Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/637

 

 

 

 

 

 

     2021            6              29                                       2021/ДШМ/637

                                                       

Р.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Дийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005017640189 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт Рын Д, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, торгох ялыг тусад нь эдлүүлсэн,

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 39 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 24 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Р.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын 2-0 тоотод хохирогч Б.Гийн архи авчруулах зорилгоор итгэмжлэн өгч явуулсан “Хаан” банкны виза картаас 630.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Р.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Рын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Дийг 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Р.Дд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Р.Дийн нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 2 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Дийн цагдан хоригдсон 54 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дд оногдуулсан 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Р.Дээс нийт 630.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Гт олгож, шүүгдэгч Р.Дээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт 1823001050091, 1823000000097, 1923002050026, 2023000770083 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бусдын итгэмжлэн өгч явуулсан мөнгийг залилан авч бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Дахиж бусдын итгэж өгч явуулсан мөнгийг залилан бусдад хохирол учруулж болохгүй гэдгийг маш их ойлгож ухаарлаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие эх, хоёр дүүгийн хамт Завхан аймагт амьдардаг. Ээж маань 2020 оны 5 дугаар сард зам тээврийн осолд орж суумгай болсон. Хоёр дүү маань насанд хүрээгүй бөгөөд эх, дүү нарыг минь надаас өөр асарч, харж хандах хүнгүй тул миний ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 7 сарын хорих ял оногдуулан, өмнө эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 11 сар 2 хоног хорих ялаар шийтгэсэн. Цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ял оруулан тооцсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь Р.Дийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Р.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын 2-0 тоотод хохирогч Б.Гийн архи авчруулах зорилгоор итгэмжлэн өгч явуулсан “Хаан” банкны виза картаас 630.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Гийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ... СОТ-ын байранд ирээд найз Гын ах Лхагваагийн гэр рүү жолоо бариулсан хүний хамт ороод архи уухаар болсон. Тэгээд жолоо бариулсан эрэгтэйг архинд явуулахаар болоод би өөрийн “Хаан банк”-ны картыг өгч, нууц кодыг нь хэлээд найз Гын хамт гаргасан. ...Дэлгүүр рүү явж байхад нөгөө залуу гүйгээд зугтаасан гэсэн. ...Миний дансны хуулгаар бол надаас 630.000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. ...” /хх 15/,

            гэрч А.Гын “...Тухайн үед бид нар архи уусан байсан болохоор эрүүл жолооч яаж олох вэ гээд байж байтал Цоомоо яваад сүүдрэвчид сууж байсан залууг дагуулж ирээд тэр хэд машинаа авчрахаар явсан. ...Тэр хэд хоёр цаг орчим яваад машинаа аваад ирсэн. Тэгээд Г машинаа бариулж ирсэн залууд картынхаа нууц дугаарыг хэлж, картаа өгч, “дэлгүүрээс архи аваад ир” гэж гаргасан. ...Би Эбийг уг залуутай хамт гаргасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа “нөгөө залуу чинь “ээж” гэж хэлээд надаас зугтаагаад явчихсан” гэж хэлээд ганцаараа ороод ирсэн. ...Гийн картаас 600.000 гаруй төгрөг алдагдсан гэж байсан. ...” /хх 26/,

            Р.Дийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын байрны гадаа тоглоомын талбай дээр байхад 15 цагийн орчим нэг согтуу, шар царайтай ах ирээд надаас ... “ах нь өчигдөр найзуудтайгаа ууж байгаад машинаа юм мөргүүлээд Зунжингийн хажууд орхичихсон, ... чи хамт яваад машин бариад өгөөч, ах нь мөнгө өгье” гэсэн. Би зөвшөөрч ... Зунжингийн хажуугийн шатахуун түгээхээс тэр ахын машиныг аваад эргээд СОТ-ын байрны гадаа ирсэн. ...Тэр ах “машин барьсан юм чинь хамт орж ууя” гэсэн. ...Жолоо бариулахаар дуудсан ахын хуурай ах Лхагва гэх айлд ороод бид нар уусан. Бид нар архи пиво ууж дуусгаад байж байхад жолоо бариулсан ах надад картаа өгөөд “архи аваад ир” гэсэн. Тэгээд нэг найзыгаа надтай хамт гаргасан. Би ... хорооллын эцсийн АМТ-ээс эхлээд 500.000 төгрөг, дараа нь 30.000 төгрөг уншуулж авсан. Тэр мөнгөөрөө тэр өдөртөө шоудаад дуусгачихсан. ...” /хх 98/ гэсэн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 19/, “Хаан банк”-ны дансны хуулга /хх 31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Р.Д нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Р.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын 2-0 тоотод хохирогч Б.Гийн архи авчруулах зорилгоор итгэмжлэн өгч явуулсан “Хаан” банкны виза картаас 630.000 төгрөгийг авч ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүхээс шүүгдэгч Р.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч Р.Д “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ээж маань 2020 оны 5 дугаар сард зам тээврийн осолд орж суумгай болсон. Хоёр дүү маань насанд хүрээгүй бөгөөд эх, дүү нарыг минь надаас өөр асарч, харж хандах хүнгүй тул миний ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Р.Дийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Дд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийцжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Дийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д нь нийт 145 /зуун дөчин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ