| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/03670/И |
| Дугаар | 102/ШШ2022/04173 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/04173
2022 оны 11 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2022/04173 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ын *** /РД:*** /,
Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогт *** гийн *** /РД:*** /,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.М***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.*** нь М.*** өд холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч М.*** тэй 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр *** *** дугаартай автомашиныг 31,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон төлбөрийг Төрийн банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө тээврийн хэрэгслийг надад хүлээлгэн өгсөн. Би автомашины урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн үед улс орон даяар цар тахал гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс, тусгай комиссын шийдвэрээр зээл авахаар хандсан Төрийн банкны салбар хаагдсан. Зээлийн асуудал хэд хоногоор хойшилсноос болоод М.*** машинаа буцааж авсан. Нэхэмжлэгчээс шалтгаалах зүйлгүйгээр банкны зээл гаргаагүй байсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.*** нь Төрийн банкны салбараас автомашины зээл шийдвэрлүүлж өөр автомашин худалдан авсан баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Бусдаас зээлсэн 17,000,000 төгрөгийн тухайд би автомашиныг авна гэдэг утгаар зээлийн хүүг төлөхийг зөвшөөрсөн байсан. Одоо надаас автомашинаа авсан учраас би хүү төлөх шаардлагагүй гэж бодож байна. Харин автомашины урьдчилгаа төлбөрт өгсөн 3,000,000 төгрөгөө буцаан авахаар шүүхэд хандсан гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*** нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус автомашиныг худалдан авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг. Автомашиныг 31,000,000 төгрөгөөр худалдахаар, мөнгийг бүрэн төлсний дараа *** ийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцон 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр автомашинаа хүлээлгэн өгсөн. Х.*** нь 23,000,000 төгрөгөө бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг банкны зээлээр өгнө гэж ярьсан боловч 23,000,000 төгрөгөө өгөөгүй. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкны зээлээр төлнө гэж гэрээ байгуулсан. Зээл нь хурдан шийдвэрлэгдэх байх гэж гэрээ байгуулсан боловч банкнаас зээл олгогдохгүй байсан. Хариуцагчийн эхнэр *** гийн бие тааруу Солонгос улс руу явах болсон учир их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан. Х.*** зээл гарахгүй байна гэдэг шалтгаан хэлж мөнгөө өгөхгүй хойшлуулсаар байсан. М.*** яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхэд танд зээл гартал түр мөнгө зээлэх хүн байна уу гэж нэхэмжлэгч М.*** өөс асуусан. М.*** 17,000,000 төгрөгийг өдрийн 100,000 төгрөгийн хүүтэй зээлэх хүн байна гэж хэлэхэд Х.*** зөвшөөрөл өгөөд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр М.*** нь Н.*** гэдэг хүнээс 17,000,000 төгрөгийг өдрийн 100,000 төгрөгийн хүүтэй зээлсэн бөгөөд баримтыг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч зээл авахыг зөвшөөрсөн тухай тэдний фэйсбүүк мессежээс харагдана. *** ийн зээл нь хурдан бүтэх учир удахгүй 17,000,000 төгрөгийн зээлийг төлчихнө гэж *** тэй ярилцаж М.*** хүнээс зээл авсан. Мөн зээлсэн мөнгөөр 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Солонгосын вон худалдаж авсан баримтыг хэрэгт өгсөн. Солонгос улс руу явах виз мэдүүлэх, эмчилгээний бэлтгэл хангах зэрэгт зээлсэн мөнгө хүрэхгүй дахин мөнгө хэрэгтэй гэхэд Х.*** 3,000,000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Х.*** мөнгө өгөхийг хүлээх хугацаанд бусдаас зээлсэн 17,000,000 төгрөгийн хүү нэмэгдэж байсан учир М.*** гэрээгээ цуцалж, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр *** ээс машинаа буцаан авч дахин худалдах зар тавьсан. М.*** 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 31,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагчаас авсан мөнгөнөөс 17,000,000 төгрөгийн зээлийг хүүтэйгээр 18,800,000 төгрөг болгож төлж зээлээ хаасан. *** ийн зөвшөөрлөөр бусдаас зээлсэн 17,000,000 төгрөгийн хүү болох 1,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар Х.*** төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс учирсан хохиролд түүний урьдчилгаа төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг суутгасан гэхэд Х.*** хүлээн зөвшөөрч миний мөнгөнөөс үлдсэн мөнгө байгаа юу байвал буцаан шилжүүлээч гэдэг байдлаар хоорондоо харилцаж байсан. Үлдэгдэл 1,200,000 төгрөгийг автомашиныг сар гаруй хугацаанд үнэгүй хэрэглэсэн гээд хариуцагч өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: *** зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас тайлбар татгалзлаа нотлохоор: ***зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: ***
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М.*** тэй 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** *** дугаартай автомашиныг 31,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг Төрийн банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тээврийн хэрэгслийг надад шилжүүлэн өгсөн. Банкнаас зээл олгогдохгүй удаашрахад хариуцагч автомашинаа буцааж авсан боловч автомашины урьдчилгаа төлбөрт өгсөн 3,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй учир шүүхэд хандсан.
Шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Х.*** болон хариуцагч М.*** нарын хооронд байгуулагдсан гэрээгээр талууд нэг талын хүлээх үүргийг хөрөнгө буюу автомашин шилжүүлэх, нөгөө талын хариу үүргийг автомашины үнэ болох мөнгө шилжүүлэх агуулгаар тохирсон байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Зохигчид автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар болон тус худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч гэрээний үүрэг болох автомашины үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр татгалзаж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Худалдагч нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол худалдан авагчид үнээ төлөх хугацаа олгосноос үл хамааран гэрээнээс татгалзах боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид автомашинаа хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч автомашины үнийг төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй.
Зохигчид гэрээнээс татгалзсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг баримтаар нотлох үүргийг хүлээх ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
Хариуцагч өөрийн татгалзал болон нэхэмжлэгчийг бусдаас мөнгө зээлэх саналыг гаргасан, зээл болон зээлийн хүүг төлөх талаар амласан гэсэн тайлбараа нотлох үүднээс шүүхийн журмаар хариуцагчаас гаргасан хүсэлтээр зохигчдын фэйсбүүк мессежээр харилцсан зурваст үзлэг хийсэн. Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, хариуцагч М.*** иргэн Д.*** тай байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан саналын дагуу бусдаас зээл авсан болон зээлийн хүү төлсөн болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч бусдаас зээл авч зээлийн хүүд 1,800,000 төгрөг төлөх үүрэг үүсэхгүй байх боломжтой байсан, энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй гэж шүүхээс үзэв.
Иймд хариуцагч М.*** өөс 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.*** өөс 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*** өөс 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН