| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03020/И |
| Дугаар | 102/ШШ2022/04275 |
| Огноо | 2022-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2022/04275
| 2022 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2022/04275 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... хаягт оршин суух, Г овогт О-ын С /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Дунд гол үйлчилгээний төв, ... дүгээр давхар, ... тоот хаягт оршин байх, Л.И ХХК /РД: .../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, Д овогт Д-ийн Б /РД: .../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,
Хариуцагч Л.И ХХК-ийн төлөөлөгч Т.Ч,
Хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Баясгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие О.С нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 012 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, ... аймгийн Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блок, 2 дугаар орц, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг тушааж, дутуу орхигдсон дуусгаагүй засварын ажлыг өөрийн зардлаараа гуйцээн орж гарсан зардлыг нийт төлбөрт тооцон хөнгөлөх, мөн төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Миний бие орон сууцны төлбөрийг Л.И ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкин дахь ... тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-нд 50,219,200 төгрөг, нийт 67,219,200 төгрөгийг төлж барагдуулан гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч Л.И ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан боловч байрны гэрчилгээг нэгдсэн журмаар гаргаж өгнө гэж хойшлуулсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Миний авсан ... тоот орон сууцыг Л.И ХХК нь надад мэдэгдэлгүйгээр хөрөнгө оруулагч иргэн Д.Б-тай 2016 оны 03 дугаар сарын 11-нд Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан байх бөгөөд мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны Л.И ХХК-ийн захирал Т.Ч нь ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Д.-ийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 21-нд гаргуулсан байна. Орон сууц захиалгаар барих гэрээний 2.2-т Энэ гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 2.3-т орон сууцыг ҮХЭХБ-д бүртгүүлж өмчлөх эрхийг баталгаажуулахад гүйцэтгэгч тал өөрийн зүгээс шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч О.С-ийн ... аймаг, Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блокийн 2 дугаар орц, 5 дугаар давхарын ... тоотод байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилсөн. Үүнд,
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хариуцагч Д.Б, Л.И ХХК нар нь надад мэдэгдэлгүйгээр хийсэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган Д.Б-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 21-нд гаргуулсан. Л.И ХХК-ийн захирал Т.Чын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг уг үйлдлийг хууль зөрчөөгүй гэж үзэж Д.Б-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хэвээр үлдээсэн. Хэдийгээр нэхэмжпэгчийн хувьд захиргааны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа боловч нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал учраас тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй болж хохирсон дээрээ хохирлоо. О.С миний бие Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 012 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дагуу ... аймгийн Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол, Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блокийн 2 дугаар орц, 5 дугаар давхарын ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 1 м/кв үнийг 1,130,000 төгрөгөөр тооцон нийт 67,619,200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд орон сууцны төлбөрт хариуцагч Л.И ХХК-д 67,619,200 төгрөгийг төлснөөс илүү төлөлт 7,779,200 төгрөг буцаан олгосон. Нэхэмжлэгч сүүлд төлсөн 50,000,000 төгрөгийг төлөхийн тулд Төрийн банк ХХК-ний ажилтны тусгай нөхцөлт орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдаж, эгч О.Дулмаагийн 3 өрөө орон сууцыг барьцаалан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу олгогдсон 50,000,000 төгрөгийг хариуцагч Л.И ХХК-д шилжүүлсэн бөгөөд уг зээлийн хүүд өнөөдрийн байдлаар 14,344,936 төгрөг төлсөн байна. Хариуцагч Л.И ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бтай 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээндээ ирээдүйд баригдах орон сууцны барилга барьцаална хэмээн тохиролцсон байдаг. Мөн энэ талаар хариуцагч Д.Б-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт ч тодорхой гаргасан зэргээс үзэхэд хариуцагч Л.И ХХК нь хариуцагч Д.Б-ийн зөвшөөрөлгүйгээр О.Стай 2014 оны 06 дугаар сарын 30-ны орон сууц захиалгын гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Бусдын эрхээр хязгаарлагдсан орон сууцыг нэхэмжпэгчид шилжүүлнэ хэмээн тохиролцох нь хүчин төгөлдөр бус хэлцлийг хариуцагч Л.И ХХК хийсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч Д.Б нь Л.И ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 11-ний надад мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан байх тул мөн хуулийн 56.5-д зааснаар өгсөн мөнгөө хариуцагч Л.И ХХК-аас гаргуулна, мөн учирсан хохирлоо 2 хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний бие хариуцагч Л.И ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 59,840,000 төгрөгийг хариуцагч Л.И ХХК-аас гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч Д.Б, Л.И ХХК нарын удаа дараагийн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас 2014 оны тухайн үеийн ханшаар орон сууцны 1 м/кв нь 1,000,000 төгрөг байсан, харин орон сууцны үнэ өссөн ба хариуцагч Д.Б нь тухайн орон сууцыг 1 м/к-ийг 1,650,000 төгрөгөөр тооцож бусдад борлуулахаар гэрээ хийж байгаа тул зөрүү 650,000 төгрөгийг ... м/кв-аар тооцоход 38,896,000 төгрөгийг хариуцагч Д.Б, хариуагч Л.И ХХК нараас гаргуулах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч О.С нь Төрийн банк-тай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулахдаа орон сууцтай болно гэж итгэж үнэмшиж байсан бөгөөд хариуцагчийн нарын буруутай үйлдлийн улмаас зээлийн хүүнд өнөөдрийн байдлаар 14,344,936 төгрөг төлж хохирсон болно. Иймд хариуцагч нараас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны үнэд төлсөн 59,840,000 төгрөг, ханшийн зөрүү 38,896,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 14,344,936 төгрөг, нийт 113,080,936 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж өөрчилж, нэмэгдүүлсэн болно.
Гэвч бид хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр гэрээний үнэ, учирсан хохиролд 113,080,936 төгрөг гаргуулах шаардлагаа дахин өөрчилж, анх шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байна. Л.И ХХК нь уг орон сууцны барилгыг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар актыг үндэслэн ашиглалтанд хүлээн авсан ба 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Л.И ХХК-ийн ... айлын /2 блок байр болох 10А, 10Б байрууд/ орон сууцнуудад дугаар олгож, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Л.И ХХК-ийг ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, 10/А дугаар байрны 1-ээс 72 тоот, 106 дугаар байрны 1-ээс 72 /нийт ... айл/ тоот, ... м.квт талбайтай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгогдсон байдаг. Хариуцагч Л.И ХХК нь хөрөнгө оруулагч иргэн Д.Бд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ... дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар 2,500,000,000 төгрөгийг төлөхөөр болж төлбөрийг төлөхдөө 2016 оны 03 дугаар сарын 11-нд хөрөнгө оруулагч Д.Бтай байгуулсан 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ мөн өдрийн ... Барьцааны гэрээ-ний дагуу тус гэрээний хавсралтанд заагдсан 46 ширхэг орон сууцыг өгөхөөр болсон байна. Ингэхдээ тус хавсралтанд байсан 46 орон сууцыг авахдаа Д.Бг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө миний эзэмшилд байгаа ... тоот байрыг эзэмшигч, хууль ёсны өмчлөгч О.С надад мэдэгдэлгүйгээр бусадтай хуйвалдан Д. Болормаагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 02 сарын 21 нд гаргуулсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасны дагуу ... аймаг, Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блок, 2 дугаар орц, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагаа дэмжиж байгаа болно гэв.
2. Хариуцагч Л.И ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Т.Чын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 012 дугаартай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, Л.Т хотхон, 10/А дугаар байрны ... тоотод хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрийг тус компанийн Худалдаа, хөгжлийн банк ХХК-ны тус копанийн эзэмшлийн ... тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 50,219,200 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлсэн байдаг. Орон сууц захиалагч О.С нь төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан, 10/А дугаар байрны ... тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлган 2016 оны 12 сараас өнөөдрийг хүртэл захиалсан байрандаа амьдарч байгаа болно. Миний бие Т.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Л.И ХХК-ийг гүйцэтгэх захирал Ц.Бгаас шилжүүлэн авсан. Миний бие тухайн үед Ц.Б захирлын компанийн нягтлангаар ажиллаж байсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лтэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л.И ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 02 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лд 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.Л нь гэрээний үүргийн дагуу улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй, олдохгүй байгаа болно. Иймээс Улсын бүртгэлийн албанд Л.И ХХК-ийн захирлаар Т.Ч миний нэр бүртгэлтэй байгаа. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08942 дугаар захирамжаар хариуцагч Л.И ХХК-иас 2,500,000,000 төгрөг гаргуулан Д.Бд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л.И ХХК-ийн өмчлөлийн ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, Л.Т хотхоны 10А,10Б дүгээр байрны орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түлгэлзүүлж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн дагуу Д.Бд нийтдээ 44 ширхэг айлын орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн. Д.Б-ийн өмчлөх эрх шилжсэн 44 орон сууцны дотор нэхэмжлэгч О.С-ийн захиалсан 10/А дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууц багтсан байдаг. Д.Б нь Л.И ХХК-ийн өмнөх захирал А.Л-тэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжүүлэлт хийж, барилга баригдсаны дараа орон сууц худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар тохиролцсон. Д.Б 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м/кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2667.22 м.кв талбай бүхий 46-н айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46-н айлын дотор нэхэмжлэгч О.С-ийн захиалсан 10/А дугаар байрны ... тоот орон сууц барьцаалагдаагүй болно. ... аймгийн Улсын бүртгэлийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б, Б.Д нар нь ... аймгийн Д сумын ... дүгээр баг, 13 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ласти таун нэртэй 144-н айлын орон сууцанд Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд орон сууц авсан иргэд 144-н орон сууцанд амьдарч байсныг бүгд мэдэж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгч Ш.Бямбадоржийн хийсэн тусгай тэмдэглэлд хөрөнгө оруулагч Д.Б, Б.Д нар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдвөл бид бүхэн эрсдэлээ хүлээнэ гэсэн байдаг. 144-н айлын орон сууцны нийт худалддах үнэ 8,554,167,190 төгрөг, урьдчилгаагаар төлбөр төлсөн дүн 6,289,442,820 төгрөг, үлдэгдэл төлбөр 2,264,724,370 төгрөг байсан. Энэ жагсаалтын тайлбар гэсэн хэсэгт нэхэмжлэгч О.С-ийн 10/А дугаар байрны ... тоот байр хөрөнгө оруулагч Д.Б болон бусад иргэдтэй давхцалгүй харагдаж байсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулагч нар болон өмнөх хувьцаа эзэмшигч А.Л, ня-бо О.Оюунчимэг нарыг байлцуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 29/10 тоот байр 4 давхар 404 тоот байранд уулзалт хийхэд 144-н айлын орон сууцны зардлыг тооцон үзэхэд 1 м/кв талбайг 1,250,000 төгрөгөөр тооцож байж барилга барьсан зардлаа нөхнө гэж ярилцаад Л.Т хотхоны 144-н айлын оршин суугчдад хөрөнгө оруулагч нарын гарын үсэгтэй мэдэгдэл тараасан байдаг. Л.И ХХК тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч нарт 144-н айлын орон сууцанд айл амьдарч байгаа тул хоорондоо харилцан эвлэрч зохицоорой, компани энэ 144-н айлын орон сууцнаас өөр хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, өмнөх хувьцаа эзэмшигч А.Л байрыг давхардуулан гэрээ хийгээд алга болсон, бүгд хохирогч гэдгийг удаа дараа хэлж тайлбарласан. Шийдвэр гүйцэтгэлийн албанд анх байрны 1 м/кв талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1,250,000 төгрөгөөр тооцон өгсөн боловч иргэн Д.Б, Б.Д нарын шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнд дүйцүүлэн 1 м/кв талбайг 990,000 төгрөгөөр тооцон, захиалагч иргэдийн эрх ашгийг хөндөн хуваарилсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар, ... аймгийн Улсын бүртгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б, Б.Д, Ласти интернэшнл" ХХК, хөрөнгө оруулагч нарын өмгөөлөгч нар оролцсон сонсох ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн. Сонсох ажиллагааны хуралд өмнөх хувьцаа эзэмшигч А.Л Л.И ХХК нь орон сууцыг иргэд, хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэлийн компаниудтай давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг хэлсэн. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй гэдэг шаардлагын тавьж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Улсын бүртгэлийн алба тус компани нь олон хохирогчтой хөрөнгийн маргаантайг мэдсээр байж Л.И ХХК нь хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх алба болон хөрөнгө оруулагч нар шахаж шаардан байж хөрөнгө оруулагчид хуваариласан нь зөвхөн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж захиалагчид иргэдийг хохироосон. Хөрөнгө оруулагч Д.Б нь тухайн байранд оршин сууж буй иргэдийг байрнаас хөөн гаргасны улмаас адилхан хохирсон иргэд хуулийн байгууллагад хандсан асуудлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Мөн О.С 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд компанийг төлөөлж Д.Хүрэлбаатар гарын үсэг зур, тэднийг гэрээ байгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал нь А.Л гэх иргэн байсан, гэвч одоо энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах зүйл байхгүй гэв.
3. Хариуцагч Д.Б-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн өөрчлөн, ихэсгэсэн шаардлага, үндэслэлтэй танилцаад өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ихэсгэж байгаа үндэслэлээ ... хариуцагч Д.Б нь Л.И ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 11-ний зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн нь мөн Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулийн төгөлдөр бус хэлцэл хийсэн байна ... гэж тайлбарлаж, хариуцагч Д.Б, хариуцагч Л.И ХХК нар удаа дараагийн хучин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас 2014 оны тухайн үеийн ханш орон сууцны 1 м/кв нь 1,000,000 төгрөгөөр орон сууцтай болох байсан О.С нь орон сууцны ханшийн өсөлтийн улмаас хохирсон тул Д.Б нь 1,650,000 төгрөгөөр орон сууцны талбайг тооцож гэрээ хийж байгаа тул зөрүү 650,000 төгрөгийг ... м/кв-аар тооцоход 38,896,000 төгрөг болж байгаа тул үүнийг хариуцагч Д.Б, хариуцагч Ласти интернэитл ХХК нараас нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ихэсгэж, Д.Б миний биеэс 38,896,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэг: Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, ихэсгэсэн үндэслэлийн тухайд, миний бие анх 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.И ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороололд баригдахаар болсон ... айлын 8,470 м,кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Л.И ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л.И ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүдийн талаар шүүхэд өмнө гаргасан хариу тайлбартаа тодорхой дурьдсан байдаг. Дээр дурьдсан 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.И ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулах үед нэхэмжлэгч О.С, Л.И ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдаагүй байсан. Мөн миний биеийг Л.И ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хугацааг сунгасан гэрээнүүдийг байгуулж байх үед нэхэмжлэгч О.С-ийн зүгээс ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж ... аймаг, Д сум, ... дүгээр баг, 13 дугаар хорооллын Л.Т хотхоны 10/А дугаар блокийн ... тоотын 2 өрөө орон сууцтай холбоотой ямар нэгэн эрхийн бүртгэл хийлгээгүй, энэ талаар урьдчилсан тэмдэглэл огт хийгдээгүй байсан тул нэхэмжлэгч О.Сд мэдэгдэлгүй барьцааны гэрээ болоод дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж, уг гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёр. 38,896,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс миний биед холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэгдүгээрт миний биеийг 1,650,000 төгрөгөөр орон сууцны талбайг тооцож гэрээ хийж байгаа, зөрүү 650,000 төгрөгийг ... м/кв-аар тооцоход 38,896,000 төгрөг болж байгаа тул уг төлбөрийг гаргуулах гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Тодруулбал, миний бие болон нэхэмжлэгч О.С-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа огт үүсээгүй, бидний хооронд гэрээ байгуулахаар ярилцаж, тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд бодитоор бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй юм. Өөрөөр хэлбэл, миний бие О.Сд ямар ч төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан төлбөрийн асуудал үүсэх боломжгүй тул О.Сгаас миний биед холбогдуулсан ... 38,896,000 төгрөгийг гаргуулах ... шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Мөн О.С 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд компанийг төлөөлж Д.Хүрэлбаатар гарын үсэг зуржээ. Гэвч тэдний гэрээ байгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал нь А.Л гэх иргэн байсан тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Д.Б миний биед холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, орон сууц захиалагчдын байрны зээл төлөлтийн тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, орон сууцны урьдчилгаа төлөлтийн бүртгэл, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэл, Төрийн банк ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн НЗГ-170/3 тоот гэрээ, зарлагын баримт, зээлийн дансны хуулга, орон сууц захиалгаар барих тухай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 012 тоот гэрээ, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн орлогын ордер, Төрийн банк ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мемориалын баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот захирамж, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн орон сууцны эрхийн бичиг, Төрийн банк ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-170/3 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГ-170/3 тоот барьцааны гэрээ, О.С-ийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк ХХК-д гаргасан өргөдөл, ажилтны орон сууцны зээлийн өргөдлийн маягт, Төрийн банк ХХК дахь О.С-ийн эзэмшлийн 140800092669, 140800150284 тоот харилцах дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгчээ.
5. Хариуцагч Л.И ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариу тайлбарын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, жагсаалт, Д ... айлын оршин суугчдад гэх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бичиг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Л.И ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1 тоот үүсгэн байгуулагчийн шийдвэр, мөн өдрийн уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
6. Хариуцагчийн Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хариу тайлбарын хамт 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 тоот хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 тоот хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот барьцааны гэрээ, Л.И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 тоот гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183 тоот эвлэрлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан.
7. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2020/13752 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1452 дугаар магадлал, мөн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаар тогтоолыг, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Д.Б болон Л.И ХХК-ийн захирал Т.Ч нарын зүгээс 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн ... тоот барьцааны гэрээг цуцлуулахаар гаргасан гараар бичсэн өргөдөл хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн ... аймгийн бүртгэлийн хэлтэст ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 705 тоот улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай албан бичигт эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160, Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн тухай албан тоот хэвээр байгаа эсэх талаарх баримтуудыг,
7.1. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2021/00721 дүгээр захирамжаар ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот албан бичгийг,
7.2. Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/3406 тоот албан бичгийн хариуд ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 189 дүгээр тогтоолыг ирүүлсэн,
7.3. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2022/15032 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, ... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 08, 09 дүгээр сарын байдлаар ... аймагт худалдаалагдаж буй шинэ орон сууцны үнэ ханшийн талаарх мэдээллийг нотлох баримтаар гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.
8. Хариуцагч Д.Б нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулахад татгалзах зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргасан тул хэргийг түүний эзгүйд хэлэлцэж шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.И ХХК, Д.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие О.С нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 012 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, ... аймгийн Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блок, 2 дугаар орц, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг тушаан дутуу орхигдсон дуусгаагүй засварын ажлыг өөрийн зардлаараа гуйцээн орж гарсан зардлыг нийт төлбөрт тооцон хөнгөлөх, мөн төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Миний бие орон сууцны төлбөрийг Л.И ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкин дахь ... тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-нд 50,219,200 төгрөг, нийт 67,219,200 төгрөгийг төлж барагдуулан гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч Л.И ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан боловч байрны гэрчилгээг нэгдсэн журмаар гаргаж өгнө гэж хойшлуулсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Л.И ХХК нь хөрөнгө оруулагч иргэн Д.Бд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ... дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар 2,500,000,000 төгрөгийг төлөхөөр болж төлбөрийг төлөхдөө 46 ширхэг орон сууцыг өгөхөөр болсон ба 46 орон сууцыг авахдаа миний эзэмшилд байгаа ... тоот байрыг эзэмшигч, хууль ёсны өмчлөгч О.С надад мэдэгдэлгүйгээр Д.Б-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 21 нд гаргуулсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасны дагуу ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчөөр тогтоолгож, дээрх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагаа дэмжиж байгаа болно гэжээ.
3. Хариуцагч Л.И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: Орон сууц захиалагч О.С нь төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан, 10/А дугаар байрны ... тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлган 2016 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл захиалсан байрандаа амьдарч байгаа болно. Миний бие Т.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Л.И ХХК-ийг гүйцэтгэх захирал Ц.Бгаас шилжүүлэн авсан. Миний бие тухайн үед Ц.Б захирлын компанийн нягтлангаар ажиллаж байсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лтэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л.И ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 02 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лд 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.Л нь гэрээний үүргийн дагуу улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй, олдохгүй байгаа болно. Иймээс Улсын бүртгэлийн албанд Л.И ХХКомпанийн захиралаар Т.Ч миний нэр бүртгэлтэй байгаа. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08942 дугаар захирамжаар хариуцагч Л.И ХХК-иас 2,500,000,000 төгрөг гаргуулан Д.Бд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л.И ХХК-ийн өмчлөлийн ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, Л.Т хотхоны 10А,10Б дүгээр байрны орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түлгэлзүүлж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн дагуу Д.Бд нийтдээ 44 ширхэг айлын орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн дотор нэхэмжлэгч О.С-ийн захиалсан 10/А дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууц багтсан байдаг. Д.Б нь Л.И ХХК-ийн өмнөх захирал АЛхагвасүрэнтэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжүүлэлт хийж, барилга баригдсаны дараа орон сууц худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар тохиролцсон. Д.Б 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м/кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2667.22 м.кв талбай бүхий 46-н айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46-н айлын дотор нэхэмжлэгч О.С-ийн захиалсан 10/А дугаар байрны ... тоот орон сууц барьцаалагдаагүй болно. Л.И ХХК тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч нарт 144-н айлын орон сууцанд айл амьдарч байгаа тул хоорондоо харилцан эвлэрч зохицоорой, компани энэ 144-н айлын орон сууцнаас өөр хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, өмнөх хувьцаа эзэмшигч А.Л байрыг давхардуулан гэрээ хийгээд алга болсон, бүгд хохирогч гэдгийг удаа дараа хэлж тайлбарласан. Шийдвэр гүйцэтгэлийн албанд анх байрны 1 м/кв талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1,250,000 төгрөгөөр тооцон өгсөн боловч иргэн Д.Б, Б.Д нарын шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнд дүйцүүлэн 1 м/кв талбайг 990,000 төгрөгөөр тооцон, захиалагч иргэдийн эрх ашгийг хөндөн хуваарилсан. Мөн О.С 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд компанийг төлөөлж Д.Хүрэлбаатар гарын үсэг зур, тэднийг гэрээ байгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал нь А.Л гэх иргэн байсан, гэвч одоо энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах зүйл байхгүй гэжээ.
4. Хариуцагч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба үндэслэлээ Миний бие анх 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.И ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороололд баригдахаар болсон ... айлын 8,470 м,кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Л.И ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л.И ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.И ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулах үед нэхэмжлэгч О.С, Л.И ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдаагүй байсан. Мөн миний биеийг Л.И ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хугацааг сунгасан гэрээнүүдийг байгуулж байх үед нэхэмжлэгч О.С-ийн зүгээс ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж ... аймаг, Д сум, ... дүгээр баг, 13 дугаар хорооллын Л.Т хотхоны 10/А дугаар блокийн ... тоотын 2 өрөө орон сууцтай холбоотой ямар нэгэн эрхийн бүртгэл хийлгээгүй, энэ талаар урьдчилсан тэмдэглэл огт хийгдээгүй байсан тул нэхэмжлэгч О.Сд мэдэгдэлгүй барьцааны гэрээ болоод дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж, уг гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн О.С 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд компанийг төлөөлж Д.Хүрэлбаатар гарын үсэг зуржээ. Гэвч тэдний гэрээ байгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал нь А.Л гэх иргэн байсан тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бус юм гэжээ.
5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай 012 дугаартай гэрээ байгуулан, ... аймгийн Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блок, 2 дугаар орц, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 59,840,000 төгрөгөөр захиалан бариулах, нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний буюу 17,400,000 төгрөгийн урьдчилгааг төлснөөр гэрээ баталгаажиж, харин орон сууцны төлбөрийг 100 хувь төлснөөр орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, гүйцэтгэгч нь 2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэх өгөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч О.С 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай байгуулсан дээрх гэрээнд компанийг төлөөлж Д.Хүрэлбаатар гэх гарын үсэг зурсан ба Д.Хүрэлбаатар нь тухайн үед тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал нь А.Л гэх иргэн байсан боловч хариуцагч Л.И ХХК-ийн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд ....одоо энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах зүйл байхгүй гэх тайлбарыг гаргасан нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасантай нийцэж байх тул хэлцлийг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн болно.
7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17,400,000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 19-нд 50,219,200 төгрөг, нийт 67,619,200 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь Л.И ХХК-ийн эзэмшлийн ... тоот дансанд төлсөн болох нь Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн орлогийн ордер, Төрийн банк ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мемориалын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал/-аар, ... аймгийн Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блок, 2 дугаар орц, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Бг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 тоот гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар тал/-ээр, мөн дээрх маргаан бүхий орон сууц 2016 оноос одоог хүртэл нэхэмжлэгч О.С-ийн эзэмшилд байгаа нь зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. Хариуцагч Д.Б нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, ... аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороололд баригдах ... айлын 8,470 м,кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар өргөдөл гаргагч Д.Б өргөдлийн шаардлага 3,000,000,000 төгрөгөөс алданги 500,000,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 2,500,000,000 төгрөгийг уригдсан тал Л.И ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.И ХХК нь дээрх шүүгчийн захирамжийн дагуу төлбөр авагч Д.Бд төлбөл зохих төлбөртөө ... аймгийн Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол Л.Т хотхон, ... айлын орон сууцны барилгын А блок, 2 дугаар орц, ... тоот хаягт байрлах ... м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг санал болгосноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот Эрх шилжүүлэх тухай мэдэгдлийн дагуу ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Д.Бг дээрх орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч О.С нь ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Д.Бд олгосон гэрчилгээнд бичигдсэн 10 блокийн ... тоот бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч О.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдол гаргасан ба гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Д.Бд олгосон өмчлөх эрхийн 000691004 тоот гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч О.Сг маргаан бүхийн орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
8. Иймд нэхэмжлэгч О.С-ийн орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Харин нэхэмжлэгч О.С нь гэрээний улмаас учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,355 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 343 дугаар зүйлийн 343.1, 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.С-ийн хариуцагч Л.И ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,355 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР