Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03886

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03886

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, ***ХХК-ийн /РД:***/,

Хариуцагч:*** хаягт байрлах, *** ХХК-д /РД:***/,

Нэхэмжлэлийн шаардлага: *** ХХК-ийн ***ХХК-иас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг, ус, дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц, гарцыг хааж ***ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, ***ХХК-ийн эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх буюу цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, орц, гарцаар ***ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид *** ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар ***ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ***ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас ***ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг *** ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг ***ХХК-д даалгах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, өмгөөлөгч Т.Д***, хариуцагчийн төлөөлөгч Э.А***, М.Шинэнэмэх, хариуцагчийн өмгөөлөгч Г.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***ХХК нь *** ХХКд холбогдуулан ус, дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц, гарцыг хааж ***ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, ***ХХК-ийн эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх буюу цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, орц, гарцаар ***ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид *** ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар ***ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ***ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

*** ХХК-иас гэрээ, хэлцэл байгуулаагүй атлаа үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилдэг, орц гарцаар манай компанийн болон харилцагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхгүй буцаах зэрэг үйлдэл гаргадаг. Төвийн дулааны шугамыг өөрийн эзэмшлийн газраар дайрч өнгөрдөг гэх үндэслэлээр ус, дулаан хангамжийг тасалж, мөн оффисын цонхыг хааж чингэлэг тавьсан. *** ХХК-ийн хууль бус дарамт шахалт өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байна гэжээ.

2.Хариуцагч *** ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд *** ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын алба нь манай компанийн объектын төв хаалганаас одоогийн ***ХХК-ийн хаалга хүртэл замыг дундын буюу нийтийн эзэмшлийн талбай болгосон. Манай компани өнөөдрийг хүртэл тухайн замын цэвэрлэгээ, урсгал засвар болон орчны гэрэлтүүлгийг өөрийн зардлаар хийж байна. Нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладаг давуу талаа ашиглан өнөөдрийг хүртэл харуул хамгаалалтын үйлчилгээний зардал гаргахгүйгээр ажиллаж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд оролцсон, сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Манай компани 1970 оны хуучин барилга байгууламжийг хувьчлан авсан ба шугам сүлжээг шинэчлэх, шинэ шугам татах зэрэгт олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ шугам сүлжээнд холбогдохыг шаардсан, нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй гэжээ.

3.Хариуцагч *** ХХК-иас сөрөг нэхэмжлэлдээ төв хаалганд өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалгыг суурилуулсан ба эдгээрийг шинэчлэх, засварлах, сэлбэг солих зэргийг өөрсдийн зардлаар хийдэг. Шинэ чиптэй автомат хаалтыг 5,800,000 төгрөгөөр суурилуулж ашиглалтад оруулсан ба нэхэмжлэгчийг 50 хувийг төлөхийг шаардахад төлөөгүй атлаа уг хаалтыг ашиглаж байна. Төв хаалга болох 1 дүгээр пост дээр 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид хяналт тавьж ажиллахдаа мөн ***ХХК-д үйлчилгээ үзүүлж байна. Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас ***ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг *** ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг ***ХХК-д даалгах гэжээ.

4.Нэхэмжлэгч ***ХХК нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа *** ХХК-ийн нэрлэсэн 1 дүгээр постоос ***ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хүртэлх зам нь нийтийн эзэмшилд хамаардаг. Гэтэл *** ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах гарцыг хааж хаалт суурилуулж, хаалтынхаа тал төлбөрийг нэхэмжилж, мөн өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. *** ХХК-иас нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээг *** ХХК-тай хамтран хийх, орц, гарц хаах, гэрэлтүүлэг тавих асуудлаараа мэдэгдэж, санал солилцож, гэрээ хэлцэл байгуулах замаар асуудлаа харилцан тохиролцон шийдвэрлэх хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь *** ХХК-ийн тамга, тэмдэгтэй ба эдгээр баримтуудыг одоо шүүхэд өгч байгааг харахад нотлох баримтыг нөхөж бүрдүүлсэн байна. ***ХХК нь өнгөрсөн хугацаанд гэрэлтүүлэг, замын ашиглалтын зардлыг тооцон гэрээ хийх саналыг хүргүүлсэн боловч *** ХХК нь зөвшөөрсөн, зөвшөөргүй талаар хариу ирүүлээгүй. Манай компани Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т зааснаар өөрт хамаарах хэсгийн бүхий л арчилгааг тухай бүрт нь өөрийн хөрөнгөөр хариуцан хийсээр ирсэн. Мөн гадаа байрладаг хүчин чадал өндөртэй шөнийн цагаар гэрэл мэдэрч асдаг гэрэлтүүлэг суурилуулж зардлаа хариуцаж ирсэн. Компаниудын эзэмшлийн талбайг харьцуулвал *** ХХК нь нийт 62580 м.кв талбайг, ***ХХК нь түүнээс 68 дахин бага хэмжээтэй буюу нийт 924 м.кв талбайг эзэмшдэг. *** ХХК-ийн талбайд орж, гарах зориулалттай нийт 5 постны зөвхөн 1 дүгээр постыг *** ХХК болон түүний өмчлөлийн объектуудыг түрээслэдэг аж ахуйн нэгж, байгууллагын хамтаар ашигладаг байхад нийт 4 постныхоо 25 хувийг буюу 1 дүгээр постны төлбөрийг бүхэлд нь, гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, хаалтны 50 хувийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: *** зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.Хариуцагчаас тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: *** зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. ***,

мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан дүрс бичлэгүүдэд шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн байна. ***,

8.Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: *** зохигч талуудыг байлцуулан шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулан, үзлэгийг фото зургаар бэхжүүлсэн. ***,

9.Хариуцагч талын хүсэлтээр шүүх *** дугаар захирамжаар хассан. ***/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийг нэхэмжлэгч компанийн ажилчид болон түүний үйлчлүүлэгчдийг нийтийн эзэмшлийн орц, гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхгүй, ус, дулаан хангамжийг хаадаг, бохирын шугамыг хаадаг, оффисын цонхыг хааж чингэлэг байршуулсан, үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилдэг гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг зогсоох, нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх, орц гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид *** ХХК-ийг ямар нэгэн байдлаар ***ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчсөн аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2012 онд Нийслэлийн газрын алба нь манай компанийн төв хаалганаас одоогийн ***ХХК-ийн хаалга хүртэл замыг нийтийн эзэмшлийн талбай болгосон. Манай компани тухайн замын цэвэрлэгээ, урсгал засвар, орчны гэрэлтүүлгийг өөрийн зардлаар хийж байна. Нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладаг давуу байдлаа ашиглан харуул хамгаалалтын үйлчилгээний зардал гаргахгүй байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд оролцсон, сөргөөр нөлөөлсөн үйлдэл хийгээгүй, нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй гэсэн.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Нэхэмжлэгч нь манай байгууламжийн харуулын 1 дүгээр постоор нэвтэрдэг. Харуулын 1 дүгээр постод өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалга тавьсан ба 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид үйлчилгээ үзүүлж байна. Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр постын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас ***ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд бараа, ажил үйлчилгээг худалдан авахад гарах зардлыг *** ХХК-тай хамтран хариуцах, төлбөр төлөхийг ***ХХК-д даалгах тухай гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг *** ХХК нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах гарцыг хаалт суурилуулж хааж, хаалтынхаа тал төлбөрийг, мөн өөрийн өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжлэх үндэслэлгүй. *** ХХК нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээг *** ХХК-тай харилцан тохиролцож хамтран хийх хэрэгтэй. ***ХХК нь өнгөрсөн хугацаанд гэрэлтүүлэг, замын ашиглалтын зардлыг тооцон гэрээ хийх саналыг хүргүүлсэн боловч *** ХХК-иас хариу ирүүлээгүй. Манай компани өөрт хамаарах хэсгийн бүхий л арчилгааг өөрийн хөрөнгөөр хариуцан хийсэн. Мөн гадаа байрладаг хүчин чадал өндөртэй шөнийн цагаар гэрэл мэдэрч асдаг гэрэлтүүлэг суурилуулж зардлаа хариуцаж ирсэн. *** ХХК-ийн талбайд орж, гарах зориулалттай нийт 5 постны зөвхөн 1 дүгээр постыг *** ХХК болон түүний өмчлөлийн объектуудыг түрээслэдэг аж ахуйн нэгж, байгууллагын хамтаар ашигладаг байхад нийт 4 постныхоо 25 хувийг буюу 1 дүгээр постны төлбөрийг бүхэлд нь, гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, хаалтны 50 хувийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

3. ***ХХК нь эрхийн улсын*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай 82 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй *** тоот хаягт байршилтай 843 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 842 м.кв газар, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 82 м.кв газрын эзэмшигч байна. Хэрэгт авагдсан ***3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ***5 тоот гэрээ баримтаар тус тус нотлогдож байна.

*** ХХК нь эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 25,133 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын*** дугаарт бүртгэлтэй, *** үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч, Нийслэлийн засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар 62,580 м.кв талбайтай газрын эзэмшигч байна. Хэрэгт авагдсан*** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №*** тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай гэрээ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** албан бичиг баримтаар тогтоогдож байна.

Зохигчид өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшил газар, түүний байршлын талаар, өөрсдийн эзэмшлийн барилга байгууламж руу нэвтрэх нэг орц, гарцтай талаар, уг орц, гарц нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх, чингэлэг байршуулсан газар хариуцагч *** ХХК-ийн эзэмшлийн газар мөн эсэх талаар болон эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор *** ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эзэмшлийн газар гаргаж орц, гарцын асуудлыг шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу *** ХХК нь өөрийн эзэмшлийн газрын төв хаалганаас ***ХХК-ийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хаалга хүртэлх зам, талбайг нийтийн эзэмшлийн зам талбай болгожээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд өмчлөх эрхээ хамгаалахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зохицуулснаар шаардах эрхтэй байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж нэхэмжлэгчийн барилга байгууламжийн ус, дулаан хангамжийг хаасан, бохирын шугамыг хаасан үйлдлийг хийсэн болох нь ***ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн *** Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дотор халаалтын системийн угсралтын ажил хийлгэсэн, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр *** ХХК-тай Ажил үйлчилгээний гэрээ байгуулан, бохир усны шугам харъяаллын зааг баталж, засвар үйлчилгээг гүйцэтгүүлсэн, *** ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн *** тоот Хийн халаалтын тоног төхөөрөмж болон шингэрүүлсэн хий худалдах, худалдан авах болон техникийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хийн халаалтын тоног төхөөрөмж, шингэрүүлсэн шатдаг хий, тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, засварын буюу сэлбэг, эд анги солих, шинэ тоног төхөөрөмж суурилуулах үйлчилгээ авч, ус дулаан хангамжийн асуудлаа шийдвэрлэсэн, *** ХХК-тай Бохир ус цэвэрлэх станцын угсралт, суурилуулалт, холболтын гэрээг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулан холболт хийлгэсэн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл өмчлөгч нь өөрийн өмчлөх эрхийн зөрчлийг арилгахыг шаардах, мөн ирээдүйд өмчлөх эрхийг нь зөрчиж болох үйлдлийг хийхгүй байхыг шаардах эрхээ шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг зогсоох, нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх, орц гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид *** ХХК-ийг ямар нэгэн байдлаар ***ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчсөн аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцнэ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн нийтийн эзэмшлийн талбайд сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл ажиллагаа, үйлчилгээ авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон байх шаардлагатай. Үүргийн харилцаа нь үүрэг гүйцэтгүүлэгч тал эрхээ шүүхээр хамгаалуулах, үүрэг гүйцэтгэгч нь амласан үүргээ гүйцэтгээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх явдал юм. Хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр постын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас ***ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөгийн зардлыг хариуцагч өөрийн хүсэл зоригоор бий болгосон байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч *** ХХК-д *** тоот хаягт үйл ажиллагаа эрхлэх ***ХХК өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох аливаа үйлдлийг хийхгүй байхыг даалгаж, ***ХХК-ийн оффисын цонх хааж байршуулсан чингэлгийг зайлуулах, нийтийн эзэмшлийн орц, гарцаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгасугай.

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-ийн Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000 төгрөг, 1 дүгээр постын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас ***ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг 1,481,500 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувийг 8,800,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 116,425,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд бараа, ажил үйлчилгээг худалдан авахад гарах зардлыг *** ХХК-тай хамтран хариуцах, төлбөр төлөхийг ***ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,336,778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН