Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/431

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          11             03                                                      2023/ШЦТ/431

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

  Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Х.Э холбогдох эрүүгийн 1934******** дугаартай, 5 хавтас хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ************************* регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Х.Э нь Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.5 "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.7 "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах" гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай "Ажилд түр томилох тухай" тушаалаар иргэн Б.Г Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр ****************** тоотод 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг хонь хахуульд авсан,

            мөн Б.Г "биеийн тамирын багшийн ажилд жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна" гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч, мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сум ************ тоот хашаанд Б.Г-аар автомашины гарааш барих ажил, үхрийн пин барих ажил, Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь эрүүгийн 1934******** дугаартай хэрэгт авагдсан

 

Гэрч А.В-н өгсөн: “...Б.Гөөрөө биеийн тамирын сургуульд сурдаг байж байгаад 2016 оны хавар манай суманд ирж ерөнхий боловсролын сургуульд дадлага хийсэн. Тэгээд зэн нь сургуулиа төгсөөд намар ирээд энд ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд ажилд орсон. Түүнээс хойш биеийн тамирын багшийн ажлаа хийж байх хооронд нь сургуулийнх багш жинхлэхгүй байсаар байгаад будилуулаад 6 настны багш, эрүүл мэндийн багш зэрэг ажлууд хийлгэж байгаад ажлаас нь халсан юм. Ажлаа хийж байх хугацаанд нь ажилд жинхэлнэ гээд хувийнхаа ажилд гэртээ зардаг байсан авто гарш бариулсан, үхрийн пин бариулсан, хадланд хүртэл Сэлэнгэ аймаг руу явуулж байсан, 1 ширхэг хонь хүртэл авч байсан тэгээд байхаар нь би орон нутгийн хүмүүс болчих байлгүй дээ гээд хараад байсан чинь сүүлд нь аль ч үгүй болгоод ажлаас нь халчихсан. Тэгээд би гомдол гаргасан юм. 2016 оны 9 дүгээр сард ажилд орсныхоо дараа манай хүргэн Б.Г захирал хоолгүй байна гэж байна нэг хонь өгчихье гээд тэгээд миний малаас 1 хонь аваад захиралдаа өгсөн. Манай хашаанд блокийн машин байдаг бөгөөд зун болохоор хувиараа блок хийж зардаг юм. Х.Э захирал нь гарааш гүйцээгээд өг л гэсэн юм шиг байгаа юм. Б.Гзахирлын гараашийг гүйцээх гэж байна гээд 300 ширхэг блокийг өөрөөсөө гаргаж гараашийг нь барьж өгсөн. Манайх блок хийдэг учраас цемент шаардлагатай байдаг ба тонн-оор нь аваад тавьчихдаг юм. Тэгээд Б.Гтэр гараашийг барихдаа манайхаас 5 цемент авсан. Тэр хоёрын хоорондох асуудлыг бол би мэдэхгүй, хоорондоо ямар яриа байсан юм тэрийг би мэдэхгүй. Б.Г ямар ч байсан эдгээр зүйлүүдийг авч явсан, үнэ хөлс нь эргэж ирээгүй, үнэгүйгээр Х.Э захиралдаа өгсөн. 2017 оны 8 дугаар сард билүүдээ Б.Г-ын цалинг нь Х.Э захирал нь авчихсан. 2 хүүхэдтэй хүн шүү дээ гэтэл гэртээ зарна, үнэгүй зүйл авна дээрээс нь цалинг нь авчихна, энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /1хх 14-15/,

Гэрч Б.Г-н өгсөн: “...Би 2016 онд Монгол Улсын Боловсролын Ир сургуулийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн юм. Тэгээд сургуулиа төгсөөд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сар хүртэл Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилласан. 2019 оны 8 дугаар сараас одоогийн ажиллаж буй 6 дугаар дунд сургуульд эрүүл мэнд, биеийн тамирын багшаар ажиллаж байна. Манай эхнэр Н Төв аймгийн Борнуур сумынх бөгөөд би 4 дүгээр курст оюутан байхдаа Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж байсан. Тэгээд төгсөөд Борнуур суманд байхдаа Ерөнхий боловсролын сургуулиас биеийн тамирын багшийн ажилд сонгон шалгаруулалт зарласан байсныг мэдээд сургууль дээр очиход сонгон шалгаруулалтын комисс байгуулагдсан байсан ба комисст тус сургуулийн сургалтын менежер Б, түүх нийгмийн багш Э, монгол хэлний багш О, математикийн багш Б гэдэг багш нар байсан. Сонгон шалгаруулалтад надаас өөр 3 хүн нийт хүн  орсон, шалгалтыг хууль эрх зүй, мэдлэг чадвар, ур чадвар гэсэн төрлүүдээр авсан бөгөөд би шалгалтаа өгөөд 1-р байранд орж тэнцээд биеийн тамирын багшаар түр ажиллах захирлын тушаалаар ажилд орсон. 6 сар ажиллуулаад жинхлэх ёстой гэж байсан боловч намайг огт жинхлээгүй, ажлаас гартал түр ажилтнаар ажиллуулж байсан. Х.Э захирал намайг дуудаад манай сургууль дээр биеийн тамирын багшийн орон тоо гарлаа, сонгон шалгаруулалт зарлатал түр ажиллаж байгаач гээд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болоод сонгон шалгаруулалтаа тэнцээд тушаал гараад тэр өдрөөс тушаалаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2016-2017 оны хичээлийн жилд ажиллаж дуусаад зуны амралт болоод 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очсон. Х.Э захирал надад чи миний хэлсэн болгоныг хийгээд байвал чамайг биеийн тамирын багшаар чинь жинхэлнэ, мөн эхнэрийг чинь төгсөхөөр нь сургуульдаа ажилд оруулна гэдэг байсан. Тэгээд надаас 1 ширхэг хонь, даацын хайрган блок 300 ширхгийг, Монцемент ХХК-ний үйлдвэрлэсэн цемент 5 шуудайг авсан. Мөн Х.Э захирлын хашаанд нь автомашины гарааш нөхөртэй нь хамт өрлөгийг нь нуруутай нь барьж дуусгасан. Тэгсэн чинь хүмүүс хэл ам хийгээд байна гээд дуусгаагүй байж байгаад болиулсан. Энэ гараашийг бол 2017 оны намар барьсан. Мөн хашаанд нь үхрийн пин /үхэр байрлах байр/-ыг Х.Э захирлын нөхөртэй нь хамт барьсан. 2017 онд Борнуур суманд байдаг талбайд хадлангийн өвс ачиж буулгах ажил хийсэн. 2018 оны намар намайг ажлаа тарсан чинь Сэлэнгэ рүү хадлангийн ажилд яв гээд 2 хоног хадлангийн ажилд явсан. 2017  оны намар надаар гэртээ гараашаа бариулсан. Тэгээд миний 8 сарын цалин орсон чинь хүмүүс хэл ам хийгээд байна, сургууль дээр ажиллаагүй байж цалин орсон гээд байна, тэгэхээр чиний дансанд орсон цалинг авах хэрэгтэй байна гээд миний дансанд орсон байсан 185.000 төгрөгийг нярав Бтай хамт банк ороод нярав Б банкны үүдэнд байж байгаад банкнаас мөнгөө аваад гараад ирэхэд надаас авсан. Надад ямар нэгэн ажлын хөлс өгч байгаагүй. Намайг биеийн тамирын багшийн ажилд жинхэлнэ, үндсэн ажилтан болгож өгнө, эхнэрийг чинь төгсөхөөр ажилд авна гээд л би өөрөө блок хийдэг юм. Тийм болохоор хашаанд гарааш бариад өг гээд би өөрөөсөө цемент блокийг гаргаж өгч гараашийг нь барьсан. Мөн 1 ширхэг хонийг авсан. Би мэдэж байгаа. Х.Э нь өөрөө захирал хүн байсан. Тэгээд түүний хэлсэнд нь итгэж байсан. Эхнэр бид хоёр залуу хүмүүс учраас хоёулаа ажилд орчих юм байна гэж бодоод л Х.Э захирлын хэлснээр бүгдийг хийдэг байсан. Энэ ажлыг хийгээд өгөө тэгвэл чамайг жинхэлнэ, үндсэн ажилтан болгоно цаашид ажиллуулна. Хэрвээ тэгэхгүй бол дараагийн чинь хүн байгаа шүү гэж хэлдэг байсан. Тэгээд би намайг жинхлэхгүй байж магадгүй, эсвэл дараагийн хүнийг ажилд авчхаж магадгүй гэж бодоод л аргагүй эрхэнд блок цементийг өөрөөсөө гаргаад хашаанд гараашийг нь барьж өгсөн, хадлангийн ажилд нь явсан, үхрийн пинг нь барьж өгсөн. Хэрвээ ажлыг хийж өгөхгүй бол ажлаас халчхаж магадгүй гэж айдаг байсан. А.В энэ хүн бол манай хадам аав байгаа юм. Хамгийн сүүлд нь намайг ямар ч үндэслэлгүйгээр халсан, намайг анх ажилд оруулахдаа жинхэлнэ үндсэн ажилтан болгоно гэж түр ажилтнаар авсан боловч ажиллаж байх явцад 6 настнуудад хичээл ордог багш болгосон, эрүүл мэндийн багш болгосон. Тэгээд 2018 онд дахин биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтад оруулсан. Тэгээд тэрэнд нь орсон боловч намайг тэнцүүлээгүй, өөр хүнийг биеийн тамирын үндсэн багшаар ажилд авсан. Үүнд нь Х.Э захиралд гомдолтой байна." гэх мэдүүлэг /1хх 16-18/,

Гэрч Б.Г-н дахин өгсөн: “...Манай хадам аав маань Борнуур суманд малтай малчин юм. Тэгээд хадам аавдаа хэлээд 1 ширхэг хонь аваад Х.Э захиралд өгсөн. 300 блок хадам аавынхаа хашаанд блок хийдэг бөгөөд тэндээсээ 300 ширхэг блокийг өөрөө цохиж гарааш барихад зарцуулсан, 5 шуудай цемент бол блок цохиход цемент ашигладаг бөгөөд хашаандаа блок хийх гээд авчирсан байсан цементээсээ гарааш барихад ашигласан. Би өрлөгийг нэлээд ихэнхийг нь барьчихсан байсан ба хичээл эхлээд би ажилдаа яваад нээх зав гарахгүй байсан учраас сүүлдээ л Х.Э захирал Борнуур суманд байдаг Батаа гэдэг хүнээр гараашаа гүйцээж бариулсан. Гэхдээ би өрлөг дуусгах, дээврийн А нуруу зангидах, хаалга хийх гэх мэт бүх ажилд нь тусалж байсан. Ер нь бол гарааш бариад дуусгах хүртэл бол би байж тусалж байсан. Би багшлах эрхгүй байсан. Гэхдээ сонгон шалгаруулалтад оролцсон бүх хүмүүс багшлах эрхгүй байсан. Хонь аваад ир гэж нэхээгүй. Би зүгээр хонийг өөрөө өгсөн юм. Зорилго нь бол ажилд авсан гэж л өгсөн юм. Харин блок, цементийг гарган үнэ пин бариад өгчих юм бол, хадланд явах юм бол ажилд чинь жинхэлнэ, цаашдаа энэ ажилд тогтвор суурьшилтай байлгана гэж хэлдэг байсан. Тэгээд л би энэ бүгдийг хийсэн. Нас бие гүйцсэн эр хонь амьдаар нь өгч байсан. Тухайн үед эр хонь ямар үнэтэй байсан талаар мэдэхгүй байна.  1 ширхэг блок 900 төгрөгийн үнэтэй байсан байх, 1 ширхэг нь 10.000 төгрөгийн үнэтэй байсан.” гэх мэдүүлэг /1хх 19-20/,

Гэрч Б.Галбадрахын дахин өгсөн: “...Би Х.Эгаас мөнгө зээлж байгаагүй. Тэр хонийг зээлсэн мөнгөнийхөө оронд өгсөн зүйл байхгүй. Захирлаас мөнгө зээлж аваагүй. Хонийг ямар зорилгоор түүнд өгснөө өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн. Ажилд авсан гээд хонийг өгсөн юм. Яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр өгсөн. Яг хэдний өдөр гэдгийг нь үнэхээр санахгүй байна. Би хонийг өөрийнхөө хашаанаас өөрийнхөө машинд хийгээд Х.Э захирлын гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед захирал гэртээ байгаагүй, ажил дээрээ байна гээд хажуу айлынх нь буюу эгчийнх нь хашаанд оруулж өгсөн. Би хонийг аваачиж өгөхдөө ганцаараа байсан. Би блокийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон бөгөөд ажилдаа орохоосоо хэдхэн хоногийн өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын эхээр аавын портер автомашинд өөрийнхөө хашаанаас 300 ширхэг блокийг ачаад ганцаараа Х.Э захирлын хашаанд аваачиж буулгасан, тэгэхэд нөхөр нь хамт буулгалцсан. Цементийг бол 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна, гараашны шал, амбаарынх нь шалыг цутгах гэсэн чинь цемент дутчихаад тэгээд өөрийнхөө хашаанд байсан цементээс өөрийнхөө машинтайгаа ганцаараа зөөж аваачсан. Цемент аваачихад нөхөр нь байсан. Нөхөр нь бол байнга гэртээ байж байдаг бөгөөд нөхөр нь байх үед л намайг дуудаж юм хийлгэдэг. Нөхөр нь байхгүй үед бол дууддаггүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх 38-39/,

Гэрч Я.Б-ын өгсөн: “...Уг гараашны нийт 7 үе гарааш байсан ба намайг барьж эхлэхэд 4 үе  өрөгдчихсөн байсан. Нөхөр П нь өөрөө өрсөн гэж байсан. Хашаанд нь блок, байсан. Хөөсөн блок байсан. Манай суманд хийсэн блок байх шиг байсан. Цемент нь монцементийн цаасан ууттай цемент байсан. Тэгээд би блокн өрлөгийг нь гүйцээж 7 үе болгоод шалыг нь цутгаад, дээврийг нь хийгээд, гадна шавар өнгөлгөөг нь хийгээд дуусгаж өгсөн. Намайг ажил хийж байхад нь нөхөр нь тусалсан.” гэх мэдүүлэг /1хх 28-29/,

"Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 034 дугаартай: “1. 1 толгой нас бие гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ, цэнэ 2017 оны 8 дугаар сарын байдлаар 120.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 120.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын байдлаар 110.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов.”, “2. 1 ширхэг хөөсөн блок /хашаа, байшин барьдаг/-ын зах зээлийн үнэ, цэнэ 2017 оны 8 дугаар сарын байдлаар 900 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын байдлаар 900 төгрөг болохыг тус тус тодорхойлов.”, “3. 1 ширхэг цемент /монцемент/-ын зах зээлийн үнэ, цэнэ 2017 оны 8 дугаар сарын байдлаар 8350 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 8500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын байдлаар 8100 төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх үнэлгээний тайлан /1хх 32-37/,

Х.Э-гийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд баригдсан автомашины гарааш, үхрийн пин зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-43/,

Б.Г Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшийн ажилд түр томилсон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан авсан Биеийн тамирын сонгон шалгаруулалт явуулсан материал /1хх 53-169/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.   

 

            Шүүгдэгч Х.Э нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/240 дугаартай захирамжийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд,

 

         Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2-т "төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч"-ийг ойлгохоор заасан бөгөөд, төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн болон үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан хамаарахаар заасан.  

          Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол” гэдгийг нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал"-ыг ойлгоно гэж тодорхойлжээ.

 

            Шүүгдэгч Х.Э-гийн иргэн Б.Г Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоотод 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг хонь хахуульд авсан, мөн Б.Г "биеийн тамирын багшийн ажилд жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна" гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч, мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сум *********** хашаанд Б.Галбадрахаар автомашины гарааш барих ажил, үхрийн пин барих ажил, Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулсан үйлдэл нь;

 

          Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.5 "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.7 "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн,

 

шүүгдэгч Х.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Х.Э нь "Б.Г ажилд орж чадаагүй тул өш хонзонгийн сэдэлтээр гүтгэсэн" гэж гэм буруу дээрээ маргасныг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын яллагч шүүгдэгч Х.Эд гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр  торгох ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэн хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 6 сая төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан 6 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг;

 

эрүүгийн 1934******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч О.Х.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн 1934******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ