Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

 

   2025             08             22

                           2025/ШЦТ/232

 

                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Орчуулагч, хэлмэрч М.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч  С.А,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Тайлах ургийн овгийн Бгийн Хд холбогдох 2513000000276 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20 оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дүгээр /Х/ баг, .. дугаар гудамжны .. тоотод оршин оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Тайлах ургийн овгийн Бгийн  Х, регистрийн дугаар: /РД: БЮ....;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Х нь 2025 оны 7 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дугаар /Б/ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Аыг хардан, зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогчоос уучлал гуйж, хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Улсын яллагчийн санал болгож байгаа 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагчийн саналын дагуу шийдвэрлэх боломжтой” гэв.  

 2. Шүүгдэгч Б.Х нь 2025 оны 7 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Аыг хардан, зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, дух, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэн, бугалга, шуу, гуя, шилбэ, ташаа, баруун бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),  

- Хохирогч Ж.А зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.Х бид хоёр машинаар Өмиргүлийн байсан газарт очсон юм. Тэгээд бүгд найзууд болохоор хамт баяр тэмдэглэж байгаад Б.Х бид хоёр гэртээ ирээд байж байтал Өмиргүлийн найз залуу болох Б над руу залгаж, та бид нарыг Их буланд хүргээд өгөөч гэхээр нь Х бид хоёр машинтай Их булан гэх газар очиж 05 литрийн сэнгүр гэх пивоноос 4-ийг уусан. Х согтоод байхаар нь түүнийг одоо гэртээ харъя гэж дуудаад гэртээ ирсэн.  Тэгээд шөнийн  03 цагийн үед унтах гэж байхад  Х надад “чи намайг унтуулаад залуучуудтай явах гээд байна” гэж хардаж агсам тавиад эхлэхээр нь би гэрээс зугтаад хөршийн хашаа даваад орсон байсан. Гэтэл нөхөр миний араас хашаа давж орж ирээд хөрш айлын хажууд намайг үсдэж, бааруун нүдэнд 2 удаа цохисон.

“...Миний бие уг асуудлаас болоод эрүүл мэндээрээ хохирсон хэдий ч Б.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ түүнийг ахиж миний амьдралд оролцуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд надаас хол, надтай харилцахгүй байхад би тайван амьдарна. Б.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй, харин ийм хэрэг үйлдсэн Б.Хд маш их гомдолтой байна, түүнээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...Би Б.Хийг уучилсан. Гомдол саналгүй.” гэх мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 2-3, 40-42, 77 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  БӨА0725/572 дугаартай “1. Ж.А биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, дух, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэн, бугалга, шуу, гуя, шилбэ, ташаа, баруун бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

-Яллагдагч Б.Хий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би А гэрт ирээд амарч байхад А найзууд нь утсаар холбогдож дуудсан, тэгээд тухайн газарт А бид хоёр очоод найзуудтай нь хамт 5 хүн 2 шил архи, 2 литрийн савлагаатай шар айрагнаас 3 савыг хувааж уусан юм. Тэгээд цаг ч орой болсон, би ч гэсэн нилээд согтсон. Ингээд эхнэр А намайг аваад гэртээ ирээд унтах гэж байхад А бид хоёрын хооронд маргаан эхэлсэн бөгөөд ингэхдээ бид хоёр нэг нэгнийгээ хардах аястай хэрүүл маргаан болсон. Тухайн үед би нэлээд согтсон байсан болохоор зарим үйлдэл, хийж байгаа зүйлээ сайн хянаж чадахгүй нэг мэдэхэд Агийн нүүр рүү тохойгоор цохисон, тэгээд А гэрээс гараад гүйхэд нь би араас нь гарч очоод түүнийг гэртээ оруулах гээд зууралдаж байхад хөрш айлын хүмүүс гарч ирээд намайг бариад авсан ба удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. Тухайн үед би нэлээд согтуу байсан болохоор өөрийгөө хянаж чадалгүй Агийн биед гар хүрч гэмтэл учруулсан...” мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Б.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд “Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор Ж.Ад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 77 дахь тал)

            7. Шүүгдэгч Б.Х нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 136.948 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

2. Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Б.Хий хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая)  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч С.А нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Хий эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая)  төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайлах ургийн овгийн Бгийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 (тав) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б