Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

   

 

                  

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овогт Б Хад холбогдох 2513000000285 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Д... сумын ... дугаар /Б/ багт оршин оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т ургийн овгийн Б Х, регистрийн дугаар: /РД: БЖ....,   

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д... сумын ... дугаар /Б/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Ныг зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн дээд ба доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хацрыг хамарсан урагдсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон” гэв.

1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Х нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

2. Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар /Бугат/ багийн нутаг дэвсгэрт, айлын цайллагын үеэр болсон олс таталтын тэмцээнд оролцох явцдаа эсрэг багийн гишүүн хохирогч Т.Нтай маргалдаж, түүний зүүн нүд тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд ба доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хацрыг хамарсан урагдсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Нын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус сумын 6 дугаар баг “Уярт” гэх газарт,  хүүхдийн цайллагад очсон. Тухайн цайллагад оролцсон хүмүүсийн дунд болсон олс таталтын тэмцээний үеэр эсрэг багийн хүмүүстэй хоорондоо маргалдаж байтал тус сумын иргэн Б.Х гэх хүн шууд миний хажууд ирж миний зүүн нүдэнд гараараа нэг удаа цохиод хүмүүс салгаж авсан.

“...Миний бие тухайн үед эмчилгээ болон томографид орж үзлэг, оношлогоо хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд гарсан 800.000 төгрөгийг Б.Х бүрэн төлж өгсөн тул одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдолгүй” гэх мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 5, 30 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч С.Кийн  2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  573 дугаартай “...Иргэн Т.Нын биед зүүн дээд ба доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хацрыг хамарсан урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Иргэн Т.Нын биед үүссэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Иргэн Т.Нын дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. Иргэн Т.Нын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-Яллагдагч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай Дэлүүн сумын 6 дугаар баг "Үерт" гэх газарт 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн А гэх хүний хүүхдийн үс авах цайллага болсон. Тухайн цайллага, найрын арга хэмжээний үеэр хүмүүсийн хооронд олс таталтын тэмцээн зохиогдсон ба уг тэмцээний үеэр би хэдэн хүмүүстэй нийлж нэг баг болсон. Тэгтэл манай багийн эсрэг тоглож байсан баг нь багтаа  илүү хүн нэмж оруулаад манайхыг ялсан. Энэ үед бид нар эсрэг багийн хүмүүстэй маргалдаж байхад миний хажууд Т.Н нь ирээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би уурлаад Т.Нын зүүн нүдний хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Т.Н нь тухайн үед нүдний шилтэй байсан болохоор түүний нүдний шил хагарч шанаа хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би явчихсан. Гэтэл удалгүй Т.Н нь цагдаагийн байгууллагад миний талаар гомдол гаргасан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Б.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Т.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Т.Нын эмчилгээний зардал 800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Х нь төлж барагдуулснаар хохирогч ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, (хавтаст хэргийн 30 дахь тал),

Хохирогч Т.Н нь гэмт хэрэгт өртсөний дараа эрүүл мэндийн даатгалын сангаас 681.858 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Майрагаас нэхэмжилснийг шүүгдэгч Б.Х бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Хыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Н болон эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 33-34, 50 дахь тал),

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

2. Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Б.Хын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх  саналыг гаргаж, шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч С.А нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Хын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овгийн Б Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4  /дөрөв/  сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Хад сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б