| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01224/И |
| Дугаар | 102/ШШ2022/03588 |
| Огноо | 2022-10-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/03588
2022 оны 10 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2022/03588 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С... дүүргийн ...-р хороо, Э...ийн гудамж, .... байр, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Ө...ийн Ц...,
Хариуцагч: Баянгол дүүргийн, ..р хороо, ...-р хороолол, Б... хороолол, ... байр, ... тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ...-р хороо, Э... гудамж .... тоотод оршин байрлах, регистр ..., Р... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 29 861 900 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ц..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б... /үнэмлэх 1960.../, Ч.Г. /үнэмлэх ../, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э.., хариуцагчийн өмгөөлөгч Ү.Ч. /үнэмлэх ./, Ө.З. /үнэмлэх ../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э.. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Р.. ХХК-д холбогдуулан хохирол 29 861 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие Х... дүүргийн . ..дүгээр хороонд байрлах, Империал хаус хотхоны . ба..йрны ... тоотын ... давхрын таазнаас борооны ус гоожилтыг зогсоох зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Р.... ХХК- тай 19/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээврийн засварын сэргээн засварлалтын ажлын нийт төсөвт өртгийг 3 914 100 төгрөгөөр тооцон ажлын явцад гурав хуваан төлөхөөр харилцан тохиролцсон юм. Миний бие дээврийн засварыг мэргэжлийн компани, баг хамт олноор хийлгэх нь илүү найдвартай гэж үзэн Р...ХХК-ийг сонгосон ба тэд ч өөрсдийгөө мэргэжлийн гэж танилцуулж байсан юм. Ингээд Р... ХХК нь дээврийн засварын ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд тогтсон хугацаанд хийж гүйцэтгэсэн ба баталгаат хугацаа нь гэрээнд зааснаар 3 жилийн хугацаатай байна. Засвар хийж дууссаны дараа хана, тааз, цахилгааны бүх монтажнуудаа шинэчлэн засварлаад бусдад байраа түрээслүүлэхээр 2019 оны 05-р сарын 28-ны өдөр Эй Би Си проперти ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад, түрээслэх зуучлах ЭТ- 19/050 тоот гэрээг байгуулсан. Гэтэл 2019 оны 06-р сард буюу засвар хийлгэснээс нэг сарын дараа дахин өмнөх буюу засвар хийлгэсэн газраасаа ус урьдахаасаа илүү гоожиж, засвар үйлчилгээ хийлгэсэн тааз, хана, шал бүгд усанд автсан. Талуудын хооронд байгуулагдсан 19/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т баталгаат хугацаанд гарсан тухай ажлын гүйцэтгэл. чанартай холбоотой аливаа эвдрэл гэмтлийг /механик бус гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр үнэ төлбөргүйгээр хуанлийн 3 хоногийн дотор засварлаж өгнө гэж зааснаар Р... ХХК-д хандахад өмнөх засвараа дахин хуулж энд тэнд нөхөөснүүдийг таамаг төдий хийгээд одоо зүгээр гээд явсан. Би мөн л хана, тааз, монтажаа дахин засварласан. Ингээд дахин засвар ч дуусаж, байр түрээслэх хүмүүстэйгээ ч харилцан тохиролцож наадмын дараа нүүж орохоор болж 2019 оны 07-р сарын 02-нд урьдчилгаа төлбөр, мөн сарын 10-нд ирэх 3 сарын түрээсийн төлбөрөө тус тус авч байрыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн. Гэтэл түрээслэгчид тавилга эд зүйлсээ байрлуулж, байр руугаа нүүж ороод удаагүй байхад бороо орсны улмаас дахин өмнөх засвар хийсэн таазнаас ус алдаж, уг асуудлыг шийдвэрлэх 10 хоногийн хугацааг түрээслэгч Ө.Цэвэлсүрэн надад өгсөн юм. Харин уг асуудлаар Р... ХХК-д дахин хандахад инженер Д.Э... ээжийгээ эмчлүүлж байна, ажил ихтэй байна, ажилчид ажлаа хаяж явсан гэх тайлбаруудыг өгч хойшлуулсаар 10 хоногийн хугацаа өнгөрсөн. Түрээслэгчид гэрээгээ цуцлах хүсэлт гаргасны дагуу гэрээг цуцалж, төлбөрт авсан 22 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэн, хохирол хүлээсэн. Ийм маягаар 2019 оны 09 дүгээр сар хүртэл зуны бүгэн 3 сар Р... ХХК болон тэдний инженер Д.Э...ын ар гэр болон ажлынх нь завсар зайг хүлээж, ирэх болгондоо тавьсан нөхөөс шинэ онош, усан тест тавилаа одоо зүгээр гэх ярианд нь итгэсээр 2020 оны 06-р сар болсон. 2020 оны эхний борооноор л дахин нөгөө газраасаа ус гоожихыг хараад арга ядан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, Р... ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн дээврийн засварын ажилд үзлэг хийлгэн Р... ХХК, тэдний ажилчид анхнаасаа ус хаанаас нэвчиж байгааг зөв тодорхойлж, ажлын дүгнэлт гаргалгүй засварын ажлыг таамгаар хийсэн болохыг нь тогтоолгосон. Заншил ёсоор Р... ХХК-г гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, гуйж байж ирүүлтэл “...хажуу айлын дээврээс ус орж байсан байна ..." гэсэн шинэ онош дахин гаргасан. Энэ талаар хөршдөө хэлэхэд “...Манай гэр рүү ус гоожихгүй байхад танайх руу орох ёсгүй. Тэгээд ч “Р...” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, дээр нь хүмүүсийн цаг зав, санхүүд өчнөөн хохирол учруулчихсан байгааг бид бодитоор харсаар байж одоо бас өөрийн өмч дээрээ давтан туршилт хийлгэхгүй...” гэсээр бүтэн 2 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд усан бороо их орж гэрийн тааз бүхэлдээ шахам нурж хөршдөө үзүүлж гуйж учирласаар зөвшөөрөл аваад Р... ХХК-г засвараа хэзээ хийх вэ? гээд цаг тохиролцохоор очиход ...хөршийнхөө терассын засварын зардлыг дахиад танайх төл, танай терасстай ижил зардал гарна. Агааржуулалтын хоолойн өнцгөөс ус орж байгаа ч баталгаатайгаа тооцож бүтэн засуулбал бүтэн дээвэр засах зардал гарна... гэж хэлсэн. Ингээд дахиад л тодорхой онош гаргаж акт тогтоогоогүй ажлын хөлсийг 2 дахь удаагаа давтан төлөх болсон. Хэрвээ зөвшөөрөхгүй бол бид засахгүй гэсэн тул цаашид их хохирол давтан амсахгүйн тулд мөнгийг нь төлье гэсэн. Ямар материалаар засварлавал дахин ус гоожихгүй байх зардлын тооцоог баталгаажуулж өгөөч гэсний дагуу тооцооны баримт авсан ба цаг хугацаа алдахгүйн тулд Р... ХХК-ийн тооцоолсон материалын зардлын дагуу хажуу айлын террасыг бүтэн засварласан. Гэтэл 2021 оны 06 сард дахин бороонд таазнаас ус гоожиж, нэвчин нурж байгааг хараад тус компанийн захирал Э.А.... руу холбогдож болсон бүх тохиолдлыг учирлаж Энхболдыг ирүүлж үзүүлсэн. Намайг манай дарга нар наад хийсэн ажлаа хэл амгүй дуусгаж айлыг хохиролгүй болго гэсэн. Би яаж хямдхан өртгөөр наад асуудлыг чинь шийдэхээ мэдэхгүй байна гэж бултаж зугтсаар утсаа авахаа больж одоог хүртэл гэрээнд заасан үүргээ зорчиж иргэн намайг хохироосоор байна.
Миний бие Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ " гэж зааснаар бүх төлбөр тооцоог цаг тухайд нь төлсөн юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заасан боловч "Р...” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн гараагүй буюу, тэд гэрээт ажлаа гүйцэтгэж чадаагүй юм. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна6 Дээрхээс дүгнэхэд гүйцэтгэгч нь хууль болон гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд Р... ХХК-д ямар ч үр дүнгүйгээр төлсөн 7 562 000 төгрөгоос гадна тус компанийн хууль бус үйл ажиллагаанаас болж учирсан хохиролд буюу олох ёстой орлого нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд “Р...” ХХК-аас 5 болон 4 тоотыг дээврийн засварын ажилд иргэн надаас авсан 7 562 000 төгрөг, байрны дотор засалд зарцуулсан 250 500 төгрөг, олох ёстой байсан орлогод 22 000 000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх зардал 9 400 төгрөг нийт 29 861 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц... надад олгуулж зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан боловч гүйцэтгэсэн ажлын үр дүн гараагүй буюу тэд гэрээт ажлаа гүйцэтгэж чадаагүй, 350.1.6. “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж заасныг зөрчсөн байна хэмээн бичжээ. Дээрх нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Иргэн О. Ц...д 2020 оны 6 сар гэхэд гэрээний үүргийн дагуу удаа дараа нийт 4 удаагийн үзлэг шалгалт хийсэн. 2020.07.16-ны №100 мэдэгдэл хүргүүлэх албан тоотод террасын дээврийн ажлыг бүхэлд нь задлаж дахин бүрэн ус тусгаарлалт болон террасын шалыг иж бүрэн хийж гүйцэтгэн усан тестээр шалган хүлээлгэн өгсөн. Иргэн Ө. Ц...гийн 2020.09.04-ний хүсэлтэд “Террасыг задлаж эргэлзээтэй газруудад нэмэлт засвар хийгдсээр 9 дүгээр сард борооны улирал дуусан усан тест хийн ус нэвчихгүй байсан” гэж дурдсан атал нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан баримтуудаас харахад байр түрээслэх гэрээ байгуулж энэ үед ус алдан гэрээ цуцалсан мэтээр баримт бүрдүүлсэн байна. Иймд дээрх санхүүгийн болон холбогдох бичиг баримтыг үйл хэрэгтэй уялдаа холбоогүй мөн хуурамчаар бэлтгэсэн байх бөгөөд бид иргэн Ө. Ц...д хана, таазны догор заслыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж өгсөн ба нэмэлтээр даатгалын компанид хандах албан бичгийг гарган өгч байсан. Иргэн О. Ц...эй байгуулсан гэрээний ажлын хөлс болон материалын зардлын нийт үнийн дүн 3 914 100 төгрөг. Хөрш Империал хаус хотхоны 91Б-4 тоотын террасын дээврийн ажлыг манай байгууллага нь гүйцэтгээгүй болно. Иргэний гомдол нь бидний хийж гүйцэтгэсэн ажил болох террасын дээврээс бус барилгын үндсэн хучилт болох дээвэр мөн парапетны ханын тусгаарлагч зэрэг бидний хийж гүйцэтгэсэн ажлаас шалтгаалаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Бид гэрээний дагуу Х... дүүргийн ...-р хороо, Империал хаус хотхоны ... тоот террасын сэргээн эасварлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд иргэн О.Ц...тэй байгуулсан гэрээнд "террасын дээврийн сэргээн засварлалт" гэж заасан нь Иргэний хуулийн 353.3.”Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 5 болон 4 тоотын дээврийн засварын ажил авсан гэх 7.562.000 төгрөг, байрны дотор засалд зарцуулсан 250.500 төгрөг, олох ёстой байсан орлого гэх 22.000.000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх зардал 49,400 төгрөг, нийт 29.861.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
3.Нэхэмжлэгчээс: Ө.Ц...гийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх 7/, ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /хх 8-10/, орлогын баримт /хх 11-13/, энгийн зуучлалын гэрээ /хх 14-18/, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад түрээслэх, зуучлах гэрээ /хх 19-23/, үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ, хавсралт /хх 24-33/, бэлэн мөнгөний зарлагын, орлогын баримт /хх 34-36/, С... ХХК-ний тодорхойлолт /хх 37-42/, Ө.Цэ.нгийн бичсэн мейл /хх 43-44/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020.10.21-ний өдрийн 02-03/4337 тоот албан бичиг, тэмдэглэл, албан шаардлага /хх 45, 50-52/, Р... ХХК-ний мэдэгдэл, мөнгөний баримт /хх 46-48/, зураг /хх 53-66/, зарлагын баримт /хх 67-69/, нотариатын төлбөрийн баримт /хх 70-71/, А... СӨХ-ын тодорхойлолт /хх 108/, эд зүйл хүлээлгэн өгсөн, авсан акт /хх 109-110/, Үнэгүй.мн зар /хх 197/, иргэн Өлзийбаярын тодорхойлолт, ХААН дансны хуулга /хх 210-213 /,
Хариуцагчаас: Р... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх 76-77/, мэдэгдэл, хариу, фото зураг /хх 86-100, 133-145/,
Шүүх: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Р... ХХК-ний тусгай зөвшөөрөл /хх 154-161/,
Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлт /хх 175-192/, зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Ө.Ц... нь 2019 оны 4-р сарын 29-ний өдөр Р... ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Империал хаус хотхоны ... байрны ... тоот сууцны терассын ус нэвчилтийг зогсоох засварын ажил гүйцэтгүүлэх, захиалагч ажлын хөлс 3 914 100 төгрөг төлөх, ажлыг 2019 оны 5-р сарын 6-ны дотор хийж гүйцэтгэхээр тус тус /хх 7-10/ тохирчээ.
Гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн, мөнгийг шилжүүлсэн /хх 11-13/ энэ талаар талууд маргаагүй. Гагцхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан талаар нэхэмжлэгч маргаж, хохирол гаргуулахаар шаардсан, хариуцагч Р... ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...ус нэвчиж байгаа нь манай хийсэн засварын ажлаас болоогүй, шинжээчийн дүгнэлт гарсан, хажуу айлын дээврээс ус гоожиж байгааг тогтоосон гэжээ.
Хариуцагч нь баталгаат хугацааны дотор буюу 2020 оны 6-р сараас эхлэн хэд хэдэн удаа үзлэг, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийсэн, дотор заслын засвар үйлчилгээнд зориулж 780 000 төгрөгийн зардал гаргасан нь талаар маргаагүй байна.
Р... ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь захиалагчийн хажуу айл буюу 4 тоотын терассаас ус нэвчиж байсантай холбоотой талаар Р... ХХК-иас Ө.Ц...д болон 4 тоот айлын терассын хэсэгт усан тест хийх тухай мэдэгдэлд тусгагдсан, түүнчлэн 4 тоот сууцны терассын хэсэгт мөн ижил хэмжээний зардлаар засвар хийжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10-р сарын 21-ний өдрийн 02-03/4337 тоот албан бичиг, 2021 оны 7-р сарын 28-ны өдрийн албан шаардлагад дурьдсан нөхцөл байдал Р... ХХК-ний хийсэн засварын ажлын доголдол гэж үзэх боломжгүй нь шинжээчийн дүгнэлтээр /хх 43-48/ тогтоогджээ.
Шинжээчийн 2022 оны 09-р сарын 21-ний өдрийн 586 дугаар дүгнэлтээр Р... ХХК нь терассын дээврийн засварын ажлыг гүйцэтгэхдээ ус зайлуулах налууг хийгээгүй байна, засварын ажил хийснээс хойш ус гоожсон хэвээр байгаа нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоогүй, ус гоожиж байгаа нь үндсэн дээвэр, салхивчны шахтаас ус алдаж байна, барилгын дээврийг бүхэлд нь засварлах шаардлагатай /хх 175-192/ гэжээ.
Р... ХХК нь терассын дээврийн засварын ажлыг гүйцэтгэхдээ ус зайлуулах налууг хийх ажлын төсөвт тусгагдаагүйгээс гадна тогтоосон төсвийн хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн байна.
Шинжээч дүгнэлт гаргахдаа талуудыг байлцуулан үзлэг хийсэн, усан тестийн туршилт хийхийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, Р. ХХК нь дээврээс ус гоожиж байгаа нүх сүвийг бөглөх, ПВС мембран дээврийн хучилт хийсэн, үндсэн дээврийг силиконоор битүүлсэн зэрэг үндсэн дээвэртэй холбоотой засварыг хийж гүйцэтгэснийг тогтоосон байна.
Цаашид барилгын үндсэн дээврийг бүхэлд нь засварлах шаардлагатай гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч засварын зардалд төлсөн 3 914 100 төгрөг болон 4 тоот сууцны төлсөн 3 914 100 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч гэрээгээр тохирсон ажлыг Р... ХХК гүйцэтгэсэн, түүнчлэн 4 тоот айлын төлсөн гэх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй /хх 49/ гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, 250 500 төгрөгийн бараа материал худалдан авсан баримт нь засварын ажил хийснийг нотлоогүй байна.
Ө.Ц. нь тухайн хаусыг түрээслүүлэх зорилгоор энгийн зуучлалын гэрээ /хх 14-18/, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад түрээслэх, зуучлах гэрээ /хх 19-23/ байгуулж байжээ.
Монгол Жин Ан цахим технологи ХХК-тай Ө.Ц.. нь 2019 оны 7-р сарын 25-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ” байгуулж, 375 м.кв талбай бүхий таун хаусыг 1 жилийн хугацаатай, сарын 5 500 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр /хх 24-33/ тохирчээ. Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7-р сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн, түрээслүүлэгч барьцаа төлбөр 5 500 000 төгрөг, 3 сарын төлбөр 16 500 000 төгрөг нийт 22 000 000 төгрөгийг авсан байжээ.
Харин түрээсийн төлбөрийг 2019 оны 8-р сарын 10-ны өдөр буцаасан нь орлогын баримтаар /хх 36/ тогтоогдсон, нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан шалтгааныг ...засвар хийсэн боловч ус гоожсон хэвээр байсан гэж тайлбарладаг. Гэвч ус гоожсон гэх хэсэг нь тухайн хаусын бүхий л талбайд хамаарахгүйгээс гадна 2018 оноос ус нэвчсэн үйл баримттай холбоотой, түрээслүүлэгч энэ талаар мэдэж байсан боловч гэрээ хийсэн нь хариуцагч Р.. ХХК-ний буруугаас болсон гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний улмаас олох байсан 22 000 000 төгрөгийн орлогоороо хохирсон гэх шаардлага үндэслэлгүй байна.
Нөгөө талаас, түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг эх хувиар нь, боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Харин нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй гэж нэхэмжлэгч үзсэн байх ба нотариатын зардалд төлсөн 49 900 төгрөгийг хохиролд тооцохгүй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн 37-42 дахь талд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, фото зурагнууд нь зартай холбоотой гэж тайлбарласан /хх 53-66/, 96-100 дахь талд авагдсан зурагнууд нь Р... ХХК-ний ажлын гүйцэтгэлийг харуулсан /хх 53-66/ баримтууд байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 309 000 төгрөг төлсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Түүнчлэн шинжээчийн зардал 1 500 000 төгрөгийг хариуцагч РОСТОРГ ХХК төлснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р... ХХК-иас 29 861 900 /хорин есөн сая найман зуун жаран нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Ө.Ц...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА