| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2002000600009 |
| Дугаар | 2021/ДШМ/493 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/493
2021 05 20 2021/ДШМ/493
Г.Р-ид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Доржмаа,
шүүгдэгч Г.Р-, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Р-ид холбогдох 2002000600009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Г-н Р, Улаанбаатар хотод 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент-төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст мэдээлэл хүлээн авагч, жижүүр цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, чулуут 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Г.Р- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст мэдээлэл хүлээн авагч, жижүүр цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүлжүүлэгдсэн Х.Лд өөрийгөө зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мэтээр ойлгуулан “Хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж хантааз, мөрдөс урсан тул хохирол 45,000 төгрөг төлүүлнэ, 250,000 төгрөгөөр торгоно” гэж хуурч, албан тушаалын байдлаа ашиглан 195,000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Г.Р-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Р-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулж үзсэний үндсэн дээр оногдуулахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн харгалзан үзсэнгүй. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, бага насны 2 хүүхэдтэй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг, хариуцлагатай, мэргэшсэн албан хаагч бөгөөд энэхүү гэмт хэрэг нь хохирогч цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар хувцас, хэрэглэлийг урснаас болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан”, 1.1 дэх заалтад заасан “шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн шүүгдэгч нь “ТТТ” ХХК-д үйлдвэрийн ажилтнаар ажиллаж сар бүр үндсэн цалин, урамшуулал нийлээд 1,600,000 төгрөгийн орлоготой. Иймд шүүгдэгч Г.Р-ид 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Р- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгч болон Үндсэн хуулиасаа уучлалт гуйж байна. Би хохирогч Х.Лгээс 195,000 төгрөг залилж авсандаа маш их харамсаж байна. Энд хоригдоод 2 сар болоход 2 жил шиг санагдлаа. Гэм буруугаа ухаарч маш их харамсаж байна. Миний биеэр эдлэх хорих ялыг торгох ял болгож өөрчилж өгнө үү” гэв.
Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Р- хохирогчоос 195,000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч залилан авсан асуудал дээр маргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Р-ийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэр юм. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар торгох ял оногдуулах үндэслэл тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмж нотлох баримт ирүүлсэн байна. Иймд торгох ял болгон өөрчлөх эсэх асуудал дээр тусгайлан гаргах саналгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Р-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Г.Р- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст мэдээлэл хүлээн авагч, жижүүр цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүлжүүлэгдсэн Х.Лд өөрийгөө зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мэтээр ойлгуулан “Хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж хантааз, мөрдөс урсан тул хохирол 45,000 төгрөг төлүүлнэ, 250,000 төгрөгөөр торгоно” гэж хуурч, албан тушаалын байдлаа ашиглан 195,000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Лгийн “...цагдаа Г.Р- намайг эрүүлжүүлэхээс авч гараад цагдаагийн хэлтсийн нэг давхрын өрөөнд оруулан “Чи намайг таньж байна уу, өчигдөр нилээн согтуу байсан, би чамайг эрүүлжүүлсэн цагдаа байна, чи миний өмсөж явсан хантааз, мөрдөсийг урсан, бас хамт явсан сонсогчийн нүд рүү цохиж хөхрүүлсэн, одоо яах уу” гэсэн. Тэгэхээр нь би “Уучлаарай, их согтсон байна” гэхэд “Тэр яахав удахгүй цугларалт болно, тэрнээс өмнө хантааз, мөрдөсний 45,000 төгрөгийг миний данс руу хий, бас чамайг 6 сарын баривчилгаанд явуулах, эсхүл 250,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна, алийг нь сонгох вэ” гэсэн. Би “250,000 төгрөгийн торгууль төлнө, харин 45,000 төгрөгийг маргааш ажилдаа явахдаа таны данс руу хийе” гээд маргааш нь өгсөн данс руу 45,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр утсаар нь холбогдоход бэлнээр авна гэсэн” /хх 121-122/,
гэрч Э.А-ийн “...Албаны шалгалт явуулахад цагдаагийн дэд ахлагч Г.Р- бусдаас шан харамж авсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон Г.Р- нь цагдаагийн алба хаагчийн буюу өөрийнхөө шаардлагыг эсэргүүцсэн хувцас, хунар урсан бол энэ тухай илтгэх хуудас бичиж дээд шатны удирдах албан тушаалтандаа өгч шалгуулах ёстой байсан...” /хх 69-70/,
гэрч Х.Т-ийн “...Л ахынд очиход машинаа зараад, утсаа барьцаанд тавьсан байсан. “Эрүүлжүүлэх байранд хонож торгууль хүлээсэн. Сонсогчийн нүдийг цохиод, хувцсыг урсан юм шиг байна. Нийт 295,000 төгрөг тэр цагдаад өгнө” гэж хэлсэн...” /хх 73-74/,
гэрч З.Э-ийн “...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой Х.Лг эрүүлжүүлсэн цагдаад торгууль төлнө гэж байсан...” /хх 75-76/,
гэрч О.М-ийн “...Лгийн хамт ороход нөгөө цагдаа “Чи ямар зөрчил гаргаснаа санаж байна уу, миний гадна хантаазыг урсан, мөн сонсогчийн нүд рүү цохьсон” гээд загнасан. Манай нөхөр санахгүй байгаагаа хэлж уучлалт гуйхад “Чамайг 30 хоног баривчилгаанд явуулж, албадан ажил хийлгэнэ” гэсэн. Тэгэхээр би гуйхад цагдаа “Хантааз мөрдөсний мөнгө өгөөрэй, холбогдох хууль тогтоомжийн дагуу торгоно, мөнгийг би авч байгаа биш, хуульд зааснаар торгох ёстой” гэхээр нь бид хүлээн зөвшөөрсөн...” /хх 77-78/,
гэрч Т.Б-гийн “...250,000 төгрөгийн торгууль төлж, хантааз, мөрдөсний мөнгө 45,000 төгрөг өгөх боллоо гэсэн. Л “Хувцас урсанаа сайн мэдэхгүй байна. Их согтуу байсан” гэж хэлсэн. Тухайн үед хамт явсан дүүгээс нь асуухаар тэр цагдаатай зодолдоогүй, цохиогүй, хувцсыг нь ураагүй гэж надад хэлсэн...” /хх 79-80/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Г.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 78-79/, дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31, 36/, албаны шалгалт явуулсан баримтууд /хх 5-28/, албан тушаалын тодорхойлолт /хх 49-52/, томилсон тушаал /хх 62-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Р- нь албадан эрүүлжүүлэгдсэн иргэнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдлээ хянах чадваргүй байсныг нь далимдуулан зөрчил гаргасан мэтээр зохиомол байдал бий болгож, өөрийгөө зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гэж итгүүлэн торгууль, хохирол нэрийдлээр мөнгө авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Тэрээр залилах гэмт хэргийг үйлдэхдээ цагдаагийн алба хаагчийн нэрийг барьсан нь хохирогчийг худал зүйлд итгэх үндэслэл болсон байх тул албан тушаалаа ашигласан гэж хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч Г.Р- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлж барагдуулсны дээр ажил, орлоготой хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ялын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг нь хүлээн авч шүүгдэгч Г.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, цагдан хоригдсон 52 хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон нийт 780,000 төгрөгийг торгох ялаас хасч, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Р-ид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-ид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Р-ийн цагдан хоригдсон 52 хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон нийт 780,000 төгрөгийг торгох ялаас хасч, эдлэх ялын хэмжээг 9,220,000 төгрөгөөр тогтоосугай.
3. Шүүгдэгч Г.Р-ийг нэн даруй суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН