Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/04199

 

 

 

 

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/04199

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

 

нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:

 

холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72-р байр, 50 тоот орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Хантайж цэнгүүл ХХК мөн болохыг тогтоолгох, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Хэлцэл дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга

Гэрч Б.Ганбаяр нар оролцож

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хан тайж цэнгүүл ХХК хариуцагч М.Золзаяад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Хэлцэл дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хантайж цэнгүүл ХХК нь 2015 онд Сугаррагчаа гэх хүн тухайн компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэнээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Үүн дээр тулгуурлан М.Золзаяатай харилцан тохиролцсоноор 2016 оноос эхлэн Актив бриж ХХК-ийн хаус, амины орон сууц барих барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцоод ажиллаж ирсэн. 2018 оноос эхлээд М.Золзаяа болон Хантайж цэнгүүл ХХК-ийн хувьд Увс аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулахаар болоод газраа аваад Засаг даргад хүсэлт гаргасны үндсэн дээр зөвшөөрөгдөөд үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх нөхцөл үүссэн учраас ажил үүргээ хуваарилаад Хантайж цэнгүүл ХХК-ийн захирал Сугаррагчаа нь Увс аймаг руу ажил гүйцэтгэхээр, М.Золзаяагийн хувьд тус компанийн ажлыг үргэлжлүүлэх суурийн ажлыг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр үлдсэн. Ажил гүйцэтгэж байх явцад Бумбатын аманд байрлах Бумбат вилла хотхонд 123мкв талбайтай амины орон сууцыг ажил гүйцэтгэлийн хөлс болгож, бартераар хоорондоо тохиролцож хөлсөнд тус амины орон сууцыг авахаар 2016 онд гэрээ хэлцэл байгуулсан. Гэхдээ энэ хэрэгт тус баримт авагдсангүй. Актив бриж ХХК болон М.Золзаяа нарын хувьд тухай үед Хантайж цэнгүүл ХХК-ийн нэр дээр тус барилгын ажлыг гүйцэтгэхээр ажилласан талаар хариу тайлбартаа хүлээн зөвшөөрдөг. Улмаар Оюунцэцэг гэх хүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 123мкв амины орон сууцыг худалдахаар тохирч, Оюунцэцэгийн өмчлөлийн 97 сая төгрөгөөр үнэлэгдэх 60,89мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин, бэлнээр 6 сая төгрөгийг арилжааны гэрээгээр худалдаж, 123мкв Бумбат вилла хотхонд байрлах амины орон сууцыг худалдахаар тохирсон. Ингээд Хантайж цэнгүүл ХХК-ийг төлөөлөн М.Золзаяа гарын үсэг зурж, тамга дараад иргэн Оюунцэцэгтэй харилцан тохиролцсон. М.Золзаяа нь 2020 оноос Хантайж цэнгүүл ХХК-д ажиллахаа болиод төлбөр тооцооны асуудал үүсээд хариуцагчийн төлөөлөгчийн хэлж буйгаар хоорондоо шүүхэд маргаан үүссэнээр 2021 онд тухайн маргаан Баянгол дүүргийн шүүх дээр шийдэгдсэн. Энэ нь газар тариаланд оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах эсэхтэй холбоотой асуудлыг шийдсэн. Түүнээс Вилла хотхоны суурийг барих ажилтай холбоотой маргаан огт үүсээгүй, эвлэрлийн гэрээ, тохиролцоо байгуулагдаагүй. Оюунцэцэгтэй төлбөр төлсөн тухай хэлцэл хийсэн байдаг. Тухайн үед компанийг төлөөлж хариуцагч гарын үсэг зурж тохиролцоод байдаг боловч эцсийн дүнд тус гэрээ, тохиролцоог дүгнэхэд Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах 72-р байр, 50 тоот 2 өрөө орон сууцыг М.Золзаяа өөрийн нэр дээр шилжүүлж авсан нөхцөл байдал сүүлд илэрсэн. Хантайж цэнгүүл ХХК-ийн ажил гүйцэтгэсний хөлсөнд 2 амины орон сууц, сүүлд нэмэлт тохиролцоогоор нийт 3 амины орон сууцыг ажлын хөлсөнд авахаар тохиролцсон. Түүний нэг амины сууц болох 123мкв талбайтай сууцыг М.Золзаяа өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Яагаад ингээд авчихав гэх асуудал үүсэхээр М.Золзаяа хэлэхдээ би Актив бриж ХХК-тай 2018 онд гэрээ байгуулсан. Гэрээнийхээ үндсэн дээр хөлсөндөө авсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ ажил бол 2016 онд Хантайж цэнгүүл ХХК ажил гүйцэтгэснээр энэ ажил эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад буюу 2018 оны 04 сард М.Золзаяатай Актив бриж ХХК гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдана. Актив бриж ХХК нь М.Золзаяа гэх хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад цааш ажлаа үргэлжлүүлсэн байдаг. Тэгэхээр М.Золзаяагийн нэр дээр шилжсэн 50 тоот 2 өрөө орон сууц бол Хантайж цэнгүүл ХХК-ийн өмч юм. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад Хантайж цэнгүүл ХХК-ийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Оюунцэцэгтэй М.Золзаяагийн байгуулсан 2021 оны 11 сарын 23-ны өдрийн хэлцэл дуусгавар болох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус баримт бичгийг үндэслээд Улсын бүртгэл бүртгээд Оюунцэцэг рүү амины орон сууцыг шилжүүлэх нөхцөл байдал бий болсон. Энэ хэлцлийг хүчингүй болгосноор Хантайж цэнгүүл ХХК-ийн өмчлөх эрхэд учираэн сөрөг нөхцөл байдлыг залруулах боломж гарч ирэх тул энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар эргээд Хантайж цэнгүүл ХХК нь тухайн Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр, 50 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг нотлох боломжтой болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Эхний шаардлагаа дэмжиж, хоёр дахь шаардлагаасаа татгалзаж байна... гэв.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хантайж цэнгүүл ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч Сугаррагчаа нь хариуцагч М.Золзаяад Хантайж цэнгүүл ХХК-ийн хувьцаа шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Энэ тохиролцооныхоо хүрээнд хоёр тал олон ажил дээр хамтарч ажиллаж байсан. Түүний нэг бол маргаан бүхий барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажил байдаг. Энэ гэрээг Хантайж цэнгүүл ХХК, Актив бриж ХХК нарын хооронд байгуулсан гэрээний дагуу 2016-2018 оны хооронд хийж гүйцэтгэсэн талаар хариуцагч тайлбарладаг. Хариуцагч болон Актив бриж ХХК нарын хооронд байгуулсан Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ 2018 оны 4 сард байгуулагдсан бөгөөд уг гэрээний төлбөр болон Актив бриж ХХК Вайнд оф ченж ХХК нарын хооронд байгуулагдсан Бөөнөөр бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний дагуу 2021 оны 09 сарын 11-ний өдөр үйлдэгдсэн тооцоо нийлсэн актын дагуу маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 11 хороо, Бумбатын аманд байрлах, Бумбат вилла хотхоны 10 тоот хаягтай 123мкв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох байсан. Уг амины орон сууцыг Лувсаншарав овогт Оюунцэцэгт арилжиж, уг арилжааны гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72-р байр, 50 тоот орон сууцны өмчлөгчөөр тухайн орон сууц захиран зарцуулагдсан болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа 50 тоот орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй, амины орон сууцыг авах эрх нь үүсээгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

5. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Л.Оюунцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2018 онд миний бие М.Золзаяатай харилцан тохиролцож Актив Бриж ХХК-ийн барьсан байр болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын Бумбат Вилла хотхоны 10 тоот хаягтай 123 метр квадрат талбай бүхий Амины орон сууцыг бэлэн бусаар буюу бартераар арилжсан. Уг байрны төлбөрт би машин өгсөн ба Амины орон сууд ашиглалтад орох үед Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 72-р байр, 50 тоот хаягтай Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, бидний хоорондын харилцаа дуусгавар болсон. Миний хувьд Хантайж Цэнгүүл ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй ба тус компанид Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 72-р байр, 50 тоот хаягтай Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэг хүлээгээгүй. Миний хувьд 2018 оноос хойш Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын Бумбат Вилла хотхоны 10 тоот хаягтай 123 метр квадрат талбай бүхий Амины орон сууцыг ашиглалтад орох хүртэл маш олон удаа Актив Бриж ХХК болон М.Золзаяатай ярилцаж, уузаж, амины орон сууцаа баригдаж байх явцад эргэж тойрч байсан. Энэ хугацаанд нэг ч удаа Хантайж Цэнгүүл ХХК болон тус компанийн захирал Л.Сугаррагчаатай холбогдож, уулзаж байгаагүй болно. Иймд Хантайж Цэнгүүл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Хантайж цэнгүүл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/

Хантайж цэнгүүл ХХК-ийн дүрэм /хэргийн 4-7 дугаар тал/

Л.Сугаррагчаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 8 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.15-ны өдрийн 101/ШЗ2022/03849 дугаар захирамж /хэргийн 12-14 дүгээр тал/

Тус шүүхийн шүүгчийн 2021.12.14-ний өдрийн 102/ШШ2021/03392 дугаар захирамж /хэргийн 15-16 дугаар тал/

Нэхэмжлэл /хэргийн 21 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 22 дугаар тал/ нотлох баримтууд

Нэхэмжлэл /хэргийн 42 дугаар тал/ 

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 43 дугаар тал/

Төлбөр төлсөн тухай хэлцэл /хэргийн 167 дугаар тал/

Хантайж цэнгүүл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 168 дугаар тал/

П.Амарбаярын өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 169 дүгээр тал/

Л.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 170 дугаар тал/ нотлох баримтууд

 

7. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 23 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 24-25 дугаар тал/

Тооцооны үлдэгдэл баталгаа /хэргийн 26 дугаар тал/

Тайлбар /хэргийн 62 дугаар тал/ нотлох баримтууд

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн

Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 48 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 54, 55 дугаар тал/ нотлох баримтууд

 

9. Шүүхээс

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 56 дугаар тал/

Улсын эрхийн бүртгэлийн Ү-2204024679 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 57-61 дүгээр тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хэргийн 69 дүгээр тал/

Бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 70-71, 93-94, 100,101, 112, 113, 118, 119, 121, 122, 131, 132, 139, 140, 151, 152 дугаар тал/

Хаан банкны орлогын мэдүүлэг /хэргийн 72 дугаар тал/

Орлогын ордерын тасалбар /хэргийн 73 дугаар тал/

Баянзүрх дүүргийн 14 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 74 дүгээр тал/

Ч.Пүрвээгийн өргөдөл /хэргийн 75, 115 дугаар тал/

Ажил гүйцэтгэх тухай гэрээ, тайлбар /хэргийн 76-81 дүгээр тал/

Л.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 81 дүгээр тал/

FCC ХХК-ийн өргөдөл /хэргийн 82, 83 дугаар тал/

Улсын комиссын акт /хэргийн 84-86 дугаар тал/

План, кадастрын зураг /хэргийн 87-88 дугаар тал/

Барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсийн албан бичиг /хэргийн 89 дүгээр тал/

Фото зураг /хэргийн 90-91 дүгээр тал/

Ч.Пүрвээ, П.Амарбаяр, М.Золзаяа, Л.Оюунцэцэг, Э.Чимэддорж, О.Баярзол нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 92, 98, 99, 129, 130, 137 ,138, 149-150 дугаар тал/

Банкны баримт /хэргийн 95, 102, 114, 133, 134, 141, 142, 153, 154 дүгээр тал/

Орон сууц бэлэглэлийн гэрээ /хэргийн 96-97 дугаар тал/

Зээлийн болон барьцааны гэрээ /хэргийн 103-11 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 111,116, 127, 128 дугаар тал/

УБЕГазрын хариу бичиг /хэргийн 117 дугаар тал/

Хаан банкны хүсэлт /хэргийн 120 дугаар тал/

Төлбөрийн баримт /хэргийн 123 дугаар баримт/

Арилжааны гэрээ /хэргийн 124-126 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 135-136 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /хэргийн 143 дугаар тал/

Л.Оюунцэцэгийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 144, 145 дугаар тал/

Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 146-148 дугаар тал/

Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ /хэргийн 155-164 дүгээр тал/

Актив бриж ХХК-ийн албан бичиг, Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 185-188 дугаар тал/

Амины орон сууц захиалан бариулах гэрээ /хэргийн 189-191 дүгээр тал/

Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 192-194 дүгээр тал/

Гэрч Б.Ганбаярт хууль сануулсан баримт, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 196, 197 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэх ажлыг хариуцагчид хариуцуулаад явсан, гэтэл тэрээр дээрх гэрээний төлбөрт Л.Оюунцэцэгээс шилжүүлэх авахаар тохиролцсон Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан нь үндэслэлгүй... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... надад ажлаа хариуцуулаад явсан гэдэг нь худлаа, ажлаа орхиод явсан. Би 2018 онд Актив бриж ХХК-тай байгуулсан Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцож маргаан бүхий 2 өрөө орон сууцыг авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2016 онд нэхэмжлэгч Хан тайж цэнгүүл ХХХ нь Актив бриж ХХК-тай барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Актив бриж ХХК-ийн хийж гүйцэтгэж буй Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Бумбатын ам, Бумбат вилла хотхоны 42 айлын амины орон сууцны барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд тухайн баригдаж буй амины орон сууцнаас 3 ширхэг орон сууц авахаар тохиролцжээ.

 

6. Энэхүү гэрээний дагуу Хан тайж цэнгүүл ХХК 2017 онд 28, 29 айлын барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлсөнд 2 ширхэг амины орон сууц шилжүүлэн авсан нь зохигч талуудын тайлбар, гэрч Б.Ганбаярын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

7. Түүнээс хойш Хан тайж цэнгүүл ХХК-ийн захирал Л.Сугаррагчаа газар тариалангийн ажил хийх болсон гэх шалтгааны улмаас гэрээгээр тохирсон ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй болох нь гэрч Б.Ганбаярын шүүх хуралдаанд гаргасан ... Хантайж цэнгүүл ХХК 42 айлын амины орон сууцны суурийг өөрсдөөсөө материалаа гаргаж хийгээд манайхаас 3 хаус хүлээж авах гэрээтэй ажлаа эхлүүлсэн. Тэдний зүгээс 2017 онд ажил нь нилээн шуурхай яваад 28,29 хаусны суурийг хийсэн даруйд нь манайхаас төлбөр тооцоог нь хийгээд 2 амины орон сууц зарж борлуулах эрхийг нь өгөөд өөрсдөө зараад цааш явсан байх. Тэгж байгаад ажил цалгардаж хүн хүчгүй болсон. Сугаррагчаа нь газар тариалангийн ажил хийнэ гээд 2,3 сар үзэгдээд алга болсон. Түүнээс хойш ганц хотод байгаа нь М.Золзаяа болж таарсан. Тэгээд 2018 онд Золзаяатай холбогдоод ажлаа дуусгаж чадах юм уу, чадахгүй бол дараагийнхаа компанийг оруулмаар байна гэхэд М.Золзаяа чадлаар хийж үзье гээд хамаатан саднаа оруулаад жаахан хүн хүч муутайхан ажиллаж байгаад 11 суурь ашиглалтад оруулаад нийтдээ 38 суурь хүлээлгэж өгөөд ажил 2019 онд дууссан. 2018 оны 04 сард М.Золзаяа болон Актив бриж ХХК нарын хооронд барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээг шинэчилж байгуулсан. Хантайж цэнгүүл ХХК-ийн дутуу хийсэн ажлаас болоод Л.Оюунцэцэгийн байр нь хоцорсон байдаг. М.Золзаяа ажлаа гүйцэтгэж дуусаад бид нар ярилцсаны үндсэн дээр М.Золзаяад байрыг шилжүүлж өгсөн.... гэх мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

 

8. Тодруулбал Актив бриж ХХК-ний зүгээс Хан тайж цэнгүүл ХХК-ийн захирал Л.Сугаррагчаатай холбогдох боломжгүй болж түүнтэй хамтран ажиллаж байсан М.Золзаяатай холбогдож Хан тайж цэнгүүл ХХК-ийн дуусгаагүй ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгүүлэх буюу Баянзүрх дүүрэг, 11 хороо, Бумбатын аманд байрлах Бумбат вилла хотхоны барилгын нийт 3441 м2 талбай бүхий 27 суурийн ажлыг М.Золзаяагаар хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд баригдаж буй амины орон сууцаас 2ш амины орон сууц хөрөнгө шилжүүлэхээр тохиролцож түүнтэй 2018 оны 04 сарын 13-ны өдөр Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

9. Дээрх гэрээний дагуу Актив бриж ХХК ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд шилжүүлэх Баянзүрх дүүрэг, 11 хороо, Бумбатын аманд байрлах Бумбат вилла хотхоны 10 тоот хаягтай 123м2 талбай бүхий амины орон сууц хөрөнгийг ажил гүйцэтгэгч М.Золзаяагийн зөвшөөрснөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан гуравдагч этгээд Л.Оюунцэцэгт шилжүүлсэн нь гэрчийн мэдүүлэг, тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, гуравдагч этгээдийн бичгээр гаргасан тайлбар, Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, Амины орон сууц захиалан бариулах гэрээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 26, 54, 186-191 дүгээр тал/

 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Оюунцэцэг Амины орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт Актив бриж ХХК, М.Золзаяа нартай харилцан тохиролцсны үндсэн дээр улсын бүртгэлийн Ү-2204024679 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг хариуцагч М.Золзаяад шилжүүлсэн нь Л.Оюунцэцэгийн бичгээр гаргасан тайлбар, гэрч Б.Ганбаярын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 54 дүгээр тал/

 

11. Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгө 2009 оны У.Пүрвээ, Л.Оюунцэцэг нарын өмчлөлд, 2015 оны 03 сарын 02-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр П.Амарбаярын өмчлөлд, 2021 оны 11 сарын 22-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Арилжааны гэрээгээр хариуцагч М.Золзаяагийн өмчлөлд, 2022 оны 02 сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Н.Оюунцэцэгийн өмчлөлд, 2022 оны 03 сарын 11-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Э.Чимэддорж, О.Баярзол нарын өмчлөлд тус тус бүртгэлтэй байна. /хэргийн 69-164 дүгээр тал/

 

12. Улсын бүртгэлийн гэрчилгээ баримтуудаар маргаан бүхий орон сууц хөрөнгө хариуцагч М.Золзаяагийн өмчлөлд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.

 

13. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаж байгаа бол нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох хуульд заасан үүрэгтэй.

 

14. Нэхэмжлэгч Хан тайж цэнгүүл ХХК нь Актив бриж ХХК-тай 2016 онд гэрээ байгуулан Барилгын суурийн ажил гүйцэтгэж байсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирсон ажлын хөлсөндөө тооцон Актив бриж ХХК-аас баригдсан амины орон сууцнаас 2 ш амины орон сууц хүлээн авсан атлаа гэрээгээр тохирсон ажлын үлдэх хэсгийг бүрэн гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй талаар гэрч Б.Ганбаяр мэдүүлж байгаа ба гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн ...надад ажлаа хариуцуулсан гэдэг нь худлаа... гэх тайлбарыг үгүйсгээгүй энэ талаар ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй, өөрийн тайлбараа нотлоогүй.

 

15. Гэрчийн мэдүүлгээр 2016 онд Актив бриж ХХК, Хантайж цэнгүүл ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээнээс Актив бриж ХХК татгалзаж Хантайж цэнгүүл ХХК-ийн гэрээний үлдэх үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлж талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон байх боломжтой, нэхэмжлэгч энэ талаар шүүхэд ямар нэг шаардлага гаргаагүй.

 

16. Хариуцагчийн ...2018 оны 04 сарын 13-ны өдөр Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцон арилжааны гэрээгээр маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг тохиролцон шилжүүлэн авсан... тайлбар татгалзал 2018 оны 04 сарын 13-ны өдөр Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 09 сарын 11-ны өдрийн №18/03 Амины орон сууц захиалан бариулах гэрээ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Оюунцэцэгийн тайлбар, гэрчийн мэдүүлэг баримтаар нотлогдож байгаа ба нэхэмжлэгч эдгээр баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно.

 

17. Нэхэмжлэгчийн ...2016 онд Актив бриж ХХК, Хан тайж цэнгүүл ХХК-ийн хооронд байгуулсан барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг өмчлөгч болох ёстой... гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

18. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2016 оны Барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцон маргаан бүхий орон сууцыг хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон гэх боловч энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэг шаардлага тайлбар гаргаагүй, тэрээр энэхүү гэрээгээр хүлээсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, маргаан бүхий орон сууц хөрөнгийн өмчлөгч байсан гэх Л.Оюунцэцэг нэхэмжлэгч нарын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн эсэх нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

 

19. Хэрэгт авагдсан баримтаар тухайн маргаан бүхий орон сууц хөрөнгө хариуцагчийн эзэмшил өмчлөлд бүртгэлгүй ба Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу шүүх бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

20. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар хариуцагч М.Золзаяад холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2204024679 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Хан тайж цэнгүүл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

21. Нэхэмжлэгч Хэлцэл дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 572 800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хантайж цэнгүүл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Золзаяад холбогдох, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Хэлцэл дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар хариуцагч М.Золзаяад холбогдуулан гаргасан, улсын бүртгэлийн Ү-2204024679 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 72 байр 50 тоот хаягт байрлах 60,98м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Хан тайж цэнгүүл ХХК мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Хан тайж цэнгүүл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 572 800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ