| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 1803010230055 |
| Дугаар | 2021/ДШМ/577 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/577
2021 06 03 2021/ДШМ/577
А.О-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Г.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1803010230055 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А-гийн О-, Улаанбаатар хотод 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/
А.О- нь 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоyota prius 11” загварын 00-00 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд явахдаа мөн дүрмийн 10.1 дүгээр зүйлд “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэхдээ ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.4 дүгээр зүйлд “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Toyota pruis 20” загварын 00-00 УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч А.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.О-ыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор зааж, шүүгдэгч А.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 593377 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 00689694 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.О-т буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.О-аас 2,640,580 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “....” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх намайг гэм буруугийн талаар маргасан, хохирлыг төлөх арга хэмжээ аваагүй гэж тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, иргэний нэхэмжлэгчийн 2,640,580 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хар багаасаа өнчирч амьдралын бэрх зүйлстэй тулж өдийг хүрлээ. Энэ хэргийн хохирогч нь миний эхнэр М бөгөөд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг. Бид 6 сартайгаас 6 насны 2 хүүхэдтэй. Эхнэр минь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, байрны зээлтэй, хүүхдүүдийг өсгөх зардал гэх мэт бүгд надаас шалтгаалдаг. Би хорих ял эдлэхээр манай гэр бүлийн амьдрал цаашид хэцүүднэ. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруутай үйлдлийн улмаас бусдын бие эрхтэн, эд хөрөнгөд хохирол учруулсандаа маш их харамсаж байгаа тул энэрэнгүй ёсны зарчмыг баримталж надад оногдуулсан хорих ялыг, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч А.О-ын эхнэр “... ар гэрийн байдал хүнд байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн, харгалзах албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү...” гэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй. Шүүгдэгч А.О- болон өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.О-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж хорих ялыг оногдуулсан. Шүүх хуралдааны дараа хохирлыг төлж барагдуулсан талаар сая сонслоо. Хохирлыг төлж барагдуулсан нь түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч А.О- нь 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоyota prius 11” загварын 00-00 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд нэгдүгээр эгнээ рүү шилжих үйлдэл хийхдээ мөн дүрмийн 10.1 дүгээр зүйлд “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэхдээ ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.4 дүгээр зүйлд “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчин чигээрээ явсан “Toyota pruis 20” загварын 00-00 УБЗ улсын дугаартай автомашинд зам тавьж өгөлгүй урдуур нь орсны улмаас мөргүүлэх хэлбэрээр зам тээврийн осол гаргаж зорчигч А.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч А.М-ын “...Яармагийн замаар баруун зүгт явж байхдаа эгнээ шилжсэн тэр агшинд гэнэт араас маш хүчтэй машин мөргөсөн. Ослын дараа нөхрөө архи уусан байсныг мэдсэн...” /1-р хх 21-22/,
гэрч Ч.Г-ын “...Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн харалдаа явж байтал зүүн гар талын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байсан “Toyota prius” загварын автомашин гэнэт миний урдуур ороод ирсэн. Би тормас гишгэж амжилгүй араас нь мөргөсөн...” /1-р хх 24-25/,
гэрч Н.Б-ын “... Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн урд талын замд явж байтал зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан “Toyota prius-11” загварын автомашин миний урдуур нэгдүгээр эгнээ рүү шилжиж орох тэр агшинд нэгдүгээр эгнээнд явж байсан “Toyota prius-20” загварын автомашин намайг гүйцэж түрүүлж гараад л нөгөө “Toyota prius-11” загварын автомашины араас нь мөргөсөн. “Тоyota pruis-11” загварын автомашин нь хөдөлгөөний чиг өөрчлөхдөө баруун гар талдаа дохио өгөөгүй ...” /1-р хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд,
сурталчилгааны гэрэлт самбарын үнэлгээ /1-р хх 95-101/, хохирогч А.М-д баруун дунд чөмөгний 1/3-ийн хөндлөн зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №43 тоот дүгнэлт /1-р хх 56/, Техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12/56 тоот “... “Toyota prius-11” загварын 46-60УНИ улсын дугаартай автомашины жолооч А.О- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ заалтад “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно”, 10.4 дүгээр заалтад “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн...” гэсэн дүгнэлт /1-р хх 212-213/,
шинжээч С.Мөнхдалайн “...Мөргөлдөх үеийн байрлал болох тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлээс үндэслээд “Toyota prius-11” загварын машины баруун хойд хэсгийг “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэл таллаж мөргөсөн гэж үзсэн. Мөргүүлэхээс өмнө “Toyota prius-11” загварын тээврийн хэрэгсэл бага зэрэг ташуу байрлалтай үед мөргөлдсөн байх боломжтой...” /2-р хх 28-29/,
шинжээч И.Базаррагчаагийн “...1-рт хавтаст хэрэгт авагдсан материал автомашины мөргөсөн байдал, мөргөгдсөний дараа 2 тээврийн хэрэгслийн явсан чиглэл зэргийг үндэслэн “Toyota prius-11” загварын 46-60УНИ улсын дугаартай автомашин нь “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн урд нь яваагүй хажуунаас нь эгнээ байр сольж гэнэт урд нь орж ирсэн байна. Хэрвээ эгц урд нь явж байсан бол тээврийн хэрэгслийн мөргөсөн байдал эвдрэл, мөргөсний дараа шилжсэн чиглэлүүд нь өөр өөр гарах байсан. “Toyota prius-20” загварын автомашины жолооч тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр мөргөсөн. Хэрвээ урдаа яваа тээврийн хэрэгслийг зайлуулан дарж араас нь мөргөсөн бол “Toyota prius-11” загварын машин өөр чиглэл рүү явах байсан. Уг хэрэгт “Toyota prius-11” загварын машин зүүн гар талын эгнээнээс баруун гар талын эгнээ рүү шилжиж “Toyota prius-20” загварын машины урд орж мөргүүлсэн учраас хөдөлгөөний чиглэл нь хадгалагдан 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөний дараа баруун гар тал руугаа шилжсэн байна” /2-р хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч А.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн эгнээ, байр өөрчлөхдөө чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.О-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.
Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам, орчны байдлыг бодитоор үнэлж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах чадваргүй байдалд хүргэдэгээрээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг үлэмж ихэсгэдэг. Иймд шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН