| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2022/01054/И |
| Дугаар | 138/ШШ2023/00058 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2023/00058
| 2023 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 138/ШШ2023/00058 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2-73 тоотод оршин суух, ЖЯ77012563 регистрийн дугаартай, Юншеэв овогт Очирваанийн Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух, ЖЛ74082702 регистрийн дугаартай, Хатиган овогт Бат-Очирын Тунгалагт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Ганцэцэг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа
Хариуцагчийн төлөөлөгч З.Саруулзул /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ганцэцэг нь хариуцагч Б.Тунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хариуцагч Б.Тунгалагийн хүсэлтийн дагуу түүнд 9 850 550 төгрөг зээлүүлсэн. 2019 оны 07 сарын 16-ны өдөр Цагаан-Овоо сумын иргэн Б.Тунгалаг над руу утсаар ярьсан бөгөөд “Танай ажил дээр ирсэн байна. Би Хаан банкинд зээлтэй, энэ зээлээ хаах хэрэгтэй байна. Зээл хаахад 9 850 550 төгрөг хэрэгтэй байна. Танай ажилтан Саранд хандахад хэд хоногийн өмнө шалгалт ирсэн учраас одоогоор зээл гаргах боломжгүй гэж байна. Эгчдээ яаралтай өгч туслаач” гэсэн. Энэ хүсэлтийнх нь дагуу Б.Тунгалагаар зээлийн хүсэлт бичүүлж авсан. Уг хүсэлтээ хариуцагч Б.Тунгалаг
өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан бөгөөд манай ажилтан Саран уг хүсэлтийг нь над руу мэйл хаягаар явуулсан. Миний бие тухайн үед ажилтай байсан, мөн сумын салбар маань зээл гаргахгүй байсан учраас уг хүсэлтийг үндэслээд өөрийн хувийн данснаас Б.Тунгалагийн дансанд тухайн өдрөө 9 850 550 төгрөгийг шилжүүлсэн. Өмнө нь хуулийн этгээдээр буюу “Бид гялс ББСБ” ХХК-ын нэрээр Б.Тунгалагт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс “нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Ийм учраас би өөрийн нэрээр Б.Тунгалагт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Тунгалаг нь надаас зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй 42 сар буюу 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Мөнгөө шаардахаар “танай ажилтан Т.Саран надаас мөнгө зээлсэн байсан, би тэр мөнгөө л авсан” гэж тайлбарладаг. Надтай утсаар ярихдаа Т.Сарангаас авлагатай, энэ мөнгөө буцааж авах гэсэн юм гэж огт хэлж яриагүй, зөвхөн ХААН банкны зээлээ хаах гэсэн юм, зээл нэмж аваад буцаагаад төлнө, бараандаа явах гэж байгаа зэргээр ярьсан. Миний хувьд 18 настай байхдаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын бэр болж очоод Б.Тунгалагтай танилцаж, бараг л эгч дүүгийн харилцаатай, бие биенээ сайн мэддэг болсон байсан учраас өөрийнхөө хувийн данснаас уг мөнгийг шилжүүлсэн. Надад зээлэх үнийн дүнгээ тодорхой хэлсэн учраас би яг тэр үнийн дүнгээр нь шилжүүлж байсан юм. Манай ажилтан Т.Сарангийн хувьд ч Б.Тунгалагаас мөнгө зээлсэн, түүнд өглөгтэй талаараа надад огт хэлж байгаагүй. Үнэхээр Т.Сарангаас авлагатай байсан юм бол яагаад өөрийнх нь данснаас мөнгөө буцааж авч болоогүй юм. Мөн Т.Сарантай хэзээ, ямар зээлийн гэрээ байгуулсан юм гэх асуудлууд нь тодорхойгүй байна. Манай ажилтан Т.Сарангийн хувьд манай байгууллагад 58 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь тогтоогдон 2022 оны 04 сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Т.Саранд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.Тунгалагийн зээлсэн 9 850 550 төгрөгийн асуудал огт яригдаагүй, Б.Тунгалаг Т.Сарангаас авлагатай байсан юм бол тухайн үед эрүүгийн журмаар гомдол гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.
Миний хувьд Б.Тунгалагтай зээлийн гэрээ байгуулаагүй боловч над руу мөнгө зээлүүлээч гэж утсаар ярьж, хүсэлт гаргасных нь дагуу би өөрийнхөө данснаас уг мөнгийг шилжүүлж байсан. Тухайн үедээ би аймагт байсан учраас зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн хүү, алданги тохироогүй тул зээлдүүлсэн 9 850 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Тунгалаг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзул нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Б.Тунгалаг 9 850 550 төгрөгийг О.Ганцэцэгээс зээлж аваагүй, түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Харин Б.Тунгалагаас “Бид гялс” ББСБ-ын ажилтан Т.Саран мөнгө зээлсэн байсан бөгөөд Т.Сарангаас удаа дараа мөнгөө шаардсаны эцэст дарга болох О.Ганцэцэг рүүгээ утсаар ярьсан байдаг. Энэ үед ажилтан Т.Саран нь “Тунгалаг гэдэг хүн зээл авах хүсэлтэй байна” гэж худал арга хэрэглэн О.Ганцэцэгийн данснаас Б.Тунгалагийн данс руу мөнгө шилжүүлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Бид гялс” ББСБ-ын ажилтан Т.Саран нь өөрийн зээлээ захирал О.Ганцэцэгээрээ төлүүлчихсэн гэсэн үг. Хариуцагч Б.Тунгалагт нэхэмжлэгч О.Ганцэцэгээс зээл авах ямар ч шаардлага байхгүй, өөрөө Цагаан-Овоо сумандаа дэлгүүр ажиллуулдаг хүн. Харин “Бид гялс” ББСБ-ын ажилтан байсан Т.Саран нь Б.Тунгалагаас мөнгө зээлсэн, түүнд өглөгтэй байсан гэсэн Т.Сарангийн өөрийнх нь бичсэн өргөдөл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 сарын 29-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 138/ШЗ2022/01759 тоот захирамж, Б.Тунгалагийн “Бид гялс” ББСБ-д гаргасан өргөдөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/12 дугаартай магадлалын хуулбарууд,
Хариуцагчаас итгэмжлэл, Т.Сарангийн гаргасан өргөдөл зэргийг бичгийн баримтаар тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч Б.Тунгалагт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.Ганцэцэг, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хариуцагч Б.Тунгалаг нь 2019 оны 7 сарын 16-ны өдөр над руу утсаар холбогдож “Танай байгууллага дээр шалгалт ирсэн гээд зээл олгохгүй байгаа юм байна. Би банкны зээлээ хаах гэсэн юм, зээлээ нэмж аваад буцаагаад мөнгийг чинь өгнө, бараагаа татах гэж байгаа” гэх шалтгаан хэлж, мөн зээл хүссэн хүсэлтээ бичгээр гарган надаас тухайн өдөртөө 9 850 550 төгрөгийг зээлсэн. Би энэ мөнгийг өөрийнхөө хувийн данснаас шилжүүлж, зээлүүлсэн. ..Зээл авахаар ярих үедээ манай ажилтан Т.Сарангаас авлагатай байсан талаараа надад нэг ч зүйл яриагүй, мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа л илэрхийлсэн. Т.Саран ч надад Б.Тунгалагаас мөнгө зээлсэн, түүнд мөнгө өгөх ёстой гэх зүйл ярьж байгаагүй. ...Б.Тунгалагийг над руу ярих үед би аймгийн төвд байсан учраас зээлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан. Гэрээг бичгээр байгуулаагүй, мөн хүү, алданги гэж тохироогүй тул зээлүүлсэн мөнгө болох 9 850 550 төгрөгөө гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Тунгалаг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн татгалзлын үндэслэлээ “Би О.Ганцэцэгээс огт мөнгө зээлээгүй. Надад түүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин “Бид гялс” ББСБ-ын ажилтан Т.Саран нь надаас мөнгө зээлсэн байсан бөгөөд би түүнээс мөнгөө буцаан төлөхийг шаардахад намайг захирал О.Ганцэцэг руу яриулж зээл хүсэж байгаа мэтээр ойлголт төрүүлсэн. Ингээд захирал О.Ганцэцэгийнх нь данснаас миний данс руу мөнгө орж ирсэн. Би Т.Сарангаас авах ёстой мөнгөө авчихсан учраас шүүх, цагдаа гэж яваагүй. О.Ганцэцэгийн яриад байгаа зээл авах талаар бичгээр гаргасан хүсэлт гээд байгаа зүйлийг би огт бичээгүй, тэр хүсэлт дээр зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш..” гэж тайлбарладаг.
Хариуцагч Б.Тунгалаг нь нэхэмжлэгч О.Ганцэцэгээс 9 850 550 төгрөгийг зээлэх тухай саналыг 2019 оны 7 сарын 16-ны өдөр гар утсаар гаргасныг нэхэмжлэгч О.Ганцэцэг хүлээн авч, улмаар 2019 оны 7 сарын 16-ны өдөр өөрийн /хувийн/ ХААН банкин дахь 5422246950 тоот данснаас хариуцагч Б.Тунгалагийн 5417026770 тоот данс руу уг мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд мөнгө шилжүүлсэн, мөнгө авсан талаар тус тус маргаагүй.
Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс шилжүүлж авсан мөнгийг түүнээс зээлж аваагүй, ...зээлийн гэрээ байгуулаагүй, ..ажилтнаас нь авах ёстой байсан өрөө авсан гэх үндэслэлээр маргадаг.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.
Тухайлбал тодорхой этгээдийн иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг “хүсэл зориг” гэж, уг эрмэлзлэлийн гадаад илэрлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж тус тус ойлгох бөгөөд хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ.
Хариуцагч Б.Тунгалаг нь нэхэмжлэгчтэй 2019 оны 7 сарын 16-ны өдөр утсаар ярьж, түүнд 9 850 550 төгрөг зээлэх хэрэгтэй байгаа тухай өөрийн хүсэл зоригийг амаар илэрхийлсэн, нэхэмжлэгч О.Ганцэцэг түүний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, түүний хэлсэн мөнгөн дүнг өөрийн данснаас шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөрийн дансандаа хүлээн авч, хэсэг хугацааны дараа буцаан төлөхөөр тохиролцсон, тэд хүү төлөхөөр тохироогүй зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу 9 850 550 төгрөгийг хүүгүй зээлэх тухай хүчин төгөлдөр зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг хоёр талын үүрэг хүлээдэг үүргийн эрх зүйн гэрээ юм.
Түүнчлэн Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн гэрээг амаар болон бичгийн хэлбэрийн аль алинаар нь харилцан тохиролцож байгуулж болохыг хязгаарлаагүй бөгөөд харин талууд хүү, алданги тохирсон тохиолдолд бичгээр гэрээ байгуулсан байх хэлбэрийн шаардлагыг заасан тул хариуцагчийн төлөөлөгчийн “...бичгээр гэрээ байгуулаагүй тул зээл аваагүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.
Иймд хуульд зааснаар зээлдэгч буюу хариуцагч Б.Тунгалаг нь тохирсон хугацаанд шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганцэцэгт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Тунгалаг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлээгүй, харин “Бид гялс” ББСБ-ын ажилтан Т.Саранд 2019 оны 6 сард мөнгө зээлүүлсэн байсан бөгөөд мөнгөө шаардахад О.Ганцэцэг рүү яриулан зээл гаргуулах гэж байгаа мэт дүр эсгэж түүний данснаас миний данс руу мөнгө шилжүүлүүлсэн. Угтаа бол энэ мөнгө миний Т.Сарангаас авах ёстой мөнгө байсан. Т.Саран энэ талаар өөрөө хариуцна гэсэн тайлбар бичиж өгсөн. Ингээд түүнээс мөнгөө авсан учраас би шүүх цагдаад гомдол гаргаагүй. Зээлийн өргөдөл дээрх гарын үсэг бол миний гарын үсэг биш” гэж маргадаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.
Тухайлбал хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар “Бид гялс” ББСБ-ын ажилтан Т.Сарангийн 2020 оны 12 сарын 11-ний өдөр бичсэн тайлбар/хэргийн 20 дугаар тал/ -ыг хавсаргасан боловч уг тайлбарыг Т.Саран өөрөө бичсэн эсэх нь тодорхойгүй, уг тайлбартай холбоотойгоор Т.Саранг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаагүй, мөн “2020 оны 12 сард Б.Тунгалагт холбогдох 9 850 550 төгрөгийн зээлийн маргаан шүүх дээр байгаагүй” гэж шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Түүнчлэн хариуцагч нь Т.Саранд 9 850 550 төгрөгийг зээлүүлсэн байсныгаа буцаан авсан гэж тайлбарладаг боловч Т.Саранд хэзээ, хэдэн төгрөгийг, хэрхэн зээлдүүлсэн талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зээл хүссэн өргөдөл дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж маргадаг боловч уг гарын үсгийг өөрийн гарын үсэгтэй харьцуулах замаар гарын үсгийн шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгсөн Б.Тунгалагийн “Бид гялс” ББСБ-д гаргасан зээл хүссэн тухай өргөдлийн хуулбар /хэргийн 11 дүгээр тал/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Тунгалагаас зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганцэцэгт олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 559 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 172 559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганцэцэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Тунгалагаас зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 /есөн сая найман зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганцэцэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 559 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 172 559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ганцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН