Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/216

 


2025       08             27                                                             2025/ШЦТ/216

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаангы шүүгч Г.Энх-Амгалан даргалж,  
Нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Улсын яллагч: А.Алтангэрэл,
Хохирогч: Э.О, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Л,
      Шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** овогт Д.Э-д холбогдох эрүүгийн 2526000000187 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, **** эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн **** сумын ** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №77 дугаартай шийтгэх тогтоолоор мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн **** овгийн Д.Э /РД: ****/.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дүгээр баг **** тоотод хамтран амьдрагч Э.О-ийн биед халдан зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:  

    Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз уурхайгаас ирээд манайд ганц нэг юм ууж хоносон. Тэгээд манай найз өглөө манай найзынх руу явъя гээд эхнэртэй бид 3 тэднийд очсон. Тэнд очиход нэлээд хэдэн хүмүүс архи уугаад байж байсан. Тэнд очоод архинаас нь хамт уусан. Тэнд нэлээд согтоод гэртээ харьсан. Тэр айлаас гараад гэртээ ирснээс хойш би болсон явдлыг нэг их сайн санахгүй байгаа. Гэртээ ирээд эхнэртээ гар хүрснээ мэдэхгүй байгаа. Би нэлээд согтсон байсан. Миний буруу...” гэв.

    Хохирогч Э.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай хүний найз нь ирсэн байсан. Тэгээд найзындаа хамт очоод ирье гэхээр нь би хамт дагаад явсан. Хамт очиход хүмүүс юм ууцгааж байсан. Тэгээд өөрөө хүнтэй юм яриад уугаад байсан. Тэгээд намайг гэртээ очъё гэхэд за одоо гэр рүүгээ явъя гээд гэртээ ирсэн. Гэрт ирсний дараа найз нь юм авч өгөөд хамт ууцгааж байсан. Тэгээд хэрүүл маргаан болоод намайг зодож нүдсэн. Намайг ямар учраас зодож нүдсэнийг би мэдэхгүй. Гэв гэнэт сууж байхад зодож нүдсэн. Сүүлдээ би орж гараад байсан. Тэгээд хүүхэд ээжээ цагдаа ирж байна гэх шиг болсон. Ерөнхийдөө ийм зүйл болсон... гэв. 

    Хохирогч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Д.Э-ы найз Б гэх найз нь манай нэг найзынд очъё гээд гурвуулаа тэр найзынд нь очсон. Тэр айлд нь нэлээн олон хүн архи уугаад сууж байсан. Тэгээд Д.Э болон түүний найз Б нар тэр архинаас уугаад тэнд нэлээн удсан. 18 цагийн үед Д.Э найз нь болох Б бид гурав Өвөрхангай аймгийн **** сумын  ** дүгээр баг **** тоотод байх гэртээ ирсэн. Тэгээд Б дэлгүүр явж 2.5 литрийн Сэрүүн пиво 3 ширхэгийг авчирч, гурвуулаа хувааж уугаад найз Б нь унтаад өгсөн. Тэгсэн Д.Э гэнэтхэн орон дээр сууж байснаа босож ирээд үснээс зулгаагаад гал тогооны өрөө рүү чирж оруулаад баруун гараараа миний нүүр рүү 2, 3 удаа цохиж гуталтай хөлөөрөө толгой руу 2, 3 удаа өшиглөж гуя руу гараараа цохиж өшиглөөд байсан. Тэгээд охин Э.Н эгч О-рүү ээжийг аав зодоод байна гэж хэлж эгч цагдаа руу дуудлага өгсөн байсан. Д.Э, Д.Э-ы найз болох Б, охин Н, бид 4 байсан. Д.Э нь орон дээр сууж байснаа гэнэт босож ирээд л намайг цохиж зодоод унасан. Яг юунаас болсныг мэдэхгүй. Тухайн үед манай охин Э.Н харсан, харин     Д.Э-ы найз болох Б нь унтаж байсан болохоор хараагүй байх гэж бодож байна. Өмнө нь 2024 оны 04 дүгээр сард намайг зодоод цагдаа дээр шалгагдаад шүүхээр ороод 2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж бугуйн цаг зүүсэн. Д.Э бид 2 албан ёсоор гэрлээгүй хамт амьдраад 2 жил гарантай болж байна дундаасаа хүүхэдгүй. Миний биеийн байдал тааруу байна, толгой өвдөж дотор муухайраад баруун гарын буглага, хөл гар хөхөрсөн, хавдаагүй газар байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учирсан тул сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй учир эрүүл мэндийн хөнгөлөлт тусламж аваагүй, гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх 15, 78 хуудас/,
    Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед миний төрсөн дүү болох Э.О-ийн охин Э.Н над руу залгаад “ээжийг аав зодоод байна” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөөд Өвөрхангай аймгийн **** сумын ** дүгээр баг **** тоотод байх гэрт нь очсон. Гэрт нь ороход Д.Э нь гал тогооны өрөөндөө дүү Э.О-ийн гар руу гараараа цохиж байсан. Тэгээд би ороод боль гэж хэлээд больсон удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Намайг очиход Д.Э найз болох Б, Э.О, охин О.Н дөрвүүлээ байсан...” гэх мэдүүлэг, /хх 17 хуудас/,

    Насанд хүрээгүй гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Өвөрхангай аймгийн **** сумын ** дүгээр баг **** тоотод гэртээ байхад хойд аав Д.Э согтуу ирчхээд ээжээс хэрүүл гуйгаад ээжийг дуугарахгүй болохоор нь яагаад дуугарахгүй байгаа юм бэ, би юм асуугаад байгаа юм бишүү гээд гал тогооны өрөөнд ээж Э.О-ийг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд газар унахаар нь толгойн дээр нь хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд ээжийг гал тогооны өрөөнд байхад хойд аав жижиг өрөөнд сууж байхдаа ээжийг 10 тоолохын дотор ирэхгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь би айгаад ээжийн эгч О-рүү залгаж ээжийг хойд аав зодоод байна гэж хэлсэн. Тэгээд Э.О эгч ирсэн, удалгүй цагдаа нар ирсэн. Чи ер нь гэртээ ганц удаа хоол хийж үзсэн үү, гэртээ хонохгүй хаагуур яваад байдаг юм бэ гээд ээжээс хэрүүл гуйгаад ээжийг дуугарахгүй болохоор нь цохиж зодсон. Хойд аав Д.Э нь нилээн согтуу байсан. Он сарыг нь сайн санахгүй байна ээжийг нэг удаа зодоод шүүхээр орж байсан...” гэх мэдүүлэг, /хх 20 хуудас/,

    Шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №ӨВХО725/364 дугаартай дүгнэлтэд “...Э.О-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 28-29 хуудас/,

    Шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ӨВХО725/094 дугаартай дүгнэлтэд: “Э.О нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болсон гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 81-82 хуудас/,

    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6 хуудас/,

    Аюулын зэргийн үнэлгээний тайлан /хх 10-11 хуудас/ зэрэг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

    Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

    Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дүгээр баг **** тоотод хамтран амьдрагч Э.О-ийн биед халдан зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хохирогч Э.О-ийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.О-ийн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, насанд хүрээгүй гэрч О.Н-ын мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №ӨВХО725/364 дугаартай дүгнэлтэд “...Э.О-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 28-29 хуудас/, шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ӨВХО725/094 дугаартай дүгнэлтэд: “Э.О нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болсон гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 81-82 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6 хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тайлан /хх 10-11 хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
 
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж тус тус заажээ.
 
           Шүүгдэгч Д.Э, хохирогч Э.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч нар болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

    Шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

    Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
 
    Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.О-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

    Түүнчлэн Өвөрхангай аймгийн прокуророос Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.  

    Иймд шүүгдэгч Д.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

        Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус хуульчилжээ.
    
    Хохирогч Э.О “...энэ хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлэхгүй, харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 1 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон. Үүнийг гаргуулна...” гэж тайлбарласан.

    Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ӨВХО725/094 дугаартай “...Э.О-ийн  сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинж илэрнэ. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 81-82 хуудас/,

     Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын дөрөв-д гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан байна.
   
           Тухайн гэмт хэрэг нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. 
      
    Хохирогч Э.О-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцоолж 792,000x4,99=3,952,080 төгрөг байна.  

        Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Д.Э-аас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 3,952,080 төгрөгийг гаргуулж хохирогч Э.О-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

    Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

    Шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Д.Э-ы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээр шийдвэрлүүлж үүндээ дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн хандлага, нийгмийн аюулын хор уршгийг ойлгож ухамсарлах чадваргүй хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хохирогч нь гомдолтой байгаа зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг оршин суугаа хаягийн дагуу эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд 279 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан уг ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,952,080 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Д.Э нь мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байгаа. Одоо зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй 5-6 сарын ял үлдсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргаж байна. Шүүгдэгч Д.Э нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Энэ байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй. Зорчих эрхийг хязгаарлах ял нь дуусаагүй байхад дээр нь нэмж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй байна гэж үзэж байна. Иймд одоо эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

    Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ ...гэм буруугаа зөвшөөрч байна...гэсэн.

    Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготой, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.   

    Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

    Бусад асуудлаар:

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж байна.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний 2024/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусд нь эдлүүлэх нь зүйтэй.   

    Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
 
                                                           ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч **** овогт Д.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт Д.Э-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний 2024/ШЦТ/279 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.   

5.    Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Д.Э-аас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 3,952,080 төгрөгийг гаргуулж хохирогч Э.О-д олгосугай.

6.    Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.


                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН