Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

   2025            08             21

                           2025/ШЦТ/228

 

                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш ургийн овгийн Е Ед холбогдох 2513000000303 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Т сумын .. дугаар /Т/ багт оршин суух хаягтай, тус аймгийн Ө сумын .. дугаар /Бөхөн уул/ багт оршин суудаг, урьд Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш ургийн овогтой Е Е, регистрийн дугаар: БЙ...;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Е.Е нь 2025 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дугаар /Ж/ багийн нутаг дэвсгэр, Р ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.Гыг зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлал хүсэж байна” гэв.

1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.Е нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

2. Шүүгдэгч Е.Е нь 2025 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар Ж/ багийн нутаг дэвсгэр, Р ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.Г “Хүмүүс чамайг хөөрхөн байна гэж хэлсэн” гэх шалтгаанаар түүнийг хардаж, нүүрэнд нь 2 удаа алгадаж, эрүүл мэндэд баруун ба зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, баруун ба зүүн хацарт хавдар, хамрын нуруунд хавдар, бага зэрэг мурийлт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),  

- Хохирогч Б.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө нөхөр бид хоёр гадуур найзуудтайгаа уулзаж, төрсөн өдөр тэмдэглэсэн. Тухайн үед нөхөр бид хоёр хоёулаа архи согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Улмаар Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Р ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд найзуудтайгаа ирээд зогссон. Тэгээд байж байхад манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай над руу хандаж "хүмүүс чамайг хөөрхөн байна гэсэн” гэх шалтгаанаар хардаж миний нүүр, хацар орчимд 2 гараараа ээлжилж нэг нэг удаа цохисон. Улмаар би газар унаад гарын шуу хэсгээ гэмтээсэн. Тэр үед манай нөхөр өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж надаас уучлалт хүссэн. Надад “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 7  дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  617 дугаартай “...1. Иргэн Б.Гы биед баруун ба зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн хацарт хавдартай, хамрын нуруунд хавдартай, бага зэрэг мурийлттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно. 4. Иргэн Б.Гы биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-Яллагдагч Е.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө уг үйл явдал болсон юм. Тухайн өдөр манай эхнэр бид хоёр найзуудтайгаа уулзалдаж нийллэг зохион байгуулж, шөнө хүртэл бид нар найрлаж, баярлаж цэнгэсэн юм. Тухайн өдөр манай найзууд болон манай эхнэр бид бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бүгдээрээ нилээд согтсон байсан. Тэгээд хамгийн сүүлд Цамбагарав баарнаас гараад нэг найзынхаа гэрт ирж үргэлжлүүлэн архи уусан, түүнээс хойш би хэзээ гэртээ харьсан, яаж гэртээ ирснээ мэдэхгүй байна. Би өглөө гэртээ сэрсэн. Би эхнэр Г хаашаа явсныг мэдээгүй тэр өдөр өнгөрсөн бөгөөд орой тийш эхнэртэйгээ утсаар ярихад Ховд аймагт төрхөмдөө очсон байгаа талаар хэлсэн. Тэгээд чи яагаад наанаа байгаа юм бэ ирж надад гэр барихад туслахгүй юм уу гэж хэлэхэд тэр орой нь чи намайг зодсон хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа би эхнэрээ Ховд аймгаас авхуулсан бөгөөд ирсний дараа юу болсон талаар асуухад тухайн орой чи намайг зодсон, түүнээс болоод Ховд аймгаас хадам аав, ээж ирсэн байсан учраас эхнэр  Гыг Ховд аймаг руу авч явсан талаар хэлсэн юм. Үнэн хэрэгтээ би тухайн үед эхнэр Гыг зодсон талаар огт санахгүй байсан, ямар ч байсан хамгийн сүүлд найз Бердимуратын гэрт архи уугаад сууж байснаа санаж байгаа юм, өөр ямар нээн зүйл огт санахгүй байсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Е.Е нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Б.Гы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд “Нөхөр Х.Ед гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 60 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч Е.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Е.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Е.Еы хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган)  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг  4 /дөрөв/  сарын дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгчид танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Е.Еы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган)  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Е.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогтой Е Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ед 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган)  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ед шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Е.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Е.Е нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б