| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03026/И |
| Дугаар | 102/ШШ2022/03677 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03677
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С аймаг,З сум, дүгээр баг, Жын дугаар гудамжны тоотод тоотод оршин суух Б овогт Ч А /РД:00000000/,
Нэхэмжлэгч: С аймаг,З сум, дүгээр баг, Жын дугаар гудамжны тоотод тоотод оршин суух, Б овогт Г Л /РД:0000000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Арвай хотхоны блок байрны тоотод оршин суух, Ж овогт Ш О /РД:00000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ч.А, Г.Л,
нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.С,
хариуцагч Ш.О,
хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.А, Г.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ч.А, Т.Л нар хамтран 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийнЗ сумын иргэн О.У 2.4 га ногооны талбайг түрээслэн лууван тариалсан. Гэтэл 2021оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын харьяат иргэн Ш.О нь бидний лууван тариалсан талбайд трактороор хагалгаа хийж, дахин ургац авах боломжгүй болгож хохирол учруулсан. Тухайн цаг хугацаанд сум орон нутгийн хөдөө аж ахуй, газрын албаны ажилтнуудад хандан, газар дээр нь хэмжилт хийж үнэлгээ хийлгэхээр дуудан ирүүлсэн. Гэвч Ш.О нь харилцан тохиролцож гэрээ байгуулан, бидэнд учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэлт гаргасан тул харилцан зөвшилцөлд хүрч 2 талаасаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлж барагдуулахаар 40,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, хохирол барагдуулах сүүлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж тохиролцсон боловч одоо хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Түүнээс хойш Ш.Оийн 99159974, 90159974 дугаарын утас руу удаа дараа залгасан боловч хариу огт өгөөгүй, мөнгөө нэхэж мессеж бичсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй болно.
2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ш.О нь С аймгийнЗ суманд ирэх үедээ Ч.Ат төлбөрийн урьдчилгаа 500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж өгсөн байдаг. Бидний тарьсан байсан лууван 2021 оны 06 дугаар сарын 21-ний байдлаар ургацын хэмжээ 15-18 см соёололттой байсан, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ургацаа хурааж эхэлдэг бөгөөд луувангийн ханш газар дээрээ 40 кг 1 шуудай нь 40,000 төгрөгөөс 45,000 төгрөгөөр зарагддаг юм. /Ургацын гаралт жилийн дунджаар 1 га талбайгаас хамгийн багаас бодоход 800 шуудай, нэг шуудайд 40 кг ордог/ хураадаг гэж тооцвол бидний хамтран тарьсан 2,4 га талбайгаас 1920 шуудай лууван хураах боломжтой, үнийн дүнгээр 1920 шуудай лууванг 40,000 төгрөгөөр үржүүлбэл 76,800,000 төгрөгийн орлого олох байсан боломжийг 2 дахин багасгаж, төлбөрийг 40,000,000 барагдуулахаар тохирсон юм.
Анх шүүхэд нэхэмжлэгч нар нь хамтдаа 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байсан. Үүнээс нэхэмжлэгч Г.Л нь хариуцагчаас 10,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.А нь хариуцагчаас 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хариуцагчаас авсан 500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 29,500,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.У харилцан тохиролцож, тариалалт хийх газраа заалгаж авсан. Надад өөрийнхөө байрны урьд хэсгийн талбайг зааж өгсөн. Би тухайн газарт ногоо тарьсан гэдгийг мэдээгүй. Хагалсны дараа соёолсон хэсэг нь харагддаг. Өнгөц харахад зэрлэг ургасан юм шиг талбай харагдаж байсан тул хагалсан. Маргааш нь талбай дээр яваад очтол нэхэмжлэгч талбай сүйтгэсэн байна гэж над руу уурласан. Би мэргэжлийн хүмүүсийг дуудан үзүүлэхэд лууван тарьсан байсан байна. Лууван нь дөнгөж ургаж эхэлж байсан байна гэсэн. Би нэгэнт тариалалт хийсэн тул хэдүүлээ хамтарч ногоогоо усалж, харж хамгаалъя, миний ургац сайн байвал та нарт өгөх төлбөр барагдана гэж харилцан тохиролцон, нэхэмжлэгч нарт нийт 40,000,000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан.
2021 оны 7,8 сард хур тунадас маш ихээр орж, манай ногоо тарьсан газар үерт автсан. Мөн би тухайн үед хэсэг жижиг газар малын тэжээл тарьчихсан байсан. Тэжээл болсон үед маш их үнэр, амт гардаг учраас тэжээлийн амтыг авсан мал салдаггүй. Хашаатай байсан боловч мал уг хашааг эвдэж орсон. Бид морь болон мотоциклоор тал бүрээс нь хамгаалахаар оролдсон боловч мал орж, нэг өдрийн дотор тариалалт хийсэн талбайг юу ч үгүй болсон.
Би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгчихсөн байгаа. Одоогоор ажилгүй байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас болж хохирол учруулсан. Би Хаан банкнаас 35,000,000 төгрөг, Банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн зээл авчихсан байсан. Тухайн үед хагалгаанд орж, ажлаа өгөөд зээлээ төлөх боломжгүй болсон. Би байр, машинаа бүгдийг нь зарсан. Одоогоор түрээсийн байранд байгаа. Би 15 000 000 төгрөгийг нь төлж барагдуулах саналтай байна гэв.
3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, харилцан тохиролцсон гэрээ /хх-5/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6,7/, гэрэл зураг /хх-8-10/, С аймгийн З сумын хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт /хх-11/, С аймгийнЗ сумын Ж дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-12-13/, С аймгийнЗ сумын хөдөө аж ахуйн тасаг /хх-14/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-15-38/, Зээлийн гэрээ /хх-39-41/, Барьцааны гэрээ /хх-42-44/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-47-48/, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-49/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч нь хариу тайлбар /хх-59-60/, хүсэлт /хх-61/, тодорхойлолт /хх-62/, гэрэл зураг /хх-63-75/, хүсэлт /хх-76/, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-77-78/, төлбөр төлөх хуваарь /хх-79/, тодорхойлолт /хх-96-97/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А, Г.Л нар нь хариуцагч Ш.От холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгч Г.Л нь хариуцагчаас 10,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.А нь хариуцагчаас 30,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч Ч.А нь нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, 29,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийнЗ сумын иргэн О.У 2.4 га ногооны талбайг түрээслэн, уг талбайд лууван тариалсан. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын харьяат Ш.О нь бидний лууван тариалсан талбайд трактороор хагалгаа хийж, дахин ургац авах боломжгүй болгож хохирол учруулсан. Гэвч Ш.О нь бидэнд учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэлт гаргасны дагуу нийт 40,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд бидний хохирлыг барагдуулахгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч нарын лууван тариалсан талбайг хагалж, хохирол учруулсан үйл баримтын талаар маргахгүй. Тухайн үед нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож, 40,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Үүнээс Ч.Ат 500,000 төгрөгийг төлсөн. Тухайн жил хур тунадас их орж, тариалалт хийсэн талбай үерт автсан, ...мөн тариалалт хийсэн талбайд мал орж, ургац авах боломжгүй болгосон, ...миний бие өвдөж, хагалгаанд орсны улмаас банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч, байр машинаа өгсөн. Одоо 40,000,000 төгрөг төлөх боломжгүй байх тул 15,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримт болох талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Харилцан тохиролцсон гэрээ гэх баримт болон С аймгийнЗ сумын хөдөө аж ахуйн тасгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18,19 дугаартай тодорхойлолт, С аймгийнЗ сумын Ж дүгээр багийн засаг даргын тодорхойлолт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Ч.А, Г.Л нар нь С аймгийнЗ сумын Ж дүгээр багийн нутаг дэвсгэрт 2,4 га талбайд 2021 онд лууван тариалсан байна.
4.2 Хариуцагч Ш.О нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нарын лууван тарьсан газрыг дахин боловсруулж, нэхэмжлэгч нарыг тариалсан луувангаа авах боломжгүй болгосон байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохиролд 40,000,000 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
5. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...нэхэмжлэгч нарын лууван тариалсан газарт дахин боловсруулалт хийж ногоо тариалсан боловч уг газар үерт автсан, мал орж ургац авах боломжгүй болгосон, мөн эрүүл мэндийн байдал болон бусдад төлөх төлбөрийн улмаас 15,000,000 төгрөг төлөх боломжтой буюу нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан.
6.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан этгээдээс шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын тариалсан лууван цаашид ургах боломжгүй болсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар нь хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.
7.Талуудын хооронд байгуулагдсан Харилцан тохиролцооны гэрээ гэх баримтаар талууд нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хэмжээг 40,000,000 төгрөг гэж тохиролцон, уг хохирлыг хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч нарт төлөхөөр үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
8.Хариуцагч нь нэхэмжлэгч нарт төлөхөөр тохиролцсон дээрх төлбөрөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэх 39,500,000 төгрөгийг төлөөгүй байна.
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ш.Оээс 500,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд 500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
9.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ш.Оээс 29,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ат, 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 305,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ат, 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Оээс 29,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ат, 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд тус тус олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 305,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ат, 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА