууссан. Бидний хооронд байгуулсан гэрээний 1.2 дахь хэсэгт орон сууцыг гүйцэтгэгч нь 2019 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохиролцсон. Гэвч 2019 оны 2 дугаар улиралд багтаан оруулах гэж байсан Хөх сувд хороолол 2019 оны 06 дугаар сард дулаанаа ч аваагүй байдалтай байсан. Тухайн үед би "Хөх сувд" хорооллын борлуулалтын алба гээд 89132882 дугаарлуу залгаж барилгын явцын талаар асууж лавлаж байсан. Ингэж асууж лавлах бүрт ойрын хугацаанд барилгын ажил дуусахгүй нь илт нөхцөл байдалтай байсан, тухай бүр очиж зургийг нь дардаг байсан.
Иймд манай гэрийхний зүгээс байр ашиглалтанд орох хүртэл амьдрах орон байрны хэрэгцээ шаардлага гарсан бөгөөд 2019 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 сарын 15 хүртэл 2 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарсан. Сарын 700,000 төгрөгөөр түрээслэж байсан.
Мөн өдийг хүртэл "Грийн ресурс констракшн" ХХК-ийн төлөөлөгч Оюунгэрэлтэй холбогдож ашиглалтанд орох дөхсөн талаар хэзээ айлуудаа оруулах зэрэг асуудлыг асууж холбогдсоор байсан боловч сүүлдээ миний утсыг авахаа больсон.
Энэ хугацаанд Оюунгэрэл нь төлбөр мөнгөний асуудал ярьдаггүй байсан бөгөөд байрыг улсын комисст өгөх хугацаа дөхсөн гэх үед буюу 2021 оны зун уулзахад 100% бүрэн төлөлттэй айлуудаа эхний ээлжинд оруулахаар болсон. Танайх үлдэгдэл төлбөрөө төлж дуусгавал эхний ээлжийн айлуудтай оруулах болно гэж хэлсэн. Бид бүхэн хэлсэнийг нь хүлээн авч үлдэгдэл төлбөрийг Оюунгэрэлийн мессэжээр өгсөн компанийн дансаар шилжүүлсэн. Ингэхдээ компанийн нягтлан бодогчтой ярьж бидний графикаар төлөөд үлдсэн төлбөр нь компаний тооцоотой нийлж байгаа эсэхийг шалгаж үзээд эцсийн байдлаар төлбөрөө төлж дуусгасан. Хөх сувд хороололд Улсын комиссын хуваарь 2021.10.04-ны 15:00 цагт шалгалт оруулахаар албан ёсны сайт дээр нь мэдээлэл орсон байсан. Үүнээс хойш 10 сарын 18-ны өдрөөс айлууд түлхүүрээ авсан гэсэн мэдээлэл фэйсбүүк грүпп болон захиалагч нарын чат дээр бичигдэж байсан. Би 2021 оны 10 сарын 19-нд "Хөх сувд-ын борлуулалтын оффист явж очиход Оюунгэрэл өөрөө байсан бөгөөд танай бичиг баримтыг төв оффис руу явуулчихсан очоод акт хүлээлцэх бичгээ аваад ир, тэгээд эндээс ирээд түлхүүрээ авчих гэж хэлээд явуулсан. Би нягтлан бодогчтой нь яриад борлуулалтын оффисоос гараад шууд яваад очсон. Тэгээд гэрээгээ өгч оруулаад 1 цаг гаран хүлээсний дараа танай гэрээг хуульч руу явуул гэж байна. Акт хүлээлцэх хуудас өгөх боломжгүй. Хуульчаас хариу ирэхээр таньд хэлнэ гэдэг хариулт өгсөн. Би тухайн үед Оюунгэрэл рүү залгаад юу болоод байгаа талаар асуусан. Оюунгэрэл харин над руу бас залгалаа гэж хэлээд утсаа таслаад дахиж миний дуудлага аваагүй. Тэр өдрөөс хойш хуульчийн хариуг ирэхээр хэлье, дуудая гэдэг байдлаар явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд бид 3 удаа өргөдөл хүсэлтийг компаний захиргаанд бичиж өгсөн бөгөөд албан бичгээр хариугаа өгөхийг хүсэж, асууж тодруулж байсан боловч хариу өгөөгүй хуульчтай уулз гэдэг. ГРК ХХК-ийн хуульч Түмэнбаяр гэж хүнтэй уулзахад одоо наад гэрээ чинь хамаагүй гэсэн зүйлийг хэлдэг.
Иймд 2018.07.03-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын 802/37 тоот гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас гэрээний 5.3-т заасны дагуу 27,772,200 төгрөгийн алданги, түрээсийн байр хөлсөлж амьдарсаны учирсан хохирол болох 16,050,000 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ГРК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н, М.Я нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч ГРК ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Э.Н нь хууль бусаар хэт хямд үнээр орон сууц авах гэрээг ГРК ХХК-ны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан С.Уугантуяатай байгуулснаа нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон шүүхэд хандаж Үндсэн хууль, Иргэний хууль, Компаний тухай хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхэд халдаж байна. Иргэн Э.Н нь ГРКкомпанитай 2018.07.03-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан. Энэхүү "Орон сууц захиалгын гэрээ"-ний гол нөхцөл болсон гэрээний үнэ буюу 1сметр квадратын үнэ нь 999.000 төгрөгөөр тогтоосон байгаа нь огт үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт доогуур, Грийнресурс костракшн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр тухай үеийн гуйцэтгэх захирал С.Уугантуяа дураараа аашилж, бусдад давуу байдал бий болгон хийсэн байдаг.
Сугалаанд хожсон гэх талаар: Иргэн Э.Н нь миний бие 2018.07.02-нд фэйсбүүк уралдаанаас шалгарсан 10 хүмүүс дундаас 1 хүнийг сонгон 1мкв-ийг 990.000 төгрөгөөр өөрийн хүссэн байраа захиалах эрхийн бичиг олгох сугалаанд хожиж эрхийн бичгийн эзэн болсон. Ингээд тус барилгын ГРК ХХК-тай очиж уулзан 2018.07.03-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан." гэж ярьдаг бөгөөд энэ талаараа ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг.
Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн нэг нь аливаа этгээдийн өмчийн халдашгүй байдал юм. Хууль ёсоор олж авсан өмчийг хэн нэгэн этгээд хууль бусаар ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг хориглодог. 2018.07.03-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулах гол үндэслэл буюу хэлцэл нь фейсбүүк сугалаанд хожсон гэх үйл баримт байдаг. Гэтэл энэхүү сугалааг зохион байгуулах талаар гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан С.Уугантуяа нь ТУЗ-д огт мэдэгдээгүй бөгөөд тухайн үеийн борлуулалтын үнээс огцом бага, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүй, иргэн Э.Нт давуу байдал олгож хийгдсэн бөгөөд Компанийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж хийсэн хууль бус хэлцэл юм.
Хууль бус хэлцэл болох талаар: Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хуульчлан тодорхойлсон. Мөн түүнчлэн фейсбүүк сугалаа зарлан явуулсан гэх тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Уугантуяа нь өөрт Хөдөлмөрийн гэрээгээр олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон сууц борлуулах жишиг үнээс хэт доогуур үнээр гэрээг байгуулсан.
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын үндсэн үйл ажиллгааны зорилго бол захиалагчидтай хөрөнгө оруулалтын болон ажил гүйцэтгэх гэрээ зэрэг Иргэний эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ашиг олох байдаг. Гэхдээ талуудын хооронд хийгдэх гэрээний гол нөхцөл болох "гэрээний үнэ" нь шударга үнэ байх ёстой нь ойлгомжтой.
Талууд гэрээ байгуулахаасаа өмнө үнэ-ийг урьдчилан тохиролцсон байх нь гэрээ байгуулах суурь нөхцөл юм. Аливаа арилжаа, солилцоо нь цэвэр зах зээлийн шударга үнэ дээр үндэслэж хийгдсэн байх нь иргэний хуулийн зарчим билээ. Энэхүү шударга үнийн цаана барилгын ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, барилгын материалын үнэ, улсын төсөвт төлөх бүх төрлийн татвар, хураамж зэрэг хариуцлага байдаг бөгөөд хэн нэгэн этгээд өөртөө давуу байдал үүсгэн зах зээлийн үнээс хэт хямд үнээр манай хамт олны бий болгосон баялагийг авах гэж санаархаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
Иймд Э.Нийн Грийн ресурс костракшн ХХК-тай 2018.07.03-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ялангуяа үүсгэн байгуулагч миний хувьд хэзээ ч ийм зөвшөөрөл өгөөгүй бөгөөд энэхүү гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Уугантуяад хариуцлага тооцож ажлаас чөлөөлөн, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.
Мөн түүнчлэн "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулахдаа фейсбүүк сугалаа гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Иймд Э.Н болон ГРК ХХК хооронд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ -г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Э.Н, М.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргагч ГРК ХХК нь хууль бусаар хэт хямд үнээр орон сууц авах гэрээг ГРК ХХК-тай байгуулсан гэжээ. Иргэний эрх зүйд хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан байхаас гадна хэлцэл хэдийд хүчин төгөлдөр байхыг Иргэний хуулийн 40.1-д 40.1 Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тодорхойлон заасан. Талуудын аль аль нь гэрээг харилцан тохиролцож байгуулаад үүний дараагаар хэрэг шүүхэд шилжихэд ийм нэхэмжлэлийг гаргаж байгаа нь илт үндэслэлгүй болно. ГРК ХХК-ийн дотоод эрх хэмжээний асуудлын улмаас хариуцагч Э.Н, М.Я нар хохирч, үүрэг хүлээх үндэслэлгүй юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, 83.1-д зааснаар Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйп ажиллагааг удирдан зохион байгуулна. мөн тус хуулийн 83.8.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж, түүний эрх хэмжээг зааж өгсөн болно. Мөн нэхэмжлэл гаргагч ГРК ХХК нь бусад оршин суугч нартай хийсэн гэрээг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 803/92 тоот болон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнүүдэд компанийг төлөөлөх эрхтэй этгээдээр С.Уугантуяагийн гарын үсгээр баталгаажсан байгаа нь компаний гүйцэтгэх захирлын хувьд захиалагч нартай гэрээ байгуулах эрх хэмжээ С.Уугантуяад төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон өдөр тутамд хийж гүйцэтгэх үүрэг байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийн өгсөн баримтаар нотлогдоно.
Нэхэмжлэгч нь иргэн хуулийн этгээд хэн боловч Иргэний эрх зүйгээр зөвшөөрөгдсөн гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулдагийг зөв дүгнэж тайлбарласан. Энэ нь ч мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь хэсэгт заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн заалттай нийцсэн байхаас гадна нэхэмжлэгч болон хариуцагч нар нь аль аль нь харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгуулсан гэж тайлбарлажээ. Гэвч хууль зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэдэгт аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх агуулгатай байна. Иймд дээрх үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Э.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.11.04-ний өдрийн ГРК ХХК-д гаргасан Э.Нийн өргөдөл, 2021.11.15-ны өдрийн ГРК ХХК-д гаргасан Э.Нийн өргөдөл, 2021.11.23-ны өдрийн ГРК ХХК-д гаргасан Э.Нийн өргөдөл, ГРК ХХК болон Э.Н нарын хооронд байгуулсан 2018.07.03-ны өдрийн 802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ, хавсралт, М.Ягийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2018.07.03-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, М.Ягийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, М.Ягийн Голомт банкны дансны хуулга, Э.Пүрэвжаргал болон Э.Н нарын хооронд байгуулсан 2019.10.15-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Э.Нийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, М.Энхмандалын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Энхээгийн Төрийн банкны харилцах харилцагчийн хуулга, Хөх сувд хороолол фэйсбүүк хаяг дээрх нийтлэл, Хөх сувд хороолол фэйсбүүк групп хаяг дээрх мэдээлэл, 99998853 дугаартай харилцсан мессеж, ГРК ХХК-иас Э.Нт олгосон Эрхийн бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас ГРК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ГРК ХХК-ийн дүрэм, ГРК ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.06.30-ны өдрийн 19/13 дугаар тогтоол, Тэнхлэг зууч ХХК-ийн 2022.01.03-ны өдрийн 22/01 дүгээр албан бичиг, ГРК ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.01.28-ны өдрийн 18/05 дугаар тогтоол, хавсралт, ГРК ХХК болон Ц.Эрдэнэбат нарын хооронд байгуулсан 2018.08.22-ны өдрийн 803/58 дугаар Орон сууц захиалгын гэрээ, ГРК ХХК болон Э.Баянмөнх нарын хооронд байгуулсан 2018.09.30-ны өдрийн 803/92 дугаар Орон сууц захиалгын гэрээ, ГРК ХХК болон С.Мөнхбаатар нарын хооронд байгуулсан 2018.09.19-ний өдрийн 803/86 дугаар Орон сууц захиалгын гэрээ, ГРК ХХК болон С.Идэрбат нарын хооронд байгуулсан 2018.12.20-ны өдрийн 803/103 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Харилцагч Э.Нийн 2018.01.01-ны өдрөөс 2022.01.24-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй тайлан, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2022.01.31-ний өдрийн 2/303 дугаар албан бичиг, 2021.09.13-ны өдрийн Цах-225/2021 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2021.09.16-ны өдрийн №21-0288 дугаар Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, 2021.09.16-ны өдрийн №21-0290 дүгээр Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, ГРК ХХК-ийн 2019.11.01-ний өдрийн 19/69 дүгээр тушаал, ГРК ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ГРК ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ГРК ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 10 дугаар сарын тайлан зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар С.Уугантуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016.01.04-ний өдрийн 3/08 дугаар албан бичиг, гэрч С.Пүрэвжаргалын мэдүүлэг, гэрч Л.Оюунгэрэлийн мэдүүлэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөны газрын 2018.10.17-ны өдрийн 04/4071 дүгээр хаягийн тодорхойлолт, хаяг байршлын схем зураг, 2022.01.13-ны өдрийн БА-008/2022 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Хөх сувд хороолол, 503 тоот барилгын хувийн хэрэг /72 хуудас/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н, М.Я нь хариуцагч ГРК ХХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 27 772 200 төгрөг, хохирол 16 050 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаарлага, хариуцагч ГРК ХХК нь нэхэмжлэгч нарт холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. ГРК ХХК нь Э.Нтэй 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, ГРК ХХК нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хөх сувд хороолол, 802 дугаар байрны Е буюу 1603 тоот, 3 өрөө 55.6 мкв талбай бүхий орон сууцыг 1 мкв талбайг 999,000 төгрөгөөр барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Э.Н нь орон сууцны үнэд 55,544,400 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хавтаст хэргийн 9-15 хуудас/
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн байна.
2. Хариуцагч ГРК ХХК нь энэхүү гэрээнд орон сууцны 1 мкв талбайн үнийг 999,000 төгрөгөөр тогтоосон байгаа нь үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт доогуур, ГРК ХХК-ийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх захирал С.Уугантуяа дураараа аашилж, бусдад давуу байдал бий болгон хийсэн, фэйсбүүк сугалааг зохион байгуулах талаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Уугантуяа нь ТУЗ-д огт мэдэгдээгүй, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, түүнчлэн Орон сууц захиалгын гэрээ-г байгуулахдаа фэйсбүүк сугалаа гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэж маргаж байна.
2.1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь компанийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй бөгөөд гэрээ байгуулах үед ГРК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Уугантуяа ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан С.Уугантуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тогтоол зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 77, 126-128 хуудас/
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16, 76.1.17-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь их хэмжээний хэлцэл хийх, ашиг сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрлийг олгохоор зохицуулсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-г их хэмжээний хэлцэл, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
2.2. ГРК ХХК-ийн Эрхийн бичиг-ээр, Э.Нт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3-р хороололд барьж буй хөх сувд хорооллын орон сууцыг 1 мкв талбайг 999,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 10%, төлбөрийн хугацаа 24 сар нөхцлөөр захиалах эрхийг олгосон. /хавтаст хэргийн 103 хуудас/
Уг Эрхийн бичиг нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2-д заасан гэрээ байгуулах санал байх бөгөөд уг саналыг Э.Н зөвшөөрснөөр талууд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан байна.
Мөн уг гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж гарын үсэг зурсан, ГРК ХХК-ийн борлуулалтын менежер Л.Оюунгэрэл нь гэрээний дагуу захиалагч Э.Нээс орон сууцны төлбөрөө төлөхийг шаардаж байсан талаараа гэрчлэн мэдүүлсэн. /хавтаст хэргийн 71-73 хуудас/
2.3. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасны дагуу талууд орон сууцны 1 мкв-ын үнийг 999,000 төгрөгөөр тохиролцсон тул хариуцагчийн орон сууцны үнийг зах зээлийн үнээс доогуур тогтоосон, байрыг худалдан борлуулах 2018 оны жишиг үнэд нийцээгүй, бусад захиалагч нартай байгуулсан гэрээний үнээс доогуур гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцсон гэх асуудал нь гэрээний маргаанд хамааралгүй юм. /хавтаст хэргийн 77-94 хуудас/
2.4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээний гол нөхцлүүдийг тохиролцон 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
2.5. Иймд хариуцагч ГРК ХХК-ийн нэхэмжлэгч Э.Нт холбогдуулан гаргасан 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
3.1. Гэрээний 1.2, 3.4.1-д зааснаар ГРК ХХК нь орон сууцыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисс хүлээн авахад бэлэн болгох, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулаад захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч орон сууцны барилгыг 2021.10.18-ны өдөр барьж дуусган захиалагч нарт хүлээлгэн өгч, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022.01.13-ны өдрийн БА-008/2022 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулсан байна. /хавтаст хэргийн 185-189 хуудас/
3.2. Гэрээний 1.2, Хавсралт №1-д зааснаар Э.Н нь орон сууцны үнэ 55,544,400 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулах үед урьдчилгаа 10% буюу 5,554,440 төгрөгийг төлж, үлдэгдэл 90% буюу 49,989,960 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцжээ.
Э.Н 2018.08.06-ны өдрөөс 2019.09.04-ны өдрийн хүртэл 17,800,000 төгрөгийг, 2021.08.06-ны өдөр 32,189,900 төгрөгийг тус тус төлж орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 16-30, 95 хуудас/
3.3. Гэрээний 1.7-д Захиалагч нь орон сууцны үнийг 100% төлж барагдуулах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ГРК ХХК байна гэж талууд тохиролцсон байх бөгөөд захиалагч Э.Н орон сууцны үнийг 100% төлсөн.
Худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ГРК ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-гээр тохиролцсон орон сууцыг бодитоор хүлээлгэн өгөх, түүний өмчлөх эрхийг Э.Нт шилжүүлэх үүрэгтэй.
3.4. Гэрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хөх сувд хороолол, 802 дугаар байрны Е буюу 1603 тоот гэж тодорхойлсон орон сууц нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, Хөх сувд хороолол, 503 дугаар байр 110 тоот болж хаяг өөрчлөгдсөн болох нь Хот байгуулалт хөгжлийн газрын 2022.08.25-ны өдрийн 10/3047 дугаар албан бичиг, түүний хавсралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 174-177 хуудас/,
Мөн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатарын гудамж, 503 дугаар байр 110 тоот нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, 503 байрны 111 айлын Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт-д 110 тоот зарагдаагүй гэх төлөвтэй байна. /хавтаст хэргийн 232-235 хуудас/
Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ГРК ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Э.Нт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, Хөх сувд хороолол, 503 дугаар байр 110 тоот, 55,6 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч М.Я нь орон сууцны төлбөрийг өөрийн эзэмшлийн данснаас хариуцагч ГРК ХХК-ийн данс руу шилжүүлж байсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон. /хавтаст хэргийн 96-99 хуудас/
Нэхэмжлэгч М.Я нь ГРК ХХК, Э.Н нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-гээр орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээгээгүй, гэрээний тал биш байна. /хавтаст хэргийн 9-15 хуудас/
М.Ягийн төлсөн гэх 55,544,400 төгрөг нь Э.Н болон ГРК ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний төлбөрийн хэрэгсэл болж байгаа учраас хэний мөнгө гэдэг объектыг тогтоох нь ач холбогдолгүй, харин хэний төлбөрийн хэрэгсэл болж байгаа нь чухал ач холбогдолтой юм. /хавтаст хэргийн 16-30 хуудас/
Өөрөөр хэлбэл 55,544,400 төгрөг М.Ягийн мөнгө гэдгийг тогтоосноор гэрээг М.Я байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч М.Ягийн хариуцагч ГРК ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Алдангийн тухайд,
5.1. Гэрээний 5.3-д Гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойш хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алдангийг Захиалагчид төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Н нь 2019.06.31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2022.11.11-ний өдрийг хүртэл орон сууцны үнэ 55,544,400 төгрөгийн 0,01%-иар алдангийг тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар буюу 27,772,200 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
5.2. Гэрээний 1.2-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисс хүлээн авахад бэлэн болгох-оор заасан байх боловч гэрээний 1.2, 2.2-д төлбөрийн нөхцлийг барилгын ажил гүйцэтгэх хугауаатай уялдуулан заасан байна. мөн гэрээний 5.3-д Захиалгат орон сууцны барилгын ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоох шаардлага гарсан тохиолдолд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа уг нөхцөл байдлыг арилах хүртэл түр зогссонд тооцно гэж, 5.5-д Гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан хэтрүүлсэн тохиолдолд гэм буруугүй гэдгээ өөрөө нотлох бөгөөд ийнхүү нотолсноор алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.
5.3. Гэрээний 1.2, 2.2 дахь заалт болон худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь үнийг төлснөөр худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг үүсдэг, мөн Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-д худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгч Э.Н нь орон сууцны үнийг төлж дуусгах хүртлээ орон сууцыг хүлээн авахаар болон орон сууцыг хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр алданги шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Э.Н нь орон сууцны үнийн үлдэгдэл 32,189,900 төгрөгийг 2021.08.06-ны өдөр төлсөн тул мөн өдрийг хүртэл алданги шаардах эрх үүсэхгүй.
5.4. 2020 оноос 2021 оны 5 сар хүртэл хугацаанд Ковид-19 цар тахалын улмаас хорио цээр тогтоож, улмаар барилгын ажил зогссон, орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж, 10/0,4кВ 2х800кВА ХТП, 10кВ-ын ЦДКШ-ийг 2021.09.13-ны өдөр ашиглалтад оруулах комисын дүгнэлт гарч, цахилгаан хүчдэл залгагдсан байх тул гэрээний 5.3, 5.5-д заасны дагуу хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.5. Нэхэмжлэгч Э.Н нь 2021.11.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги 27,772,200 төгрөгийн шаардлага гаргасан бөгөөд алдангийг нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүй тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагч ГРК ХХК-иас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Нийн алданги 27,772,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6.Хохирол 16,050,000 төгрөг гаргуулах тухайд,
6.1. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч ГРК ХХК-ийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 802/37 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу орон сууцыг 2019 оны 2-р улиралд ашиглалтад оруулах үүргээ зөрчсөний улмаас 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 700,000 төгрөгөөр орон сууц түрээслэж амьдарсан гэх үндэслэлээр түрээсийн төлбөрт төлсөн 16,050,000 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
6.2. Э.Н нь С.Пүрэвжаргалтай 2019.10.15-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан, Э.Н, М.Энхмандал нарын ХААН банкны дансны хуулгаар байрны түрээсийн төлбөр утгатай зарлага гаргасан, гэрч С.Пүрэвжаргал Э.Нт 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил 11 сарын хугацаанд сар бүр 700,000 төгрөгөөр орон сууцаа түрээслэсэн гэж мэдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31-48, 168-170 хуудас/
6.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Э.Нийн иргэн С.Пүрэвжаргалтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс 16,050,000 төгрөг төлсөн байдлыг хариуцагчийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу орон сууцыг барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөний улмаас үүссэн шалтгаант холбоо бүхий хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрээний үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг нөгөө /өөр/ гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Э.Нийн иргэн С.Пүрэвжаргалтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээнийхээ дагуу хөлс төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдал нь, Э.Нийн ГРК ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдагч үүргээ биелүүлээгүйгээс худалдан авагчид учирсан хохирол гэж үзэхгүй.
Иймд Э.Нийн хохирол 16,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.Н нь орон сууц /үнийн дүн 55,544,400 төгрөг/, алданги /үнийн дүн 27,772,200 төгрөг/, хохирол /үнийн дүн 16,050,000 төгрөг/ тус тус гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 654,783 төгрөг төлөхөөс 532,461 төгрөгийг төлж, 122,322 төгрөг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГРК ХХК-д Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, Хөх сувд хороолол, 503 дугаар байр 110 тоот, 55,6 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Нт хүлээлгэн өгч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж,
нэхэмжлэлээс алданги 27,772,200 төгрөг, хохирол 16,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч М.Ягийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГРК ХХК-ийн нэхэмжлэгч Э.Нт холбогдуулан гаргасан 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №802/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,461 төгрөгийг, хариуцагч ГРК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,672 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Нээс 122,322 /нэг зуун хорин хоёр мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Грийнресурс констрашн ХХК-иас 435,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА