| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2002002600264 |
| Дугаар | 2021/ДШМ/494 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/494
2021 05 20 2021/ДШМ/494
Ө.У-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Пүрэвдагва,
шүүгдэгч Ө.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах” тухай 2021/ШЗ/397 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ө.У-д холбогдох 2002002600264 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ө-ийн У, Төв аймагт 1973 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, “-” хотхоны 00-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Ө.У- нь “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 95,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ангийн бохирын систем суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон мөн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүй “Р-К Констракшн” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн шууд гэрээ байгуулж, Хаан банкны 5011360828 тоот дансанд 59,703,250 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлж давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Ө.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Ө.У-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй.
1. Гэрч Ц.Б-ын “...2018, 2019 онд тендерийн баг зарлагдаж байсан ... энэ оны 01 дүгээр сараас эхлэн бүх худалдан авалтуудыг хуулийн дагуу зохион байгуулдаг болсон” гэх мэдүүлэг, гэрч Яковенкогийн “... 2017 оноос Д.Ж дарга томилогдсоноос хойш аажмаар хүмүүсийг сургаж, боловсон хүчнүүдийг бэлтгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг аажмаар хэрэгжүүлж эхэлсэн, одоо бол бүрэн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ж-ийн “... 2017 оноос өмнө үнийн комисс гэх зүйл байсан, дараа нь сонгон шалгаруулалт хийдэг болоод аажмаар хуулийг хэрэгжүүлж эхлээд 2019 онд бэлтгэл ажил нь хангагдаж, энэ оноос бүх худалдан авалтаа хуулийн дагуу сонгон шалгаруулдаг болсон. Бэлтгэл ажил гэдэг нь АЗ сертификаттай хүмүүс бэлтгэх зэрэг ажлууд байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн цаг үед тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үйл ажиллагааг зохион байгуулах боловсон хүчин байсан эсэх нь эргэлзээтэй байх тул энэ асуудлыг шалгаж тодруулан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй.
2. Тендер зарлагдсан тохиолдолд тендерт оролцох боломжтой компаниуд бодит байдал дээр байсан эсэх, тухайн компаниуд бохирын систем суурилуулах ажилд ямар үнийн санал ирүүлэх байсныг, ажлыг төлөвлөгдсөн төсвийн дагуу хийх бодит боломж байсан эсэх зэргийг тогтоох нь зүйтэй. Хэрэв “Р-К Констракшн” ХХК-ийн үнийн саналаас бусад компаниудын өгсөн үнийн санал өндөр байсан тохиолдолд энэ бодит байдал нь шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн аутентик /хууль тогтоогчийн/ тайлбараар “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан. Тус гэмт хэргийн субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэргийг ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн эсэхийг тогтоож хууль зүйн дүгнэлт өгөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.У-ын буруутгагдаж буй үйлдэл нь албаны ямар эрх ашгийн эсрэг, эсхүл өөрийн хувийн ашиг сонирхлоо хэрхэн гүйцэлдүүлэх зорилготой байсан эсэхийг тогтоох нь хууль тогтоогчийн дээрх тайлбартай нийцнэ...” гэсэн дүгнэлт хийж Ө.У-д холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа уг хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Ө.У- нь тендер сонгон шалгаруулалтын хувьд захиалагч учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар худалдан авалтын төлөвлөгөөг батлах, үнэлгээний хороо байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, худалдан авалтыг зохион байгуулах эрхтэй. Гэтэл дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүйгээр өөрөө шууд худалдан авалт хийж хууль зөрчсөн болох нь нотлогдсон байхад шүүх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, нотолгооны хувьд ач холбогдолгүй нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн гэж үзэж байна.
Гэрчүүдийн мэдүүлгээр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн 2018 оны худалдан авалтын төлөвлөгөөнд 95,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсан ангийн бохирийн систем суурилуулах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, сонгон шалгаруулалтын урилгыг нийтэд мэдээлээгүй тул аж ахуйн нэгж, байгууллагуудаас үнийн санал ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Харин Ө.У- нь “...Мишээл экспо төвд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцож байхдаа “Р-К Констракшн” ХХК-ийг сонгосон...” гэж мэдүүлснээс үзэхэд Ө.У- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Р-К Констракшн” ХХК-д давуу байдал бий болгож, шууд гэрээ байгуулсан нь нотлогдсон. “Р-К Констракшн” ХХК-ийн үнийн саналыг бусад компаниудтай харьцуулах боломжгүй.
Мөн Ө.У- нь нийтийн албан тушаалтны хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захирагдаж, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй. Харин тэрээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худалдан авалтын үйл ажиллагааг хуульд заасан журмаас гадуур явуулж хуулийн хэрэгжилтийг хангаж ажлаагүйг албаны эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Мөрдөн байцаалтын явцад “Р-К Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гантулга нь “...Ө.У-ыг бохирын систем суурилуулах ажлын явцад нийт 59,703,250 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 80,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал өгөх, өөрийн хувийн зуслангийн газрынхаа 00-д засвар хийх санал тавьсан...” гэж мэдүүлсэн нь Ө.У- нь албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд урвуулан ашигласан болохыг баталж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.
Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ө.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...төсвөөс 35,296,750 төгрөг хэмнэсэн болох нь баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.У-д гэмт хэрэг үйлдэх ямар субъектив санаа зорилго байсан бэ? гэдгийг тогтоож чадаагүй. Харин ч байгууллагынхаа төсвийг хэмнэсэн байтал буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн тухайд худалдан авалтаа өөрийн хөрөнгөөр хийх тохиолдолд тендер зарладаггүй. Харин Засгийн газраас өгсөн мөнгөнд ажил, үйлчилгээ явуулахдаа хуульд зааснаар тендер зарлаж худалдан авалт хийдэг байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Нэг хуулийг биелүүлэхийн төлөө нөгөө хуулийг зөрчиж болохгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт үнэлгээний хорооны гишүүдэд тавигдах шаардлагыг хуульчилсан. Худалдан авах ажиллагааны чиглэл, эсхүл тухайн бараа, ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх, тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн хамаарал бүхий этгээдүүд биш байх, сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчтой хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй байх, А3 гэрчилгээтэй хүн тендерийн үйл ажиллагааг эрхлэн явуулна гэж заасан ба Ө.У-ын ажилчид дунд ийм гэрчилгээтэй хүн байгаагүй. Энэ талаар тодруулах хүсэлт гаргаж байсан ч хангаагүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангийн дарга Ө.У- нь 95,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй бохирын систем суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулалгүй “Р-К Констракшн” ХХК-тай шууд гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлд 59,703,250 төгрөг шилжүүлж давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогджээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Ө.У-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хүндрүүлэх шинж нь хохирол шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлагджээ. Гэтэл Ө.У-ын үйлдлийн улмаас хохирол учирсан эсэх талаар зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэх, хохирол учирсан бол хэмжээг тогтоох нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд нөлөөлөхөөр байх тул “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр ангид хийгдсэн бохирын систем суурилуулах ажлын зах зээлийн үнэлгээг гаргах нь зүйтэй.
“Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК нь хоёр улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулсан хуулийн этгээдийн онцлогоос шалтгаалан худалдан авах ажиллагаанд замын даргын баталсан журмыг мөрддөг байсан бөгөөд 2020 оноос эхлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөж эхэлсэн талаар тус компанийн ажилтнууд болох Д.Ж /3-р хх 24/, Я.Е.Р /3-р хх 17/, С.А /1-р хх 107/, О.Б /1-р хх 112/, Л.О /1-р хх 115/ нар гэрчийн мэдүүүлэг өгчээ. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн худалдан авах ажиллагааг журмаар зохицуулах явдал нийтлэг байсан бол яллагдагч Ө.У-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд яллагдагч Ө.У- эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхдээ ямар хууль, тогтоомж, дүрэм, журам зөрчсөнийг тодорхой болгох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.
Дээрх асуудлуудыг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1, 2 дахь заалтад ойлгомж муутай тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүхээс тодруулан дүгнэлт хийж, уг захирамжийг хэвээр үлдээн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/397 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатарын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН