| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0222/э/ |
| Дугаар | 0261 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 0261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Д.Т-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 1725000000034 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Эрдэнэт Оргил” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, 2009 оны 05 сарын 06-ны өдөр 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Д-ийн Т- /РД:хх*********/
Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.П-ийг зодож хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. П- нь эхлээд намайг цохисон. Хүргэж өг гээд нулимж бариад миний хөмсөг рүү цохисон. Эрүүний ясанд хугарал үүссэн байсан. Учирсан гэмтлийг нь хүлээн зөвшөөрнө. Хохиролд 1.400.000 төгрөг төлсөн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 01-ний орой гэртээ байж байхад хуучин хамт ажиллаж байсан Т- гэдэг залуу гэрт ирээд манай гэрт очиж жаахан сууж ууя гэхээр нь би эхнэр Н-оогийн хамт Т-ын гэрт очсон. Т-ын гэрт очихоос өмнө би жаахан архи уучихсан байсан. Т-ын гэрт хуучин хамт ажиллаж байсан Т- болон танихгүй нэг залуу нар байсан. Бид нар архи ууж байгаад чиний ах надад хамаагүй шүү гэх мэтээр над руу дайрч байгаад миний үснээс бариад доош нь дараад гараараа нүүр нүд хэсэг рүү цохиод дээрээс хөлөөрөө дэвсэж зодсон. ...Намайг зодсон хүнийг Т- гэдэг. Би нэрийг буруу хэлчихсэн байсан. Т- миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. 1.400.000 төгрөгний эмчилгээний зардал гарсан гэсэн мэдүүлэг /хх 5, 6 ху/,
-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 01-ний өдөр төрсөн дүү П-ийн гэрт очоод байж байхад шөнийн 01 цагийн үед гаднаас П-тэй хамт ажиллаж байсан гэх Т- гэдэг нэртэй залуу өөрөөсөө гадна 2 залуутай орж ирээд П-ийг авч явна гээд байхаар нь би явуулахгүй, шөнө орой яах гээд байгаа юм бэ гэхэд Т- гэдэг залуу над руу чи муу юу бэ гээд байсан. Т- гэдэг залуутай жаахан маргалдсан. Тэгээд П-, эхнэр Н- нар Т- гэдэг залууг дагаад явсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 08 сарын 02-ны өдөр П- гаднаас зодуулчихсан байдалтай, хоёр нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Тэгээд эмнэлэгт П-ийг үзүүлж зургийг нь авхуулахад эрүү нь цуурчихсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,
-Гэрч Ж.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 02-ны өглөө ажил дээр ирэхэд Т- П- ахыг зодчихлоо, яана аа гээд байсан. П- ах миний утас руу залгаад байна гээд байсан. Т-ын нүд нь хөхөрчисөн байхаар нь би яасан талаар асуухад П- ах унтуулахгүй намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохьсон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Гэрч Ц.Н-оогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...П- орж гараад намайг гэрт хүргэж өг гээд Т-ыг татаж байгаад нүүрэн тус газар луу нь нэг удаа цохьсон. Тэр үед Т-ын хөмсөгнөөс жаахан цус гарч байсан. Т- босч ирээд чи муу намайг цохьдог хэн бэ гээд шууд П-ийг гараараа болон хөлөөрөө цохиж зодсон. Т- П-ийг олон удаа цохиж зодсон гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 676 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.П-ийн биед доод эрүүний ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Төмөр хаалганд дарагдах үед үүсэх боломжгүй.
3. Доод эрүүний ясны хоёрлосон хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1- д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгү.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 12 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 687 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Т-ын биед зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь тус бүрдээ гэмтлийг зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна гэсэн дүгнэлт /хх 17 ху/,
-Д.Т-ыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 1, 23-25 ху/ ,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр хохирогч Д.П-ийг зодож хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.П-ийн “...Бид нар архи ууж байгаад чиний ах надад хамаагүй шүү гэх мэтээр над руу дайрч байгаад миний үснээс бариад доош нь дараад гараараа нүүр нүд хэсэг рүү цохиод дээрээс хөлөөрөө дэвсэж зодсон” /хх 5 ху/ гэсэн, мөн гэрч Д.Б- /хх 7/, Ж.Г- /хх 9/, Ц.Н-оо /хх 10/ нарын өгсөн гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед доод эрүүний ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт гэмтэл үүссэнийг тогтоосон 676 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч Д.П- мөрдөн байцаалтын шатанд “надад гомдол, санал хүсэлт байхгүй. Т- миний эмчилгээний бүх зардлыг төлсөн” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Д.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА