Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2022/02580

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 11 181/ШШ2022/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СО ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШТК ХХК-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 114,240,000 төгрөг, алданги 57,120,000 төгрөг, нийт 171,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ШТК ХХК-тай 2019.03.05-ны өдөр 2019/04 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 2019.03.05-ны өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд шатахуун нийлүүлэхээр, ШТК ХХК нь шилүүлсэн шатахууны төлбөрийг нийлүүлснээс хойш 7 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу манай компани нь ШТК ХХК-д 2019.05.07-ны өдөр 41,900 литр буюу 87,633,000 төгрөгийн, 2019.05.24-ний өдөр 12,670 литр буюу 26,607,000 төгрөгийн, нийт 54,570 литр буюу нийт 114,240,000 төгрөгийн Дизель түлшийг нийлүүсэн.

ШТК ХХК нь энэхүү гэрээ /Xавсралт 1/-д заасны дагуу барааг ачуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор манай компанийн Хаан банк дахь 5175030788 тоот дансанд түлшний үнийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3.3-д Захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2%-ийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцож захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2019.05.07 болон 2019.05.24-ний өдрүүдэд нийлүүлсэн 54,570 литр Дизель түлшний төлбөр 114,240,000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-ийн алдангийг 2019.06.01-2022.08.08-ны өдрийг хүртэл тооцоолоход 1 хоногт 228,480 төгрөг, нийт 1169 хоногт ногдох алданги 267,093,120 төгрөг болсныг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 57,120,000 төгрөг болж байна.

Иймд 2019/04 тоот гэрээний үүргийн гуйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 114,240,000 төгрөг, алданги 57,120,000 төгрөг, нийт 171,360,000 төгрөгийг ШТК ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас СО ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, ШТК ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №2019/04 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, ШТМ-ын зарлагын 2ш падаан, Тооцооны үлдэгдэлийн баталгаа №19/11, нэхэмжлэх №19/32 зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СО ХХК нь хариуцагч ШТК ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 114,240,000 төгрөг, алданги 57,120,000 төгрөг, нийт 171,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. СО ХХК нь ШТК ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №2019/04 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, СО ХХК нь нефтийн бүтээгдэхүүний стандарт болон техникийн нөхцөлд нийцсэн, чанарын шаардлага хангасан дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч ШТК ХХК нь дизель түлшийг ачуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 11-13 хуудас/

Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

2.1. Гэрээний дагуу СО ХХК нь ШТК ХХК-д 2019.05.07-ны өдөр 41,900 литр буюу 87,633,000 төгрөгийн, 2019.05.24-ний өдөр 12,670 литр буюу 26,607,000 төгрөгийн, нийт 54,570 литр буюу нийт 114,240,000 төгрөгийн Дизель түлшийг нийлүүсэн болох нь ШТМ-ын зарлагын 2ш падаан, ШТК ХХК-ийн захирал Б.Чинбаттай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа №19/11, 2019.07.04-ны өдрийн Нэхэмжлэх №19/32 зэргээр тогтоогдож байна.

 

2.2. ШТК ХХК нь гэрээний Xавсралт 1-д заасны дагуу барааг ачуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор СО ХХК-ийн Хаан банк дахь 5175030788 тоот дансанд дизель түлшний үнийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч ШТК ХХК-иас Дизель түлшийн үнэ 114,240,000 төгрөгийг гаргуулж СО ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

3. Алдангийн тухайд,

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3.3-д Захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2%-ийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцож захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй гэж талууд тохиролцжээ.

 

Хариуцагч ШТК ХХК нь үнийг төлөх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй буюу 2019 оны 05 дугаар сарын 15, 31-ний өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч СО ХХК нь дээрхи тохиролцооны дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд 114,240,000 төгрөгөөс 2019.06.01-2022.08.08-ны өдрийг хүртэл 1169 хоногт, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-ийн /1 хоногт 228,480 төгрөг/ алдангийг тооцоолоход 267,093,120 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар алданги 57,120,000 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагч ШТК ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй  тул мөн зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурлах нь зүйтэй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ШТК ХХК-иас 171,360,000 /нэг зуун далан нэгэн сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СО ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар СО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,014,750 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШТК ХХК-иас 1,014,750 /нэг сая арван дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СО ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА