Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч М.С******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн М.С*******ад холбогдох эрүүгийн 2515000000155 дугаартай, 304/2025/0168/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч******* овогт М*******ын С*******, Булган аймгийн ******* суманд 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ................оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, . .........ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.С******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг ******* ******* ******* т******* байрлах өөрийн гэрийн гадна хохирогч Д.Мг “танай аав хужаа гаралтай юм уу” гэж удаа дараа хэлсэнд нь уурлаж хохирогчийн толгой, нүүр, цээж хэсэгт нь олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, тохой, баруун бугалгад цус хуралт, дагз, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, дух, баруун хөмсөг, хацар, зүүн сарвуунд зулгаралтбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.С******* нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг ******* ******* ******* т******* байрлах өөрийн гэрийн гадна хохирогч Д.Мтай “танай аав хужаа гаралтай юм уу” гэж хэлснээс шалтгаалан маргалдах явцдаа түүний толгой, нүүр, цээж хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “баруун чихэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагз, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-М.С*******ын согтолтын зэргийг шалгаж “...1.77 хувийн согтолттой...” болохыг тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

-Хохирогч Д.Мгийн: “...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Айргийн баяр” дээр баяр үзэж байгаад хамт ажилладаг дүү болох М.С*******тай таарсан. Тэгсэн чинь М.С******* намайг “та айлд ирсэн юм чинь ороод гараач” гэхээр нь би гэрт нь орсон. Тэгсэн чинь М.С******* гэртээ ороод нэрийг нь сайн мэдэхгүй байна 1 шил 0,75 литрийн архи гаргаж ирсэн. Тэгээд М.С******* намайг “та ямар манайхаар ирдэг биш” гээд бид хоёр баяр тэмдэглээд тухайн 1 шил архийг хоёулаа хувааж уусан. Тэгээд бид хоёр нэлээн согтсон юм шиг байгаа юм би зарим нэг хэлсэн ярьсан юм аа сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь бид хоёр бие биеийнхээ үгийг даахгүй буруу, зөрүү ойлголцоод бага зэрэг ам мурийсан. Тэгсэн чинь М.С******* гэнэт босож ирээд намайг сандал дээр сууж байхад дээрээс шууд нүүр нүдгүй зодож эхэлсэн. Намайг зодож байхад М.С*******ын эхнэр надаас М.С*******ыг салгах гээд дийлэхгүй байсан.

...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэмт хорийн зэрэглэл буюу сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 07-09, 12  дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чийн: “...Д.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 105,898 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байгааг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

-Гэрч Г.Бын: “...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр М.С******* өглөө “Айргийн баяр” үзнэ гээд явсан юм. Тэгээд орой 17 цагийн үед манай нөхөр цуг ажилладаг Д.М гэдэг ахтай хамт ирсэн. ...Тэр хоёр тэгээд манай хөргөгчид байсан 1 шил 0,75 литрийн архийг хувааж уусан. Гэтэл Д.М ах манай нөхрөөс “аав чинь хужаа гаралтай юм уу, би лавшруулж мэдмээр байна” гээд асуугаад л байсан. Тэгээд тэр хоёр тамхи татахаар гадагшаа шат руу гарсан юм. Тэр хоёр гадаа тамхи татаад сууж байхад нь би яриаг нь сонсоод байсан чинь Д.М ах бас л манай нөхрөөс “танай аав хужаа гаралтай юм уу, манай найзууд болон танай ******* сумын хүмүүс ярьдаг юм байна лээ” гэж хэлсэн чинь манай нөхөр гэнэт уур нь хүрээд “та ер нь юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо зодолдож байгаа чимээ гарсан.

Би гараад харсан чинь манай нөхөр М.С******* нь Д.М ахын дээр нь гарчихсан Д.М ахын нүүр, ам нь цус болчихсон байдалтай байж байсан. Тэгээд би нөхрийгөө салгах гээд дийлэхгүй байж байхад манай нөхөр М.С******* нь Д.М ахыг нэг удаа нүүр рүү гараараа цохисон. Тэрнээс урд нь би гэрт дотор  байсан болохоор хэн нь хэнийгээ яаж цохисон гэдгийг би хараагүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

-Гэрч Б.Мын: “....2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байсан чинь гадаа хүмүүс маргалдаад бөөн дуу, шуу болохоор нь гараад харсан чинь манай хажуу талын айлын залуу болох М.С******* нь гэрийнхээ шатан дээр өөрөөсөө ахимаг насны нэг ахыг дээр нь гарчихсан толгой руу нь болон нуруу руу нь өшиглөөд зодоод байсан. Нөгөө зодуулж байгаа ахыг би огт танихгүй хүн байсан. Нөгөө ах гараараа хоёр нүдээ дараад суугаад байсан. Харин М.С******* тэр ахыг толгой тархигүй өшиглөөд зодоод байхаар нь би М.С*******ыг “чи 2, 3 жоохон хүүхэдтэй байж хүн аллаа шүү дээ, болиоч” гэж хэлсэн чинь М.С******* надад “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу айлын залуу болох М.С*******ыг хүн зодож алах юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм. Д.М гэх хүн манай хажуу талын айлын залуу болох М.С*******ын урдаас огт гар хөдлөөгүй бөгөөд хөөрхий сууж байгаад зодуулаад байсан. Харилцан зодоон бол бишээ. М.С******* тэр Д.М гэх хүнийг зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн БУЛ0725/257 дугаартай:

1.Д.Мгийн биед баруун чихэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, тохой, баруун бугалгад цус хуралт, дагз, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, дух, баруун хөмсөг, хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүснэ.

3.Тогтоогдсон баруун чихэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагз, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүр болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдоно. Зүүн бугалга, тохой, баруун бугалгад цус хуралт, зүүн хөмсөг, дух, баруун хөмсөг, хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь тус бүр болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4.Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтэлд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. Иймд дээрх гэмтлүүд бүгд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

6.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь шинэ бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

-Яллагдагч М.С*******ын “...тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...надаас өөр Д.М ахыг зодсон хүн байхгүй. Би зодож биед нь гэмтэл шарх учруулсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С*******ын өгсөн: “...Булган аймагт айрагны баяр болоод ажлын газрын ахтай таараад манай гэрт очиж архи уусан. Тэгээд архи  ууж байгаад манай аавыг доромжлоод байсан. Тэгэхээр нь та яв гээд гаргасан чинь ах нь ганц юм асууя гээд аавын талаар дахиж лавлаж асуугаад намайг дээл өмсөж байсан чинь наад дээл чинь хужаа дээл үү гэхээр уурандаа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.С******* нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.С******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох. Хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан ба иргэний нэхэмжлэгч Ч 105,898 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь үүнийг төлсөн баримтыг гаргаж өгсөн байна....” гэв.

Шүүгдэгч: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч М.С*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн БУЛ0725/257 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.С*******ын хохирогч Д.Мг зодсон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “баруун чихэнд шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагз, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Дын “...Д.Мгийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын “...шатанд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” болохоо илэрхийлсэн.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Мгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 105,898 төгрөгийг шүүгдэгч М.С******* нь төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай  дансанд төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/, иргэний төрсний гэрчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 70 дахь тал/, жолоочийн мэдээлэл /хавтаст хэргийн 71-72 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.С*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.С*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.С*******ад сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.С******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч******* овогт М*******ын С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С*******ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.С*******ад сануулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.С******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ