| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/01649/И |
| Дугаар | 181/ШШ2022/01937 |
| Огноо | 2022-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2022/01937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 46А байр, 53 тоот хаягт оршин суух, Б Аз /РД:ВИ74070305/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Континентал зочид буудал 311 тоот хаягт байрлах, “Г м т” ХХК /РД:6326226/,
Нэхэмжлэгчийн шаардлага: 6,634,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь “Г м т” ХХК-д холбогдуулан 6,634,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.А нь “Г м т” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №Төгөл 21\16 тоот Захиалгын гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг 20-р хороо Шар хоолой Бурхантын аманд байрлах газарт Төгөл хотхоны 2.10 тоот байршилд 48 м.кв хэмжээтэй зуслангийн хувийн сууцны барилга \1400 м.кв хэмжээтэй эзэмшлийн газар, нийтийн хашаа, нийтийн тогийн шугам, нийтийн тоглоомын талбай\-г нийт 69,000,000 төгрөгөөр худалдан авахаар, барилгыг 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах, гэрээнд барилгын үнийн дүнгийн 50%-ийг 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр түлхүүр хүлээн авах хүртэл төлж барагдуулсан байх, үлдэгдэл 50%-ийг 24 сард 1,5%-ийн хүүтэйгээр төлж барагдуулахаар тохиролцсон.
Б.А би төлбөрөөс 5,000,000 төгрөгийг бэлнээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 12,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дансаар, нийт 17,000,000 төгрөгийг “Г м т” ХХК-д төлсөн болно.
2021 оны 07 сард барилгын суурь \хундам\ эхэлж барилгын явц удааширч байсан учир төлбөр хийлгүй хүлээсэн. Барилгын явцын талаар мэдээлэл өгөхийг Төгөл хотхон фээсбүүк хаягаар мессеж бичсэн, мөн захирал Д.Д хувийн мессеж бичиж байсан ч ямар нэгэн мэдээлэл огт өгөөгүй.
2021 оны 7, 9 дүгээр сард барилгын явцыг газар дээр нь очиж үзсэн. 9 дүгээр сард 99105977 утас руу ярихад таны мэдээлэл алга гэж хариулахад андуурсан байх гэж бодсон. 10 дугаар сард очиход барилгын даамалтай таарч барилгын явц ямар байдалтай байгааг асуухад таны мэдээлэл алга та захиралтай уулз гэсэн. Тэр өдрөөс захирлын хувийн чатад энэ талаар бичсэн. Удаа дараа шаардсан, мессеж бичиж, өргөдөл өгсөн. Тэгээд арай гэж 2021 оны 11 сард захиралтай нь уулзах өдөр товлоод уулзахад та төлбөрөө хийгээгүй гэдэг шалтгаанаар гэрээг цуцалсан гэсэн.
Тэгэхээр нь би мөнгөө буцааж авъя гэхэд ондоо багтааж өгнө гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13,930,000 төгрөгийг надад буцаан шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3,070,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй намайг хохироож байна.
Тус компанид зуслангийн байшин захиалж 17,000,000 төгрөгийн төлөлт хийхийн тулд "Калмон" ББСБ-аас зээл авсан. Зуслангийн байшин нь одоо ч ашиглалтад ороогүй барьж дуусаагүй байдаг. "Г м т” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 3,070,000 төгрөг, зээлийн хүү 3,564,900 төгрөг, нийт 6,634,900 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А нь захиалгын 21/16 тоот гэрээний дагуу графикт төлбөрөө төлөөгүйн улмаас бусдын эрх зөрчигдөж, барилгын явц удааширсан. Тиймээс захиалгын гэрээг цуцалж, компанид төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн. Гэрээний дагуу зохих суутгалыг хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2021.01.28-ны өдрийн №Төгөл 21/16 тоот Захиалгын гэрээ, депозит дансны хуулга, 2020.01.10-ны өдрийн 005/20 дугаар Зээлийн гэрээ, зээлийн хугацаа сунгах гэрээ, зээлийн гэрээний мэдээлэл, төлбөр буцаан авах тухай өргөдөл,
Хариуцагчаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээг баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Г м т” ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулгыг, “Төгөл хотхон”-ны фэйсбүүк хуудсанд, “Аззаяа бум”, “Duger Dejidmaa” гэсэн фэйсбүүк хаягийн мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлээс 3,070,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,564,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч гэрээнээс татгалзахдаа урьдчилгаа төлбөрөөс үндэслэлгүйгээр 3,070,000 төгрөгийг алдангид суутгасан, хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсан учир зуслангийн байшин захиалахын тулд авсан зээлийн хүүнд 3,564,900 төгрөг төлж хохирсон, нийт 6,634,900 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, тиймээс захиалгын гэрээг цуцалж, компанид төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн. Гэрээний дагуу зохих суутгалыг хийсэн гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Г м т” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №Төгөл 21/16 тоот “Захиалгын гэрээ” байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч тал нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Бурхантын аманд байрлах газарт 48 м2 хэмжээтэй 2.10 дугаартай зуслангийн байшинг төлөвлөсөн зургийн дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөх, захиалагч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 9,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 34,500,000 төгрөгийг байшинг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сард 1,722,382 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5. Зохигчдын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөг төлсөн, гэрээг дуусгавар болгож урьдчилгаа төлбөрөөс 13,930,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 3,070,000 төгрөгийг алдангид суутган авч үлдсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин талуудын аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс гэрээ дуусгавар болсон, гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги суутгах үндэслэлтэй эсэх, татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар маргаан үүсжээ.
6. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгын гэрээний зорилго, гэрээний нөхцөл, тохиролцоо, талуудын хүсэл зоригоос тодорхойлбол зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
6.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгын гэрээний 2.1-д заасан хуваарийн дагуу ажлын хөлсийг төлж, хариуцагч нь гэрээт ажлыг стандартын дагуу гэрээнд зааснаар чанартай барьж гүйцэтгэн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор ашиглалтад оруулан захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн боловч нэхэмжлэгч ажил гүйцэтгэх явцад гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан болох нь талуудын тайлбараар тогдоодож байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс “барилгын явц удааширч байсан учир төлбөр хийлгүй хүлээсэн” гэж тайлбарлан шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор “Төгөл хотхон”-ны фэйсбүүк хуудсанд, “Аззаяа бум”, “Duger Dejidmaa” гэсэн фэйсбүүк хаягийн мессежинд үзлэг хийлгэсэн ч үзлэгийн тэмдэглэл, хавсралт фото зургаар хариуцагч барилгын ажил /нэхэмжлэгчийн захиалсан 48 м2 хэмжээтэй 2.10 дугаартай байшин барих/ гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч “Г м т” ХХК нь нэхэмжлэгч Б.А гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 3,564,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.2. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг тул хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрөөс алданги суутгаж авах нь хуульд нийцэхгүй.
Иймд хариуцагч “Г м т” ХХК-иас 3,070,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А олгох үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,109 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 64,070 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ган мандал трейд” ХХК-иас 3,070,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,564,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ