Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 0265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Д.Болд

Шүүгдэгч Б.Баатарсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баатарсайханд холбогдох эрүүгийн 1725001240045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ББ-Од” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ хороо 18-09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овгийн Бархүүгийн Баатарсайхан /РД:ИЮ85111970/

 

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1 дүгээр байрны зүүн талын автобусны зогсоол дээр тээврийн хэрэгсэлээ тавьлаа гэснээс маргалдан Д.Болдыг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Баатарсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 09-ний өдөр би автобустайгаа 6-1 дүгээр байрны буудал дээр зогсож байхад энэ ах машинаа автобусны зогсоол дээр тавихаар нь би одоо наана чинь автобус ирж зогсоно, та машинаа гаргачих гэснээс болж энэ ах над руу дайрч миний мөр хүзүү рүү цохисон. Би ч бас шанаанд нь 2 удаа цохисон. Тэгээд энэ ах машинаа зогсоолоос гаргаж өөр газар тавьчихаад над руу дахин ирж “намайг алж байж сална” гээд түлхүүрээ гартаа атгачихаад дайрсан. Би сандал дээр сууж байсан бөгөөд хөлөөрөө жийгээд боссон. Энэ үед хохирогчийн хавирга нь хугарсан байх. Гэмтлийн хувьд маргах зүйлгүй. Хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Болдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 08 сарын 09-нд Хөвсгөл явах гээд цайны газар хоол авах гээд 6-1 дүгээр байрны автобусны буудал дээр зогссон. Тэгтэл Баатарсайхан гэдэг залуу хүрч ирээд яагаад энд машинаа зогсоогоод байгаа юм бэ гээд намайг заамдаж аваад автобусандаа шахаад цохисон. Тэгээд би машинаа өөр газар байрлуулчихаад буцаад буугаад Баатарсайхан дээр очиход амьсгалж болохгүй хэцүү байгаагаа хэлсэн. Тэгээд эхнэр намайг аваад явсан. Дараа нь эмнэлэгт үзүүлээд 7, 8 дах хавирга хугарсан байна гэсэн. Би 1.200.000 төгрөг нэхэмжилсэн. Эмчилгээний зардал 850.000 төгрөг, бариачид бариулсан, ирсэн, очсон зардал 350.000 төгрөг болж байгаа. Хохирол төлөгдөөгүй. Баримтаа гаргаж өгөөгүй. Өөрт байгаа. Миний хувьд энэ хүн рүү дайрч барьсан зүйл байхгүй. Худал ярьж байна. Миний биеийн байдлын хувьд хавирга өвдөөд байгаа. Ажилгүй байсан хугацааны зардлаа авна. Хохирол төлчихвөл гомдолгүй. Миний хамар муруйсан гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нөхөр Болдын хамт Согоот багийн 6-1 дүгээр байрнаас ажлынхаа хүнд хоол авах гээд 6-1 дүгээр байрны гадна байдаг автобусны зогсоол дээр очиж зогсоод бид 2 машинаасаа бууж зогсоод манай нөхөр машинаа түгжсэн чинь 27-28 орчим насны нэг эрэгтэй хүн ирээд наан чинь автобус зогсдог юм гээд манай нөхрийг барьж аваад шууд автобусруу шахаад нүүр нүдгүй зодоод эхэлсэн. ...Хүмүүс салгаагүй намайг боль гээд ч болихгүй зодоод байсан. ...Би харахдаа нөхрийг маань нэг нь бариад нөгөө нь зодоод байна гэж харсан одоо бодоход суулд харсан залуу нь нөхрийг зүгээр бариад байж байхад улаан фодволктой залуу нөхрийг маань толгой тархи руу нь цохиод байсан юм. Ямар ч байсан тэр залууд зодуулсанаас болж хавиргаа хугалуулсан гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,

 

-Гэрч Т.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Та машинаа гаргачих гэж хэлж байгаад тэр хоёр бие биенээ заамдаж байсан. Миний харсанаар бол тэр ах машиныхаа түлхүүрийг гарынхаа салаанд хийгээд барьсан байсан. Тэгээд маргаан үүсэх шиг болсон, би гайгүй биз гэж бодоод анзаараагүй орхисон. Ойр хавьд явж байсан хүмүүс салгасан юм гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

 

-Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед манай аавын нүд нь хөхөрчихсөн. Бөхийсөн бие нь нилээн өвдөж байгаа бололтой орж ирсэн. Тэгээд ээж бид 2 аавыг аваад эмнэлэгт очиж үзүүлээд зургийг нь авахуулсан чинь 2 хавирга нь хугарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 689 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Болдын биед цээжний зүүн талын хоёр хавирганы хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Ямар ч дэс дараалалаар үүссэн байж болно.

3. Цээжний зүүн талын хоёр хавирганы хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 26 ху/,

 

-Б.Баатарсайханыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 1-5ху/ ,

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Баатарсайхан нь 2017 оны 08 сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-1 дүгээр байрны зүүн талын автобусны зогсоол дээр тээврийн хэрэгсэлээ тавьлаа гэснээс маргалдан Д.Болдыг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Болдын “...намайг заамдаж аваад автобусандаа шахаад цохисон” гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Болормаа /хх 29-30/, Т.Мөнхтогтох /хх 33/, Б.Нямсүрэн /хх 34/ нарын өгсөн гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжний зүүн талын хоёр хавирганы хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт үүссэнийг тогтоосон 689 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Баатарсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Болд шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 850.000 төгрөг, бариачид бариулсан, ирсэн, очсон зардал 350.000 төгрөг, нийт  1.200.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд хохирогч нь хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарсайханыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Баатарсайханд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Баатарсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА