Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 193

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/,

хохирогч Г.Энхбат,

шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

шүүгдэгч  Б.Итгэл, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,

шүүгдэгч Б.Дамдинбазар, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

гэрч Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баярхүүгийн Итгэл, Дайртан овогт Ганболдын Анх-Эрдэнэ, Боржигон овогт Болдын Дамдинбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030106 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монэлийн 9 дүгээр гудамжны 168 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монэлын 9 дүгээр гудамжны 183 тоотод түр оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярхүүгийн Итгэл /РД: УК88120971/,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгий 19 дүгээр гудамжны 271 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-3 тоотод түр оршин суух, улсаас явсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дайртан овогт Ганболдын Анх-Эрдэнэ /РД: ЦВ88032871/,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, 1 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 22 дугаар гудамжны 544 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 1-22 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 390 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдын Дамдинбазар /РД: ВГ87072116/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Итгэл нь Г.Анх-Эрдэнэ, Б.Дамдинбазар нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эд зүйлийг нь авах зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 18-314 тоотод байрлах “Гео инженеринг групп” ХХК-ийн хашаанд харуул, манаачаар ажиллаж байсан Ц.Энхбатыг Г.Анх-Эрдэнэ нь гарч ирвэл ална хэмээн хашаанд байсан 85 см урттай, 14 см өргөнтэй, 7 мм зузаантай банз модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж байхад нь Б.Дамдинбазартай хамт агуулахын байшингийн цонхыг түлхэн орж 3,000 метр зэс голтой цахилгааны утас дээрэмдэн авч, Г.Анх-Эрдэнийн эзэмшлийн 91-55 УНХ улсын дугаартай, Сузуки свит /Suzuki swift/ маркийн автомашинаар тээвэрлэн, “Гео инженеринг групп” ХХК-нд 3,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ нь Б.Итгэл, Б.Дамдинбазар нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эд зүйлийг нь авах зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 18-314 тоотод байрлах “Гео инженеринг групп” ХХК-ийн хашаанд харуул, манаачаар ажиллаж байсан Ц.Энхбатыг гарч ирвэл ална хэмээн хашаанд байсан 85 см урттай, 14 см өргөнтэй, 7 мм зузаантай банз модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж байхад нь Б.Итгэл, Б.Дамдинбазар нар агуулахын байшингийн цонхыг түлхэн орж 3,000 метр зэс голтой цахилгааны утас дээрэмдэж өөрийн эзэмшлийн 91-55 УНХ улсын дугаартай, Сузуки свит /Suzuki swift/ маркийн автомашинаар тээвэрлэн явж, “Гео инженеринг групп” ХХК-нд 3,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Дамдинбазар нь Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эд зүйлийг нь авах зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 18-314 тоотод байрлах “Гео инженеринг групп” ХХК-ийн хашаанд харуул, манаачаар ажиллаж байсан Ц.Энхбатыг Г.Анх-Эрдэнэ нь гарч ирвэл ална хэмээн хашаанд байсан 85 см урттай, 14 см өргөнтэй, 7 мм зузаантай банз модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж байхад Б.Итгэлтэй хамт агуулахын байшингийн цонхыг түлхэн орж 3,000 метр зэс голтой цахилгааны утас дээрэмдэж, Г.Анх-Эрдэнийн эзэмшлийн 91-55 УНХ улсын дугаартай, Сузуки свит /Suzuki swift/ маркийн автомашинаар тээвэрлэн, “Гео инженеринг групп” ХХК-нд 3,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.Энхбат: “...2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө унтаж байхад 03 цагийн үед гадаа түжигнээд байсан. Би пийшингийнхээ хойд талын цонхоор харахад дугуй байшингийн хойд талд 3 хүн зогсож байсан. Тэгэхээр нь би “ална шүү, буудна шүү” гэх зэргээр хэлтэл тэд нар хойшоо машинуудын зүг пижигнэлдээд гүйсэн. Би явсан юм байх гээд гаралгүй байж байтал “чи ганцаараа байгаа шүү дээ, буудаж чадах юм уу” гэх зэргээр бахиралдаад эргээд гүйгээд ирсэн. Тэгээд нэг нь үүдэнд байсан модыг тойроод, нөгөө 2 нь манаачийн байшин руу орсон. Би айгаад орон дээрээсээ босож чадаагүй, гарвал алуулчихаж магадгүй гээд айсан. Би шөнө нөгөө хүмүүсийг явахаар нь Мийгаа захирал руугаа “хүмүүс хулгай хийгээд явчихлаа, би хаягийг нь мэдэхгүй болохоор цагдаад хэлж мэдэхгүй байна, бушуухан хүрээд ир” гэж мессэж бичсэн. Мийгаа захирал цагдаад хэлсэн байсан. Цагдаа нар 05 цагийн үед ирж үзээд “алдсан юмыг нь сайн мэдэхгүй байна, өглөө ирье” гээд явсан. Өглөө нь захирлууд бүгд ирээд цагдаа нарыг дуудсан...” гэв.

Гэрч Ц.Мягмарсүрэн: “...2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө манай ажлын манаач Энхбатаас 05 цагийн үед над руу залгаад “хулгайд юмаа алдчихлаа, хүмүүс орж ирээд юм аваад явчихлаа, цагдаад дуудлага өг” гэж ярьсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Эргээд цагдаа нартай нь утсаар ярихад “нөгөө хүмүүс нь явсан байна, юу алга болсныг нь мэдэхгүй байгаа болохоор маргааш өглөө дахиж дуудлага өгөөрэй” гэж хэлсэн. ...Г.Анх-Эрдэнэ над руу танихгүй дугаараас яриад урьд шөнө архи уугаад тэрэндээ болоод танай ажлаас утас хулгайлсан байна, буруу юм хийсэн байна, одоо яах уу гэж залгахаар нь би өө тийм үү, одоо тэр утас хаана байна, очиж авья, цагдаа дуудаад бөөн юм болж байна гээд орой 18 цагийн орчим цагдаатай хамт Анх-Эрдэнэтэй уулзаад Дамдинбазар би, цагдаа нартай хамт утас тушаасан газраас дамартай утсыг буцааж олж авсан...” гэв.

Шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ: “...Дамдинбазараас асуугаад Итгэлийг асуухад ажлынхаа хашаа руу орсон гэж хэлэхээр нь би араас нь орсон. Гэтэл Итгэлийн ажлын хашаан дотор 2 метрын банзнууд хураасан байсан. Би Итгэлээс энэ банзнаас хэдийг авчих уу гэхэд Итгэл тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд 2 ширхгийг аваад дийлэхгүй болохоор нь Дамдинбазарыг дуудахад ирэхгүй болохоор нь хашаа давуулаад шидсэн. Гэтэл Итгэл, Дамдинбазар хоёр машин дотор сууж байхаар нь Дамдинбазар руу гал түлэх банз авах гэж байхад ирэхгүй, манай гэрт ирдэг байж гэж уурлаад машин дотроо ороод унтсан. Итгэл, Дамдинбазар бид гурав Шинэцэцэгийн түүхий эд авах цэгт 04 цагт очсон боловч хаалттай байсан. Тэгэхээр нь манай аавын эгч Цоомоо эгчийн зочид буудалд очоод Шинэцэцэгийн түүхий эд авдаг цг онгойтол Итгэл, Дамдинбазар бид нар орж унтсан. Би тухайн үед буудал ороод нам унтчихсан байсан. ...Дамдинбазар надаас юу болсон талаар мэдэж байна уу гэж асуухаар нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл Дамдинбазар Итгэл ажлаасаа хөнжил гудсаа аваагүй. Цахилгааны утас авсан гэж хэлэхээр нь би Мягмарсүрэн рүү залгаад Итгэл бид хоёр согтуудаа юм хулгай хийсэн гэдгээ хэлсэн. Мягмарсүрэн өө ашгүй дээ, бид нар цагдаад мэдэгдээд байж байна. Манай захирал 18 цагт ирнэ хамт яваад очно гэж хэлсэн. Тэгээд Дамдинбазар бид хоёр Цайз захын хажууд Шинэцэцэгийн түүхий эдийн гадаа Мягмарсүрэн, Мягмарсүрэнгийн захирал цагдаагийн төлөөлөгч нартай уулзсан...” гэв.

Шүүгдэгч Б.Дамдинбазар: “...Итгэлийн ажил дээр очоод хашааг нь давж ороод манаачийн байшин дээр яваад очтол хүн байгаагүй. Тэгэхээр нь манаачийн байшингийн хажуугаас 2 ширхэг дамартай утас, бас задгай утаснуудыг Итгэл бид хоёр хашааг давуулаад аваад явсан. Анхаа араас гарч ирсэн. Тэгээд ирсэн замаараа буцаад 4 цагийн үед Шинэцэцэг гэдэг хүн дээр утас аваачиж өгөх гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь Шинэцэцэгийн түүхий эд авах цэгийг онгойхыг Анхаагийн таньдаг эгчийн буудалд хүлээсэн. Тэгээд хэсэг хүлээж байгаад буцаад очтол Шинэцэцэг эгч байхгүй өөр хүн байхаар нь утсаа өгөөд Шинэцэцэг эгч рүү утсаар ярьж мөнгөө аваад Анхаагийнд очиж 1 шил архи уусан. Архиа ууж дуусаад Анхаа утсаа авна гээд гарна гэхээр нь би Анхаатай цуг гарсан. Бид хоёрыг хамт явж байтал Анхаагийн утас дуугарахаар нь би утсыг нь авсан чинь хулгай хийсэн байна гэсэн. Тэгэхэд л би хулгай хийсэн байна гэж мэдсэн. Би хулгай хийсэн гэдгийг нь мэдээгүй. Хулгай хийнэ гэдгийг мэдсэн бол хамт явахгүй байх байсан...” гэв.

Шүүгдэгч Б.Итгэл: “...Өлзийт хороололд байрлах Био инженер компанийн хашаанд ажил дээрээ очоод хашаа руу нь орсон. Би ажлынахаа хашааны хойд талын агуулахын өрөөнд ороход хаалга нь онгорхой байсан. Гэтэл Анх-Эрдэнэ, Дамдинбазар нар араас ороод ирсэн байсан. Би Дамдинбазарыг дуудаад 2 дамартай, 3 боодолтой зэс утас аваад манаачийн байшин руу оролгүй гарч явсан. Анх-Эрдэнэ энэ үед хашаанд байсан модноос “түлээний мод авчих уу” гэхээр нь би “хэдийг авчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд тэр түлээний мод авч байсан гэв.   

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Д.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай группын аж ахуйн хашаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 18-314 тоотод байрладаг бөгөөд уг хашааг Энхбат гэдэг хүнээр харуулдаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Энхбатыг ажлын байраа манаад байж байх үед нь шөнийн 03 цагийн үед үл таних 3 хүн ирж нэг нь манаачийн хаалганы үүдэн дээр мод барьж зогсоод хэрэв гарч ирвэл ална шүү гэж айлгаж байх хооронд хоёр нь манаачийн байртай залгаа хойд талын байшингийн цонхыг түлхэн орж цахилгааны утас хулгай хийгээд авч явсан байсныг нь би маргааш нь гүйцэтгэх захирал Ц.Мягмарсүрэнгээс сонссон. ...Би очоод юмаа шалгаж үзэхэд 4,000-5,000 метр цахилгааны утас алга болсоныг мэдээд цагдаад дахин дуудлага өгсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийгээд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон манай агуулахын байшингаас алдагдсан цахилгааны утсыг Цайзад хоёрдогч түүхий эд худалдан авах цэгт аваачиж зарсан байсныг хураан авч надад буцаан хүлээлгэж өгсөн. Манай алдсан утсыг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Байшингийн хаалга цоожтой байсан, хулгайч нар нэвтрэхдээ цонхыг нь хөшиж онгойлгоод орсон байсан...” /хх-ийн 45-46, 47/ гэсэн,

 

Хохирогч Ц.Энхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө манаачийн байрандаа байж байтал шөнийн 03 цаг 30 минутын үед хашаан дотор хүний хөлийн чимээ гарахаар цонхоор хартал миний сууж буй байрны залгаа баруун талын байшингийн хойд талд 3 хүн зогсож байсан. Би цонхоо онгойлгоод юун хүмүүс бэ, ална шүү, буудна шүү гэхэд цаашаа зугатаагаад хашааны дотор байрлах машинууд дундуур ороод алга болсон. Удалгүй гурвуулаа хүрч ирээд нэг нь үүдэн дээр мод далайж зогсоод гарч ирвэл ална шүү, чамд ямар буу байдаг юм, ганцаараа байгаа биздээ чи гээд намайг айлгаж байх хооронд нөгөө хоёр нь баруун хажуу талд залгаа байшингийн цонхоор ороод дотор нь юм түчигнүүлээд байсан. Би айсандаа үйлдэл хөдөлгөөн хийгээгүй, орон дээрээ суусан байдалтай байсан. Байшин руу орсон хоёр нэлээн удаан юм түчигнүүлж юм аваад зөөгөөд байх шиг байсан. Гэтэл мод далайж зогссон этгээд нөгөө хоёрыгоо холдсоны дараа араас нь явсан. Би тухайн үед нэлээд айж цочирдсон болохоор хэсэг байж байгаад дэд захирал Мягмарсүрэн рүү хүмүүс ирж айлгаж байгаад юм аваад явчихлаа гэж мессеж бичсэн. Тэгтэл Мягмарсүрэн над руу эргэж залгаад цагдаад хэлчихлээ гэж ярьсан. ...Итгэл гэх залуу хэрэг гарахаас 2 хоногийн өмнө шөнийн 2 цагийн үед хажууд нэг залуутай манай хашаан дотор ороод ирчихсэн цонхон дээр зогсож байсан. ...Манай байгууллагаас цахилгааны утаснаас өөр эд зүйл алдагдаагүй. Тэдний орсон байшин хөнжил гудас байхгүй байсан. ...Тэр гурван этгээд гурвуулаа манай байгууллагын хашааг хойд талаас нь давж орж ирээд нэг нь намайг гарч ирвэл ална гэж айлгаж байх хооронд 2 нь байшин руу орж хулгай хийсэн...” /хх-ийн 52-53, 54-55/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Шинэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн орчим Итгэл, Анх-Эрдэнэ, Дамдинбазар гэх 3 залуу хаягдал зэс авчирч өгсөн. Өнгө өнгийн дотроо зэс голтой 4 хэсэг дугуйруулж хуйлсан 2 ширхэг дамартай цахилгааны утаснууд байсан бөгөөд жигнэж үзэхэд 74,3 кг болж байсан. 1 кг-ыг нь 5,500 төгрөгөөр тооцож 410,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Орой 18 цагийн үед Анх-Эрдэнэ, Дамдинбазар хоёр цагдаа нарыг дагуулчихсан ирээд ...цагдаа нар манайхаас утаснуудыг нь хурааж аваад явсан. ...Надад одоо гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” /хх-ийн 50-51/ гэсэн,

 

Гэрч Ц.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад манаач Ц.Энхбат над руу утасдаад хулгай ороод юм аваад явчихлаа гэж хэлсэн. Би гэрээсээ гараад цагдаад дуудлага өгч Өлзийт хорооллын хаягийг зааж Энхбатын утасны дугаарыг өгсөн. ...Энхбат над руу ярихдаа 3 залуу хашаанд орж ирээд нэг нь үүдэн дээр мод бариад гарч ирвэл ална гээд заналхийлж байх хооронд 2 нь байшин руу орж хулгай хийсэн гэж ярьж байсан. Ярихдаа маш айж сандарсан шинжтэй, алуулах юм шиг байна гэж ярьж байсан...” /хх-ийн 57-58/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед Итгэл, түүний найз бүсгүй Ариукаа, манай эхнэр Золжаргал бид дөрөв ...Чка нэртэй караоке ороод нэг шил 0,5 литрийн архи, 6 шил 0,5 литрийн пиво авч уугаад гарахын үед Итгэл найз бүсгүйтэйгээ муудалцаад Ариука яваад өгсөн. Би машин барих гэтэл эхнэр Золжаргал уурлаад гэр лүүгээ явсан. Би найз Дамдинбазарыг дуудсан. Дамдинбазар удалгүй ирээд машин барьсан. Би жолоочийн хажуу талын суудалд, Итгэл арын суудалд сууж явсан. ...Дамдинбазар намайг дуудахаар нь сэртэл Өлзийт хороолод ирсэн байсан. Би машин дотроо үлдсэн, Дамдинбазар, Итгэл нар хашаа руу орсон. Удалгүй буцаж гарч ирээд намайг дуудсан. Хүн байхгүй байна гэхээр нь гурвуулаа орсон. Хашаанд ороход хураалттай банз байснаас түлэх түлээ байхгүй, үүнээс хэдийг авъя гээд Дамдинбазарт хэлээд банз авах гэж байтал Итгэл дуудаад яах гэсэн юм гээд болиулаад Итгэл өөрөө байшингаас цахилгааны утас хашаа давуулж зөөгөөд тэр утаснуудыг машиндаа хийгээд Цайз зах руу явсан. ...Бидний унаж авсан машин миний нэр дээр бүртгэлтэй. Есөн шижир ХХК-ийн ломбарданд 1,000,000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа. ...Бид цахилгааны утаснаас өөр зүйл аваагүй. ” /хх-ийн 115-116, 121/ гэсэн,

Шүүгдэгч Б.Итгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой Цайзад 1000 оюутны байрны ойролцоо Анх-Эрдэнэ, түүний эхнэр Золжаргал, манай найз Ариука бид 4 нэг караокед орж дуу дуулангаа архи пиво уусан. ...Дамдинбазарыг дуудаж машин бариулаад бид 3 Өлзийт хороолол явсан. Би тэнд урьд ажиллаж байхдаа хөнжил пүүгээгээ орхисон байсан. Түүнийгээ авахаар явсан. Өлзийтөд Гео инженеринг ХХК-ийн хашаа руу давж ороод хойд байшингийн хаалга татаж үзэхэд онгорхой байсан. Байшин руу ороход миний хөнжил пүүгээ байхгүй байсан, гараад ирэхэд Анх-Эрдэнэ, Дамдинбазар нар мод бөөгнүүлээд аваад явчих гэрт түлээ байхгүй юм гэж байсан. Би наадахаа орхи энд актлагдсан цахилгааны утаснууд байна, үүнээс хэдийг авъя гээд Анх-Эрдэнэ цаана зогсож байсан, Дамдинбазар бид 2 байшин руу орж 10 ширхэг бөөрөнхий боодолтой утас, 2 ширхэг дамартай утас аваад хашаа давуулж шидээд гурвуулаа хашаа давж гараад уг утаснуудыг машиндаа хийгээд хот руу явсан. ...Тэр үед манаач байгаагүй, ямар ч хүн байхгүй байсан. ...Би манаачийг айлгаж сүрдүүлсэн үйлдэл хийгээгүй. ...Байшингийн хаалга онгорхой байхаар нь би эхэлж ороод Дамдинбазарыг дуудахад хүрч ирээд жижиг том 10 гаруй бөөрөнхий цахилгааны утас авсан юм...” /хх-ийн 123-124, 129/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Даминбазар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой гэртээ унтаж байтал шөнө 03 цаг өнгөрч байхад Анх-Эрдэнэ утсаар залгаад би шал согтуу байна ...чи ирээд машин бариад гэрт хүргээд өг гэхээр нь ...яваад очтол машинд Итгэл, Анх-Эрдэнэ хоёр шал согтуу байсан. Анх-Эрдэнийн гэр лүү явж байтал Итгэл наанаа зогсчих гэхээр нь зогсоод яасан бэ гэхэд Өлзийт хороолол руу орчихоод буцаад хүрээд ирье хөнжил, пүүгээгээ авъя, инженер байвал цалингаа авъя, би бензинийг нь хийнэ гээд Өлзийт хороолол руу явсан. Өлзийт хороолол руу явж байгаад Нисэхийн спорт цогцолбор өнгөрөөд Анх-Эрдэнэ өөрөө машинаа барина гээд намайг арын суудалд суулгаад машин барьсан. Тэр үед Итгэл Анх-Эрдэнэд хандаж чамайг машин баривал би явахгүй гээд буугаад гүйгээд явсан. Тэгтэл Анх-Эрдэнэ араас нь явган очиж Итгэлийг дагуулж ирээд би машин бариад цааш явсан. Өлзийт хороололд очоод 2-3 гудамжаар оруулаад  энд зогсчих гээд блокон хашаатай гудамжны үзүүрт зогссон. Тэгснээ Итгэл орье гээд хаалгаар орохгүй хаашааг нь давж орсон. ...Анх-Эрдэнэ бид хоёрыг дуудаад Анх-Эрдэнэ түрүүлээд явсан. Би наана нь нэг том машины дэргэд зогсож байтал нөгөө хоёр  жижиг пүүтэгтэй залгаа гэр шиг хэлбэртэй байшингийн хаалгаар яваад орсон. Тэгснээ баахан орооцолдсон цахилгааны утас аваад гараад ирсэн би хашаа давж гараад машинаа ойртуулж ирээд нөгөө хоёрыг хашаа давуулж өгсөн цахилгааны утсыг нь машинд ачаад би машин бариад ирсэн замаараа явах гэтэл Итгэл энэ замаар явж болохгүй гээд Өлзийт хорооллоос баруун тийш Биокомбинатын цаад талын буудлаар гарч ирээд Нисэхээр дайрч Маршлын гүүрээр гарч Нарантуул захын урдуур Цайз орсон. ...Тэр үед манаач гэх хүн харагдаагүй, байшин эзэнгүй юм шиг харанхуй байсан. ...Бид нар цахилгааны утаснаас өөр зүйл аваагүй...” /хх-ийн 130-131, 133/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9-14/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25, 41/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 30/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 56/,

- Шүүгдэгч Г.Анх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Одонцэцэг /хх-ийн 59/, Х.Золжаргал /хх-ийн 61/ нарын мэдүүлгүүд, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136, 137/,

- Шүүгдэгч Б.Итгэлийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Алтанцэцэг /хх-ийн 60/, Г.Ариунчимэг /хх-ийн 64/ нарын мэдүүлгүүд, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168, 167/,

- Шүүгдэгч Б.Дамдинбазарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160, 161/,

- Гэрч Ц.Мягмарсүрэнгийн утасны жагсаалт /хх-ийн 197/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Итгэл, Г.Анх-Эрдэнэ, Б.Дамдинбазар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүх дараах үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгож өөрчлөн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ.” гэж,

2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой ...би найз Дамдинбазарыг дуудсан. Дамдинбазар удалгүй ирээд машин барьсан. Би жолоочийн хажуу талын суудалд, Итгэл арын суудалд сууж явсан. ...Дамдинбазар, Итгэл нар хашаа руу орсон. Удалгүй буцаж гарч ирээд намайг дуудсан. Хүн байхгүй байна гэхээр нь гурвуулаа орсон. Хашаанд ороход хураалттай банз байснаас түлэх түлээ байхгүй, үүнээс хэдийг авъя гээд Дамдинбазарт хэлээд банз авах гэж байтал Итгэл дуудаад яах гэсэн юм гэж болиулаад Итгэл өөрөө байшингаас цахилгааны утас хашаа давуулж зөөгөөд тэр утаснуудыг машиндаа хийгээд Цайз зах руу явсан...” /хх-ийн 115-116, 121/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Итгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой ...Дамдинбазарыг дуудаж машин бариулаад бид 3 Өлзийт хороолол явсан. ...Өлзийтөд Гео инженеринг ХХК-ийн хашаа руу давж ороод хойд байшингийн хаалга татаж үзэхэд онгорхой байсан, ...гараад ирэхэд Анх-Эрдэнэ, Дамдинбазар нар мод бөөгнүүлээд аваад явчих гэрт түлээ байхгүй юм гэж байсан. Би наадахаа орхи энд актлагдсан цахилгааны утаснууд байна, үүнээс хэдийг авъя гээд Анх-Эрдэнэ цаана зогсож байсан, Дамдинбазар бид 2 байшин руу орж 10 ширхэг бөөрөнхий боодолтой утас, 2 ширхэг дамартай утас аваад хашаа давуулж шидээд гурвуулаа хашаа давж гараад уг утаснуудыг машиндаа хийгээд хот руу явсан. ...Тэр үед манаач байгаагүй, ямар ч хүн байхгүй байсан. ...Би манаачийг айлгаж сүрдүүлсэн үйлдэл хийгээгүй...” /хх-ийн 123-124, 129/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Даминбазар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-нд гэртээ унтаж байхад шөнө 03 цаг өнгөрч байхад Анх-Эрдэнэ утсаар залгаад би шал согтуу байна ...чи ирээд машин бариад гэрт хүргээд өг гэхээр нь ...яваад очтол машинд Итгэл, Анх-Эрдэнэ хоёр шал согтуу байсан. ...Өлзийт хороололд очоод 2-3 гудамжаар оруулаад  энд зогсчих гээд блокон хашаатай гудамжны үзүүрт зогссон. Тэгснээ Итгэл орье гээд хаалгаар орохгүй хашааг нь давж орсон. ...Анх-Эрдэнэ бид хоёрыг дуудаад Анх-Эрдэнэ түрүүлээд явсан. Би наана нь нэг том машины дэргэд зогсож байтал нөгөө хоёр жижиг пүүтэгтэй залгаа гэр шиг хэлбэртэй байшингийн хаалгаар яваад орсон. Тэгснээ баахан орооцолдсон цахилгааны утас аваад гараад ирсэн, би хашаа давж гараад машинаа ойртуулж ирээд нөгөө хоёрыг хашаа давуулж өгсөн цахилгааны утсыг нь машинд ачаад би машин бариад ирсэн замаараа явах гэтэл Итгэл энэ замаар явж болохгүй гээд Өлзийт хорооллоос баруун тийш Биокомбинатын цаад талын буудлаар гарч ирээд Нисэхээр дайрч Маршлын гүүрээр гарч Нарантуул захын урдуур Цайз орсон. ...Тэр үед манаач гэх хүн харагдаагүй, байшин эзэнгүй юм шиг харанхуй байсан...” /хх-ийн 130-131, 133/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Шинэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн орчим Итгэл, Анх-Эрдэнэ, Дамдинбазар гэх 3 залуу хаягдал зэс авчирч өгсөн. Өнгө өнгийн дотроо зэс голтой 4 хэсэг дугуйруулж хуйлсан 2 ширхэг дамартай цахилгааны утаснууд байсан, жигнэж үзэхэд 74,3 кг болж байсан. 1 кг-ыг нь 5,500 төгрөгөөр тооцож 410,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Орой 18 цагийн үед Анх-Эрдэнэ, Дамдинбазар хоёр цагдаа нарыг дагуулчихсан ирээд ...цагдаа нар манайхаас утаснуудыг нь хурааж аваад явсан...” /хх-ийн 50-51/ гэсэн,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Буудлаас гараад бид Цайз орж утсаа зарсан, тэр мөнгөөрөө Б.Итгэл ломбарднаас гар утсаа авна гэсэн, Дамдинбазар бид хоёр архи болон идэх юм аваад манайд очсон, идэж уугаад сууж байхад Дамдинбазар өчигдөр орой юу хийснээ мэдэж байна уу? Буруу юм хийсэн гэхэд би буруу юм хийснээ мэдээд Мягмарсүрэнгийн утсыг олоод түүнтэй ярьж өчигдөр танайхаас архи уусан байхдаа дамартай утас хулгайлж, буруу юм хийсэн байна гэж хэлээд орой нь утас зарсан газартаа цагдаа болон Мягмарсүрэнтэй хамт очоод дамартай утсыг нь авч өгсөн.” /шүүх хуралдааны тэмдэглэл бий/ гэсэн,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 5 цагийн үед Б.Энхбат над руу залгаад хүмүүс ирээд юм аваад явчихлаа гэж ярьсан, би тэгээд цагдаад дуудлага өгсөн, над руу шөнө 5 цагийн орчим өөрөө залгасан, мэссэж бичээгүй, манай байгууллагын хаягийг мэдэхгүй учраас над руу залгаж хэлсэн байх. ...Г.Анх-Эрдэнэ над руу танихгүй дугаараас яриад урьд шөнө архи уугаад тэрэндээ болоод танай ажлаас утас хулгайлсан байна, буруу юм хийсэн байна, одоо яах уу гэж залгахаар нь би өө тийм үү, одоо тэр утас хаана байна, очиж авья, цагдаа дуудаад бөөн юм болж байна гээд орой 18 цагийн орчим цагдаатай хамт Анх-Эрдэнэтэй уулзаад Дамдинбазар би, цагдаа нартай хамт утас тушаасан газраас дамартай утсыг буцааж олж авсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл бий/ гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байна.

 

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлгийнхээ эх сурвалжийг нийлүүлэх боломжгүй өөр өөр цаг хугацаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар/ болон хэргийн бодит байдлыг мэдүүлсэн, тэдний мэдүүлэг анхнаасаа тогтвортой, нэг л зүйлийн талаар мэдүүлдэг бөгөөд гэмт хэргийг илрүүлсэн байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, гэрч Ц.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд зөрүүгүй, гэрч Ц.Мягмарсүрэнд хууль сануулж мэдүүлэг авсан, гэрч Ц.Мягмарсүрэн, шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ нар нь өөр хоорондоо огт хамааралгүй хүмүүс байх бөгөөд алдагдсан дамартай утсыг хаанаас, яаж олж авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Дамдинбазар, гэрч Ц.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд нь иргэний нэхэмжлэгч Ч.Шинэцэцэгийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Мягмарсүрэн, иргэний нэхэмжлэгч Ч.Шинэцэцэг нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, фото зураг, хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, фото зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудаар шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл, Б.Дамдинбазар нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан ялын төрөл нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинж, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл, Б.Дамдинбазар нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй, өөрөөр хэлбэл хорих ялын хэмжээ нь хоёроос таван жил хүртэл хугацаагар хорих ял оногдуулахаар заасан байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч “Гео Инженеринг групп” ХХК-д 3.000.000 төгрөгийн хохирол /хх-ийн 25/, иргэний нэхэмжлэгч Ч.Шинэцэцэгт 410.000 төгрөгийн тус тус учирсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан тухай хохирогч, иргэний  нэхэмжлэгч, шүүгдэгч нар мэдүүлэх бөгөөд хохирогч Б.Энхбатад хохирол учраагүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ урьд нь 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /хх-ийн 137, 149-150, 151/, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /хх-ийн 152-154, 155/, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анх-Эрдэнийн ялгүй болох хугацаа өршөөгдсөн байна.

 

Шүүгдэгч Б.Итгэл урьд нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 390 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 167, 181-183/ ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Дамдинбазар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах /хх-ийн 161/ хуудсаар тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл нар нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг /хх-ийн 79, 85, 97, 102/ хүртэл цагдан хоригдсон бөгөөд нийтдээ шүүгдэгч нар тус бүр 25 хоног цагдан хоригдсоныг тус тусын эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 85 см урттай, 14 см өргөнтэй, 7 мм зузаантай банз 1 ширхэгийг устгуулахаар даалгаж, мөрдөн байцаагчийн тогтоолоор 91-55 УНХ улсын дугаартай Сузуки свит маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхбат мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө манаачийн байрандаа байхад шөнийн 03 цаг 30 минутын үед хашаан дотор хүний хөлийн чимээ гарахаар нь цонхоор хартал миний сууж буй байрны залгаа баруун талын байшингийн хойд талд 3 хүн зогсож байсан. Би цонхоо онгойлгоод юун хүмүүс вэ, ална шүү, буудна шүү гэхэд цаашаа зугатаагаад хашааны дотор байрлах машинууд дундуур ороод алга болсон. Удалгүй гурвуулаа хүрч ирээд нэг нь үүдэн дээр мод далайж зогсоод гарч ирвэл ална шүү, чамд ямар буу байдаг юм, ганцаараа байгаа биз дээ чи гээд намайг айлгаж байх хооронд нөгөө хоёр нь баруун талд залгаа байшингийн цонхоор ороод дотор нь юм түчигнүүлээд байсан. Би айсандаа үйлдэл хөдөлгөөн хийгээгүй, орон дээрээ суусан байдалтай байсан. Байшин руу орсон хоёр нэлээн удаан юм түчигнүүлж юм аваад зөөгөөд байх шиг байсан. Гэтэл мод далайж зогссон этгээд нөгөө хоёрыгоо холдсоны дараа араас нь явсан. Би тухайн үед нэлээд айж цочирдсон болохоор хэсэг байж байгаад дэд захирал Мягмарсүрэн рүү хүмүүс ирж айлгаж байгаад юм аваад явчихлаа гэж мессеж бичсэн. Тэгтэл Мягмарсүрэн над руу эргэж залгаад цагдаад хэлчихлээ гэж ярьсан...” /хх-ийн 52-53, 54-55/ гэж мэдүүлснийг, мөрдөн байцаалтын шатанд авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8/ зэргийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг нь гэмт хэрэг хэзээ гарсан талаар цаг хугацааны хувьд зөрүүтэй, хохирогч Б.Энхбат, гэрч Ц.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг тухайн үед гараар бичсэн, ингэж бичихдээ хөндөлөнгийн гэрч гэх хүмүүс байгаагүй талаар гэрч Ц.Мягмарсүрэн мэдүүлсэн зэргээс үзэхэд мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нотлох баримтаар авагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Итгэл, Г.Анх-Эрдэнэ, Б.Дамдинбазар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Баярхүүгийн Итгэл, Дайртан овогт Ганболдын Анх-Эрдэнэ, Боржигон овогт Болдын Дамдинбазар нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярхүүгийн Итгэл, Дайртан овогт Ганболдын Анх-Эрдэнэ, Боржигон овогт Болдын Дамдинбазар нарт тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл, Б.Дамдинбазар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Итгэлийн цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг, шүүгдэгч Г.Анхбаярын цагдан хоригодсон 25 /хорин тав/ хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 85 см урттай, 14 см өргөнтэй, 7 мм зузаантай банз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Мөрдөн байцаагчийн тогтоолоор 91-55 УНХ улсын дугаартай Сузуки свит маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн 201726030106 тоот хэрэгт шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Дамдинбазар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл, Б.Дамдинбазар нарт оногдуулсан хорих ялыг тус бүр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Г.Анх-Эрдэнэд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, ялтан Б.Итгэл, Б.Дамдинбазар нарт хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогчид шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Анх-Эрдэнэ, Б.Итгэл, Б.Дамдинбазар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР