Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/03907

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0-р хороолол, Д.Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, Г ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0-р хороолол, 00 байр , 00 тоотод оршин суух, И-ны Н /РД:ЧД0000000/,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0-р хороолол, 00 байр , 00 тоотод оршин суух, Ч-ийн О /РД:УУ0000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг, 49 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч г банк ххк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.Н     , Ч.О нар нь г банк ххк-тай 2018 оны 11 сарын 23-ны өдөр ЗГ1105153299 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БГ1105153299 дугаартай Барьцааны гэрээгээр 0000 УНИ улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч И.Н , Ч.О нар нь ЗГ1105153299 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 284 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 06-р сарын 21-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, үндсэн зээлийн төлбөрт 9,139,932 төгрөг 66 мөнгө, үндсэн хүүний төлбөрт 1,537,654 төгрөг 87 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 143,160 төгрөг 96 мөнгө, нийт 10,820,748 төгрөг 49 мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байсан тул нэхэмжлэгч нь анх шүүхэд 10,820,748 төгрөг 49 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн төлбөрөөс 2,500,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж байна.

Иймд хариуцагч И.Н , Ч.О нараас ЗГ1105153299 тоот зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг, 49 мөнгийг гаргуулж, БГ1105153299 дугаарт ипотекийн гэрээгээр барьцаалсан автомашинаар хууль тогтоомжийн дагуу ЗГ1105153299 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч нар нэхэмжлэгч талтай 2018 оны 11 сарын 23-ны өдөр ЗГ1105153299 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцаа хөрөнгө болох 0000 УНИ улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2020 оноос эхлэн зээлдэгч нар тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр авах боломжтой болсон. Тэтгэвэрт гарсны дараагаар Голомт банкны зүгээс зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр тэтгэврийн данснаас мөнгө хүчээр суутгаж авсан. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсанд маргаад байх зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа зээлийн үнийн дүнгийн дүнд маргах зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч тал анх гаргаж байсан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2,500,000 төгрөг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг багассан тал дээр маргах зүйл мөн байхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс цалингийн зээл бол зээлдэгчийн хувийн байдалтай холбоотой асуудал зээлдэгч авто машин барьцаалах ёсгүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цалингийн зээл дээр автомашин барьцаалах ёсгүй гэж үзэж байна. Иймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, итгэмжлэл /хх-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, г банк ххк-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар эрх олгох тухай тушаал /хх-7/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ1105153299 дугаар зээл болон барьцааны гэрээ /хх-8-9/, зээлийн эргэн төлөлтийн график /хх-10-11/, Барьцааны гэрээ /хх-12-13/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-14/, хүү тооцооллын хүснэгт /хх-15/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

  4. Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар хариу тайлбар /хх22-23/, итгэмжлэл /хх-26/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

  5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр зээлийн дансны хуулга /хх-36-38/, мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичиг /хх-39/ зэрэг баримтыг нотлох баримтаар цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч г банк ххк нь хариуцагч И.Н , Ч.О нарт холбогдуулан гэрээний үүрэгт 10,820,748 төгрөг 49 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж байна.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ ...2018 оны 11 сарын 23-ны өдөр хариуцагч нар нь ЗГ1105153299 тоот зээлийг гэрээг байгуулж, 14,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БГ1105153299 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, 0000 УНИ улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг барьцаалсан. Гэтэл хариуцагч нар нь дээрх гэрээний үүрэгт нийт 8,320,748 төгрөг, 49 мөнгийг төлөөгүй тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг, 49 мөнгийг төлөөгүй байгааг хүлээн зөвшөөрнө. Уг мөнгийг төлөхөд татгалзахгүй. Харин цалингийн зээлд автомашин барьцаалсан нь үндэслэлгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч г банк ххк-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч нарт хүргүүлж байсан мэдэгдэл, талуудын уулзалтын тэмдэглэл, барьцааны зүйлийн эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтууд болон Зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Талууд 2018 оны 11 сарын 23-ны өдөр ЗГ1105153299 тоот зээлийг гэрээг бичгээр байгуулж, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БГ1105153299 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, 0000 УНИ улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг барьцаалсан байна.

4.2 Хариуцагч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг, 49 мөнгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй.

4.3 Нэхэмжлэгч Г банк нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байх бөгөөд хариуцагч нартай ЗГ1105153299 дугаартай зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг 49 мөнгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг 49 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

5. Харин талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага дээр маргаж байх бөгөөд нэхэмжлэгч тал нь барьцааны гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан гэж, хариуцагч нь цалингийн зээлд автомашин барьцаалсан нь үндэслэлгүй гэх үндэслэлээр мэтгэлцэж байна.

 

6. Хэрэгт талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан БГ1105153299 дугаартай Барьцааны гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээний 1.2 болон 2.1-т энэхүү гэрээний зорилго нь ...талуудын хооронд байгуулагдсан ЗГ1105153299 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, ...0000 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн авто машиныг барьцаанд тавьж байна гэж тохиролцсон байх бөгөөд барьцааны гэрээг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.

 

7. Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч байх боловч уг барьцааны гэрээнд гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүйгээс гадна уг гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар ямар нэгэн сөрөг шаардлага болон тайлбарыг гаргаагүй.

 

8.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

 

Иймд хариуцагч нар нь тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор хариуцагч И.Н ийн өмчлөлийн автомашиныг барьцаалахаар талуудын хүсэл зориг нэгдэж, барьцааны гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

9.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагчийн өмчлөлийн автомашиныг барьцаалсан нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...цалингийн зээлд автомашин барьцаалах ёсгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

10.Мөн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд байгуулсан байхаас гадна тус гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд нэхэмжлэгч нь талуудын хоронд байгуулсан барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч И.Н , Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг 49 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч г банк ххк-д олгож, нэхэмжлэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2641 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И.Н , Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг 49 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч г банк ххк-д олгосугай.

  

2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И.Н , Ч.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох 2641 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Н , Ч.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 218,281 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч г банк ххк-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА