Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/04413

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/04413

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б*** оршин суух, *** овогт ***гийн *** /РД:***/,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 26,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч М.М***, түүний өмгөөлөгч К.Е*** нар /онлайнаар шүүх хуралдаанд оролцов/

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан 26,750,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Хариуцагч надаас 25,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зээлдэж авч 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүрэн буцааж өгөхөөр нотариатаар гэрчлүүлэн зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээнд заасан хугацаа хэтэрвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тусган гэрээ байгуулсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанаас 22 хоног хэтэрч байхад 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөг төлсөн боловч үлдэх 16,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгийн 22 хоногийн алданги 2,750,000 төгрөг, үлдэгдэл 16,000,000 төгрөгийн 136 хоногийн алданги 8,000,000 төгрөг, нийт 26,750,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2022 оны 3 дугаар сарын сүүлээр *** улсын дугаартай *** маркийн машиныг 63 сая төгрөгөөр худалдан аваад тухайн өдрөө 40 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгөөд үлдэгдэл 23 сая төгрөгөө худалдах худалдан авах гэрээгээр хэсэгчилж төлөхөөр санал болгосон боловч нотариат ийм гэрээ батлахгүй гэсэн учраас нэхэмжлэгчийн одоо шаардаж байгаа зээлийн гэрээг аргагүй эрхэнд байгуулсан бөгөөд энэхүү зээлийн гэрээ хүчингүй гэрээ бөгөөд авто машин худалдах худалдан авах гэрээний халхавч гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: ***

4.Хариуцагчаас тайлбар татгалзалаа нотлохоор: *** 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: ***

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн 26,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагчтай 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр *** нь ***д 25,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 44 хоногийн хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгчээс *** улсын дугаартай *** маркийн машиныг 63 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд үлдэгдэл төлбөрт дээрх зээлийн гэрээг байгуулсан учир зээлийн гэрээ нь автомашин худалдах худалдан авах гэрээний халхавчилсан гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д 25,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 44 хоногийн хугацаатайгаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон гэрээ байна.

Талуудын маргааны зүйл нь энэхүү зээлийн гэрээ бодит үйлдлээр байгуулагдаагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь миний машин зарсан мөнгөнөөс хариуцагч зээлж авсан гэж, харин хариуцагчийн зүгээс талуудын хооронд бодит байдал дээр зээлийн гэрээ биш автомашин худалдах-худалдан авах гэрээний харилцаа байсан, нэхэмжлэгч *** гаас зээлийн гэрээний үндсэн дээр ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Зээлийн эрх зүйн харилцаанд ерөөсөө оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Тодруулбал, зохигчид 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр *** болон *** нарын хооронд байгуулагдсан 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний талаар дээр дурдсан байдлаар зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж байна.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь мэтгэлцэхдээ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан.

Хариуцагчид 25,000,000 төгрөгийг зээлсэн буюу шилжүүлсэн болохоо нотлох үүднээс нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулгыг баримтаар өгсөн. Уг дансны хуулгаар хариуцагч Бөхчулуунаас 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх боловч зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг нотлохоор хариуцагч тал гэрчээр иргэн Э.С*** асуулгасан, мөн *** ийн *** ББСБ ХХК-иас автомашин худалдаж авах зорилгоор зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийн зээл авсан баримтыг гаргаж өгсөн болно. Хэрэгт цугларсан Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа баримтаар нэхэмжлэгч нь иргэн *** т өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн машиныг худалдсан болох нь давхар нотлогдож байна.

Иймд хариуцагч ***д 25,000,000 төгрөгийг зээлсэн буюу шилжүүлсэн болохоо зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нотлож чадаагүй нөхцөлд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ***аас 26,750,000 төгрөг гаргуулах тухай *** гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН