Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/03650

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 00 дүгээр хороо, Т 0 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын Б /РД:ФА000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Д гудамж, өөрийн байранд байрлах, У /РД:00000/,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Д гудамж, У ХХК-ийн байр 0 тоот хаягт байрлах, Д ХХК /РД:000000/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б,

хариуцагч У -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,

иргэдийн төлөөлөгч Л.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна

1.Нэхэмжлэгч Г.Б нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х дүүргийн  дүгээр хороо нутаг дэвсгэрт 00-00 УНӨ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэлд суун, уулын уруу халтиргаатай замаар уруудаж явахдаа хариуцагч У ХХК болон Д ХХК-ийн барьж байсан Х хотхоны барилгын суурийн нүх болон барилгын хананы завсарт унасан осол гарсан бөгөөд ослын улмаас 2 хүн амь насаа алдаж, 5 хүний биед гэмтэл учирсан билээ.

2.Энэхүү хэргийг хянасан Тээврийн прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 267 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ...Х дүүргийн -р хорооны нутаг Зайсангийн хорих ангийн зүүн талын уулын шороон замд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр жолооч З.Н нь 00-00 УНӨ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 21./а,б/-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас баригдаж буй барилгын гадуурх хашааг мөргөж улмаар барилгын ухсан нүхэнд унаж онхолдсоноос жолооч З.Н , зорчигч Э.Д нарын амь нас хохирсон, Э.Гн биед хүнд , Г.Б , Н.Эг, Э.Ц нарын биед хүндэвтэр, Х.Хн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэг болон техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон боловч холбогдогч З.Н нь өөрөө нас барсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул ......Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

3.Дээрх ослын улмаас Г.Б надад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3939 дугаартай актаар хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоосон.

4.2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...зорчих хэсгийн баруун захаас баригдаж байгаа барилгын төмөр хашаа хүртэл 2.90м, уг шороон зорчих хэсгийн зүүн захаас зорчих хэсгийн зүүн талын төмөр сараалжин хашаа хүртэл 2.10м, уг баригдаж байсан барилгын суурь тавьсан хундамны хэсэг рүү унасан авто машиныг зогсож буй байдлаар нь байрлуулан урд болон хойд дугуйнаас баригдаж буй барилгын төмөр хашаа хүртэл хэмжилт хийхэд 00-00 УНӨ улсын дугаартай авто машины зүүн урд дугуйнаас төмөр хашаа хүртэл 3.10м, зүүн хойд дугуй 3.10м хэмжээтэй байх бөгөөд уг авто машин нь бүрэн эвдрэлтэй харагдаж байв. ..../жич: Уг уулийн уруу явсан шороон зам нь ойролцоогоор 40-60 орчим градусын налуу байсан бөгөөд уг баригдаж байгаа барилгын төмөр хашаа нь барилга баригдаж буй ямар нэгэн анхааруулах тэмдэг тэмдэглэгээ болон ямар нэгэн хаалтгүй байсан болно/ гэсэн байна.

5.Мөн дээрх тэмдэглэлийн Зам орчны байдлыг тодорхойлоход уг барилгын ажлын хундамны хашааны гаднах зорчих хэсэг буюу тухайлбал зүүнээс баруун тийш чиглэсэн зам нь шороон, уулын уруу, налуу, халтиргаатай зам байсныг тэмдэглэжээ.

6.Үүнээс үзвэл тухайн газар барилгын үйл ажиллагааг явагдаж байгааг илэрхийлсэн, хүний аюулгүй байдлын хангасан ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ, анхааруулга зэргийг хашааны гадна болон ойролцоо ил газарт байрлуулаагүйгээс гадна уулын уруу налуу халтиргаатай, мөн уг уулын уруу явсан машин замтай газар барилга барьсан боловч хашааны гадна шороон болон бусад хамгаалалт тавиагүйгээс үүдэн дээрх осол гарч хүний амь нас хохирсноор барахгүй зарим зорчигчид хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

7.Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч У ХХК болон Д ХХК нарыг барилгын ажлыг норм, дүрмийн дагуу гүйцэтгээгүй гэж үзэж өөрийн эрүүл мэндийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд 3,023,442 төгрөгийг, ажилгүй болж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас олох байсан орлогод 8,072,000 төгрөг, нийт 11,095,442 төгрөг нэхэмжилснээс ослын дараа У -ийн захирал Н.Лс өгсөн 1,000,000 төгрөгийг хасч, 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

8.Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эрүүл мэнд ..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч У -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани зүгээс нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани Д ХХК-тай гэрээ байгуулж, тухайн газар дээр бүх зөвшөөрөл авч барилга эхэлсэн байсан. Тухайн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Барилгын ажил өвлийн улирал байсан учир бүрэн зогссон байсан. Барилгын ямар нэг дүрмийн заалт зөрчөөгүй. Барилгын ямар нэг дүрэм зөрчсөн талаар мэргэжлийн байгууллагын акт гараагүй байгаа. Тухайн гэмт хэрэг жолоочийн буруугаас болсон талаар цагдаагийн байгууллагаас тогтоож, Прокурорын тогтоол гарч хэрэг хэрэгсэхгүй болсон. Тухайн үед машин замгүй газраар, жолооч орчныхоо нөхцөл байдал тохируулахгүй явж байсан учир баримжаагаа алдаж хашааг мөргөж унасан. Энэ талаар акт дээр тусгагдсан. Ийм нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б д 1,000,000 төгрөг өгсөн Лхагвасүрэн захирал одоо тэтгэвэртээ гарсан. Г.Б ирж уулзахаар эмэгтэй хүн учир хувийн зүгээс 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн гэдэг гэв.

 

3.Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь тухайн барилгын захиалагч байсан бөгөөд Барилгын тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу холбогдох төрийн байгууллагаас 2013 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 137/2013 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Тухайн үед холбогдох зөвшөөрлийг авч барилгын ажлыг гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж барьсан. Аливаа хууль дүрмийг зөрчөөгүй. Тухайн осол нь зам тээврийн осол байсан гэдэг нь Тээврийн Прокурорын 2014 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 267 дугаар тогтоолоор тогтоогдсон байдаг. Тухайн тогтоолоор жолооч нь замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарыг хэтрүүлэхгүй сонгож явна гэж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоогдсон тооноос олон хүн зориулалтын бусаар хүн тээвэрлэсэн гэх тухайн үед хүчин төгөлдөр байсан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан. Мөн үзэгдэх орчин буюу 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед нар жаргасан байдалтай үзэгдэх орчин хязгаарлагдмал, тухайн машин техникийн шаардлага хангаагүй буюу зуны дугуйтай явж байсан. Зуны дугуйтай явж байсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

Барилгын түр хашааны тухайд барилгын сэрэмжлүүлэх хашаанд хүний биед хортой болон аюул осол үйлдвэрийн нөхцөлтэй нутаг дэвсгэр ба барилгын талбайд хүн орж үл болох хязгаарын тэмдэглэл буюу хүмүүст сэрэмжлүүлэх зорилготой түр хашааг барьдаг. Д ХХК-ийн зүгээс барилгын норм нормативыг зөрчөөгүй. Зам тээврийн осол байсан. Жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж хоёр хүний амь нас эрсдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Уг хэрэгт хариуцагч У ХХК нь барилгын ажил гүйцэтгэхдээ барилгын норм, дүрмийг сайн биелүүлж ажиллаагүй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-6/, итгэмжлэл /хх-7/, Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол /хх-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-9/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-12/, Зам орчны байдал /хх-13/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-14/, гэрэл зураг /хх-15-16/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-17-28/, Эмгэг гистологийн шинжилгээний илгээлт /хх-29-30/, Улаанбаатар хотын банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-31/, Баянгол, Х , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-32-33/, итгэмжлэл /хх-58/, Д ХХК-ийн Түшээ гүн аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний барилгын цогцолбор эскиз /хх-135-136/, үр хөндөлтийн түүх /хх-137/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-138/, гар бичмэл /аа-139/, Өвчний түүх /хх-140/ Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-141-148/, кассын орлогын ордер /хх-149/, Өвчний түүх /хх-150-158/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-159/, Өвчний түүх /хх-160-165/, Өвчний түүх /хх-166-172/, мэс заслын тэмдэглэл /хх-173/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-174/ хамтран ажиллах гэрээ /хх-177/, Гн Б 2014 оны 1 сарын орлогын тооцоо /хх-178-179/, тооцооны баримт /хх-180-189/, Нуруу нугас, эмчилгээний бариа заслын төв гэх гар бичмэл /хх-190, тооцооны баримт /хх-191-208/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-228/, Отгонтэнгэр их сургуулийн тодорхойлолт /2хх-12/, итгэмжлэл /2хх-26/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газар /2хх-31/, итгэмжлэл /2хх-42/, гэрэл зураг /2хх-168/, Эх говийн ботго ХХК-ийн тодорхойлолт /2хх-169/, өвчний түүх /2хх-170-171/, төлбөрийн баримт /2хх-172/, гэрэл зураг /2хх-173-178/, төлбөрийн баримт /2хх-179/, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /3хх-17,22/, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг /3хх-23/, итгэмжлэл /3хх-30/, Монгол улсын стандарт /3хх51-77/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч У -аас итгэмжлэл /хх-36/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-42/, итгэмжлэл /хх-43-44/, хариу тайлбар /хх-45/, итгэмжлэл /2хх-23/, итгэмжлэл /2хх-221/, улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-222/, итгэмжлэл /3хх-29/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч Д ХХК-аас улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-158/, итгэмжлэл /2хх-159/, итгэмжлэл /3хх-83,93/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

8. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Тээврийн прокурорын газрын албан бичиг /хх-82/, Хохирогчийг байцаасан тэмдэглэл /хх83-85/, гэрчийг байцаасан тэмдэглэл /хх-86-89/, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /хх-90/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-91/, зургийн үзүүлэлт /хх-92-105/, гэрэл зураг /хх-110-122/, итгэмжлэл /хх-125/, Архитектур төлөвлөлтийн даалгавар /хх-133/, Барилгажих талбайн схем зураг /хх-134/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичиг /хх-219-220/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичиг /хх-248/, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн албан бичиг /хх-250/, Г.Б эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах ХСҮТ-ийн эмч нарын хурлын тэмдэглэл /2хх-1/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2хх-7/, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /2хх-62/, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /2хх63-118/, итгэмжлэл /2хх-139/, Тээврийн прокурорын газрын албан бичиг /2хх-205/, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг /2хх-206/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал /2хх-207/, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй ажлын жаргсаалт /2хх-208/, Тээврийн прокурорын газрын албан бичиг /2хх-210-211/, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг /2хх-215/, Тээврийн прокурорын газрын албан бичиг /2хх-234/, Хот байгуулалтын албаны албан бичиг /2хх-237-239/, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /3хх-41,44/, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг /3хх-45-46/, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /3хх-47/,зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч У , Д ХХК нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохиролд болон олох байсан орлогод нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. ...2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 УНӨ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэлд сууж, уулын уруу халтиргаатай замаар уруудаж явахдаа хариуцагч У ХХК болон Д ХХК-ийн барьж байсан Х хотхоны барилгын суурийн нүх болон барилгын хананы завсарт унаж, сууж явсан тээврийн хэрэгсэл хавчуулагдсан осол гарсны улмаас нэхэмжлэгчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Энэхүү осол гарахад тухайн барилгын ажил гүйцэтгэж байсан компаниуд нь барилгын ажлыг норм, дүрмийн дагуу гүйцэтгээгүй, ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах түр хашааг стандарт норм, дүрмийн дагуу бариагүй, сэрэмжлүүлэх тэмдэг зөв, бүрэн тавиагүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн. Тухайн ослын улмаас авсан гэмтлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хийх боломжгүй болж, хохирч байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х дүүргийн  дүгээр хороо нутаг дэвсгэрт баригдаж байсан Х хотхоны суурийн нүх рүү 00-00 УНӨ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэл унасан осол гарсан. Уг осол гарахад хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа байхгүй. Энэ талаар эрх бүхий байгууллага тогтоосон баримт байхгүй. Тухайн осол нь жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан болохыг прокурорын байгууллагаас тогтоож, хэргийг хаасан гэж тайлбарлаж байна.

 

3.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох Тээврийн прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 267 дугаартай тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3939 дугаартай акт, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Г.Б нь жолооч З.Н гийн жолоодож байсан 00-00 УНӨ улсын дугаартай Тоёота Прадо маркийн авто машинд суун, Х дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн хорих ангийн зүүн талын уулын шороон замаар зорчиж явахдаа жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 21.8 /а,в/ заалтыг тус тус зөрчсөний улмаас Х хотхоны баригдаж байгаа барилгын гадуурх хашааг мөргөж, улмаар барилгын суурийн ухсан нүхэнд унасны улмаас жолооч, 1 зорчигчийн хамт амь үрэгдэж, 5 хүн гэмтэл авсан байна.

3.2 Улмаар тус ослын хэргийг цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, Тээврийн прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 267 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу холбогдогч З.Н нь нас барсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлийг бий болгосон гэж үзэн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.3. Тус ослын улмаас нэхэмжлэгч Г.Б эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирч, түүнээс хойшхи хугацааны эрүүл мэндийн байдал болон ажил хийж, орлого болох боломжгүй гэх нөхцөл байдлын талаар хариуцагч нар маргаагүй.

 

4. Хариуцагч нар нь тухайн осолд болон нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж маргасан.

 

5. Цагдаагийн байгууллага энэхүү ослын талаар шалгалтын ажиллагаа явуулахдаа хариуцагч компаниудад холбогдуулан ямар нэгэн шалгалтын ажиллагаа явуулаагүй байх ба тухайн осолд хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаа болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хэрэгт тухайн осол гарахад хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа байсан болохыг нотолсон ямар нэгэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлохын тул хариуцагч У ХХК болон Д ХХК нар нь тухайн осол гарах үед барилгын түр хашаа болон урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглэгээг барилгын норм, дүрэм, стандартын дагуу хийсэн байсан эсэхийг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхээр шинжээч томилуулсан боловч тухайн асуудлаар дүгнэлт гаргах мэргэжилтэн байхгүй зэрэг шалтгаанаар шинжээчийн дүгнэлт гараагүй болно.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах цалин хөлс зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч тал гэм буруутай тохиолдолд хариуцагч хариуцлага хүлээнэ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч У ХХК нь барилгын ажил гүйцэтгэхдээ барилгын норм, дүрмээ сайн баримталж ажиллаагүй байна гэх дүгнэлтийг гаргаж байх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Г.Б эрүүл мэндэд учирсан гэмтэлд болон тухайн осол гарахад хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б хариуцагч У ХХК, Д ХХК нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б хариуцагч У ХХК, Д ХХК нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

 

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

З.ДОРЖНАМЖИН