| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/235 |
| Огноо | 2025-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/235
| 2025/ШЦТ/235 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Е.М,
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш б овогт О Аад холбогдох 2513002370305 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баян-Өлгий аймгийн С сумын ... дүгээр /Хаг/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш б ахтай ургийн овогтой О А, регистрийн дугаар: БИ04250715.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын .. дугаар /Уужим/ багийн төвд байрлах хөл бөмбөгийн талбайд хохирогч Х.Быг зодож, түүний эрүүл мэндэд зүүн талын хөмсгөнд шархтай, зүүн нүд битүү хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, бага зэрэг мурийлттай, зүүн өвдгөнд хавантай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байна” гэв.
1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч О.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.
1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.М шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Шүүгдэгч О.А нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн С сумын 5 дугаар /Уужим/ багийн төвд байрлах хөл бөмбөгийн талбайд хохирогч Х.Быг зодож, түүний эрүүл мэндэд зүүн талын хөмсгөнд шархтай, зүүн нүд битүү хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, бага зэрэг мурийлттай, зүүн өвдгөнд хавантай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Х.Бы зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн С сумын 5-р баг буюу сумын төвд байрлалтай сагсны шийдэнд очиж сагс тоглосон. Тухайн газарт хамт тоглож байсан О.А, С.Жардембек нар нь надаас насны хувьд том хүүхдүүд ба тэр хоёр манай дүү Х.Аыг түлхэхээр нь би очиж яагаад түлхэж байгаа талаар тодруулахад хэрүүл маргаан үүсгэж О.А нь миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон, би тухайн үед газар унасан ба тэгэхэд намайг өшиглөөд байсан. Тэгээд миний бие эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэн зүүн нүдний дээд зовхинд оёдол тавиулсан.
“...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор надад нэхэмжлэх зүйл, эмчилгээний зардал байхгүй, эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй, би дараа нь Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ, тэрний зардлыг тухай үед нэхэмжлэх болно. Би сэтгэцэд учирсан хор уршиг хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 4-5, 10-11, 61 дэх тал),
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Х 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 621 дугаартай “...1.4. Иргэн Х.Бы биед зүүн талын хөмсгөнд шархтай, зүүн нүд битүү хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, бага зэрэг мурийлттай, зүүн өвдгөнд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн Х.Бы биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болно. 3. Иргэн Х.Бы дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. 5. Иргэн Х.Бы биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
-Яллагдагч О.Аийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 дугаар сарын 27-ны орой найз С.Жардембекийн хамт 20 цагийн үед сумын төвийн тоглоомын талбайд очиж сагсан бөмбөг тоглож байсан. Бид хоёрыг тоглож байхад Баглан дүү болох А хамт ирж бид хэдтэй тоглосон. Тоглож байхдаа би Ас санаандгүй түлхчихсэн. Тэгээд тоглож дуусаад Баглан дүүг түлхлээ гээд дүүгээ өмөөрөөд надтай ирж маргалдаж хэл амаар доромжилсон. Маргалдаж байхдаа Баглан намайг эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд Б баруун гараараа түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиход түүний зовхи тус газраас цус гарсан. Тэгээд Баглан над руу дайрахад хамт тоглож байсан Жардембек болон бусад хүүхдүүд салгаад тэгээд тарцгаасан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, буруу зүйл хийснээ ойлгосон. Дахиж ийм алдаа гаргахгүй. Би хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх эрхтэй танилцлаа өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа учраас хэргийг маань хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна. Хохирогч надаас одоогоор ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Хэрэв хохирол нэхэмжлэх юм бол бодит хохирлыг нь төлж барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч О.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг гаргахдаа шүүгдэгч О.Ааас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж, эмчилгээний болон бусад зардлыг хохирогч Х.Б нь Улаанбаатар хот уруу явж эмчлүүлсний дараа нэхэмжлэх талаараа мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой 57.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч Х.Б нь эмчлүүлсний дараа хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлж өгөхөө илэрхийлж байна. Х.Баас гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа 57000 төгрөгийг төлөх гэсэн боловч Х.Б нь надад дансаа өгөөгүй. Би өөрөө Хятад Улсад суралцдаг, оюутан, одоо хичээл сургуульдаа явах цаг болоод байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлгийг гаргасан болно.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Ааас хавтаст хэргийн 62-63 дахь талд авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа 57.000 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч Х.Бд олгож, Х.Бы нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос шүүгдэгч О.Аийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч Е.Малик нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч О.Аийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч О.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш б овогт Октябрийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг 90 хоногийн хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.Аад сануулсугай.
4. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б