| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
2025 08 27 2025/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: У.Гантуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж,
Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** овогт Б.П-д холбогдох эрүүгийн 2526000000133 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** эрхэлдэг, ам бүл 2, ****-ын хамт Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар баг *** гэх газар оршин суух хаягтай, урьд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/83 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** овогт Б.П /РД: ****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг "****" хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2.66% согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй **** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мотоциклийг би хүргэж өгөх гээд тэр И**** гэдэг айлынд байгаа байх гэж бодоод очсон. Би өөрөө мотоцикл унаж болохгүй, юм уусан байсан. Тэгээд тэнд очоод цагдаатай таарсан. Би мотоцикл унах эрхгүй, юм уусан байсан учраас миний буруу. Тэр талаар Батдорж ч гэсэн хэлж л байсан. Даруй ирээд л шийдчих байсан юм. Би цаашдаа дахиж юм уухгүй. Хөдөө надад зөндөө туслах хүмүүс байна. Төлбөрийн арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 13 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр буюу **** хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй **** маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Б.П /РД:****/ нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар жилийн хугацаагаар хасуулсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дохио өгч улаан гэрэл асаж байсан. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ж.Г нь тухай тээврийн хэрэгслийг жолоодуулж ирсэн. Харин би тухайн иргэн Б.П-г Цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багаж үлээлгэхэд 2,66 хувтай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Танихгүй, Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн "****" ** дугаар гудамжны 10 тоотын үүдэнд зогссон тухай айл нь **** гэх айлын үүдэнд зогссон. Тухай үед би **** сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Б, замын цагдаагийн зохицуулагч, дэд ахлагч Ж.Г-той хамт явж байсан. Тухай Б.П гэх хүнийг танихгүй анх удаа л харж байна. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байсан, юм гэж хэлсэн. 2,66 хувьтай гарч, гэрэл зургаар бэхжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх 11 хуудас/,
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэд ахлагч цолтой Цагдаагийн байгууллагад 2 жил ажиллаж байна. Тухайн өдөр би Өвөрхангай аймгийн **** сумын төвд Сум хяналт арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.А-ийн хамт тус суманд 12-13 өдрүүдэд үүрэг гүйцэтгэсэн. 13-ний өдөр Би цагдаагийн журмын хашаанд тээврийн хэрэгсэл саатуулаад байж байтал цагдаагийн ахлах ахлагч Д.А улсын дугааргүй **** маркийн тээврийн хэрэгсэл унаад ирсэн. Тэгээд Д.А, бид хоёр тухайн Б.П гэх хүнийг Цагдаагийн байран дээр авчирч ирээд 6820 багаж үлээхэд 2,66 хувь гарсныг Д.А гэрэл зургаар баримтжуулсан. Б.П гэх хүнийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас тухайн хүний мэдээллийг шүүж үзэхэд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байсан. Тухайн хүнийг би анх удаа харж байна. Хаана юу хийдэг талаар асуусан чинь **** сумын ** дугаар багийн "****" гэх газар мал малладаг, тухайн тээврийн хэрэгслийг эзэнд нь өгөх гээд явж байсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 12 хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 12-ний шөнийн 23 цагийн үед Б.П бид хэд айлд пиво уугаад хоносон, би тэгээд согтоод унтсан, 13 цагийн үед Б.П нь ирэхгүй болохоор Б.П-ийн найз И-ийн гудамжинд алхаж явсан чинь Б.П миний эзэмшлийн мотоциклийг унасан И гэх айлын үүдэнд зогссон чинь араас нь цагдаа нар ирээд аваад явсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 1,800,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан юм. Улсын дугаар байхгүй. Гаалийн бичиг нь байхгүй. Мэдэхгүй. Тэр талаар нь мэдэхгүй. Өвөрхангай аймгийн **** сумын Баруун хороолол буюу “****” хорооллын 10 дугаар гудамжинд замын хөдөлгөөнд оролцуулсан И-ийн үүдэнд зогссон чинь цагдаа нар ирсэн. Би өмнөөс нь явж байсан юм. Өмнөх өдөр нь пиво уусан. Тухайн өдөр нь юу уусан талаар мэдэхгүй. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх 15 хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 6, 8-9 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 29-32 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 2025/ЗШ/302 дугаартай зөрчлийн шийтгэвэр /хх 34-38 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.П нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** сумын 8 дугаар багийн нутаг "****" хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2.66% согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй **** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-ийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Д.А, Ж.Г, Б.Э нарын мэдүүлэг /хх-ийн 11, 13, 15 хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 6, 8-9 хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 29-32 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 2025/ЗШ/302 дугаартай зөрчлийн шийтгэвэр /хх 34-38 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.П нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг "****" хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2.66% согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй **** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн, Өвөрхангай аймгийн прокуророос Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Гэм буруугийн асуудлаар шүүгдэгч маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүхээс шүүгдэгч Б.П-ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.П нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусгавар болоогүй байх хугацаандаа дахин 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэврээр оногдуулсан эрх хассан ялаас үлдэгдэл хоног буюу 166 хоногийг нэмж нэгтгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй ба хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.П нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариулага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтэдээ ...эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хассан шийдвэрээс үлдэгдэл хоног буюу 166 хоногийг нэмж нэгтгүүлэх саналыг... гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дууусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтооно.” гэж заасан тул улсын яллагчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдав.
Шүүгдэгч Б.П нь 2 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П-г ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Б.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт Б.П-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.П нь 2 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П-г ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН