| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/03543/И |
| Дугаар | 181/ШШ2022/03008 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2022/03008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 54 дүгээр байр, 2 тоот хаягт оршин суух, Н овогт Б Э /РД:УХ75052406/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 35 дугаар гудамж, 13 тоот хаягт оршин суух, Г овогт О Б /РД:НЛ83050277/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Элистэй гудамж, 534-22 тоот хаягт оршин суух, Я овогт С Б /РД:ЧТ71030500/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,
Хариуцагч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э, О.Б нар нь С.Б холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний нөхөр О.Б Хүчит шонхор худалдааны төвийн 43 дугаар лангуун дээр махны худалдаа эрхлэгч, иргэн С.Б 2021 оны 05 дугаар сарын 25-наас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд буюу 1 сарын хугацаанд үхрийн булчин, цоройны мах худалдан авахаар ам хэлцэл хийсэн тул хариуцагч С.Б Хаан банк дахь 5085033134 дугаартай харилцах дансанд 20,000,000 төгрөгийг Б.Э би өөрийн Хаан банк дахь 5063221691 дугаартай харилцах данснаас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан шилжүүлсэн. Хариуцагч С.Б нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үхрийн булчин, цоройн махыг нийлүүлэх ёстой байсан ба 14,300,000 төгрөгийн үнэ бүхий мах нийлүүлж, үлдэгдэл төлбөр болох 5,700,000 төгрөгийн хэлцэлд тохиролцсон махыг нийлүүлээгүй, үлдэгдэл мөнгийг төлж барагдуулаагүй, хэзээ төлөх нь тодорхойгүй, төлбөрийг байнга хойшлуулж байгаа нь манай гэр бүлийн амьдралд нөлөөлж байна.
Хариуцагч С.Б үхрийн булчин, цоройны мах худалдан авах аман хэлцлийг миний хамаарал бүхий хүн О.Б хийсэн тул цаашид итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийг хэрэгжүүлэх юм.
Иймд 20,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 5,700,000 төгрөгийг хариуцагч С.Б гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “С Б би Т А бид хоёр О.Б аман гэрээгээр үхрийн булчин цоройн мах нийлүүлэх аман гэрээ хийсэн үнэн. Үүнээс 15,000,000 төгрөгөө барагдуулсан. Одоо 5,000,000 төгрөг өгнө. Үлдсэн 5,000,000 төгрөгийг Т А манай бэр болох хүн аваад алга болсон. Гэхдээ төлөхгүй биш, төлж хохиролгүй болгоноо. 3 өрөө байраа барьцаанд тавьж зах дээр наймаа хийж байсан юм. Гэтэл Т А мөнгийг минь аваад алга болж бид нарыг өрөнд оруулсан. Бид нар орох оронгүй болох гээд банкны өрөө төлж байгаа. Бид эхний ээлжинд банкны өрөө төлж байгаа юм. Бид нарт жоохон хугацаа өгнө үү. 5,700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 106,150 төгрөг төлсөн баримт, Б.Э депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар өгч, шүүхийн журмаар хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С.Б худалдах, худалдах авах гэрээ байгуулж, 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч 14,300,000 төгрөгийн бараа бэлтгэн нийлүүлж, 5,700,000 төгрөгийн бараа нийлүүлээгүй, иймд 5,700,000 төгрөгийг буцааж авахаар шаардах эрхтэй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үхрийн булчин мах бэлтгэн нийлүүлэхээр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 14,500,000 төгрөгийн бараа бэлтгэн нийлүүлсэн, үлдэгдэл 5,700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул 4,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С.Б 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үхрийн булчин мах, цоройн мах худалдан авахаар харилцан тохиролцож, өөрийн эхнэр Б.Э дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг С.Б Хаан банк дахь 5085033134 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байна.
5. Зохигчдын дээрх тохиролцооноос дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний дагуу нэхэмжлэгч О.Б нь 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч С.Б 14,300,000 төгрөгийн бараа бэлтгэн нийлүүлж, үлдэгдэл 5,700,000 төгрөгийн бараа бэлтгэн нийлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д “Худалдан авагч нь энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч нь дутуу нийлүүлсэн барааны үнэ 5,700,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С.Б 20,000,000 төгрөгийн мах худалдан авахаар амаар хэлэлцэн тохиролцож, Б.Э дамжуулан 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул Б.Э болон С.Б нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Хариуцагчаас 5,700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан боловч энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
9. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б 5,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б олгож, нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар О.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б 106,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б 5,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б олгож, С.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар О.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б 106,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ