Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 54

 

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй,  

                Иргэдийн төлөөлөгч: Д.Цэнд-Аюуш,

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

                Шүүгдэгч: Д.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийж,

                Увс аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2-д заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Даалхайн Нэргүйд холбогдох эрүүгийн 201620000338 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Тэс сумын 4-р баг Ханжит гэх газарт оршин суух хаягтай, РД: ОО78101611, Тайж овгийн Даалхайн Нэргүй.     

     Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Нэргүй нь давтан үйлдлээр, /ялтай байх хугацаандаа/ бусадтай бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 8-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ю.Цэндээгийн 5, хохирогч Ц.Отгонбаатарын 4 тооны адуу, нийт 9 тооны буюу олон тооны адуу хулгайлж бусдад их хэмжээний буюу 25.450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө хилийн 178 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч хохирогч Ю.Цэндээ, Ц.Отгонбаатар нарын 9 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн, мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Тэс сумын 4-р багийн нутаг “Таван улиасны нуур” гэх газраас хохирогч Ю.Хүрэлбаатарын 3 тооны адууг хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч хохирогч Ю.Хүрэлбаатарын 3 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хилийн 178 дугаар тэмдгээр гарсан хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх 1-ийн 4-15-р тал/,

                2. Хохирогч Ю.Цэндээд 3 тооны адуу хүлээлгэн өгсөн тухай Акт /хх 1-ийн 19-р тал/,

                3. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 1-ийн 20-22-р тал/,

                4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-ийн 24-27-р тал/,  

                5. Хил нэвтэрсэн иргэдийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-ийн 28-40-р тал/,

                6. Үүрэн утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-ийн 41-44-р тал/,

                7. Цахилгаан холбоо болон үүрэн телефоны компаниас утасны дэлгэрэнгүй мэдээлэл авах тогтоол, хэрэглэгчийн мэдээлэл, гадаш ярьсан болон илгээсэн мессежний мэдээлэл /хх 1-ийн 46-65-р тал/,

                8. Хохирогч Ю.Цэндээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрөө Тэс сумын төвд амьдардаг бөгөөд манай адуу хөдөө Отгонбаатарын адуунд байдаг байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Отгонбаатар надад “Хилээр адуу гаргасан байна. Манай адуу олдохгүй байна” гэж хэлсэн бөгөөд Отгонбаатарын алдсан адуун дотор миний 5 тооны адуу байсан. Уг 5 адуу нь зөв талдаа мухар олом тамгатай, 9 настай бор морь 1, зөв гуяндаа мухар олом тамгатай, 15 настай, шар хээр морь 1, зөв гуяндаа хөндлөн мухар олом тамгатай, 3 настай, хар бор морь 1, 3 настай хээр морь 1, зөв гуяндаа мухар олом тамгатай, 3 настай, зээрд морь 1 тус тус байсан. Эдгээр алдсан 5 адууны 3 адууг нь Оросууд буцааж өгсөн бөгөөд үлдсэн 2 морь нь олдоогүй юм. Миний бор морь 2011 онд аймгийн наадамд, 2012 онд сумын наадамд түрүүлсэн. Мөн Тэс сумын 90 жилийн ойд уралдаж 6-д, даншигт 12 дугаар байранд тус тус орж байсан юм. Би хулгайд алдсан 5 адуунаасаа 3 адууг нь буцааж авсан. Би зөв гуяндаа мухар олом тамгатай, 9 настай бор морио 25.000.000 төгрөөр үнэлж байна. Хурдан бор мориныхоо шагналыг нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан байгаа. 15 настай, шар хээр морио 1.000.000 төгрөгөөр, 3 настай, хар бор морио 800.000 төгрөгөөр,  3 настай хээр морио 800.000 төгрөгөөр, 3 настай, зээрд морио 800.000 төрөгөөр тус тус үнэлж байна. Би алдсан 5 адуунаасаа 3 настай, хар бор морь, 3 настай хээр морь,3 настай, зээрд морийг тус тус буцааж авсан. Одоо үлдсэн 2 адуугаа олж авах юмуу олдохгүй бол үнийг нь төлүүлмээр байна. Би анхнаасаа Нэргүй буюу Санааг миний адууг хулгайлж хилээр гаргасан байж магадгүй гэж сэжиглэж байсан. Тухайн үед намайг адуугаа хайж байхад Нэргүй нь надаас зугатаад уулзахгүй байсан, харин сүүлд хэргээ хүлээсэн. Нэргүй надад хохиролд 1 морь өгсөн бөгөөд би уг морийг нь 500.000 төгрөгөөр үнэлж авсан. Өөрөөр надад ямар нэгэн хохирол өгөөгүй байгаа / хх 1-ийн 63, 70, 74-75-р тал/,

                 Хохирогч Ю.Цэндээгийн 2017-05-31-ний өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: ..2017 оны 5 дугаар сарын 16,17-ны үед миний 2016 оны 1 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө хулгайд алдагдсан хурдан бор морь Отгонбаатарын адуунд ирж нийлсэн байна гэж сонсоод мотоциклоор явж очиж үзэхэд мөн байсан, миний морь ямар нэг бэртэл гэмтэлгүй байсан, одоо Отгонбаатарын адуунд байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 206-207 х/  

                9. Хохирогч Ц.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед Тэс голын зүүн хөвөөнд манай 9 адуу бэлчиж байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүмүүс “Хилээр адуу гарсан гэнэ” гэж яриад байхаар нь өөрийн 9 адуугаа хайхад олдоогүй юм. Миний адуу байсан газар хилийн 180-д тэмдэгтээс 3 км орчим зайтай газар юм. Алдсан 9 адууны 4 адуу нь минийх, 5 адуу нь Цэндээ ахын адуу байсан юм. Миний алдсан 4 адуу нь зөв гуяндаа мухар олом тамгатай, 8 настай шарга морь 1, зөв гуяндаа мухар олом тамгатай, 13 настай, цагаан бор морь 1, зөв гуяндаа мухар олом тамгатай, 4 настай, хээр морь 1, зөв гуяндаа мухар олом тамгатай, 3 настай зээрд морь тус тус байсан. Шарга морь маань хурдан морь бөгөөд 2013 онд сумын наадамд 2-р байранд, Суваргын нээлтийн наадамд 2-р байранд тус тус орж байсан. Мөн овооны наадмуудад олон удаа айрагдаж байсан морь юм. Зээрд морь маань бас хурдан боловч уралдаж амжилт гаргаагүй байсан. Би шарга морио 8 сая, зээрд морио 3 сая төгрөгөөр үнэлнэ. Бусад 2 морийг сумын ханшаар үнэлнэ. 2016 оны 12 дугаар сард Оросын талд хураагдсан 3 адууг буцааж авахад Цэндээ ахын 3 адуу байсан. Миний 4 адуу бүгдээрээ олдоогүй тул адуунуудыг минь олж өгнө үү гэж хүсмээр байна. Би энэ хэрэгт Шараа буюу Цогоо, Санаа буюу Нэргүй нарыг сэжиглэж байна. Цогоогийн хувьд Туваагаас нэр нь ирсэн тул сэжиглэж байгаа юм. Харин Нэргүйгийн хувьд манай суманд хулгай хийдэг, тогтсон амьдралгүй, тэнэмэл хүн тул сэжиглэж байгаа юм. Би Нэргүйгээс адууны талаар асуух гээд уулзах гэхээр зугатаад уулзахгүй байгаа юм. Утсаар нь залгаж ярихад “Уулзъя” гэж хэлчихээд уулзахгүй зугатаачихсан тул сэжигтэй санагдаад байгаа юм. Манай сумынхан бүгд Нэргүйг энэ хэргийг хийсэн гэж сэжиглэж байгаа ба өөр сэжиглэх хүн байхгүй юм” гэх мэдүүлэг /хх 1-ийн 72-73-р тал/,

                  Хохирогч Ц.Отгонбаатарын 2017-05-31-ний өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: ..2017 оны 5 дугаар сарын 16,17-ны үед манай адуунд Цэндээ ахын хулгайд алдагдсан хурдан бор морь ирээд нийлчихсэн байсан, яаж ирснийг мэдэхгүй. Бор морь нь нас гүйцсэн морь учир бэлчээр ус таарахгүй, нутаг усаа санаад гүйж ирсэн байх гэж бодож байна. миний 2016 оны 1 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө хулгайд алдагдсан 4 адуунаас 1 нь ч олдоогүй, өнөөдрийн байдлаар Нэргүй надад хохиролд юу ч өгөөгүй байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг / хх-ийн 204, 205х/,                    

                10. Ц.Сандагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр,нэг өдөр манайд 12 цагийн үед манай аавын дүүгийн хүүхэд болох Даалхайн Нэргүй нь хажуудаа танихгүй 1 эрэгтэй, 2 эмэгтэй Тува хүнтэй ирсэн. Эрэгтэй хүнийх нь нэрийг Упиш гэж байсан ба эмэгтэйчүүдийнх нь нэрийг мэдэхгүй. Упиш нь ногоон өнгийн УАЗ -469 маркийн машинтай явсан ба дугаарыг нь санахгүй байна. Упиш хаягаа хэлэхдээ Аг-чира тосгонд амьдардаг гэсэн ба намайг “Машин доторлох хүн олж өг, би удахгүй ирж машинаа доторлуулна” гэж хэлээд утасныхаа дугаарыг үлдээгээд явсан юм. Дугаар нь 79232688245 гэж байсан ба өөрөө надад цаасан дээр бичиж өгсөн. Би уг дугаарыг нь одоо хадгалж байгаа. Нэргүй нь  тэр Туватай ойр зуурын юм яриад цай ууцгаасан. Тэр үед уг Тува хүн “Би одоо буцах гэж байна. Яаралтай ажилтай ирээд буцаж байна. Хандгайтаар гарч ирсэн” гэж ярьсан. Би Тува хэл муу мэддэг тул зарим яриаг нь ойлгоогүй бөгөөд өөр юу ярьсныг нь мэдэхгүй байна. Мөн уг Тува хүн Нэргүйтэй ямар харьцаатай болох, яаж танилцсан талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Нэргүйгийн манайд дагуулж ирсэн Тува хүн гуч орчим настай, дунд зэргийн нуруутай, тарган биш дунд зэргийн махтай, хар царайтай залуу байсан. Тэр Тува залуу надад “Удахгүй дахин ирж машин доторлуулна” гэж хэлчихээд буцаж ирээгүй юм” гэх мэдүүлэг /хх 1-ийн 97-р тал/,  

                11. Гэрч Д.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Нэргүй нь миний төрсөн ах бөгөөд бид эхээс 9-үүлээ юм. Нэргүй ах 2007 онд гэр бүл болж гэрлэсэн боловч эхнэр нь 2 хүүхдээ аваад 2011 онд Нэргүй ахаас салсан. Нэргүй ах одоо манай ээж Сэржимтэй хамт амьдарч байгаа бөгөөд ээж одоогоор Улаанбаатар хот явсан байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Нэргүй ах ээжийн гэрт байсан бөгөөд манайх ээжийнхтэй хамт байдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 23-34-нд шилжих шөнө Нэргүй ахыг хаана хоносон болохыг би мэдэхгүй байна. Нэргүй ах ардаа татлаа түлхээгүй тул малд явахаараа ах, дүүгийнд хонолоо гэж хэлээд ирдэг байсан.  40 нас хүрч байгаа хүнийг хээр гадаа хоноод байна гэж уурлаад байх нь хэцүү байдаг. Нэргүй ах урьд өмнө нь олон удаа хулгайн хэрэгт холбогдож бид нарыг зовоож байгаа, 2016 онд хулгайн хэргээр ял шийтгэгдэж ялаа эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирэхэд нь би нэг шаргал морь өгсөн бөгөөд уг морийг энэ намаржингаа унаж, эдэлсэн юм. Нэргүй ах 2016 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шаргал морио унаж явахдаа миний эмээлийг тохож явсан юм” гэх мэдүүлэг /хх 1-ийн 99-100-р тал/,

                12. Гэрч Д.Юмжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Даалхай гэдэг айлын 4 дэх хүү Содбилэгийн эхнэр нь юм. Би 94814370 гэх Мобикомын дугаарыг 2015 онд Тэс суманд Мобикомын дугаар зарсан хүн ирэхэд нь авч байсан юм. Би уг дугаарыг барьж байгаагүй бөгөөд манай хадам ээж дугаар авч ирээд өг гэхээр нь хадам ээжид авч өгч байсан юм. 2016 оны 11 дүгээр сард энэ дугаарыг Нэргүй ах барьж байсан бөгөөд би энэ дугаарыг ерөөсөө барьж байгаагүй. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-34-нд шилжих шөнө Нэргүй ах хаана байсан болохыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 1-ийн 103-р тал/,

                13. Гэрч С.Намгарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Цэндээ, Отгонбаатар нарыг таних бөгөөд манай гэрүүд олон жилийн өмнөөс айл саахалт байсан. Мөн бид нар хамт морь уядаг байсан юм. Би өөрөө хурдан морь уяж, сойж уралдуулдаг. Гэхдээ надад нэг их алдартай хурдан морь байхгүй. Одоогоор сумандаа 3 айраг, 1 түрүү, овоогоор 2 айрагтай. Намайг 25 настайгаасаа морь уяж эхлэхэд Цэндээ, Отгонбаатар нар мөн морь уяж, сойдог байсан. Отгонбаатар хурдан морьтой бөгөөд түүний бор азарга сумын 1 айрагтай, жижиг овооны 3 айраг, түрүү авсан. Миний сайн мэдэж байгаагаар “Булгийн өндөр”-ийн овоонд очиж айрагдаж байсан. Бас шарга морьтой. Тэр морь нь хулгайд алдагдсан бөгөөд уг морь 4 настай байхдаа овоонд 2 удаа, “3 булагийн овоо”, Суваргын нээлтийн баярт 2-д давхисан. Мөн тэр зундаа улсын баяраар Тэс сумандаа аман хүзүүдсэн. Түүний дараа жил 5 настайдаа” Орлогын овоо”-нд очиж аман хүзүүдэж байсан. Одоо байсан бол 8 настай морь байх байсан. Энэ адуу хулгайд алдагдах үеэрээ голынхоо баруун талд байсан. Мөн Отгонбаатарт хээр дөнөн морь, хүрэн үрээ байсан. Энэ хоёр морь Д.Намгарын  хурдан хээр азарганы төл байсан. Энэ хоёр морь нь уралдаж айраг, түрүү авч байгаагүй. Отгонбаатар нь морь сайн уядаг бөгөөд манай сумынхан андахгүй мэддэг юм. Одоогоор 15-16 орчим адуутай. Би Цэндээ ахыг их эртнээс мэднэ. Намайг хурдан морь унаж уралдаж байхад энэ хүн бараг 20 орчим настай, хурдан морь уяж эхэлж байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хурдан морь уяж байгаа. Цэндээ ахад бор, шар хээр 2 хурдан морь байсан боловч хоёулаа өнгөрсөн онд хулгайд алдагдсан. Бор морь нь 4 настайдаа улсын баяраар Тэс суманд түрүүлсэн. Дараа жил нь 5 настайдаа улсын баяраар Увс аймагт түрүүлсэн. Мөн манай сумын 90 жилийн ойгоор 6-д, Увс аймагт болсон баруун бүсийн даншигт 12-д давхиж байсан, Цэндээ ахын өөрийнх нь угшлийн их хурдан морь байсан. Харин шар хээр морь нь аймаг сумын түрүүгүй бөгөөд овооны 3 айрагтай морь байсан. Цэндээ ахыг морь уяж, сойдог гэдгийг манай сумын хүмүүс мэддэг ба Цэндээ ах морьдоо өөрөө гардан сойж, уядаг ” гэх мэдүүлэг /хх 1-ийн 106-107-р тал/,

                14. Гэрч З.Тэсхүүгийн мөрдөн байцаалтад: “Цэндээ бид хоёр хамт морь уядаг байсан тул нэг нэгнийгээ сайн таньж мэднэ. Би 1992 оноос эхэлж хурдан морь уяж байгаа бөгөөд одоо аймгийн алдарт уяач цолтой. Би Цэндээгийн хурдан морийг сайн мэднэ. Миний мэдэж байгаагаар ноднин жил хулгайд алдагдсан цагаан бор морь нь улсын баяраар аймагт түрүүлж байсан. Бага насандаа баруун бүсийн даншиг наадамд 12-т давхиж байсан. Мөн улсын баяраар суманд 1 түрүү, Тэс сумын 90 жилийн ойн баяраар 6-д давхиж байсан морь юм. Отгонбаатар нь надтай хамт хурдан морь уядаг. Гэхдээ морь нь аймаг, бүсийн уралдаанд түрүү байхгүй, жижиг овоонд л айраг, түрүү авч байсан байх” гэх мэдүүлэг /хх 1-ийн 109-110-р тал/,

                15. Гэрч Н.Янжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх хээр зүсний адуугаа хүнсэндээ хэрэглэх гэж байгаад Нэргүйтэй бор халзан, хөзрийн гил тамгатай адуугаар сольж авсан юм. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 2, 3-ны үеэр Нэргүй нь Цэндээ гэх хүнтэй хамт ирээд манайд өгсөн байсан бор морио буцааж аваад оронд нь 5 настай хээр морь өгсөн. Уг морийг Цэндээ авсан бөгөөд им тамгыг нь одоо сайн санахгүй байна. Цэндээ  “Би хулгайд алдсан мориныхоо оронд авч байна” гэж  хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 1-ийн 114-115-р тал/,

                16. Гэрч Х.Жанарбекийн /Хилийн 0311-р ангийн Хил хамгаалалтын албаны дарга/ мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн 0311 дүгээр ангид Хил хамгаалалтын албаны даргын албан тушаал хашдаг. Манай хилийн манаа хилийн 169-238 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Монгол Улсын талаас хилийн зөрчил гарсан гэдгийг тухайн шөнө үүрэг гүйцэтгэсэн хилийн манаа мэдээгүй байсан. Учир нь хилийн 178-179-р тэмдэгтийн чиглэлд Монгол малчид ус авдаг хаалга байдаг бөгөөд тэр хаалгаар хил зөрчигч гарсан байсан. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ОХУ-ын талаас уулзалт хийх хүсэлт ирсэн бөгөөд үүний дагуу уулзалт хийхэд хилийн 178-179-р тэмдэгтийн хооронд “Хошт-Ээрэг” гол дагуу 9 адууны мөр илэрсэн байсан ба үүний дагуу ул мөр хүлээлцсэн. Манай үүрэг гүйцэтгэсэн хилийн манаа “Хошт-Эрэг” голоос 9 тооны адууны мөр илрүүлж, түүнийг ОХУ-ын талд хүлээлгэж өгсөн. “Хошт-Эрэг” гол нь хилийн шугамаар хэсэг урсаж байгаад эргээд Монгол тал руу ороод ирдэг юм. 2016 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хилийн тор тасарсан шинж тэмдэг байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны үед газар оронд үзлэг шалгалт хийсэн. Тэгэхэд Монгол Улсын талаас эвдэрч гэмтсэн тор байгаагүй. Манайх ОХУ-ын талаас уулзалт хийх хүсэлт ирсний дагуу “Хошт-Эрэг”-ийн хилийн шугамаар урсдаг хэсэгт нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу гарсан 9 тооны адууны мөр байсан. Түүний дагуу нотломж бүрдүүлсэн. Уулзалтын үед бүрдүүлсэн материалыг мөрдөн байцаагчид өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх 1-ийн 122-123-р тал/,

                17. Гэрч Б.Отгонбаатарын /Хилийн 0311-р ангийн 2-р заставын харуулын дарга/ мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн 0311-р ангийн 2-р заставын харуулын даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 20-нд томилогдсон. Манай хариуцсан хэсэг нь Монгол Улсын хилийн 177 дугаар тэмдэгтээс 179 дүгээр тэмдэгтийн хооронд үүрэг гүйцэтгэдэг. Хилийн 178-179-р тэмдэгтийн хооронд иргэд хэрэглээний ус авах зориулалтаар гаргуулсан хаалга байдаг юм. Уг хаалга нь малчдын өвөлжөөнөөс ойролцоогоор 50 м зайтай байдаг. Энэ хаалгаар хилийн торноос 50 м зайд байх Балжинням, Батсүх гэх 2 айл ус авдаг байсан тул хаалга онгорхой байсан. Уг хаалга нь хүн тонгойж орж ус авах хэмжээтэй, зориулалттай. 2016 оны 12 дугаар сарын 10-ны үеэр 0303-р тусгай салбараас хүмүүс ирж уг хаалгыг хаа гэж хэлсэн тул бид хаалгыг бүрэн хаасан” гэх мэдүүлэг /хх 1-ийн 128-129-р тал/,

                18. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Морь болон эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх 1-ийн 134-135-р тал/,

                19. Увс аймгийн Тэс сумын Морин спорт уяачдын холбооны Тодорхойлолт /хх -ийн 139, 144-р тал/,

                20. Хохирогч Ю.Цэндээ, Ц.Отгонбаатар нарын хурдан морины медаль, өргөмжлөлийн зургууд /хх 1-ийн 140-143, 145-148/,

                21. Хулгай хийхэд ашигласан эд зүйл, мал амьтны үнэлгээ, гэрэл зургууд /хх -ийн 149-152-р тал/,

                22. Тува улсын О-шына тосгоны салбарын хариуцсан хэсэг хилийн 179-р тэмдгийн чиглэлээр 2016 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу улсын хил давж 9 толгой адуу хулгайлагдсан зөрчилд холбогдуулан явуулсан шалгалт үр дүн /хх 1-ийн 181-188, 190-р тал/,

                23. Увс аймгийн Тэс сумын төрийн сангийн мэргэжилтэн С.Лхагвасүрэнгийн 2017.01.20-ны өдөр гаргасан Тодорхойлолт /хх 1-ийн 200-р тал/,

                24. Увс аймгийн Тэс сумын Ханжит багийн засаг дарга Т.Доржсүрэнгийн 2017.01.20-нд гаргасан Тодорхойлолт /хх 1-ийн 201-р тал/,

                25. Шүүгдэгч Д.Нэргүйгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 1-ийн 205-р тал/,

    26.Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 122 тоот Шийтгэх тогтоол /хх 1-ийн 206-209-р тал/,

    27. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот Шийтгэх тогтоол /хх 1-ийн 210-217-р тал/,

    28. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/б тоот Шийтгэх тогтоол /хх 1-ийн 218-216-р тал/,

    29. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 79 тоот Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 1-ийн 220-221-р тал/,

    30. Хохирогч Ц.Отгонбаатарын 2015, 2016 оны мал тооллогын Тодорхойлолт /хх 1-ийн 222, 223-р тал/,

    31. Хилийн 0311-р ангийн хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчилтэй холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал /хх 2-ийн 06-39-р тал/,

    32. Хилийн 0311-р ангийн 2017 оны 03 дугаар сарын 11/12-нд шилжих шөнө хилийн 175/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн материал /хх 2-ийн 40-55-р тал/,

    33. Хохирогч Ю.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны намар би найз Сандагт 3 адуугаа захиж хадгалуулсан бөгөөд тэдний адуутай хамт байсан. 2017 оны 03 дугаар сарын 11-нд Сандаг ирээд “Би нийт 15 тооны адуугаа алдчихлаа” гэж хэлэхээр нь бид 2 өдөр мотоцикльтой хайгаад олоогүй. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Хил дээр  мал саатуулагдсан байна” гэж сонсоод Сандагийн хамт очиход хилийн хүмүүс 3 тооны адууны зургийг үзүүлсэн, тэдгээр адуунууд нь Сандагийн адуунд байсан миний 3 адуу мөн байсан. Тэгээд Сандаг бид хоёр заставаас гэрлүүгээ буцах замдаа хайгуул хийхэд “Хар Ус” нэртэй газарт Сандагийн 12 тооны адуу байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа хилийн уулзалтаар 3 адуугаа тоо ёсоор нь хүлээн авсан. Миний уг 3 адуу нь 7 настай, аагт олом тамгатай, хээр гүү 1, 3 настай, аагт олом тамгатай, хонгор гүү 1, тамгагүй халзан даага 1 тус тус байсан. Би хээр гүүгээ 800.000 төгрөгөөр, хонгор гүүгээ 600.000 төгрөгөөр, даагаа 500.000 төгрөгөөр тус тус үнэлнэ ” гэх мэдүүлэг /хх 2-ийн 59-61-р тал/,

    34. Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 43 тоот тодорхойлолт, хохирогч Ю.Хүрэлбаатарын мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 62-36-р тал/,

    35. Гэрч Н.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Манай адуунууд болох хээр гүү, хонгор гүү, хээр даага нь Сандагийн адуунд байсан. Уг 3 адуу саяхан 2017 оны 3 дугаар сарын 11-ний шөнө хулгайд алдагдаад ОХУ-ын талд саатуулагдаж байсныг буцааж авсан” гэх мэдүүлэг /хх 2-ийн 64-65-р тал/,

    36. Гэрч Г.Сандагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүний өөрийн нийлсэн 15 тооны адуугаа эрээд олоогүй юм. Уг 15 тооны адуунд Хүрэлбаатарын з адуу байсан . Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны орой “Хил дээр  мал саатуулсан байна” гэж сонсоод заставруу 13-ны өдөр Хүрэлбаатарын хамт очиход хилийн албаны хүмүүс “3 тооны адуу саатуулагдсан ” талаар  хэлээд адууны  зураг үзүүлсэн ба Хүрэлбаатарын адуунууд мөн байсан. Тэгээд заставаас гэрлүүгээ буцаж явж байгаад 12 тооны адуугаа олсон. Дараа нь хилийн уулзалт болоход Хүрэлбаатар бид хоёр очиж 3 тооны адуугаа зүсээр нь буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68-р тал/,   

    37. Гэрч Н.Баянзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хилийн 0311 дүгээр ангийн хэсэг хариуцсан хил хамгаалалтын албаны даргын албан тушаал эрхэлдэг. Манай хил хамгаалалт хариуцсан хэсэг 0311 дүгээр ангийн 1, 2, 3 дугаар заставыг хариуцдаг. Хилийн манаа зөрчил гарсан талаар мэдээгүй, илрүүлээгүй. 0311-р ангийн шуурхай жижүүрт 2017 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 21.40 минутын үед ОХУ-ны Тува улсын Кизилийн хэсгийн шуурхай жижүүрээс утсаар мэдэгдсэн. Уг мэдээнд ОХУ-ын талд адуу туусан хүн Оросын хилийн манаатай таараад зугатаасан гэх мэдээлэл байсан. Энэхүү мэдээллийн дагуу хилийн 1 дүгээр заставын чиглэлд хил хамгаалалтын нягтрал нэмэгдүүлэх зорилгоор үүрэг чиглэлийг заставын орлогчид өгсөн. Өгсөн үүргийн дагуу нэмэлтээр хилийн манаа гарсан боловч ул мөр илрүүлээгүй. Тухайн зөрчил гарсан хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлийн хилийн зурвас хэсгээр битүү зэгстэй, мөн үзэгдэх орчин хягаарлагдмал байсан тул хилийн манаа илрүүлээгүй. Тэр үед ОХУ-ын хилийн манаа 2 удаа дохионы пуужин буудсан талаар манай хилийн манаа мэдэгдсэн. Үүний дараа 24 цагийн үед ОХУ-ын талд хүн саатуулагдсан талаар мэдээлсэн боловч яг ямар хүн саатуулсан талаар бидэнд хэлээгүй. Маргааш өглөө хилийн манаа үүргээ гүйцэтгээд хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлд Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хил давсан 4 тооны адууны ул мөр илрүүлж ОХУ-ын талтай уулзалт хийж хүлээлцээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өглөө ОХУ-ын талаас мэдээгээр Монгол Улсын  Санаа гэж хүн Тува айлд ирээд явсан талаар мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу Тэс сумын иргэн Даалхай овогтой Нэргүй буюу Санааг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 40 минутанд саатуулсан. Маргааш нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын талтай туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулахад хил дамнан хулгайлагдсан 3 тооны адуу байгаа гэх мэдээлэл өгсөн. Уулзалтын дараа 1 дүгээр заставын хариуцсан хэсэгт нутаглах малчдаас адуу мал алдсан талаар тодруулга хийхэд Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн иргэн Гонгор овогтой Сандаг гэгчийн 10 гаруй тооны адуунаас 3 тооны адуу алдагдсан байна гэж хэлсэн . 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын талтай хийсэн уулзалтаар ОХУ-ын талаас Даалхайгийн Нэргүйгийн 3 тооны адуу авч очсон гэх ОХУ-ын Тува улсын иргэн Майдыр ол, Солдис май-оолович гэх хүн “2017 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 3 тооны Монгол адуу тууж манай гэрийн гадаа хүн ирсэн. Би гэрээсээ гараад юун хүн вэ” гэж асуухад Монголын Санаа гэж хүн байна гэж хариулсан гэсэн. Тэгээд “Адууг хашаалж өгөөч” гээд адууг хашаалж байтал машины дуу гараад Санаа морио унаад зугатаагаад явсан” гэсэн тайлбар сонссон. Энэ уулзалт дээр Даалхай овогтой Нэргүй нь хил зөрчиж, адуу хулгайлсан гэдгээ хүлээн зөшөөрсөн. Уг хил давуулсан 3 тооны адууг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын талтай туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулж ОХУ-ын талаас хүлээн авч малын эзэн болох Сандагийн баримт бичгийг үндэслэн хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх 2-ийн 72-73-р тал/,

    38. Гэрч Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн 0311-р ангийн 1-р заставд харуулын даргаар ажилладаг бөгөөд 7 дахь жилдээ ажиллаж байна. Манай хилийн 1-р застав Монгол Улсын хилийн 173.1-175 дугаар тэмдэгтийг хариуцдаг. 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хилийн манааны эхний ээлж 20 цагаас 04 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дараагийн манааг ахалж миний бие 04-12 цагийн хооронд сэргийлэх манааны үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө гарсан зөрчлийн ул мөрийг 12-ны өдрийн 12 цагийн үед илрүүлсэн. Би Монгол Улсын хилийн 174.1-175 дугаар тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа Монгол Улсын талаас ОХУ-ын талруу орсон 4 тооны адууны ул мөрийг илрүүлсэн. Намайг 4 тооны адууны мөр илрүүлэхийн өмнө орой ОХУ-ын талаас 3 адуу саатуулагдсан гэх мэдээ ирсэн байсан. Тэгээд ул мөрний дагуу уулзалт зохион байгуулагдаж ул мөр хүлээлцсэн” гэх мэдүүлэг /хх 2-ийн 74-76-р тал/,

    39. Гэрч Д.Сэржимийн мөрдөн байцаалтад өгсөн: “Нэргүй нь миний 3 дахь хүүхэд юм. Нэргүй нь хүнтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон боловч эхнэр, хүүхдээсээ салсан. Нэргүй бидэнд их тус дэмтэй байдаг бөгөөд энэ хэрэгт холбогдохоосоо өмнө надтай хамт амьдарч байсан. 2016 оны 11 дүгээр сард би гэртээ байсан бөгөөд 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Нэргүйг гэртээ байсан эсэхийг сайн санахгүй байна. Нэргүй нь ганц бие, татлаа түлхээгүй тул гэрт тогтдоггүй бөгөөд гэрийнхээ эргэн тойрны айлуудаар хоноод, хөзөр тоглолоо” гээд ирдэг байсан. Нэргүй 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай хамаатны хүн нас барлаа гэж яваад 3 дугаар сарын 11-нд гэртээ ирсэн. Нэргүй надад тэр айлд 3 хоноод ирлээ гэж хэлсэн бөгөөд маргааш өглөө нь сумын төврүү явсан. Нэргүй 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гарахдаа өөрийнхөө шаргал морьтой явсан ба эмээл нь мөн өөрийнх нь Орос эмээл байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 2-ийн 84-85-р тал/,

    40. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 136 тоот гүү, даага үнэлсэн тухай тайлан /хх 2-ийн 92-р тал/,

    41. Орос хар эмээл, хазаар, ташуур зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх 2-ийн 120-р тал/,  

    42. Орчуулагч томилох тухай тогтоол, О-Шына салбарын хариуцсан хэсэг хилийн 179-р тэмдэгтээр 2016 оны 11 дүгээр сарын 23-34-нд шилжих шөнө Монгол Улсын талаас ОХУ, буцаж Монгол Улсын талруу хууль бусаар улсын хил зөрчиж 9 тооны адуу хил давуулсан хэрэгт явуулсан ажиллагааны үр дүн /хх 2-ийн 184, 191-198-р тал/,

    43. Гэрч ОХУ-ын Тува улсын иргэн Маадыр-оол Салдыс Май-ооловичийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 10-нд О-шынаа тосгоны Артына гудамжин дахь гэртээ байж байтал үдийн цайны дараа ойролцоогоор 14.00-16.00 цагийн хооронд миний гар утас руу манай ах Маадыр Самбал Кызыл-оолович яриад 3 дугаар сарын 11-нд 3 толгой монгол адуу аав Дорж Оргун-оол Казакиновичын Хоолд байдаг буйранд ирэх ёстой гэж хэлсэн. Мөн Маадыр С.К Кызылд байгаа болохоор морьдыг өөрийн биеэр авч ирж чадахгүй учраас намайг 3 дугаар сарын 11-нд Монголын иргэн Санаа хочтой хүн 3 адуу хууль бусаар хил давуулан оруулж ирэхийг тосч Дорж О.К-д авч ирэхийг гуйсан. Мөн Самбал өөрөө Санааг аавынх нь  буйранд морьдыг авч ирсний дараа Кызылаас ирнэ гэсэн. Үүнд нь би “За ” гэж хариулсан. 2017 оны 3 дугаар сарын 11-нд 22.00 цагийн үед Дорж О.К-нд Дорж Чечей-оолон Оррун-оолович бид хоёр хамт байхад нохой хуцах чимээ гарсан. Тэгээд намайг гадаа гартал танихгүй хүн байхаар нь би чангаар “Хэн бэ” гэж асуухад тэр морьтой хүн “Санаа байна” гэж хариулсан. Мөн надад “Самбалын гурван Монгол морийг авч ирлээ, оруулах хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би Чечей-оолыг туслаач гэж дуудаад бид гурван морьдыг оруулсны дараа бид нар манай гэрт орж хэсэг ярилцацгаасан. Санаа “Самбал хэзээ ирэх вэ” гэж асуугаад тэрнийг иртэл хүлээх хүсэлтэй байгаагаа хэлж Монгол руу буцахад малчид хэдийн үед хаврын бууриндаа буудгийг асуусан. Дараа нь Санаа машин дуугарах чимээнээр мориндоо мордоод шууд хил рүү давхисан. Хилийнхэн ирээд морь авч ирсэн хүний талаар асууж байгаад явсан. Би айсандаа тэдэнд “Ямар ч хүн орж ирээгүй, ямар ч морь байхгүй” гээд хэлчихсэн. Би өмнө нь Санаа хочтой Монгол Улсын иргэнийг 2-3 удаа харьж байсан, муухан таньдаг юм. Тухайн үед Санаа цагаан өнгийн үндэснийхээ хувцастай, нэхмэл малгайтай, цагаан саарал зүстэй, намхан морьтой явж байсан. Санаа Дорж О.К-ынд байхдаа их айсан байдалтай байнга л Монгол руу яарсан шинжтэй байсан. Би Санааг хууль бусаар хил давсан гэдгийг Маадыр Самбалаас аль эртний мэдсэн байсан. Монголоос авч ирсэн морьд хулгайлагдсан гэж Санаа надад хэлээгүй, би ч асуугаагүй. Санаа ойролцоогоор 3 настай шаргал адуу, 5 настай цоохор адуу, 6 настай саарал адуу тус тус авч ирсэн. Санаа авч ирсэн морь тус бүрдээ 16000 рубль авахыг хүсэж байсан. Санаа нь Тува хэл сайн мэддэг байсан бөгөөд бид хоорондоо Тува хэлээр харилцаж байсан. Гэхдээ зарим үгээ ойлгомжгүй ярьж байсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Моодыр С.К надруу утсаар залгаад “Санаа ирсэн үү” гэж асуухад нь би “Санаа ирсэн бас хилийнхэн ирээд Монгол морьдыг аваад явсан” гэж хэлсэн. Манай ах Самбал Кызылд ХАА-н газарт мэргэжилтнээр ажилладаг” гэх мэдүүлэг /хх 2-ийн 195-196-р тал/,  

    44. Гэрч ОХУ-ын Тува улсын иргэн Шокар Начин Владиморовичийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 23-нд Владислав бид хоёр мориор малчин Дорж Ортукын хэн ч амьдардаггүй байрлуу очсон. Аавын малын бэлчээрт бидэнд Монгол 5 морь авч ирснээс 2 морь нь зугатаасан. Харин үлдсэн морьдыг хилийнхэн ирээд аваад явсан. Манай ах Владислав байнга ингэж морьд авч ирдэг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-нд би ахтайгаа хамт хил дээр очоогүй, бид хил яваагүй. Бид хоёр манай аавын хотонд байсан морьдоор явсан бөгөөд бидний авч ирсэн морьд хулгайн морьд байсан гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх 2-ийн 197-р тал/,

    45. Гэрч ОХУ-ын Тува улсын иргэн Шокар Владислав Владиморовичийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 23-нд миний дүү Начин бид хоёр мориор малчин Дорж Ортукын хэн ч амьдардаггүй буйр луу 18-19 цагийн үед очсон. Тэнд бидэнд 7 морь зарахаар тохирсон Монголын иргэнийг ирэхийг хүлээсэн. 40 орчим минут өнгөрч байхад тохирсон газарт 5 морь авч ирсэн. Түүний хэлснээр 2 морь нь Ошынаа  руу зугатаасан гэсэн. Тэгээд дүү бид хоёр морийг аваад аавын буйр луу явсан. Бид нарт морь авч ирж өгсөн Монгол иргэнийг бид нар Сокту гэдэг байсан. Бид нар улсын хил зөрчөөгүй бөгөөд Сокту өөрөө утсаар яриад Оросын нутагт морьдыг авч ирж өгсөн. Дүү бид хоёр морьдыг тууж ирэхдээ аавын гэрээс унаж гарсан морьдтой явж байсан” гэх мэдүүлэг /хх 2-ийн 198-р тал/,

    46. Шүүгдэгч Д.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 9 тооны адуу хулгайлж Тува улсын иргэн Владимир Упиш гэх хүнд хүргэж өгсөн. Энэ хүн надад нэрээ хэлэхдээ Владимир Упиш л гэж хэлж байсан. Би энэ хүний хууль ёсны нэрийг мэдэхгүй, би паспортыг нь хараагүй. Намайг Санаа гэж дууддаг шиг түүнийг бас өөрөөр дууддаг байх. Владимир Упишийн нэрийг Шокар Начин Владиморович гэдгийг одоо л мэдэж байна. Бид хоёр өмнө нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаангомд шинэ зах дээр танилцаж, уулзсан бөгөөд тухайн үед Владимр Упиш утасныхаа дугаарыг надад өгч “Адуу мал хэрэгтэй байна” гэж хэлж байсан юм. Би адуугаа хүргэж өгчихөөд буцаад Монгол Улсын хилийн 174 дүгээр тэмдэгтийн чиглэлд буцаж ирсэн. Учир нь 174 дүгээр тэмдэгт зэгс ихтэй, цас бага учир мөр ул мэдэгдэхгүй байх гэж бодсон. Намайг наашаа Монгол Улсын тал руу явж байхад ОХУ-ын талд машины гэрэл асаад, салют буудаад, машин дуугарч байсан тул би Владимр Упишийг Оросын хилийн цэрэгт баригдсан юм байна гэж бодоод гэртээ харилгүй Тэсийн гол гараад Сумъяа гэх айлын хаваржааны өвсний хашаанд хоносон. Тухайн үед тэдний хаваржаанд айл байгаагүй. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үд дундын үед Тува улсын иргэн Владимир Упиштай утсаар ярихад адуу ОХУ-ын талд хураагдсан гэж надад хэлсэн. Түүнээс хойш Владимр Упиш надтай дахин холбогдоогүй. Би тухайн шөнө 6 тооны адууг Владимир Упишд тууж аваачиж өгсөн бөгөөд би аваачиж өгсөн адууныхаа зүс, им тамгыг хараагүй, харанхуй байсан тул харах боломж байгаагүй юм. Намайг хилийн 178 дугаар тэмдэгтийн ус авдаг хаалгаар адуу тууж гарахад тухайн хаалга ямар нэгэн торгүй байсан. Сүүлд тор татсан байх. Владимир Упиш нэг адууг 15.000 рублээр авна гэж хэлж байсан бөгөөд адууны үнэ хөлсийг надад өгөөгүй. Адуу хураагдсан гэж хэлээд сураггүй болсон. Би хохирогч Цэндээд 1 морь өгсөн. Өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би уг хулгайлж хилээр давуулсан адуунуудыг Цэндээ, Отгонбаатар нарын адуу гэдгийг мэдээгүй. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Бид нар худ ургийн холбоотой хүмүүс бөгөөд би тэд нарын адуу гэдгийг мэдсэн бол авахгүй байх байсан юм. Би олон жил шоронгоор явсан тул Тэс сумын айлын адуунуудыг танихгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг шоронгоос гарч ирсний дараа эхнэр салж, шүүхээс хүүхдийн тэтгэмж төлөхөөр шийдвэрлэсэн байсан. Би мал хөрөнгө, унах унаагүй, тэтгэмжээ төлж чадахгүй байсан тул хэдэн төгрөг олох гэсэн богино бодлоос болж ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна.      Мөн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Лхангаажав гэх айлаас мордож ойролцоо байх Сумъяа, Лүйвээ гэх айлуудад бууж цай уусан. Тэгээд цааш явж Таван улиас гэх нэртэй газарт байх адуунуудын захад байсан 3 тооны адуу болох халзан даага, хээр гүү, хонгор гүүг туугаад Монгол Улсын хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлд оройны 8 цагийн үед нэвтэрч “Аг-чира” суурингийн чиглэлд яваад нохой хуцах чимээгээр айлын хотны захад ирсэн. Тухайн айлын гадаа очиход нохой хуцаж байшингаас 30 орчим насны, өндөр нуруутай залуу гарч ирээд “Юун хүн бэ” гэхээр нь би “Монгол хүн байна, Орос цагдаа цэрэг тайван байна уу” гэж асуухад тэр залуу “Тайван” гэж хэлээд “Таны тууж яваа мал ямар мал вэ” гэж асуухаар нь би “Миний өөрийн мал байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд удаагүй хойд захын гэрээс бас нэг залуу гарч ирээд миний тууж ирсэн адууг хашаалцсан бөгөөд би тэд нараас “Энд сүлжээтэй газар байгаа юу” гэж асуухад Тува залуу “Хашааны тэнд шат байгаа, шатан дээр гарвал сүлжээ байгаа” гэж хэлэхээр нь би шат руу явж очих үед машины дуу гарч гэрэлгүй машин ирээд шууд адуу байгаа хашааны хажууд зогссон. Тэр үед би мориндоо мордоод хашааны хажууд байх бурааны дэргэд зогсож байгаад чагнахад хүмүүс Оросоор ярьж байсан. Би Орос цагдаа, цэрэг байна гэж бодоод шууд Монгол руу зугатааж хуучин гарсан 175 дугаар тэмдэгтээр гарч ирсэн. Би гэртээ ирэхэд шөнийн 00 цаг болж байсан бөгөөд би морио өвсний хашаанд оруулаад шууд унтсан. Намайг ирэхэд бүх айлууд амарсан, анир чимээгүй байсан. Би уул нь 11-р сард  хулгайлж хилээр гаргасан 9 тооны адуугаа тэр орчмын тува айлуудаас асууж, сураг гаргах зорилготой явсан юм. Би 2017 оны 3 дугаар сард хулгайлж хил гаргасан 3 адуу хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Тэр орчны адуу биш юм шиг байсан. Тамга тэмдэг нь тодорхой бус байсан . Тэр 3 адуу Хүрэлбаатар гэдэг хүнийх болохыг сүүлд мэдсэн. Морьдыг хил дээр саатуулсан байсныг эзэнд нь буцааж өгсөн байсан. Миний хийсэн хэрэг бүгд тодорхой байгаа тул би хурдан зохих шийтгэлээ авмаар байна” гэх мэдүүлэг  /хх 1-ийн 167-169, 171-173-р тал/,

    47. Шүүгдэгч Д.Нэргүйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2016 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Монгол улс болон Оросын Холбооны Улсын Тува улсын хилээр нэвтэрч иргэн Шоктар Начин Владимович гэх хүнтэй уулзаж 178 дугаар баганаар хохирогч Отгонбаатарын 4 адуу,  Цэндээгийн 5 тооны адуу нийт 9 тооны адууг хулгайлж аваачиж өгсөн. Тус 9 тооны адуу 175 дугаар чиглэлд Оросын Холбооны Улсад хураагдсан. Түүнээс 3 тооны адууг хүлээлгэж өгч, нэг морийг би төлж өгсөн. Цэндээ, Отгонбаатарын хурдан хурдан морь тэнд үлдсэн учраас би түүнийг авах санаатайгаар 2017 оны 03 дугаар сарын 11-нд Хүрэлбаатарын 3 адууг тууж яваад Оросын Холбооны Улсын хилийн манаанаас зугатааж Монгол Улсын талд орж ирээд баригдсан. Цэндээгийн хурдан морь буцаж ирсэн гэж сүүлд сонссон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Давтан үйлдлээр ийм гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна.  Нийт 12 тооны адуунаас хохиролд одоо 4 адууг төлж өгөөгүй байгаа. Үлдсэн хохирлоо барагдуулна. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.      

 

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

    Шүүгдэгч Д.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 8-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ю.Цэндээгийн 5 тооны, хохирогч Ц.Отгонбаатарын 4 тооны адуу, 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Тэс сумын 4-р багийн нутаг “Таван улиасны нуур” гэх газраас хохирогч Ю.Хүрэлбаатарын 3 тооны адуу тус тус хулгайлж, бусдад их хэмжээний буюу 26.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Монгол улсын хилийн 178 дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилийг хууль бусаар нэвтэрч хохирогч Ю.Цэндээ, Ц.Отгонбаатар нарын 9 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, мөн 2017 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Монгол улсын хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч хохирогч Ю.Хүрэлбаатарын 3 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ю.Цэндээ, Ю.Хүрэлбаатар, Ц.Отгонбаатар, гэрч Х.Жанарбек, Ц.Сандаг, Н.Баянзул, Э.Бат-Эрдэнэ, Н.Тунгалаг, Д.Юмжав,  ОХУ-ын Тува улсын иргэн Ш.Н.Вадимович, ОХУ-ын Тува улсын иргэн Маадыр-оол Салдыс Май-оолович, ОХУ-ын Тува улсын иргэн Шокар Начин Владиморович, ОХУ-ын Тува улсын иргэн Шокар Владислав Владиморович нарын мэдүүлэг, О-шына тосгоны салбарын хариуцсан хэсэг хилийн 179-р тэмдгийн чиглэлээр 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан зөрчилд холбогдуулан явуулсан шалгалт үр дүнгийн материал, Хилийн 0311-р ангийн хилийн 175 дугаар тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчилтэй холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал, Хилийн 0311-р ангийн 2017 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хилийн 175/1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийн материал, адууг шилжүүлэн хүлээлцсэн акт, шүүгдэгч Д.Нэргүйгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

      

                 Хохирогч Ю.Цэндээгийн 5 тооны адуу 16.900.000 төгрөгөөр, хохирогч Ц.Отгонбаатарын  4 тооны адуу 8.550.000 төгрөгөөр, хохирогч Ю.Хүрэлбаатарын 3 тооны адуу 1.380.000 төгрөгөөр, нийт 26.830.000 төгрөгөөр үнэлэгдсэн, үүнээс Ю.Цэндээгийн хулгайлагдсан адууны нэг 9 настай бор морь 15 сая төгрөгөөр, хохирогч Ц.Отгонбаатарын 8 настай шарга морь 7 сая төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, хурдан морьд болох нь хэрэгт авагдсан Увс Финанс-Аудит” ХХК-ийн морь болон эд зүйл үнэлсэн тухай тайлангууд, хурдан морины медаль, өргөмжлөлүүд, С.Намгар, З.Тэсхүү нарын мэдүүлэг, Тэс сумын морин спорт уяачдын холбооны тодорхойлолт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.Нэргүйгийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 26.380.000 төгрөгийн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан их хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

                 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Нэргүйгийн давтан үйлдлээр бусдын нийт 12 тооны адуу хулгайлсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар, Монгол улсын хилийг давтан үйлдлээр хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар, хулгайлсан адуугаа Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар тус тус  ял сонсгон яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхэд хянан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус тус хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах шаардлага үүссэн болно.  

                2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

           Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон өмнө үйлчилж байсан хуулийн аль хөнгөнийг хэрэглэх ойлголт бөгөөд шүүгдэгч Д.Нэргүйгийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг/ бусдын их хэмжээний эд хөрөнгө хулгайлах /, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 / Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх/, 18.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Улсын хилээр барааг хууль бусаар гаргах / -т заасан гэмт хэрэгт тус тус хамаарч оногдуулах ял нь өмнөх хуулинд зааснаас хөнгөрсөн байх тул шүүгдэгч Д.Нэргүйд холбогдох хэргүүдийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж дүгнэв.                        

           Шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуулинд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Нэргүй хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна. 

           Хохирогч Ю.Цэндээ нь хурдан бор морь / 15 сая төгрөгөөр үнэлэгдсэн/, мөн  3 настай хар бор морь, 3 настай хээр морь, 3 настай зээрд морио тус тус буцаан авсан, мөн 15 настай,  700.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар хээр мориныхоо оронд Д.Нэргүйгээс 1 морь 500000 төгрөгөөр үнэлж хохиролд тооцож авсан байх тул үлдэх 200000 төгрөгийг гаргуулж олгох, хохирогч Ц.Отгонбаатарт хохирол төлөгдөөгүй тул нийт 8550000 / найман сая таван зуун тавин мянга / төгрөг гаргуулж олгох зэрэг үндэслэлтэй байна.

            Хохирогч Ю.Хүрэлбаатар нь  3 адуугаа буцаан авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.                    

              2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “ ... эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан тул            шүүгдэгч Д.Нэргүйгийн энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан шархал морь болон хэрэгт иргэний нэхэмжлэл хангах зорилгоор битүүмжилсэн шүүгдэгчийн өмчлөлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр 1-ийг тус тус албадан гаргуулж хохирогч Ц.Отгонбаатарын хохиролд тооцон олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Нэргүйгийн цагдан хоригдсон 124 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Нэргүйгийн эзэмшлийн орос эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, ташуур 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Д.Нэргүй нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нэргүйд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

              2. Шүүгдэгч Тайж овгийн Даалхайн Нэргүйг их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан, улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              3. Шүүгдэгч Д.Нэргүйд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

              4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2, 2.4, 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Нэргүйд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 400 цаг албадан ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг хорих ялын 1 хоногт шилжүүлэн тооцож 50 хоног хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 20 хоног хорих ялаар тогтоосугай.  

              5. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйд оногдуулсан 4 жил 1 сар 20 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              6. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

              7. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Нэргүйгээс 7.500.000 / долоон сая таван зуун мянга/ төгрөг, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан шаргал морь 1, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр 1-ийг тус тус гаргуулж хохирогч Ц.Отгонбаатарт, 200.000 төгрөг гаргуулж Ю.Цэндээд тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орос эмээл 1, хазаар 1, ташуур 1-ийг  тус тус улсын орлогод оруулсугай.

              8. Шүүгдэгч Д.Нэргүйд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                        ШҮҮГЧИД                                               С.БОЛОРТУЯА

                                                                                                        Б.ГАНСҮХ