Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/313

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ***** овогт *****ийн *****г нийтийн албан тушаалтан хахууль өгөгч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, Мөн нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зоригоор албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон тус тус гэм буруутайд. ***** овогт *****ын *****ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд ***** овогт *****ийн *****ыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд ***** овогт *****ийн *****ыг *****ын хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Р.*****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 11.000 /арван нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар, Мөн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.*****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Д.*****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Д.*****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Р.*****д энэ тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял болон торгох ялуудын хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялын хэмжээг 7 жил, торгох ялын хэмжээг 16.400 /арван зургаан мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гэж тогтооно уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялын хэмжээг 10 жил 1 сарын хугацаагаар, торгох ялын хэмжээ 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 10.921.200 /арван сая есөн зуун хорин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгдэгч Р.*****гаас гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар бүхий шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*****гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 176.000 /нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хөрөнгө үнэлгээний компанид олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нэр бүхий шүүгдэгч нарт энэ тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий 16 ширхэг CD баримт, мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа бүхий 2 хавтаст баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

12. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Д.*****, М.*****, Д. ***** нараас тус тус гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тэдгээрт тайлбарласугай.

14. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гаргахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД