Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 169

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Б.Соёлмаа,

хохирогч Н.Одгэрэл,

шүүгдэгч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Аргалчин овогт Баяжихын Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030579 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 28 дугаар гудамж 215 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аргалчин овогт Баяжихын Жаргалсайхан /РД: УХ88073195/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхонд байрлах Брейд шоп Соёл ХХК-ийн талхны цехэд эхнэр Н.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүнийг цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Жаргалсайхан: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Н.Одгэрэл: “...Би ажил дээрээ байж байхад манай нөхөр ирсэн. Өглөө 12 цагаас хойш гэртээ ирээч гээд утсаар яриад байсан. Тэгээд манай нөхөр ажлын газрын хаалга үүд нүдээд байхаар нь би цуг ажилладаг хүндээ онгойлгочих гэсэн. Тэгээд орж ирээд учир зүггүй над руу дайраад хэл амаар доромжилсон. Тэр өдрөөс өмнө би гэр орондоо хонохгүй байсан удаа байхгүй. Өглөө ажилдаа яваад орой нь ажлаасаа яараад 19 цаг гэхэд гэртээ оччихсон байдаг байсан. Энэ хүн араас байнга утасдаад дарамтлаад байдгийг нь би хамт ажилладаг хүмүүстээ хэлээгүй байсан. Би энэ хүнийг хардалтаас болж ийм байдалд хүрсэн гэж бодож байна. Намайг хэл амаар доромжлоод, үснээс зулгаагаад, ажил дээр өмсдөг хувцасыг урсан. Тэгээд цуг ажилладаг хүн цагдаа дуудсан. Би ээж рүүгээ ярьсан. Цагдааг ирэхэд манай ах, эгч хоёр ирсэн байсан. Тэгээд тэр орой би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хүн надаас салаад аав дээрээ амьдраад надаас хол байвал надад гомдоод байх зүйл байхгүй. Эмчилгээнд цуг яваагүй, эмчилгээний зардал мөнгийг нэхэмжлэхгүй. ...Б.Жаргалсайхантай сайн дураараа эвлэрсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Одгэрэл хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг 30 минутаас 18 цагийн хооронд манай нөхөр ажил дээр цонх шил хагалчих гээд ороод ирсэн. Намайг ажил дээрээ биеэ үнэлдэг гээд хэл амаар доромжлоод, мөн хамт ажиллаж байсан Оюун-Эрдэнэ рүү манай эхнэрийг авч гадуур тэнэдэг гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Над руу дайраад миний үснээс зулгаагаад ажлын хувцас ураад байсан. ...Манай нөхөр намайг хардаад үүнээс болж маргаан гарсан. ...Намайг гараараа баруун гарын мөр, далны хэсэгт 4-5 удаа цохисон. Үснээс зулгаагаад намайг чирсэн. Гэр бүлийн баталгаа байхгүй хамтран амьдраад 8 жил болж байна. Бид хоёр дундаасаа гарсан 2 хүүхэдтэй. Нэхэмжлэх зүйл бол байхгүй, намайг цохиж зодсонд нь гомдолтой байна...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Гэрч Г.Оюун-Эрдэнэ хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Одгэрэл бид хоёр ажлаа дуусгаад ажлын байрнаас гарах гэж байхад түүний нөхөр ирээд гал тогооны цонхыг хагалчих гээд нүдээд байсан. ...Нөхөр нь гаднаас орж ирээд Одгэрэлийн гар утсыг шүүрэх гээд барьж аваад газар унагаагаад байсан. Би хажуунаас нь чи болиоч ажлын байран дээр ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг гичий, янхан, банзалаар дуудаад хэл амаар доромжлоод эхэлсэн. ...Одгэрэлийн утсыг булааж авах гээд цохиж нүдээд татаж чангаагаад байсан. ...Тухайн үед бид хоёр байгууллагын жижиг өрөөнд орсон байсан. Тэгтэл тэр өрөөнд орж ирээд Одгэрэлийн гэдэс рүү хүчтэй өшиглөөд арагш унагаагаад цагдаад өгөөрэй гэж хэлээд гараад явсан. ...Ажлын байранд орж ирээд гар утсыг нь авах гээд хувцаснаас нь татаад газар унагаагаад дээр нь гарсан байсан. Тэгээд цээж, ар нуруу руу нь цохиод байсан. Би Одгэрэлийг татаж босгож ирэхэд байн, байн татаж чангаагаад байсан. Тэгж байснаа гэдэс рүү нь маш хүчтэй өшиглөсөн...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Жаргалсайхан хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Одгэрэл намайг ирээд ажлаас аваарай гэж 18 цагийн үед хэлсэн. Би удалгүй эхнэрийн ажил болох Хан-Уул дүүргийн Оргил рашаан сувилалын ойролцоо байрлах Брейд шоп гэсэн хаягтай газар очсон. Манай эхнэр ажлаасаа гарч ирээд гадаа бид хоёр маргалдсан. Манай эхнэр ажил руугаа буцаад орохоор нь би араас нь ажил руу нь орсон. Ажил дээр нь бид хоёр маргалдаж эхэлсэн. Өмнө нь манай эхнэр хоёр хоног гэртээ ирээгүй байсан. Үүнээс болж маргаан эхэлсэн. Би уур хүрээд байсан учир нэг удаа алгадаад ажлаас нь гараад гэр лүүгээ явсан. ...Мөн гэр лүүгээ авч явах гээд гарнаас нь татаж нилээд чангаасан. ” /хх-ийн 31-32, 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгч Б.Жаргалсайханы хувийн байдалтай холбоотой гэрч Ш.Баяжих /хх-ийн 17-18/, Б.Жадамба /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, тодорхойлолт /хх-ийн 37/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5191 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Н.Одгэрэлийн биед бугалга, шуу, далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                   3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                   4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

                   - Шүүгдэгч Б.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 37/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхонд байрлах “Брейд шоп Соёл” ХХК-ийн талхны цехэд хамтран амьдрагч Н.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүнийг цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Одгэрэл, гэрч Г.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5191 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Жаргалсайханы хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жаргалсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Одгэрэлд хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Жаргалсайханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч Н.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад гомдол санал байхгүй, би Б.Жаргалсайхантай эвлэрсэн...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Жаргалсайханы өмгөөлөгч Д.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт эвлэрлийн гэрээг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Жаргалсайхан, хохирогч Н.Одгэрэл нарыг сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201726030579 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 290, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Аргалчин овогт Баяжихын Жаргалсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 201726030579 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Б.Жаргалсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Жаргалсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                                  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР