Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/578

 

 

 

 

 

 

 2021             06           03                                       2021/ДШМ/578                                                                                                                                                                                 

Д.А-д холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох 2006042830150 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Д-ын А, Улаанбаатар хотод 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, социологич мэргэжилтэй, “-” ХХК-д бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Д.А- нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 давхарын өрөөнд хөлслөгчийн зөвшөөрлөөр түр оршин суух эрх олж аваад цахим орчинд аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар бусдад түрээслэх зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн М.Х-д өөрийн байр гэж итгүүлэн хуурч 2020 оны 09 дүгээр сард 1,500,000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.А-г хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гаас 800,000 төгрөг гаргуулан хохирогч М.Х-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх ял шийтгэхдээ 1,500,000 төгрөгийн хохирлоос 700,000 төгрөг төлсөн баримт, үлдэгдэл 800,000 төгрөгийг төлөх боломжтойг нотолсон баримт, шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал, ажил эрхэлдэг талаарх хувийн байдлыг тогтоосон баримтыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдал ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн... учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ... хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэх, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж заасан эрүүгийн хуулийн зорилгыг хэрэгжүүлээгүй. Нэгтгэн дүгнэвэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалт, Эрүүгийн хуулийн зорилго, ял шийтгэл оногдуулах үндэслэл журмыг баримтлаагүй, мөн тухайн гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан үзээгүй байна. Д.А- гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Х.Наранзулын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчид үлдэгдэл хохирлыг төлсөн. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хохирлоо төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч төлөөгүй. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Одоо хохирлоо бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд тусгайлан гаргах саналгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.А- нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 давхарын өрөөнд хөлслөгчийн зөвшөөрлөөр түр оршин суух эрх олж аваад цахим орчинд аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар бусдад түрээслэх зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн М.Х-д  өөрийн байр гэж итгүүлэн хуурч 2020 оны 09 дүгээр сард 1,500,000 төгрөг авсан болох нь:

хохирогч М.Х-ын “...2020 оны 09 дүгээр сарын 19-нд Фэйсбүүкт тавьсан зарын дагуу Амгалан гэх хүний 80602821 дугаараар холбогдсон. Маргааш нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны в1-2 тоотод уулзахад Д.А- нь өөрийгөө  байрны хууль ёсны өмчлөгч гээд “Түрээсийн төлбөр 250,000 төгрөгийг зургаан сараар авна. Байрандаа өнөөдөр шууд орж болно” гэсэн. Тэр үед орох газаргүй байсан болохоор бэлэн 800,000 төгрөг өгч, үлдсэн 700,000 төгрөгийг 22-ны өдөр өгсөн. Байрандаа ороод 7 хоног болж байтал Пүрэвээ гэж хүн ирээд гар гэсэн. Д.А- “Яг одоо очоод зохицууллаа” гэж хэлээд алга болсон ...” /хх 9-10/,

гэрч Д.П-гийн “...Би уг байрыг бусдад түрээслэдэг. Урнаа гэх эмэгтэй 200,000 төгрөг шилжүүлээд “Б1 давхарын өрөөг 12 сар хүртэл хүнд өгөхгүй байлгаж бай” гэсэн. Удалгүй нөгөө байрандаа “Дүүгээ оруулах боллоо” гэсэн. 2020 оны 9 дүгээр сарын эхээр А гэх хүн түлхүүр авсан. 10 сард СӨХ-өөс ашиглалтын зардал авна гэхээр нь А-тай уулзахаар очтол оронд нь оюутан охин байсан...” /хх 11-12/,

гэрч С.У-гийн “... А эхнэрээсээ салсан, очих газаргүй гэхээр нь өрөвдөөд хөдөө байгаад очихгүй байсан түрээсийн байранд оруулахаар болсон. Д.А- очиж түлхүүр авсан гэсэн. Удалгүй П эгч залгаад “А манай байрыг давхар өөр хүмүүст түрээслээд яваад өгсөн байна” гэхээр нь мэдсэн...” /хх 13-14/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.А- нь түр оршин суухаар хөлслөгчөөс гуйж авсан байраа өөрийн хөрөнгө мэтээр хохирогчид ойлгуулан аж ахуйн зориулалтаар түрээслэж ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг бүхэлд нь харгалзан үзэх учиртай. Шүүгдэгч Д.А- хохирлын зарим хэсгийг төлж, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлж, холбогдох баримтуудыг шүүхэд өгчээ. Гэвч тэрээр хөлсний байрандаа түр оршин суух зөвшөөрөл өгсөн танил С.У-гийн итгэлийг хөсөрдүүлж, уг байрыг өөрийн өмч мэтээр хохирогч М.Хишигжаргалыг хуурч түрээслэсэн нь залилах гэмт хэргийн ноцтой хэлбэр гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН        

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН