| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/02386/И |
| Дугаар | 102/ШШ2022/04416 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/04416
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, ө хороолол, 00 дүгээр байр, 00 тоотод байрлах, П /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:00 дүүрэг, 00 дүгээр хороо, ү гудамж, 00 байр, 00 тоотод оршин суух, М овогт Д-н О /РД:АД800000/,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, н гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, С овогт Б-ийн О /РД:АД 000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г доголдолтой Tоyota harrier маркийн суудлын автомашинд холбогдох хэсгээр цуцалсан тул хариуцагч нараас тус автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг, учирсан хохиролд 30,000,000 төгрөгийг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д ,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон.
1.1.Нэхэмжлэгч П нь хариуцагч Б.О 2020 оны 08 сарын 27-ны өдөр 09 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г, хариуцагч Д.О 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г тус тус байгуулсан болно.
1.2 Тус гэрээний 1.2, 5.6-д заасны дагуу С дүүргийн -р хорооны блок цогцолбор хорооллын дүгээр блокийн давхрын 47.71 м.кв талбай бүхий тоот болон давхрын 64 м.кв талбай бүхий тоот орон сууцнуудыг бартерийн 3 автомашинууд болон зөрүү төлбөр төлөхөөр тохиролцсон болно.
1.3.Хариуцагч Б.О ,Д.О нар нь 2020 оны 08 сарын 17-ны өдөр болон тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 85,000,000 төгрөгийн төлбөрт ZSU00000000000 арлын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгөтэй, Toyota harrier маркийн суудлын автомашиныг итгэмжлэл (дугааргүй автомашиныг шууд худалдах зорилготой байсан)-ээр өгсөн.
1.4.Нэхэмжлэгч нь Д ХХК-тай байгуулсан 2020 оны 04 сарын 03-ны өдрийн Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлэн авах орон сууцнуудаас хариуцагч нарт худалдсан бөгөөд зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр, бартераар тохиролцож, улмаар бартерт авсан автомашинуудыг тэр даруй буцаан худалдаж, мөнгийг нь компанийн төлөвлөсөн ажил руу оруулж, ашиг олох зорилготой байсан.
1.5.Гэтэл хариуцагч Б.О ,Д.О нараас гэрээний 85,000,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн ZSU0000000000 арлын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгөтэй Toyota harrier маркийн суудлын автомашиныг 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс хойш худалдах зорилгоор зар тавьж, олон хүмүүст үзүүлсэн боловч ... осолд орж, эвдэрч байсан, олон асуудалтай буюу доголдолтой машин байна гэсээр өнөөдрийг хүртэл хэн ч худалдаж авсангүй, 85,000,000 төгрөгийг түгжсэн байдалтай, гаражид хадгалаастай, итгэмжлэлийн хугацаа нь дуусгавар болсон байдалтай байна.
1.6.Нэхэмжлэгч тал нь автомашиныг У ХХК-аар дамжуулан худалдахаар үйлчилгээ авах явцад мөн л осолд орж, эвдэрч байсан машин байна гээд https://1000mashin.mn/ гэх вэб сайтаас 25,000 төгрөг төлж, автомашины арлын дугаараар шалгуулж, Toyota harrier маркийн суудлын автомашины аукционы хуудсыг гаргуулан авсан. Уг аукционы бичигт SR (люк), AW (хайлшин обуд), РS (гидртэй рулийн аппарат), РW (автомат цонх өргөгч), навигейшн, аюулгүйн дэр хэсгийг үнэлгээчний тэмдэглэл хэсэгт хүчингүй гэж тэмдэглэсэн, автомашины зураг дээр зүүн урд тал болон хажуу талаас осолд орсныг, Үнэлгээчний өгсөн сөрөг мэдээлэл хэсэгт хэвийн бус байдалтай гэсэн тэмдэглэлтэй байсан.
Мөн автомашиныг 2022 оны 04 сарын 27-ны өдөр Дельта авто сервис ХХК-ийн засварын Оношилгоонд оруулахад, уг оношилгоогоор амортизатор гулзайсан, цап гулзайсан, цуурсан, доод гар гулзайсан, доод өндгөн тулгуур солих, тэнхлэг тохиргоо хийх гэсэн байна.
Нэхэмжлэгч нь автомашиныг доголдолтой болохыг 2020 оны 10 сард мэдсэн даруйдаа хариуцагчД.О , Б.О нарт мэдэгдэж, автомашиныг солих, эсвэл автомашины үнийн дүнг тодорхой хувиар буюу 30,000,000 төгрөгөөр бууруулж, уг 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, эсвэл 85,000,000 төгрөгөө өгөөд автомашинаа буцаан ав зэрэг шаардлагуудыг хэлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд автомашины доголдлыг арилгах, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох талаар ямар ч арга хэмжээ аваагүй, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэрлээгүй, хохироосоор байна.
Иймд бид гэрээний доголдолтой автомашин болох Toyota harrier маркийн автомашинд холбогдох хэсгээс татгалзаж, энэ талаар хариуцагч нарт 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдсэн болно.
1.7 Гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2 жил гаруй хугацаанд уг автомашины доголдлыг арилгаагүй, доголдолгүй автомашинаар сольж өгөөгүй, үүнээс шалтгаалан нэхэмжлэгч нь тухайн автомашиныг худалдан борлуулж мөнгөө гаргаж авах боломж олдоогүй тул хохиролд 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэхүү хохирлыг тооцохдоо Монгол банкны зээлийн хүүгийн дунджаар тооцож гаргасан байгаа.
1.8 Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.2 дахь хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г доголдолтой Tоyota harrier маркийн суудлын автомашинд холбогдох хэсгээр цуцалсан тул тус автомашиныг хариуцагч нарт буцаан өгч, хариуцагч нараас Tоyota harrier маркийн автомашины үнэ 85,000,000 төгрөгийг, хохиролд 30,000,000 төгрөгийг, шинжээчийн зардал болох 275,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, тайлбар гаргаж байна. Үүнд:
2.1 Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2020 оны 08 сарын 17-ны өдөр 09 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, тус орон сууцны үнэд 3 ширхэг автомашин өгч, үлдэгдэл төлбөрт 13,550,000 төгрөгийг тус тус шилжүүлэх байдлаар үнийг төлж дуусгасан. Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байна.
2.2.Иргэний хуулийн 251-р зүйлд зааснаар гэрээний зүйлд доголдол байна уу, байхгүй юу гэдгийг шалгах үүрэг нэхэмжлэгчид байсан. Мөн хэрвээ эд хөрөнгийн доголдол байгаад түүнийг хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ алддаг хуулийн зохицуулалт байдаг. Уг автомашиныг хүлээн авах үедээ Гаалийн мэдүүлгээр аваар осолд орж байсан уу, миллийг нь ухраасан уу, үзлэг оношилгоонд оруулах боломжтой байсан юм уу гэдгийг нэхэмжлэгч талын хамаарал бүхий этгээдүүд болох н.Б, н.С хоёр нягталж шалгаж авах боломжтой байсан.Гэтэл нэхэмжлэгч нь дээрх 3 автомашины 1 болох Toyota harrier маркийн автомашины үнэ 85,000,000 төгрөгт тооцон өгснийг доголдолтой байсан гэж үзэн уг автомашинд холбогдох хэсгээр гэрээг цуцалсан гэж тайлбарлан, үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3.Тухайн автомашиныг шилжүүлэх үед ямар нэгэн эвдрэл гэмтэл болон биет байдлын доголдол байхгүй байсан гэж үзэж байна. Манай талаас Монгол улсад орж ирээд яваагүй, дугаар аваагүй автомашиныг өгсөн бөгөөд нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхөд ямар нэгэн доголдол байгаагүй, нэхэмжлэгч тал ч хүлээн авахдаа үзэж хараад л авсан. Харин энэ машиныг нэхэмжлэгч тал авснаас хойш уг машин нь н.Бн эзэмшилд байсан. н.Б нь тухайн машиныг эзэмшилдээ байлгаж байхдаа 00-00 УНГ дугаар аваад ашиглаж байсан бөгөөд тухайн эд хөрөнгийг өөрсдийнхөө өмчлөлд авснаас хойш 1 жил 6 сарын дараа оношилгоо хийлгэж байгаа нь өөрсдийнх нь эзэмшилд байх хугацаанд машин эвдэрсэн байх боломжтой гэж үзэж байна.
2.4. Нэхэмжлэгч тал нь хариуцагч нарт талуудын хооронд байгуулагдсан гэрээг маргаан бүхий автомашинтай холбоотой хэсгээр цуцлах санал тавьж байгаагүй тул гэрээ цуцлагдаагүй гэж үзэж байна.
2.5.Д ХХК-ийн тодорхойлолтодД.О , Б.О нартай ямар нэгэн өр авлагын тооцоо байхгүй гэсэн тодорхойлолт байгаа.
2.6.2022 оны 7 сарын 7-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний гаргуулах шүүгчийн захирамж байгаа. Энэ захирамжаар хөрөнгийн үнэлгээний газраас үнэлгээ хийхэд энэ машин нь 2,600,000 төгрөгийн эвдрэл гэмтэлтэй гэж гарсан. Шинжээч очоод дүгнэлт гаргахад номерыг нь авчихсан байсан.
2.7.30,000,000 төгрөгийн хохирол гэх үнийн дүнг яаж гаргаж ирсэн үнийн дүн юм бэ?. Ямар баримт дээр үндэслэж гарч ирсэн болох нь ойлгомжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, С.Сн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №9 Орон сууц захиалгын гэрээ /хх-7-9/, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №10 Орон сууц захиалгын гэрээ /хх-10-12/, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ /хх-13-18, итгэмжлэл /хх-19/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-20-21/, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-22/, С.Сн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, Делта авто сервис ухаалаг оношилгоо /хх-24/, ажлын хуудас /хх-25/, НӨАТ-ын баримт /хх-26/, гэрэл зураг /хх-27-29/, Аукционы япон хэл дээрх бичиг /хх-30/, осол одоо байгаа байдлын булан /хх-31/, мэдлэг аукционы бичгийн тайлал /хх-32-34/, фэйсбүүк зурвас /хх-93-101/, гүйлгээний баримт /хх-102/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-115/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-117-121/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-122-124/, Монгол банкны албан бичиг /хх-147, 149-150/, өмгөөлөгч Б.Бн албан бичиг /хх-148/, зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.
4.Хариуцагч талаас хэрэгт итгэмжлэл /хх-44/, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-45/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-46/, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №10 Орон сууц захиалгын гэрээ /хх-47-49/, Д ХХК-ийн тодорхойлолт /хх-50/, итгэмжлэл /хх-51-54/, П -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №19/11 тоот ажилд томилох тухай тушаал /хх-60/, зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх талуудын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний тайлан /хх-74-84/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг /хх-132/, үзлэгийн тэмдэглэл /хх-133-144/, фэйсбүүк зурвас /хх-135-142/, гэрчийн мэдүүлэг /хх-143-146/, зэрэг баримтыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П нь хариуцагч Б.О ,Д.О нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г Tоyota harrier маркийн суудлын автомашинд холбогдох хэсгээр цуцалсан тул хариуцагч нараас тус автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг, учирсан хохиролд 30,000,000 төгрөгийг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг: Хариуцагч нараас Tоyota harrier маркийн суудлын автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 9 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу шилжүүлэн өгсөн Tоyota harrier маркийн суудлын автомашин нь биет байдлын доголдолтой байсан, энэхүү доголдлыг мэдсэнээс хойш уг доголдлыг арилгуулах талаар удаа дараа сануулахад хариуцагч нарын зүгээс арилгаж өгөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээний доголдолтой хэсгээр гэрээнээс татгалзаж, энэ талаар хариуцагч нарт мэдэгдсэн. Иймд хариуцагч нараас уг доголдолтой автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар тайлбарлаж байна.
1.2 Хариуцагч нар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ...Нэхэмжлэгчтэй дээрх гэрээг байгуулсан, гэрээний төлбөрт тооцон 3 ширхэг автомашин шилжүүлэн өгсөн үйл баримтад маргахгүй. Харин шилжүүлж өгсөн автомашины нэг болох Tоyota harrier маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үед доголдолтой байгаагүй, нэхэмжлэгч тал авахдаа шалгаж авсан, уг автомашины доголдол нэхэмжлэгч нарын эзэмшилд очсоноос хойш бий болсон байх гэж үзэж байна. Учир нь уг автомашиныг нэхэмжлэгч тал аваад дугаар зүүж унаж байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ тухайн автомашинтай холбоотой хэсгээр цуцлагдаагүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
1.3 Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнүүд, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэл, гаалийн мэдүүлэг зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд
1.3.1. Талууд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалгын 9 болон 10 тоот гэрээнүүдийг байгуулж, нэхэмжлэгч П нь Д ХХК-ийн барьж ашиглалтад оруулж байгаа С дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай блок цогцолбор хорооллын дүгээр блокын дүгээр давхрын 47.71 м.кв талбайтай 18 тоот орон сууц болон дугаар давхрын 64 м.кв талбайтай тоот орон сууцыг хариуцагч нарт худалдах, хариуцагч нар нь тус 2 орон сууцны үнэд тооцон Ford explorer маркийн автомашин, Toyota harrier маркийн автомашин, Toyota crown маркийн автомашиныг тус тус өгч, зөрүү төлбөрт 13,550,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
1.3.2. Зохигч уг гэрээний төлбөрт шилжүүлсэн Toyota harrier маркийн автомашин биет байдлын доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгч талын санаачилгаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ доголдолтой гэх автомашинд холбогдох хэсгээр цуцлагдсан эсэх талаар маргаантай байна.
1.4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 274.3 дахь хэсэгт арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэжээ.
1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр талуудын маргааны зүйл болох Toyota harrier маркийн автомашинд баруун урд цап хагарсан, баруун урд доод гар гулзайсан, доод өндгөн тулгуур гулзайсан эвдрэл гэмтэл байгаа болохыг тогтоож, уг эвдрэл гэмтлийг засварлах зах зээлийн үнийг 2,600,000 төгрөг гэжээ.
Маргааны зүйл болох Toyota harrier маркийн автомашиныг Монгол улсад орж ирээд, дугаар аваагүй байхад хариуцагч нар нь нэхэмжлэгчид итгэмжлэл олгон, шилжүүлсэн байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч тал автомашины гэрчилгээг гаргуулан аваагүй, итгэмжлэлийн хугацаа дууссан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд уг автомашиныг нэхэмжлэгч тал итгэмжлэлийн дагуу өөрийн нэр дээр бүртгүүлэн, дугаар аваагүй буюу ашиглаагүй гэж үзэхээр байх тул хариуцагч талын нэхэмжлэгч нь дугаар зүүж ашиглаж байсан бөгөөд ийнхүү ашиглах явцдаа эвдрэл бий болсон гэх үзнэ гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
1.6.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нар нь нэхэмжлэгчид уг автомашиныг хүлээлгэн өгөх үед биет байдлын доголдолтой байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг биет байдлын доголдолгүй автомашин шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана гэжээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг хүлээн авах үедээ уг автомашиныг биет байдлыг доголдолтой эсэх талаар оношилгоо хийлгэх боломжтой байхад хийлгэхгүйгээр уг тээврийн хэрэгслийг хүлээн авсан байна.
Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн автомашины доголдолтой холбогдуулан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй талаар заасан.
Хариуцагч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй автомашиныг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч уг үүргийн зөрчил нь 2,600,000 төгрөг буюу автомашины үнэ 85,000,000 төгрөгийн 3,2 хувьтай тэнцэж байх тул хариуцагч нарыг биет байдлын доголдолгүй автомашин шилжүүлэх үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний Toyota harrier маркын автомашинтай холбоотой хэсгээр татгалзсан татгалзал нь дээрх хуульд нийцээгүй байна.
1.7. Мөн нэхэмжлэгч тал нь гэрээний холбогдох хэсгээс татгалзахдаа Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмыг баримталсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний Toyota harrier маркын автомашинд холбогдох хэсгээр гэрээнээс татгалзсан татгалзал нь хуульд нийцээгүй тул хариуцагч нараас уг автомашины үнэ 85,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Хоёр: Хохиролд 30,000,000 төгрөг, шинжээчийн зардалд 275,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа ...гэрээ байгуулснаас хойш 2 жил гаруй хугацаанд хариуцагч нар нь Toyota harrier маркийн автомашины доголдлыг арилгаагүй, доголдолгүй автомашинаар сольж өгөөгүй тул нэхэмжлэгч нь тухайн автомашиныг хурдан борлуулж, мөнгөө гаргаж авах боломж олдоогүй, нэхэмжлэгч нь автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг банкны хадгаламжид хадгалуулсан тохиолдолд 30,000,000 төгрөгийн хүүний орлого олох боломжтой байсан гэж тайлбарлан, Монгол банкны 2021, 2022 оны хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл гэх баримтыг хавсаргасан байна.
2.2. Хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэх агуулгаар тайлбарлан маргав.
2.3. Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болох Toyota harrier маркийн автомашины доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэнээс гадна, уг доголдолтой холбогдуулан гэрээний холбогдох хэсгээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал хуульд нийцээгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь уг доголдолтой холбогдуулан Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй байна.
2.4. Түүнчлэн, хариуцагч нар нь биет байдлын доголдолтой автомашины хариуцагч нарт шилжүүлэн өгснөөс нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд Монгол банкны хадгаламжийн хүүний мэдээлэл гэх баримтаар нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.
2.5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох Toyota harrier маркийн автомашины доголдлын талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д ажлын хөлс болох 275,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд уг мөнгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 275,000 төгрөг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд хамаарах бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх 275,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
3.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П -ийн хариуцагч Б.О ,Д.О нарт холбогдуулан гаргасан Toyota harrier маркийн автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг, учирсан хохиролд 30,000,000 төгрөгийг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О ,Д.О нараас Toyota harrier маркийн автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг, учирсан хохиролд 30,000,000 төгрөгийг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч П -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 892,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА