Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Н/цахим/,

Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч С.Б/цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ноос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2401000100069 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: М

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М нь Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгч гэсэн албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө ашиглаж,

Нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамааралгүй боловч албан тушаалын эрх хэмжээ, албан тушаалын зэрэглэлийн давуу байдлаа урвуулан Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отой холбогдож “Ө” ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулах боломжтой эсэх талаар тодруулж тус албан тушаалтанд нөлөөлж,

Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийг нүүрс олборлох чиглэлээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/41 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 34/23 дугаартай “Уул уурхайн бүтээгдэхүүн чингэлгээр тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-г тус тус Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байгуулуулан “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа ойлгож байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/59 дугаартай “Мийг Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгчээр” томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 45-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Мийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “... Би “Ө” ХХК-ийн захирал Л.Мг “Т” ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулахад би хооронд нь холбоод Н.Од хэлж өгсөн. Одоо бол н.О, Л.М нар хоорондоо сүрхий найзууд болсон юм шиг байна лээ. Би Л.Мгаас хэд хэдэн зээл маягаар авч байсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

“Ө” ХХК, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 130-134 дүгээр хуудас/,

Гэрч С.Мийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “... Одоо манай компанийн гүйцэтгэх захирлаар миний хүү М ажилладаг. Компанийн тухайд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний тухайд компанийн үйл ажиллагаанд нэг их оролцоод байдаггүй бөгөөд Ханги руу явснаас хойш тээврийн үйл ажиллагаанд нь огт оролцоогүй. Ер нь огт холбоогүй байж байгаад манай компани Хангид очсоны дараагаар гэнэт Ж.Л нь надтай утсаар яриад мэнд ус мэдээд явж байтал танайх Ханги дээр нүүрсэнд явдаг юм байна, би машин оруулмаар байна гэж хэлэхээр нь би хүү Мтай холбож өгсөн. Тэгээд тэрнээс хойш холбоогүй бөгөөд машин оруулчхаад л алга болчихсон шүү дээ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 152-153 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 229-250 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Мийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 6-15 дугаар хуудас/,

Гэрч Л.Мн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн “...Манай “Ө” ХХК-ийн нэр дээр Ж.Лгийн эзэмшлийн 2 ширхэг нүүрс тээврийн хэрэгслийг явуулъя гээд М, Л нар 2023 оны 04 дүгээр сарын үед М гэх хүнтэй Хангийн боомт дээр уулзсан. Л нь манай ээжийн 10 жилийн ангийн хүүхэд байсан бөгөөд ээжээр дамжуулан надтай холбогдоод тэгээд би Хангийн гаалийн дарга М гэдэг хүнтэй уулзсан. Тэгтэл М гэх хүн нь 2 машин явуулна харин оронд нь нүүрс тээврийн гэрээн дээр нь тус больё гэж хэлсэн. Үүнийд дагуу надад хэд хэдэн гэрээн дээр надад тусалж байсан.

“Ө” ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/41, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/41 “Т” ХХК-тай байгуулсан. Гэрээг байгуулах үед Хангийн гаалийн дарга М гэх хүн холбож өгч гэрээ байгуулахад тусалсан. Гэрээ байгуулахын өмнө би өөрийн “Ө” ХХК-ийн гэрчилгээгээ М рүү Wechat-аар явуулж байсан. Надад “Т” ХХК-ийн холбоо барих дугаарыг өгөөд энэ хүнтэй утсаар ярь гэж хэлсэн Би тухайн өгсөн дугаар руу нь өөрийн *** дугаараас залгаад “Ө” ХХК-ийн захирал байна танайхтай гэрээ байгуулах гэсэн юм гэхэд компанийн регистрийн дугаараа явуулчих гэж хэлсэн.

Би компанийн регистрийн дугаарыг мессежээр явуулаад үүнээс хойш удалгүй гэрээгээ байгуулсан. Гэхдээ тухайн үед яг хэн рүү мессеж илгээснээ санахгүй байна. “Т” ХХК-тай байгуулсан гэрээ нь манай компанийн бусад гэрээнүүдийг бодвол том буюу тогтвортой гэрээ учраас би баярлаад дахин гэрээ байгуулж өгнө гэдэгт найдаж хий гэсэн гүйлгээг нь хийдэг байсан. Төрөө ах намайг мөнгө өгөхийг шаардаж байсан удаа байхгүй. Хэрэгтэй үедээ над руу яриад мөнгө хийчих гэхээр нь би мөнгө шилжүүлдэг байсан. Мд мөнгө өгснийг надаас өөр хүн мэдэхгүй. Нэг удаа л ээж рүү Мийн охины дансыг явуулсан. Ээжийн тухайд Ханги руу явж үзээгүй бөгөөд намайг мөнгө шилжүүлэх гэхээр л шилжүүлдэг ба Улаанбаатар хотод хүүхэд хардаг. Одоо яг ямар, ямар дансаар хэнээр дамжуулж Мийн өгсөн данс руу мөнгө шилжүүлснээ санахгүй байна. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охиныхоо дансыг явуулах үед нь би ээжээр дамжуулж мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш Төрөө ах мөнгө шилжүүл гэж хэлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Ц.Оын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...М дарга надтай холбогдоод “Ө” ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулах боломжтой эсэхийг асуусан. Тухайн үед би М даргад манай компанийн нүүрсийг тээвэрлэх бол манай компанийн С зөвшөөрлөөр манай нүүрсийг л зөөнө шүү өөрөөр хэлбэл бусад компанийн С зөвшөөрлөөр тээвэрт яваад байдаг бол тийм асуудал байхгүй шүү гэдгийг хэлсэн, үүнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн өөрсдийн С зөвшөөрлөөр өөрсдийн нүүрсээ зөөлгөнө гэх утга бүхий хурлын тэмдэглэлийг хүртэл би файлаар М дарга луу явуулж байсан, мөн гэрээн төслийг М дарга луу явуулсан, “Ө” ХХК-ийн нягтлан бодогч нь ирж С зөвшөөрөл авсан, дараа нь Л.Мтай уулзаж танилцсан, гэхдээ ажлын хувьд хамгийн сайн ажиллаж байгаа компани. Тухайн үед М буюу Ханги боомт дахь гаалийн дарга гуйж байхад үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Би ганц л зарчмын зүйл хэлсэн нь манай ачааг л С зөвшөөрлийнх нь дагуу явуулчхаарай гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 37-38 дугаар хуудас/.

Яллагдагч Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 57 дугаар хуудас/,

 “Ө” ХХК болон “Т” ХХК-иудын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/41 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 34/23 дугаартай “Уул уурхайн бүтээгдэхүүн чингэлгээр тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-ний хуулбарууд /3-р хх-ийн 102-112 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М нь Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгч гэсэн албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө ашиглаж,

Нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамааралгүй боловч албан тушаалын эрх хэмжээ, албан тушаалын зэрэглэлийн давуу байдлаа урвуулан Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отой холбогдож “Ө” ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулах боломжтой эсэх талаар тодруулж тус албан тушаалтанд нөлөөлж,

Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийг нүүрс олборлох чиглэлээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/41 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 34/23 дугаартай “Уул уурхайн бүтээгдэхүүн чингэлгээр тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-г тус тус Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байгуулуулан “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мд давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

 Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч С.М, Л.М, Ц.О нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.     

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

 

Нийтийн албан тушаалтан” гэдэгт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч М нь Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгчээр ажиллаж байсан тул нийтийн албан тушаалтан мөн байна.

 

Албан тушаалын байдлаа “Урвуулан ашиглах” гэдэгт албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “бусдад давуу байдал бий болгосон” гэдэгт албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар бусад этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохыг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М нь Гаалийн ерөнхий газрын харьяа *** салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа уг албан тушаалын байдлаа давуу байдал болгон Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отой холбогдож “Ө” ХХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулах боломжтой эсэх талаар тодруулж, тус албан тушаалтанд нөлөөлж, улмаар “Ө” ХХК-ийг нүүрс олборлох чиглэлээр 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/41 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 34/23 дугаартай “Уул уурхайн бүтээгдэхүүн чингэлгээр тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-г байгуулуулан “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мд давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

         Хохирол төлбөрийн талаар:

        

           Шүүгдэгч М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                                        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Мийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Мийн өмгөөлөгч С.Бгаас: “...оногдуулах эрүүгийн хариуцлага дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-т зааснаар шүүгдэгч М нь уг хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

           Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй Шар халтар, шүрэн толгой, ногоолин хавчуурга, гуулин мэт нуухтай хөөрөг 1 ширхэг, шүүгдэгч Мийн гэрээс хураан авсан 4.500 америк доллар, 1.620.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Мд тус тус буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

    5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177, 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

    6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй Шар халтар, шүрэн толгой, ногоолин хавчуурга, гуулин мэт нуухтай хөөрөг 1 ширхэг, шүүгдэгч Мийн гэрээс хураан авсан 4.500 америк доллар, 1.620.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Мд тус тус буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОДБАЯР