Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2023/00035

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2023/00035

Дорнод аймаг

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Халхгол сумын н сумын Ялалт багт оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 9 дүгээр баг, 9-625 тоотод түр оршин суух, ЖЮ71092935 регистрийн дугаартай, Хатиган овогт Нинагийн Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багт оршин суух, ЖМ73050167 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрэвийн Оюунбатад холбогдох,

“нийт 28 400 000 төгрөгийн үнэ бүхий 17 тооны үхэр, 28 тооны хонийг тус тус гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь хариуцагч П.Оюунбатад холбогдуулан нийт 28 400 000 төгрөгийн үнэ бүхий 17 тооны үхэр, 28 тооны хонийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Чойбалсан сумын 1-р багийн иргэн П.Оюунбаттай 2020 оны 11 сарын 09-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 5 тооны тугалтай үнээ, 4 тооны бяруу, 2 тооны шүдлэн, нийт 16 тооны үхрийг тухайн үеийн ханшнаас доогуур үнэ болох 8 400 000 төгрөгөөр худалдахаар болж дээрх тооны үхрийг түүнд хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг одоо хүртэл хийхгүй хохироож байна. Төлбөрийг түүнээс нэхдэг боловч элдэв арга саам хэрэглэн хойшлуулсаар ирсэн тул удаа дараалан сануулж шаардсаны эцэст 2022 оны 06 сарын 09-ний өдөр “Гэрээнээс татгалзах тухай” мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн идэшний хязаалан үхэр өгнө гэж мөнгө авсан боловч өгөөгүй ба үхрээ ажиллаад бэлдээд тавьчихсан гэж хэлээд сүүлдээ утсаа авахаа байсан. Түүний үгэнд итгээд Чойбалсан сум руу өөрийн машинтайгаа очиход саяхан чиний өмнө надаас авлагатай байсан хүн ирээд нөгөө үхрийг чинь аваад явчихлаа. Хурдан ирэхгүй яасан юм гээд хэнэг ч үгүй намайг хоосон буцаасан. Мөн урд нь 28 тооны хонь өгнө гээд мөнгийг нь аваад өгөлгүй удаа дараа хохироосонд туйлын гомдолтой байна. Тухайн үе /2020.11.09/-ийн насны байдлаар үнээ 5, тугал 5, бяруу 4, шүдлэн үхэр 2, хонь 28, хязаалан үхэр 1, одоо /2022.09.29/-гийн үнэ ханш, нас ахисан байдлаар үнээ 5х1600000=8000000, шүдлэн үхэр 5х1200000=6000000, хязаалан үхэр 5х1400000=7000000, соёолон үхэр 2х1600000=3200000, хонь 28х150000=4200000, нийт үнэ 28 400 000 төгрөг. Иймд хариуцагч П.Оюунбатаас одоогийн зах зээлийн үнэ ханшаар 28 400 000 төгрөгийн үнэ бүхий 17 тооны үхэр, 28 тооны хонийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Миний бие Оюунбатын гэр бүлтэй найз нөхдийн харилцаатай байсан. Түүнтэй 16 тооны үхэр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний хугацаа өнгөрсөн. Би гэрээнээс татгалзсан тухай хүсэлтээ Монгол шуудангаар явуулсан. Би Оюунбатаас хэд хэдэн удаа очиж малаа өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Иймээс шүүхэд хандсан. Хариуцагч нь идэшний үхэр гэж мөнгө авчихаад өгөөгүй, үүнийг нь хязаалан насны үхэр болсон гэж нэхэмжилсэн. 1 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий хязаалан насны нэг үхрийг нэхэмжлэхээс татгалзаж, 27 000 000 төгрөгийн үнэ бүхий үлдсэн малыг нэхэмжилж байна. 16 тооны үхрийг гаргуулах, үхрийг өгөх боломжгүй бол мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Баатар гэдэг хүний 300-аад хонийг Оюунбатын найз Өнөрөө нь гэр бүлийн хүний хамт хардаг байсан. Тухайн үед тэд 7 хоногт л бараг 10 хонь зарж малыг үгүй хийдэг байсан байна лээ. Би Баатар гэдэг хүнээс анх 300 хонь худалдаж авч, мөнгийг бүрэн төлсөн. Хариуцагч нь Баатар гэдэг хүний хониноос 28 хонь дутаасан. Тэр хонийг нэхэмжилсэн. Тухайн үедээ хонио өсгөж байгаад зарна гэсэн боловч хонинуудыг үрэгдүүлсэн байсан. Би Баатараас хонь худалдаж авахаар тохисон, гэвч хариуцагч нь тухайн хүний хонийг зөндөө ихээр дутаасан байсан. Тэгээд би за одоо яахав гэж бодоод хониныхоо оронд хурга, ишиг, ямаа хүртэл хониндоо тооцож авч байсан. Энэхүү 28 хонь Баатар гэдэг хүнд хамааралгүй.

Талууд худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан. Уг гэрээний 5.1-д гэрээний төлбөрийг төлж барагдуулснаар гэрээ дуусгавар болно гэж тодорхой заасан. Гэрээний 1.1-д 16 тооны малыг худалдаж авахаар тохиролцсон, гэрээний 1.2-т нийт үнийг 8 400 000 төгрөгөөр тооцохоор, 3.1-д 2021 оны 02 сарын 01-ний дотор гэрээний төлбөрийг төлж барагдуулах талаар тус тус тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар хариуцагч талын зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан. Хариуцагч гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан. Иймээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учраас гэрээнд заасан малыг хүлээн авах, малын ашиг шим жилээс жилд өсдөг учраас одоогийн үнэ ханшаар тооцож мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч П.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Бид Н.Эрдэнэбаатартай найз нөхдийн холбоотой, манай нөхрийн найз. Эхлээд 2016 онд 5 толгой охин бяруу, 5 толгой тугалтай үнээ биднээс худалдаж аваад, ижлээр нь манайд орхиж, түүнээс хойш 3 жил орчим үнэ хөлсгүй маллаж өгч 45 тооны мал болтол нь өсгөж өгч байсан. ...45 толгой үхэр манай үндсэн үхрийн гарал үүсэл учир хоорондоо ярилцаж тохиролцож байгаад 5 толгой тугалтай үнээ, 4 бяруу, 2 шүдлэн, нийт 16 толгой үхрийг тухайн үеийн ханшаар тооцож 8 400 000 төгрөгийг бид Н.Эрдэнэбаатарт өгөхөөр болж авч үлдсэн. Үлдсэн тооны малаа ...аваад явж байсан. цалин хөлс гэж тооцож цалинжуулж байгаагүй, бид ч найз нөхдийн хүрээтэй гээд цалин хөлс нэхэж байгаагүй, сайн санааны үзүүрээр өсгөж үржүүлж маш том тус дэм болж байсан. Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн дотор эрчимтэй үхрийн гоц халдварт өвчин болох товруутах өвчнөөр манай мал ч ялгаагүй өвчилсөн ...олон тооны малаа үхүүлсэн. Н.Эрдэнэбаатартай 8 400 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу дээрх мөнгөө өгч чадалгүй, боломж бололцоо болохгүй өдий хүрсэн нь үнэн. Бусдаас худалдаж авч өгнө гэсэн 28 тооны хонио хүлээн зөвшөөрнө. Гэтэл Н.Эрдэнэбаатар нь арай л хүн чанаргүй хандаж, өнөөдөр тус болж байсан нэгнээ ингэж их хэмжээний өрөнд оруулах гэж 28 400 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч би Н.Эрдэнэбаатартай 2020 оны 11 сарын 09-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу худалдан авсан 16 толгой үхрийн үнэ болох 8 400 000 төгрөг, 28 толгой хонины үнэ 4 200 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн дагуух 28 400 000 төгрөгийн үнэ бүхий малыг огт хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй болно. Хариуцагч би 12 600 000 төгрөгийг мөнгөөр төлөх болно. Шүүхийн зүгээс энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг сонслоо. Тухайн 5 тооны тугалтай үнээ, 4 тооны бяруу, 2 тооны шүдлэн үхрийн үнийг хүлээлгэж өгөхдөө 8 400 000 төгрөг байхаар тооцсон. Тухайн 16 тооны малыг худалдаж авсны дараа буюу 2020 оны 11 сарын 09-ний өдөр худалдах, худалдах авах гэрээг хожим байгуулсан. 2021 онд улс орон даяар үхрийн товруутах өвчин гарсан. Тухайн үед хариуцагчийн сууринд байсан үхрүүд бүгд товруутах өвчин туссан. Үхрүүд бэлчээрт байх үедээ устаж үгүй болсон байдаг. 25 толгой хонины хувьд Өвөр Монголын Баатар гэдэг хүний мал юм байна лээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд хил, гааль хаасантай холбогдуулаад Баатар гэдэг хүн нь Монголд ирээгүй байгаа. Н.Эрдэнэбаатар нь Баатар гэдэг хүнийг төлөөлөх эрхгүй. Хил, гааль нээгдээд Баатар гэдэг хүн дахиад 25 хонины мөнгөө нэхэмжилж магадгүй учраас шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 25 хонины үнийг төлсөн тухай тодорхой тусгаж өгнө үү. Хариуцагчид 2 дахин хонины мөнгө төлөх боломж байхгүй. Тухайн үед хонь, ямаа нийлсэн 300-аад тооны малыг Эрдэнэбаатар худалдаж аваад сумандаа айлд аваачиж тавьсан. Айлд аваачиж өгөх үед 25 тооны хонь дутсан нь үнэн. Иймд 25 хонины үнийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. 2020 оны 11 сарын 09-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй, уг гэрээнд мөнгөө төлөхгүй бол тухайн үеийн зах зээлийн үнээр бодож төлбөрийг авна гэсэн заалт байхгүй, гэрээнээс татгалзах тухай заалтууд байхгүй. Уг гэрээгээр зөвхөн 16 тооны малын үнийг 8 400 000 төгрөг байхаар тооцсон. Мөн малын жишиг үнийг тогтоохоос өмнө малыг худалдаж авсан, худалдах худалдан авах гэрээг хожим байгуулсан байна. Худалдах, худалдан авах гэрээгээр 2021 оны 02 сарын 01-ний өдрийн дотор 8 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн зүгээс уг гэрээнд заагдсан 8 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 06 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байдаг. 2020 оны 11 сарын 09-ний өдрөөс эхлэн гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй учраас гэрээнд заагдсан 8 400 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Би 28 хонийг 25 гэж буруу хэлсэн байна. Иймд 16 тооны үхэр, 28 тооны хонь бүхий нэхэмжлэлийн шаардлагаас 12 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.  

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн болон 2020.11.09-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Гэрээнээс татгалзах тухай” мэдэгдлийн хуулбар, тус мэдэгдлийг хариуцагчид Монгол шуудангаар хүргүүлсэн тухай баримт, Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны 06 дугаар тогтоолын хавсралт болох 2019.03.14-ний өдрийн огноотой “Чойбалсан сумын малын зах зээлийн жишиг үнэлгээ” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас хариу тайлбар, төлөөлөгч томилсон тухай “Итгэмжлэл” зэргийг гаргаж өгсөн болно. (хх 4-7, 16-17, 20, 26 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь тус шүүхэд хариуцагч П.Оюунбатад холбогдуулан “17 тооны үхэр буюу үнээ 5, шүдлэн үхэр 5, хязаалан үхэр 5, соёолон үхэр 2, мөн 28 тооны хонийг тус тус гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр эдгээр малын үнийг 28 400 000 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлж нэхэмжилсэн. (хх 1-2 тал)

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь “хариуцагч нь идэшний үхэр өгнө гэж 1 сая төгрөг авчихаад өгөөгүй. Энэ талаарх нотлох баримт надад байхгүй тул 1 400 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан насны 1 тооны үхрийг гаргуулахаас татгалзаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан болно.

Нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 1 400 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан насны 1 тооны үхэр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “нийт 27 000 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 5, шүдлэн үхэр 5, хязаалан үхэр 4, соёолон үхэр 2, нийт 16 тооны үхэр, 28 тооны хонийг тус тус гаргуулах тухай” гэж үзнэ.  

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг удаа дараа шаардсан. Мөн гэрээнээс татгалзах талаар удаа дараа мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учраас гэрээнд заасан малыг хүлээн авах, малын ашиг шим жилээс жилд өсдөг учраас одоогийн үнэ ханшаар тооцож хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. 16 тооны үхрийг гаргуулах, үхрийг өгөх боломжгүй бол мөнгийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож гаргуулах хүсэлтэй байна. Би Баатар гэдэг хүнээс 300 хонь худалдаж авч байсан. Хариуцагч нь Баатар гэдэг хүний хониноос 28 хонь дутаасан. Тэр хонийг нэхэмжилсэн. Энэхүү 28 хонь Баатар гэдэг хүнд хамааралгүй...” гэж тайлбарладаг.

Хариуцагч П.Оюунбат нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үхэр болон хонийг өгөхгүй боломжгүй, харин 16 тооны үхрийн үнэд 8 400 000 төгрөг, 28 тооны хонины үнэд 4 200 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөгийг мөнгөөр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, үхрийг нас ахисан байдлаар, мөн одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож нэхэмжилснийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. (хх 16-17 тал)

Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг дэмжиж оролцсоноос гадна нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...2020.11.09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд мөнгөө төлөхгүй бол тухайн үеийн зах зээлийн үнээр бодож төлбөрийг авна гэсэн, мөн гэрээнээс татгалзах тухай заалтууд байхгүй. Мөн малын жишиг үнийг тогтоохоос өмнө малыг худалдаж авсан. Гэрээгээр 2021.02.01-ний өдрийн дотор 8 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 2022.06.09-ний өдөр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байдаг. Гэрээ байгуулагдсанаас эхлэн гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй учраас гэрээнд заагдсан 8 400 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Мөн 28 толгой хонины хувьд Өвөр Монгол иргэн Баатар гэдэг хүний хонь. Тухайн үед хонь, ямаа нийлсэн 300-аад тооны малыг Эрдэнэбаатар худалдаж авсан. 28 тооны хонь дутсан нь үнэн тул үүний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин шүүхийн шийдвэрт Өвөр Монгол иргэн Баатар гэдэг хүний мал гэдгийг тусгаж өгнө үү...” гэж тайлбарлан маргадаг.

Нэг. 4 200 000 төгрөгийн үнэ бүхий 28 тооны хонь гаргуулах шаардлагын тухайд:

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь Өвөр Монгол иргэн гэх н.Баатар гэж хүнээс 300 тооны хонь худалдан авахаар тохиролцож үнийг төлж, түүний хонийг маллаж байсан н.Өнөрөө /хариуцагчийн найз гэх/ гэх айлаас 300 хонио авахаар очиход 28 тооны хонь дутсан, уг 28 хонийг хариуцагч П.Оюунбат нь дутаасан болохоо зөвшөөрч 28 хонийг нэхэмжлэгчид өгөх болсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй, хэн алиныхаа гаргасан тайлбарыг няцаагаагүй болно.  

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь 1 хонины үнийг 150 000 төгрөгөөр тооцож нийт 4 200 000 төгрөгийн үнэ бүхий 28 хонийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч, түүний төлөөлөгч нар малын үнэлгээний асуудалд маргахгүй, харин малаар бус мөнгөөр 4 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргадаг.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хонины тоо болон нэг бүрийн үнийн талаар маргаагүй, мөн хариуцагч П.Оюунбат нь 28 тооны хонины үнэ 4 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь иргэн н.Баатараас хонь худалдаж авахаар тохиролцож үнийг төлсөн, гэтэл тэдний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 28 тооны хонийг хариуцагч нь дутааж одоог болтол тус хонийг нэхэмжлэгчид өгөөгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 28 тооны хонийг гаргуулахаар шаардсан тул эдгээр үндэслэлүүдээр хариуцагч П.Оюунбатаас 4 200 000 төгрөгийн үнэ бүхий 28 тооны хонийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Хоёр. 22 800 000 төгрөгийн үнэ бүхий 16 тооны үхэр гаргуулах шаардлагын тухайд:

Энэ шаардлагын тухайд нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь нас ахисан байдлаар, мөн зах зээлийн одоогийн ханшаар нэхэмжлэлийн үнийг 22 800 000 төгрөг гэж тодорхойлж 16 тооны үхрийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч П.Оюунбат, түүний төлөөлөгч нар эс зөвшөөрч гэрээний дагуу өгөх 8 400 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, үхрийг өгөх боломжгүй гэж маргадаг .

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар, хариуцагч П.Оюунбат нар нь гэр бүлийн найз нөхдүүд байх ба анх 2016 онд нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь хариуцагч П.Оюунбатаас 5 тооны охин бяруу, 5 тооны тугалтай үнээ худалдан авч, уг үхрүүдээ хариуцагч П.Оюунбат түүний нөхөр нараар маллуулахаар тэд харилцан тохиролцож, маллуулжээ.

Хариуцагч П.Оюунбат нь дээрх үхрүүдийг 2020 оныг хүртэл маллан 45 тооны үхэр болгон өгсөж өгсөн байх ба тус үхрүүд нь өрийнх нь мал сүргийн гаралтай үхэр учраас өөрийн хотонд хэдэн тооны үхэр авч үлдэх санал гаргаснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатараас үнээ 5, тугал 5, бяруу 4, шүдлэн үхэр 2, нийт 16 тооны үхрийг нийт 8 400 000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тэд харилцан тохиролцож, уг 16 тооны үхрийг өөрийн хотондоо авч үлдсэн байна.

Талууд үхрийг хүлээлгэн өгч авснаас хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх 16 тооны үхрийг худалдах, худалдан авахтай холбоотой гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр хариуцагч П.Оюунбат нь 8 400 000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцон, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлжээ. (хх 6 тал)

Гэвч хариуцагч П.Оюунбат нь тохиролцсоны дагуу худалдан авсан малын үнийг нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт гэрээнд зааснаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь хариуцагч П.Оюунбатыг гэрээнд үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Гэрээнээс татгалзах тухай” мэдэгдлийг бичгээр гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч П.Оюунбатын оршин суух хаягийн дагуу “Монгол шуудан”-гаар тус мэдэгдлийг хүргүүлсэн байна. (хх 4, 7 тал)

Талууд дээрх үйл баримтуудын талаар маргадаггүй бөгөөд эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар, хариуцагч П.Оюунбат нар нь мал худалдах, худалдан авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /худалдах зүйл, үнэ, хугацаа, хүлээх үүрэг г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэгэж заасан. 

Хуульд ийнхүү зааснаас үзвэл нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар /худалдагч/ нь хэлэлцэн тохирсон малыг хариуцагч П.Оюунбат /худалдан авагч/-д шилжүүлэн өгсөн, харин хариуцагч П.Оюунбат нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тохиролцсоны дагуу гэрээнд заасан хугацаанд малын үнийг төлөөгүй байна.

Хариуцагч П.Оюунбат нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ 8 400 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөөгүй, түүнээс хойш одоог хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байгааг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн талууд уг гэрээндээ аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол хүү, алданги тооцох талаар тусгаагүй байна.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.

Гэрээний нэг тал болох худалдан авагч П.Оюунбат нь Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдаж байгаа эд хөрөнгө буюу малын үнийг худалдагч Н.Эрдэнэбаатарт гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардаж байсан ч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг бичгээр гарган баталгаат шуудангаар хариуцагчид хүргүүлсэн байгааг гэрээнээс татгалзах саналаа мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээний нөгөө талдаа мэдэгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар буюу худалдагч талаас хуульд зааснаар гэрээнээс татгалзсан байх тул татгалзсанаас үүсэх үр дагаврын асуудал мөн яригдах учиртай.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй байна.

Хуульд ийнхүү зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн мал буюу үхрүүдээ биет байдлаар буцаан шаардах эрхтэй байхаас гадна гэрээ биелсэнээс хариуцагч нь ашиг олсон бол тухайн олсон ашгийг мөн шаардах эрхтэй байна.

Гэвч талууд байгуулсан гэрээндээ “үнээ 5, тугал 5, бяруу 4, шүдлэн үхэр 2, нийт 16 тооны үхэр” гэж тусгасан боловч тухайн тугал, бяруу, шүдлэн насны үхрүүд нь ямар хүйсийн үхэр /үнээнээс бусад/-үүд болох, мөн тухайн 16 тооны үхэр нь бүгд яг ямар им, тамга болон зүстэй үхрүүд болох талаар нарийвчлан тусгаагүй байхаас гадна одоогийн байдлаар хариуцагчийн худалдан авсан 16 тооны үхэр нь бүгд нас ахиж бодитоор байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь анх хариуцагч П.Оюунбатад худалдаж байсан 5 үнээ, 5 тугал, 4 бяруу, 2 шүдлэн үхэр, нийт 16 тооны үхрийг 2022 онд буюу нас ахисан байдлаар анх өгсөн 5 үнээ нь 5-улаа, мөн 5 тугал нь 5 шүдлэн үхэр, 4 бяруу нь 4 хязаалан үхэр, 2 шүдлэн үхэр нь 2 соёолон насны үхэр тус тус болж бодитоор байгаа гэдгээ баримтаар гаргаж нотлоогүй байна.

            Мөн хариуцагч тал эдгээр худалдаж авсан үхрүүдийг малын гоц халдварт өвчин болох товруутах өвчний улмаас үрэгдэж үгүй болсон гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар гаргаж нотлоогүй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар, хариуцагч П.Оюунбат нар нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэлээ тус тус баримтаар гаргаж нотолж чадаагүй бөгөөд тэднийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Түүнээс гадна Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг ...арилгана” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс өөрт нь хохирол учирсан бол хохирлыг арилгахыг шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч нь хохирол нэхэмжлээгүй, нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид хохирол учирсан нь гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн талууд бичгээр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр уг 16 тооны үхрийг зах зээлийн үнэлгээгээр бус зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр буюу 8 400 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож байсан байхад уг маргаан бүхий үхрүүдийг нэхэмжлэгчийн одоогийн зах зээлийн ханшаар тодорхойлсноор болон “Чойбалсан сумын малын зах зээлийн жишиг үнэлгээ”-гээр тус тус нэхэмжлэлийн үнэ буюу малын үнийг тодорхойлох үндэслэлгүй гэж үзэв.  

            Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарыг 16 тооны үхрийг нас ахисан байдлаар, мөн одоогийн зах зээлийн ханшаар үнийг тодорхойлж хариуцагч П.Оюунбатаас шаардсаныг үндэслэлгүй гэж үзсэн болно.

            Харин нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь хариуцагч П.Оюунбаттай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нээс хуульд зааснаар татгалзсан байх тул хариуцагч П.Оюунбат нь 8 400 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож байсан тухайн насны 16 тооны үхрийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хуульд зааснаар үүсэж байх тул хариуцагчаас үнээ 5, тугал 5, бяруу 4, шүдлэн үхэр 2, нийт 16 тооны үхрийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.Оюунбатаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 400 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон 5 тооны үнээ, 5 тооны тугал, 4 тооны бяруу, 2 тооны шүдлэн үхэр, нийт 16 тооны үхрийг, мөн 4 200 000 төгрөгийн үнэ бүхий 28 тооны хонийг тус тус биет байдлаар нь гаргуулж нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас малын үнэлгээний зөрүү болох 14 400 000 төгрөг, мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэхээс татгалзсан 1 400 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан насны 1 үхэр гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299 950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оюунбатаас улсын тэмдэгтийн хураамжид 216 550 /12 600 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч П.Оюунбатаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 400 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон 5 тооны үнээ, 5 тооны тугал, 4 тооны бяруу, 2 тооны шүдлэн үхэр, нийт 16 тооны үхрийг, 4 200 000 төгрөгийн үнэ бүхий 28 тооны хонийг тус тус биет байдлаар нь гаргуулан нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас малын үнэлгээний зөрүү 14 400 000 төгрөг болон 1 400 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан насны 1 үхэр гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оюунбатаас улсын тэмдэгтийн хураамжид 216 550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА