Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/02888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 57 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Д Н /РД:ЧН57090801/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 209 тоот хаягт оршин суух, Ц А /РД:ЧТ60010409/ нарын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цагаатгалын нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н,

Нэхэмжлэгч Ц.А,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Ц.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ня, Ц.А нар нь хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нар нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Банзрагчийн Очирбат тухайн үед бүх Цэргийн оёдлын гар үйлдвэрийн дарга, Цэргийн Явдлын Яамны 3-р газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд 1937 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт амралтаараа эхнэр хүүхдүүдийн хамт явж байхад нь хувьсгалын эсэргүү хэргээр баривчилж, эмээ Бавуугийн Цэмбэлийг охидынх нь хамт аймгийн төв дээр хар гэрт хорьж, жирэмсэн хөл хүнд эмээг цагдаж, тагнаж, хүнээр харгалзуулж байсан гэдэг. Үүнээс хойш 2 сарын дараа буюу 1937 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвөө Банзрагчийн Очирбат нь хилс хэргээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж цаазлуулсан анхны 12 хүний нэг болсон. Бүх хөрөнгийг нь хураах, буудах ял өгсөн байдаг. Харин 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 80 дугаар тогтоолоор бидний өвөө Б.Очирбат цагаатгагдсан болно. Улмаар эмээ Бавуугийн Цэмбэлд 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өвөө Б.Очирбатын Цагаатгалын үнэмлэх, тогтоолыг 1960 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Партизаны комиссын дарга Тогтох гэдэг хүн Партизаны үнэмлэхийг нь 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор МАХН-ын гишүүнийг нь тус тус нөхөх сэргээж өгсөн. Энэ бүх бичиг баримтууд бүрэн эхээрээ бидэнд хадгалагдаж байдаг. Бидний өвөө болон бусад хэлмэгдсэн 12 хүний гэрэлт хөшөөг Сонгинохайрхан уулын өвөрт босгож, нэрийг нь мөнхөлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгох хууль гарсан үед эгч Дамдинсүрэн, аав Дашдондог нар амьд сэрүүн байсан бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст материалаа өгч байх үедээ эгч Дамдинсүрэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан. Дараа нь миний аав Дашдондог материал бүрдүүлж өгснөөр 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Зууны мэдээ сонины 135 дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нэр нь зарлагдсан. Ингээд 30 хоногийн дараа буюу 8-р сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ямар нэг маргаан гараагүй нөхцөлд харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарга гэсний дагуу гаргаж өгсөн боловч садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох болж буцаагдсан. Тус нөхөх олговрыг хөөцөлдөх явцад Д Нямханд миний аав Дашдондог 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бие нь муудаж нас барсан. Д.Нямханд миний бие 2020 оны 5 дугаар сараас өөрийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181ШШ2020 01971 тоот шийдвэрээр Д.Нямханд намайг Банзрагчийн Очирбатын ач охин болохыг тогтоож шүүхийн шийдвэр гарсан. Бидний эмээ Б. Цэмбэл 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Энэ өдөр Хэлмэгсдийн ар гэр, үр хүүхдүүдтэй нь уулзах уулзалтаар Сонгино хайрхан ууланд босгох 12 хүний гэрэлт хөшөөний тухай, мөн сүүлчийн амьд гэрч болох эмээг оролцуулан баримтат киноны зураг авах тухай ярилцаж ирээд сэтгэл хөдлөлийн улмаас харвалт өгч нас барсан юм. 1990 онд Улаан од сонины сурвалжлагч Д.Дамдиндорж гэдэг хүн Хар хэргийн амьд гэрч гэдэг номдоо эмээгээс ярилцлага авч Эхнэр хүүхдийн шаналал гэдэг хэсгийг нь бичсэн байдаг. Эмээ Б.Цэмбэл үр хүүхдүүдийн хамт хэцүү бэрхийг туулж өнгөрөөсөн бөгөөд хүүхдүүдээ хүртэл төрсөн эцгээр нь овоглох эрхгүй эсэргүүгийн хүүхдүүд гэж ад шоо үзэгдэж, сургууль соёлгүй, ажил хөдөлмөрт оруулахгүйн улмаас төрсөн ах Гомбосүрэнгээрээ 3 охиноо сүүлд гэр бүл болсон Лувсантүвдэн гэдэг хүнээр аавыг овоглосон гэдэг. Эмээ маань хүүхдүүдтэйгээ ядуу зүдүү, удаа дараа хөрөнгө эд хогшлоо хураалгаж, айж ичиж амьдарч байсан бөгөөд хамар хашаанд амьдарч байсан төрсөн дүүгийнх нь эд хөрөнгө, авдар савыг хүртэл хурааж авсан гэдэг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу хэлмэгдэгч Б.Очирбатын охин Дамдинсүрэнгийн үр хүүхэд болох Ц.Алтанцэцэг /зээ/, хүү Дашдондогийн үр хүүхэд болох Д.Нямханд /ач/ нар нөхөх олговор нэхэмжлэх эрх бүхий этгээд болно. Бидний өвөө Б. Очирбат 6 хүүхэдтэй байсан бөгөөд одоо бүгд нас барсан. Нөхөх олговрын хууль гарсан үед охин Дамдинсүрэн хүү Дашдондог нар амьд сэрүүн байсан бөгөөд тус бүр 10, 10 хүүхэдтэй байсан юм. Эдгээрээс одоо амьд сэрүүн байгаа 14 хүүхэд байна. 4 хүүхэд нь нас барсан, 2 хүүхэд нь эгч Г.Дуламсүрэн, Г.Лхасүрэн нартаа өргүүлсэн болно. Б.Очирбатын хүү Дашдондог болон, охин Дамдинсүрэн нарын дээрх 14 хүүхдээс 12 хүүхэд өвлөх эрхээсээ татгалзан Д.Нямханд, Ц Алтанцэцэг нарт эрхээ шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д. Нямхандтай ижил эрхтэй 7 хүүхэд нь уг нөхөх олговрыг өвлөх эрхээсээ татгалзаж тус тусдаа хүсэлт өгсөн. 1 хүүхэд нас барсан, 1 хүүхэд нь эгчдээ өргүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ32020/13912 дугаар шүүгчийн захирамжид дурдсан алдааг залруулсан болно. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн ижил эрхтэй хүүхдүүд буюу Дамдинсүрэнгийн хүүхдүүдээс 5 хүүхэд нь өвлөх эрхээсээ татгалзсан, 3 хүүхэд нь нас барсан, 1 хүүхэд нь эгчдээ өргүүлсэн. Нэхэмжлэгч Б. Очирбатын ач охин Д.Нямханд болон зээ охин Ц. Алтанцэцэг бид тус тусдаа 80 сая төгрөгийг 40 сая 40 саяар нь өвлөх эрхийн гэрчилгээ авч 800,000 төгрөг тушаасан байгаа. Мөн Д.Нямханд болон Ц.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төрсөн дүү Ц.Отгонжаргал нар хоорондоо хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан болно. Одоогоор Алтанцэцэг нь Австри улсад байгаа бөгөөд төрсөн дүү Отгонжаргалд итгэмжлэл явуулсан. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу оршин суугаа аймаг нийслэлийн Засаг даргаас орон сууц, гэр олгоогүй тухай лавлагааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 399 тоот албан бичгээр авч хавсаргав. Иймд Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг Цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох хуулийн 13 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Б. Очирбатын ач Д. Н, зээ Ц. А нарт тус бүр 40 сая төгрөг, нийт 80 сая төгрөгийн нөхөх олговор олгуулж өгнө үүгэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төрийг төлөөлж прокурор Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д.Н нарын нэхэмжлэлтэй танилцахад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “В”-д зааснаар Банзрагчийн Очирбат нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүн болох нь хэрэгт цугларсан Тагнуулын Ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4011 дугаартай архивын лавлагаа /хх 7-р хуудас/, БНМАУ-ын АИХ тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссын 1962.02.13-ны өдрийн 80 дугаартай тогтоолоор цагаатгасан /хх-9/, Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “энэ хуулийн зорилт нь ... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ..."-д оршино гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус/ хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.3-т заасан этгээд хамаарах буюу бусад хүнийг тухайлбал хуулийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач охин, зээг нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулж үзэхээргүй байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор...” гэж заасанчлан хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн байх суурьтай байна” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн хуулийн дагуу хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын төрсөн охин Гомбосүрэн Дуламсүрэн 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 780 тоот Иргэний шүүх хуралдаанаар хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын төрсөн охин болохоо тогтоолгож улмаар тус Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нөхөх олговрын 1 сая төгрөгийг олгосон байна. Харин 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хуулийн нэмэлтээр хэрэгжиж эхэлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд тусгагдсаны дагуу Банзрагчийн Очирбатын нөхөх олговрыг нэхэмжлэхээр түүний хүүхдүүд Гомбосүрэнгийн Дамдинсүрэн, Лувсантүвдэнгийн Дашдондог нар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирж манай байгууллагад анхлан урьдчилсан бүртгэлд бүртгүүлж, улмаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолд тусгагдсаны дагуу нотлох баримтын бүрдлээ бүрдүүлжээ. Үүнд: Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018.05.12-ны өдрийн №05/4011 тоот лавлагаанд: Банзрагчийн Очирбат нь Дорнод аймгийн Очирбаянмөнх сумын харьяат Халх, ард, хар. Нас: 39 /1937 оны байдлаар/. Ам бүл: 10. Эцэг Банзрагч, дүү Магсар, Ханд, эхнэр Цэмбэл, хүүхэд Лхасүрэн, Рагчаа, Дамдинсүрэн, Дуламсүрэн, Сүхбаатар. Б.Очирбатыг 1937 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхэт комиссын 1937 оны 10 дугаар сарын 21-ний өдөр /тогтоолын дугаар байхгүй/ хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Хэргийг хянаад БНМАУ-ын Ардын их Хурлын тэргүүлэгчдийн Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгажээ. Тогтоолын хуулбарыг 2018.05.10-нд олгосон байна. Түүнчлэн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын ТЕГТА-н 2018.05.12-ны өдрийн №05/4011 тоот лавлагаанд: Банзрагчийн Очирбат нь Дорнод аймгийн Очирбаянмөнх сумын харьяат. Халх, ард, хар. Нас: 39 /1937 оны байдлаар/. Ам бүл: 10. Эцэг Банзрагч, дүү Магсар, Ханд, эхнэр Цэмбэл, хүүхэд Лхасүрэн, Рагчаа, Дамдинсүрэн, Дуламсүрэн, Сүхбаатар. Б.Очирбатыг 1937 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хэрэгт баривчилж, ОБЭК-ын 1937 оны 10 дугаар сарын 21-ний өдөр /тогтоолын дугаар байхгүй/ хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Хэргийг хянаад БНМАУ-ын Ардын их Хурлын тэргүүлэгчдийн Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгажээ. Тогтоолын хуулбарыг 2018.05.10-нд олгосон байна. 2018.10.11-ний өдрийн №03-1/4824 тоот лавлагаанд: Улаанбаатар хотын Баруун сэлбийн хорооны 10 дугаарбагийн 1956 онд хүн амын тооллогын бүртгэлийн 187 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Дулмаагийн Лувсантүвдэн эрэгтэй 45 настай, эхнэр Бавуугийн Цэмбэл 50 настай, Лувсантүвдэнгийн Дашдондог 18 настай, дүү Дуламын Ойрив эрэгтэй, 33 настай гэж бүртгэгдсэн байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018.11.05-ны өдрийн №45/031325 тоот 1 дүгээр маягтын лавлагаанд: УШ38020316 регистрийн дугаартай Баяу овогтой Лувсантүвдэнгийн Дашдондогийн эцгийн овог Дулам, эцгийн нэр Лувсантүвдэн, эхийн овог Бавуу, эхийн нэр Цэмбэл гэж бүртгэгдсэн байна, 2018.11.06-ны өдрийн №510/002010 тоот нас барсны бүртгэлийн лавлагаанд: ХК26070102 регистрийн дугаартай Гомбосүрэнгийн Дамдинсүрэн нь 2018.08.02-нд нас барсныг Улаанбаатар хотын 2018.08.04-ний өдрийн 1100004252-рт бүртгэсэн бүртгэл байгаа тул лавлагаа, 2018.11.06-ны өдрийн №510/002009 тоот нас барсны бүртгэлийн лавлагаанд: УГ29041509 регистрийн дугаартай Гомбосүрэнгийн Дуламсүрэн нь 2009.06.06-нд нас барсныг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2009.06.09-ний өдрийн 373-рт бүртгэсэн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны засаг дарга Д. Ганбатын 2018.07.04-ний өдрийн №2/520 тоот тодорхойлолтод: УШ38020316 регистрийн дугаартай Лувсантүвдэн овогтой Дашдондог нь тус хорооны 9 байрны 293 тоотод оршин суудаг, ам бүл 2 болохыг тодорхойлов. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгч Г.Дамдинсүрэнгийн дүү Г.Дуламсүрэн хэлмэгдэгчийн төрсөн охин мөн болох нь тогтоогдсон, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд хүүхэд гэдэгт Дашдондогийн нэр орсон зэргийг үндэслэн нэхэмжлэх эрх бүхий этгээд гэж үзэж бүртгэж авсан болно. Харин нэхэмжлэгч Лувсантүдэвийн Дашдондог 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4637 дугаарт бүртгэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч Гомбосүрэнгийн Дамдинсүрэн 2018 оны 08 дугаар сарын 02-нд нас барсны бүртгэлийн 4252 дугаарт бүртгэж тус тус гэрчилгээг олгосон байна: Энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт "Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ" гэжээ. Нэхэмжлэгч асан Л Д Төрсөн охин Н, мөн Гомбосүрэнгийн Дамдинсүрэнгийн төрсөн охин Ц Аг нар нь Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч М.Саранцэцэгийн гэрчилсэн 0046, 0050 тоот өв залгамжлалын гэрчилгээг тус тус авсан байна. Түүнчлэн СҮХБаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Дугаар 181/ШШ2020/01971 тоот шүүхийн шийдвэрээр Д.Н нь хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын зээ охин болохоо тогтоолгосон байна. Иймд Тус шүүхээс нэхэмжлэгч Ц.А, Д.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй болногэв.

 

Нэхэмжлэгчээс 13912 дугаар шүүгчийн захирамж, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 05/4011 тоот лавлагаа, БНМАУ-ын Аридын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 80 дугаар хурлын тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 780 дугаар шийдвэр, Б.Ичинхорлоогийн ХААТР-1 маягтын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, Өв хүлээн авахаас татгалзах тухай нотариатын бүртгэлийн 0132, 0696, 0694, 051, 0695, 0585, дугаар хүсэлт, Д.Бадамхандын өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, Д.Отгонжаргалын төрсний гэрчилгээ, Д.Мэнд-Амгалангийн төрсний гэрчилгээ, Л.Дашдондог, Д.Доржханд нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.Ичинхорлоогийн төрсний бүртгэлийн лавлагаа, О.Мэндамарын төрсний гэрчилгээ, Б.Цагаанхүү, Г.Дамдинсүрэн нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г.Дамдинсүрэнгийн ХААТР-1 маягтын лавлагаа, Ц.Хүрэлсүх, Ц.Нэргүй, Ц.Отгонжаргал, Ц.Бямба нарын өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, Ц.Рэнцэндорж, Ц.Сүхбаатар, Ц.Ганбаатар нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, Ц.Отгонбаярын овог, нэр өөрчилсний гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01971 дүгээр шийдвэр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 399 тоот албан бичиг, Нотариатын 0348 дугаар бүртгэлтэй хэлцэл, Б.Цэмбэл, Г.Дамдинсүрэн, Г.Дуламсүрэн, Г.Лхасүрэн нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, Зууны мэдээ сонин, Ардын армийн намын комиссын 19 дүгээр албан бичиг, Цагаатгалын үнэмлэх, Партизаны үнэмлэх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 09178 дугаар захирамж, 0050, 0046 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, Г.Дамдинсүрэн, Л.Дашдондог нарын нас барсны гэрчилгээ, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 10/2053 дугаар лавлагаа, Ц.Алтанцэцэгийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг гарган өгч, Шүүхийн журмаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 08/423 тоот лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын цагаатгалын нөхөх олговорт нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Н, Ц.А нарын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Банзрагчийн Очирбат нь 1937 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хилс хэргээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, цаазлуулсан. 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БНМАУ-ын Ардын их Хурлын тэргүүлэгчдийн Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Б.Очирбат нь цагаатгагдсан. Бидний өвөө Б.Очирбат 6 хүүхэдтэй байсан бөгөөд одоо бүгд нас барсан. Нөхөх олговрын хууль гарсан үед охин Дамдинсүрэн, хүү Дашдондог нар амьд сэрүүн байсан бөгөөд тус бүр 10, 10 хүүхэдтэй байсан. Эдгээрээс 4 хүүхэд нас барсан, 2 хүүхэд нь эгч Г.Дуламсүрэн, Г.Лхасүрэн нарт үрчлэгдсэн, үлдэх 14 хүүхдээс 12 хүүхэд нь өвлөх эрхээсээ татгалзаж Д.Нямханд, Ц.Алтанцэцэг нарт эрхээ шилжүүлсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу хэлмэгдэгч Б.Очирбатын охин Дамдинсүрэнгийн үр хүүхэд болох Ц.Алтанцэцэг /зээ/, хүү Дашдондогийн үр хүүхэд болох Д.Нямханд /ач/ нар нөхөх олговор нэхэмжлэх эрх бүхий этгээд болно. Иймд Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасны дагуу Б. Очирбатын ач Д. Н, зээ Ц. А нарт тус бүр 40 сая төгрөг, нийт 80 сая төгрөгийн нөхөх олговор олгуулж өгнө үүгэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төрийг төлөөлж прокурор Ц.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.3-т заасан этгээд хамаарах буюу бусад хүнийг тухайлбал хуулийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач охин, зээг нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулж үзэхээргүй байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор...” гэж заасанчлан хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр дэмжсэн: “... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт "Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ" гэжээ. Нэхэмжлэгч асан Лувсантүдэвийн Дашдондогийн төрсөн охин Нямханд, мөн Гомбосүрэнгийн Дамдинсүрэнгийн төрсөн охин Цагаанхүүгийн Алтанцэцэг нар нь Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч М.Саранцэцэгийн гэрчилсэн 0046, 0050 тоот өв залгамжлалын гэрчилгээг тус тус авсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/01971 дүгээр шүүхийн шийдвэрээр Д.Н нь хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын зээ охин болохоо тогтоолгосон байна. Иймд Тус шүүхээс нэхэмжлэгч Ц.А, Д.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй болногэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Банзрагчийн Очирбат нь 1921 онд цэрэгт татагдан алба хааж, Тавдугаар дивизийн бэлтгэл хэлтэс, Бүх цэргийн бэлтгэлийн хувцасны хэлтсийн дарга, Гуравдугаар газрын дарга, Бүх цэргийн гар үйлдвэрийн газрын дарга зэрэг удирдах тушаалын ажил хийж байгаад 1937 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, 1937 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын Таслан шийтгэх Эрүүгийн хэргийн 39 дүгээр хурлын тогтоолоор дээд хэмжээгээр шийтгэгдсэн талаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05/4011, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 10/2053 тоот лавлагаанд тус тус дурджээ.

 

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор түүнийг цагаатгасан байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдан гарч, тус хуулийн дагуу Г.Дуламсүрэн нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 780 дугаар шийдвэрээр Гомбосүрэн овогтой Дуламсүрэн, Банзрагч овогтой Очирбатын төрсөн хүүхэд болохыг тогтоож, Б.Очирбатыг хэлмэгдсэнд тооцож, цагаатган, Г.Дуламсүрэнд 1 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

 

Үүний дараагаар хэлмэгдэгч Б.Очирбатын нөхөх олговорт 80 сая төгрөгийг нэхэмжлэхээр Л.Дашдондог бүрдүүлбэр хангаж байсан болох нь Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 05ы өдрийн №135 (6102) дугаарт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 3 дугаарт хэлмэгдэгч Банзрагчийн Очирбат, нэхэмжлэгч Лувсантүвдэнгийн Дашдондог /хүүхэд/, нөхөх олговорын хэмжээ 80 сая төгрөг” гэх мэдээллээр тогтоогдож байна.

 

Хэлмэгдэгч Б.Очирбатын охин Г.Дамдинсүрэн, хүү Л.Дашдондог нар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан, бусад хүүхэд өвлөх эрхээсээ татгалзсан гэх үндэслэлээр Г.Дамдинсүрэнгийн охин Ц.А, Л.Дашдондогийн охин Д.Н нар хэлмэгдэгч Б.Очирбатын цагаатгалын нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн13.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно” гээд 13.2.1-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөггэж заасан байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтуудаар хэлмэгдэгч Банзрагчийн Очирбат нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан үйл баримт тогтоогдож байх боловч Б.Очирбатын ач, зээ нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлээ.

 

8. Нэхэмжлэгч нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.3-д зааснаар нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй гэх ба энэ хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оржээ.

 

8.1. 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “10.3.Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 28 дугаар зүйл, Иргэний хуулийн 219, 398, 401 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ” гэж нэмж,

 

8.2. 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “10.3-ын "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл, Иргэний хуулийн 19, 398, 401 дүгээр зүйлд" гэснийг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд" гэж өөрчилж,

 

8.3. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно: 13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг гэж нэмжээ.

 

9. Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдээс үзэхэд тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг 1999 онд нэмсэн, 2002 онд өөрчлөлт оруулсан бол 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг 2018 онд буюу сүүлд нэмж баталсан, илүү нарийвчилсан зохицуулалт байна.

 

10. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.3-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл эдгээр зүйл заалтад нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагчийг хамааруулахгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчид өв залгамжлалаар шилжих эрхэд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгох тухай хуульд нэрлэн заасан этгээдүүдэд хамаарах бөгөөд хэлмэгдэгчийн ач, зээ нарт хамаарахгүй болно.

 

11. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилго нь хилс хэрэгт хэлмэгдэж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон, нэр төр, алдар хүндээ алдсан хэлмэгдэгчийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх, хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд хэлмэгдүүлэлтийн улмаас учирсан хохирол, бусад үр дагаврыг арилгахад орших ба ийнхүү үр дагаврыг нь арилгахдаа өөрийг нь юмуу эцэг/эхийг нь хэлмэгдүүлсний улмаас сэтгэл санаа, эд хөрөнгөөр илүү хохирч, шууд үр дагаврыг нь амссан хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр, төрсөн юмуу түүнтэй адил үрчилж авсан хүүхдэд нь гэр бүлийн бусад гишүүдээс илүү хэмжээний нөхөх олговрыг олгох /13 дугаар зүйлийн 13.2, 22, 23/-оор зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй, иймд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хууль тогтоогчоос 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмж оруулжээ.

 

12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамаарахгүй байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Банзрагчийн Очирбатын цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай Д.Н, Ц.А нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг баримтлан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.Очирбатын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Н, Ц.А нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Д.Н 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ