Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 51

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

            Хохирогч: Д.Цэвээн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч:  М.Мөнхөө,

            Шүүгдэгч: Н.Рэгзэн,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нур долоо овгийн Нанжидын Рэгзэнд холбогдох эрүүгийн 201720000137 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-1, Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЗ81122813, Нур долоо овгийн Нанжидын Рэгзэн.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Рэгзэн нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Хужирт” багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Цэвээнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Цэвээнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Д.Цэвээний хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2001 онд Баттогтох гэх хүнтэй гэр бүл болж Наранбулаг суманд очих үедээ Рэгзэнтэй анх танилцаж байсан. Тухайн цаг хугацаанаас өнөөг хүртэл Рэгзэн бид хоёр нь айл хөршийн холбоотой байсаар байна. Рэгзэн бид хоёрын хооронд садан төрлийн холбоо байхгүй. Би 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд гэртээ гурван хүүхэд, ээж Лхамхүү нарынхаа хамт унтаж амарсан ба ойролцогоор шөнийн 02 цагийн орчимд буюу 2017 оны 04 сарын 29-ний өдрийн 02 цаг орчимд гэрийн гадна мотоцикль дуугарах чимээгээр нойрноосоо сэрээд гэрийн хаалганы цонхоор харахад хоёр хүн мотоциклоосоо буугаад манай гэрийн зүг алхаж байсан. Тэгэхээр нь би гэрлээ асаалгүйгээр хувцсаа өмсөж байтал гаднаас манай гэр лүү нөгөө хоёр хүн орж ирсэн ба нэг хүн “Гэрлээ асаа” гэж хэлэхээр нь би “Манай акуммлятор цэнэггүй болсон  байна” гэж хэлэхэд нөгөө залуу “Баян авгай ганц акуммлятор авч чадахгүй байхдаа яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд гэрэл асаагаад харахад манай нутгийн залуучууд болох Рэгзэн, Жангарай нар байсан ба би тавагтай боорцог авч тэр хоёрт өгөх гэтэл Рэгзэн надаас архи нэхээд миний нас барсан нөхрийн талаар янз бүрийн зүйл яриад байсан. Тэгэхээр нь би “Хүн доромжлох хуультай шүү” гэж хэлэхэд Рэгзэн “Надад тэр хууль үйлчилдэггүй юм” гэж хэлээд миний толгой руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би “Чи яаж байгаа юм” гэж хэлээд түүний мөр лүү нь түлхэхэд Рэгзэн дахиад миний толгой руу цохихоор нь миний уур хүрээд Рэгзэнг алгадаад авсан. Тэгтэл Рэгзэн миний зүүн шанааны хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ намайг үсдэж чирсээр байгаад гэрийн баруун талд байх арган дээр аваачиж үсдэж дарчихаад цохих гэж байтал Жангарай болон миний охин Дэжидмаа нар Рэгзэнг надаас холдуулсан. Тэгээд Жангарай Рэгзэнг аваад гэрээс гараад явсан. Рэгзэнд цохиулсны дараа миний нэг талын чих хавдаж хөхөрсөн, зүүн мөрний хэсэгт хөхөрсөн зэрэг ил харагдах гэмтлүүд миний биед үүссэн. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний баруун чихний хэнгэрэг цохилтын улмаас хагарсан байна гэсэн онош тавьсан. Намайг Рэгзэн яг ямар шалтгааны улмаас цохисон болохыг би мэдэхгүй байна. Рэгзэн миний биеийн толгойн хэсэгт, зүүн чих, эгэмний хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн шөнө Рэгзэн, Жангарай хоёр манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан,  тэр хоёроос архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, Рэгзэн өөрийгөө удирдаж явж чадахааргүй согтчихсон байсан. Харин Жангарай нь өөрийнхөө хийж буй үйлдлийг мэдэж байгаа байдалтай байсан. Рэгзэн бид хоёрын хооронд урьд өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилмээр байна” гэх  мэдүүлэг /хх-ийн 07-08-р тал/,

      Хохирогч Д.Цэвээний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө гэртээ амарч байсан. Гэтэл шөнө 02:00 цагийн үед Рэгзэн, Жангарай хоёр манай гэрт ирж надаас архи нэхсэн. Би “Архи байхгүй” гэж хэлэхэд “Чамд яахаараа архи байдаггүй юм бэ” гээд миний нөхрийн талаар янз бүрийн асуудлаар ярьсан. Тэгэхээр нь би “Хэл амаар хүнийг доромжлох хуультай шүү” гэж хэлэхэд Рэгзэн “Надад хууль үйлчлэхгүй” гэсэн. Тэгээд Рэгзэн эхлээд намайг түлхсэн. Би “Яагаад намайг түлхээд байгаа юм бэ” гээд Рэгзэнг мөн түлхсэн. Дахиад намайг цохиж миний баруун чихний хэнгэрэг хагалсан. Тэгээд би маргааш нь аймагт ирж Цагдаагийн байгууллагад хандсан. Рэгзэн нь надад учруулсан хохирлоо төлж  барагдуулсан байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,  

           2. Гэрч Б.Жангарайгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Намайг  2017 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 00.00 цагийн орчимд гэртээ унтаж байтал Рэгзэн орж ирсэн. Тэгээд “Чи ахынхаа мотоциклийг унаад нэг айлд хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би “За тэгье” гэж хэлээд орноосоо босч хувцсаа өмсөөд  Рэгзэнгийн мотоциклийг унаад нутгийн айл болох Болдоогийн гэрлүү явсан. Болдоогийн гэрт очсон. Тэдний гэрт ороод Н.Рэгзэн “Уучихаар архи байна уу” гэж асуухад Болдоо “Манай гэрт архи байхгүй байна” гэж хэлэхэд Рэгзэн “Хоёулаа танай гэрт очиж унтах уу” гэж надад хэлэхээр нь би “Тэгье” гэж хэлээд Рэгзэнгийн хамт гэрлүүгээ явсан. Гэтэл замд явж байгаад Рэгзэн “Би нэг хүнтэй уулзмаар байна. Цэвээний гэрт очоодох” гэж хэлэхээр нь би Цэвээн эгчийн гэр лүү явсан. Цэвээн эгчийн гэрт очиход тэднийд  Цэвээн эгч 2 хүүхэд болон ээжийнхээ хамт байсан ба Рэгзэн нь Цэвээн эгчтэй юм ярьж байгааад “Чи миний найзын толгойг залгисан биздээ, алуурчин” гэж хэлэхэд Цэвээн эгч “Нэгэнт өнгөрсөн юмыг юунд нь дурсаад байгаа юм бэ. Алсан байсан ч чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд Рэгзэн баруун гарынхаа араар Цэвээн эгчийн толгойн хэсэгт цохиход Цэвээн эгч ор луугаа унах нь тусаад зогсонгуутаа Рэгзэнтэй барьцалдаад авсан. Тэгэхээр нь би Рэгзэн, Цэвээн эгч хоёрын дундуур орж хоёр тийш нь болгосон. Тэгтэл Цэвээн эгч галын хайч газраас шүүрч аваад Рэгзэнг цохих гэхээр нь би Цэвээн эгчээс галын хайчийг нь булааж аваад газар хаячихаад Рэгзэнг дагуулаад гэрээс гарсан. Гэтэл Рэгзэн “Би Намсрай ахынд очиж хононо, хүргээд өгчихөөч” гэж хэлэхээр нь би Намсрай ахын гэрт хүргэж өгсөн. Рэгзэн манай гэрт ирж надтай уулзах үедээ нилээн согтчихсон байх шиг байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р тал/,

 

            3. Гэрч Б.Нанжидын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний хүү Рэгзэн надад “Манай айл хөрш байсан Цэвэлмаа буюу Цэвээнийг архины халуундаа цохисон” гэж хэлж байсан. Миний хүү Рэгзэн 1981 онд манай 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд бага ахуй цагаасаа эмээ, өвөө хоёрынхоо гар дээр өсч хүмүүжсэн, эрдэм номын мөр хөөлгүйгээр малын захад өссөн хүүхэд юм. Рэгзэн нь шулуун шударга үгтэй, мал ахуйн эрдэм ухаанд сайн суралцсан, олонтойгоо нийтэч, ажилч хичээнгүй гэх мэтчилэн олон сайн талтай хүн юм. Миний хүү Рэгзэн хааяа нэг архи амсдаг бөгөөд миний мэдэхээр сүүлийн 3 жил өвчний улмаас архи амсаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

            4. Гэрч Н.Жавзангийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний хүү Рэгзэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг орчимд адуундаа яваад 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд гэртээ эргэж ирсэн. Рэгзэн гэрт орж ирээд “Би нөгөө найзын адуунаас болоод Цэвээнтэй маргалдаж байгаад цохичихлоо” гэж хэлэхээр нь би “Чи яахаараа эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ” гэж загнаж зэмлэсэн. Миний хүү Рэгзэн нь сургууль соёлд сураагүй ч гэсэн хүнээс дутахааргүй сайн хүн болж өссөн. Рэгзэн бага ахуй цагаасаа малын захад өссөн болохоор өрөвч нинжин сэтгэлтэй, хүний ажлыг өөрийнхөө хийх ёстой ажил шиг бодож хийдэг, найз нөхөд олонтой, олны дунд биеэ зөв авч явдаг зэрэг магтаад байвал олон сайн зан чанартай хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

            5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №228 дугаартай шинжээч эмчийн: “Иргэн Д.Цэвээний биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, чихний дэлбэнд шалбарсан шарх, зүүн бугалганд хар хөхөрсөн эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,

            6. Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн засаг дарга Н.Анхбаярын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 292 тоот тодорхойлолт /хх-ийн 29-р тал/,

            7. Шүүгдэгч Н.Рэгзэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/

            8. Шүүгдэгч Н.Рэгзэн, хохирогч Д.Цэвээн нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 49-р тал/,

            9.  Шүүгдэгч Н.Рэгзэнгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... би “ Жангарайгаар мотоциклоо бариулъя” гэж бодоод Баяраагийн гэрлүү орсон. Тэгээд Жангарайг сэрээгээд “Ахыгаа Болдоогийн гэрт хүргээд өг” гэж хэлээд өөрийнхөө мотоциклийн түлхүүрийг Жангарайд өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн орчимд сэрэхэд Намсрай ахын гэрт байсан. Намсрай ахын гэрт байх үеэр Жангарай миний мотоциклийг хүргэж ирээд “Та өчигдөр Цэвээн эгчийг зодсон” гээд болсон үйл явдлын талаар надад ярьж өгсөн. Би Баяраагийн гэрт ороод Жангарайг сэрээгээд өөрийнхөө түлхүүрийг өгснөөс хойш ямар ямар газраар явсан болон яаж Намсрай ахын гэрт очсон болохоо санахгүй байна. Би яг ямар шалтгааны улмаас Цэвээнтэй маргалдаж байгаад Цэвээнийг зодсон болохоо санахгүй байна. Гэхдээ өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна. Би 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хоодоо, Цэдэнгомбо, Болдоо нартай Болдоогийн гэрт 2 шил, Намсрай ахын гэрт 2.5 литерийн нэг сав пиво хувааж ууж байснаа санаж байна. Түүнээс өөрөөр тухайн өдөр ямар нэгэн архи, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн эсэхээ санахгүй байна. Цэвээн бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа, өс хонзонгийн зүйл байгаагүй. Би Цэвээнд учирсан хохирол, гомдлыг барагдуулж өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.Рэгзэн нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Цэвээнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Цэвээнийг зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Цэвээний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Жангарайгийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №228 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Н.Рэгзэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цэвээний бие махбодид  Баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

                 Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Н.Рэгзэнгийн дээрхи үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, прокуророос яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхэд хянан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль/ шинэчилсэн найруулга/, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус тус хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах  шаардлага бий болж байна.

                    2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “  үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

                    Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон өмнө үйлчилж байсан хуулийн аль хөнгөнийг хэрэглэх ойлголт бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хамаарч оногдуулах ял нь хөнгөрсөн байх тул шүүгдэгч Н.Рэгзэнгийн үйлдсэн гэмт хэргийг  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж дүгнэв.

                  Хохирогч Д.Цэвээн нь шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Рэгзэнгээс  нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

                  Шүүгдэгч Н.Рэгзэн энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Нур долоо овгийн Нанжидын Рэгзэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг хөнгөрүүлэн  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэг болгон өөрчилсүгэй .

            2. Шүүгдэгч Нур долоо овгийн Нанжидын Рэгзэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рэгзэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Н.Рэгзэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Рэгзэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН