Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/495

 

 

 

 

 

 2021             05           20                                       2021/ДШМ/495                                                                                                                                                                                 

С.Зд холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Зын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006000000923 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн С-гийн З, Хөвсгөл аймагт 1973 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ундрам” СӨХ-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Сургуулийн 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:000000000/

С.З нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д-гийн 0-0 тоот хаягт бэр Г.Л-гийн хөл, гар, нуруун тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч С.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.З давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр нь нэг талын мэдүүлгийг үндэслэж, хохирогч гэх Л, хохирогчийн эх Д нарын мэдүүлгээр намайг шийтгэсэн. Тухайн үед би бэр охиноо зодоогүй гэдгийг манай гэрт Эрдэнэт хотоос дуудагдан ирж 2 ачийг минь 3 сар гаран харсан Д гэрчилнэ. Үүнийг би мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсээр байтал миний гэм буруугүй эсэхийг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Иймээс хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү” гэжээ.  

 Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Зын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.Зын маргаж буй асуудал дээр анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Зд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын хүрээнд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэнд ямар ял шийтгэснээ заавал заах нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага юм.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 2020/ШЦТ/1537 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд хэнд ял оногдуулснаа тусгаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцлүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэх боломжтой байдаг.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, залруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч С.Зын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1537 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Зд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч С.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

                          ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН