| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/03622/И |
| Дугаар | 181/ШШ2022/02664 |
| Огноо | 2022-11-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2022/02664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, хд37 байр 49 тоотод оршин суух, Боржигон овогт Д Ж /РД:ЦЖ77052411/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Их тойруу 62, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шийдвэр гүйцэтгэх алба,
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Ж нь “Талст бластинг консалтинг” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн төлбөрийн асуудлаас болон 202 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 тоот тогтоолоор Д.Ж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ба энэ тогтоолыг эс зөвшөөрч тогтоолыг хүчингүй болгуулан Д.Ж гадаад зорчих сэргээлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан боловч тус газраас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1910 дугаар тогтоолоор Д.Ж гадаад зорчих эрхийг түр буюу 12 хоногийн хугацаатай сэргээснийг эс зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Д.Ж нь нь “Талст бластинг консалтинг” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Талст бластинг консалтинг” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бусдад өр төлбөртэй байсан байна. “Талст бластинг консалтинг” ХХК-ийн үйл ажиллагаагаа хэвийн явагддаг бөгөөд өр төлбөрийг төлсөөр ирсэн гэдэг ба уг компанийн гүйцэтгэх захиралтай буюу эрх бүхий албан тушаалтан нь Э гэж хүн байдаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хувьцаа эзэмшигч Д.Ж хилийн хориг тавьсан нь хууль бус гэж үзэн энэ талаар мэдэнгүүтээ 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн минь дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1635 тоот албан бичгээр уг хүсэлтийг судлан шийдвэрлэж, үндэслэлтэй тохиолдолд саналаа ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1-145/13472 албан бичгээр Д.Ж гадаадад зорчих эрхийг сэргээх саналыг шийдвэрлүүлэхээр Шийдвэр Гүйцэтгэх алба руу явуулсан ба 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1910 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх сэргээх тухай тогтоолоор 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл түр сэргээсэн.
Бид хүсэлтдээ Д.Ж гадаадад зорчих эрхийг хаасан байгаа хууль бус талаар дурдаж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 тогтоолыг хүчингүй болгуулах гадаадад зорчих эрхийг бүрэн нээж өгөхийг хүссэн боловч 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1910 тоот тогтоолоор түр нээснийг зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байгаа юм. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэсэн байгаа бөгөөд мөн энэ хуулийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан нөхцөл байдал "Талст бластинг консалтинг” ХХК-ийн зүгээс үүсгээгүй гэж тайлбарладаг ба "Талст бластинг консалтинг” ХХК-ийн хувьд Д.Ж нь хуулийн 83 дугаар зүйлд заасан гүйцэтгэх удирдлага, мөн хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан биш юм. Мөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 тоот тогтоолоор "Талст бластинг консалтинг” ХХК-ний "Мера" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 221370319 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Д.Ж болон бусад хувьцаа эзэмшигч нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсүгэй гэсэн байгаа боловч төлбөр авагч "Мера" ХХК-ийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан гүйцэтгэх бичиг баримт хаагдсан боловч сэргээхгүй байгаа нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.2-т зааснаар ... Энэ хуулийн 59.1-д зааснаар шийдвэр гарсан бол төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэн энэ талаар мэдэгдэнэ гэж заасан байна. Эндээс харахад төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсхүл төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан “Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө” гэж тус тус заасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1-145/13472 тоот албан бичигт "Төлбөр төлөгч "Талст бластинг консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих эрхийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 тогтоолоор түдгэлзүүлсэн байх тул хувьцаа эзэмшигч Д.Ж гадаадад зорчих эрхийг сэргээх саналыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны 1910 тоот тогтоолоор Д.Ж хилээр зорчих эрхийг 12 хоногийн хугацаатай түр сэргээн түдгэлзүүлсэн байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Шийдвэр Гүйцэтгэх албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1910 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх сэргээх тухай тогтоолоор 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл түр сэргээсэн байдаг ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 271 дүгээр зүйлийн 271.3.5-д заасныг үндэслэн Д.Ж хилийн хоригийг түр сэргээснийг хууль бус гэж үзэж байна. Учир Д.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У миний гаргасан Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтэд ямар нэгэн эрүүл мэндийн болон албан ажлын шалтгаанаар гадаадад зорчих талаар дурдаагүй ба холбогдох хуулийн зүйл заалтын дагуу хүсэлт гаргасан. Д.Ж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоол нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх... гэсэн "зарчмыг, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэсэн байх ба 16.18 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын иргэн гадаадад явах эрхтэй. Гадаадад явах эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоолоор Д.Ж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль бус гэж үзэн энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх Албанд хүсэлт гаргахад 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1910 дугаартай тогтоолоор Д.Ж гадаадад зорчих эрхийг түр сэргээсэн тул уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2846 дугаар шийдвэрээр “Талст бластинг консалтинг” ХХК-иас 824,288,537 төгрөгийг гаргуулж Г.Т олгохоор шийдвэрлэснээс гадна төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах 4 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “Талст бластинг консалтинг” ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Д.Ж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, НШШГГ-ын 1-145/13472 тоот “Гадаад зорчих эрхийг сэргээх саналын тухай” албан бичиг, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг сэргээх тухай 1910 дугаар тогтоол, Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 6566 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх албаны 03/1635 тоот албан бичиг, онгоцны тийзний хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 21-9/406 дугаар тогтоол,
Хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21380318, 21370319, 21370599, 22370071, 22371080, 22370054, 22370545, 22370632, 22380973, 22370757 дугаар тогтоол, 102/ГХ2021/00850, 102/ГХ2021/00443, 102/ГХ2021/01116, 102/ГХ2022/01443, 102/ГХ2021/01181, 102/ГХ2022/00805, 128/ГХ2022/0244, 102/ГХ2022/01051, 1277, 447 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2021/00971, 102/ШШ2021/01120, 102/ШШ2020/02956, 102/ШШ2021/02138, 102/ШШ2022/01483, 102/ШШ2021/02846, 102/ШШ2022/01292, 102/ШШ2022/01991 дүгээр захирамж, 102/ШШ2022/01973 дугаар шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал, уг саналын тухай 2-182/15852 тоот албан бичгийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ компанийн эрх бүхий албан тушаалтан биш тул компаниас гаргуулах төлбөртэй холбоотойгоор 15 хувийн хувьцаа эзэмшигчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул гадаадад зорчих эрхийг сэргээх ёстой гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах 4 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба “Талст бластинг консалтинг” ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Д.Ж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01120 дугаар захирамжаар хариуцагч “Талст бластинг консалтинг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 862,217,956 төгрөгийг нэхэмжлэгч “Мера” ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тус шүүгчийн захирамжийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөн шүүхээс 102/ГХ2021/00443 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21370319 дүгээр тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Талс бластинг консалтинг” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч Д.Жамбалсүрэнгийн гадаад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01120 дугаар захирамж, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ГХ2021/00443 дугаартай гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлбөр төлөгч бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр “Талст бластинг консалтинг” ХХК-д холбогдох 213700319 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21-9/406 дугаар тогтоолоор дуусгавар болсонд тооцсон байна.
5. Зохигчид 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21370319 дүгээр тогтоолоор үүссэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад маргаагүй байна.
Хуулийн этгээдээс гаргуулах төлбөртэй холбоотойгоор 15 хувийн хувьцаа эзэмшигчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй эсэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон ч хуулийн этгээдэд холбогдох өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоогүй хариуцагчийн эс үйлдэл маргааны зүйл болжээ.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”,
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан.
Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авах эрхтэй.
Иймд иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын саналаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 6566 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Талс бластинг консалтинг” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ж гадаад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.15, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасантай нийцсэн байна.
7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01120 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагааны явцад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 6566 дугаар тогтоолоор “Талст бластинг консалтинг” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ж гадаад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21-9/406 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Талс бластинг консалтинг” ХХК-д холбогдох 21370319 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
9. Нэхэмжлэгчийн “төлбөр авагч "Мера" ХХК-ийн төлбөрийг бүрэн төлж, гүйцэтгэх бичиг баримт хаагдсан боловч гадаадад зорчих эрхийг сэргээхгүй байгаа нь хууль бус байна” гэх гомдол үндэслэлтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно” гэж заасан боловч хариуцагч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн арга хэмжээг хүчингүй болголгүй өөр бусад иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд хэрэглэж буй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд “төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах 4 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба “Талст бластинг консалтинг” ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Д.Жамбалсүрэнгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн” гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоолын “Д.Ж гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн” шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6566 дугаар тогтоолын “Д.Ж гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн” шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ