| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2025/0188/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/208 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/208
2025 08 19 2025/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: У.Гантуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж,
Шүүгдэгч: Э.М нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** овогт Э.М-д холбогдох эрүүгийн 2526000000198 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын ** дүгээр баг **** гэх газар оршин суух хаягтай, урьд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, **** овгийн Э.М, /РД: ****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0.65 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Цагдаагийн газрын даргын батлагдсан томилгооны дагуу замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Арвайхээр сумын ** дугаар багт хяналт шалгалт хийх хугацаанд **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Э.М нь архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь Цагдаагийн. газрын 2 дугаар байранд авчирч драгер багажаар үлээлгэн шалгахад 0.65% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд хийж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. Хоёулаа явж байсан. Зогсоож шалгахад хамт байсан хүн нь машинаас буугаад явсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Э.М-ийн нэр дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас,
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 5-8 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан талаарх 81 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-36 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 17-25 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0.65 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 5-8 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан талаарх 81 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-36 хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 17-25 хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 0.65 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн, Өвөрхангай аймгийн прокуророос Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй болно..
Иймд шүүгдэгч Э.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна. Торгох шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө нь оногдуулсан эрх хассан үлдэгдэл ялаас үлдэгдэл 617 хоногийг нэмж нэгтгэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Э.М нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт Э.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.М нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр хорих ял оногдуулж, тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дааалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг төлсөн болох нь
харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан ялын хугацаа дуусгавар болоогүй болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-36 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “... **** овогт Э.М /****/ нь уг шийтгэх тогтоолоор 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэнийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэл 617 хоног байна...” гэсэн албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан ялын үлдэгдэл 617 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 252 хоногийн хугацаагаар хасах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил, 252 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Э.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт Э.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан ялын үлдэгдэл 617 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 252 хоногийн хугацаагаар хасах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил, 252 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН