Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/579

 

 

 

 

 

 2021              06           08                                         2021/ДШМ/579                                                                                                                                                                                    

Э.Б-т холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006031582483 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Э-ын Б-, Улаанбаатар хотод 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын хэлтэст цагдаа, жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, .... хорооллын 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугааар: 000000000/

Э.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мүүн” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Н.Э-ийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Э.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн амралттай байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мүүн” нэртэй бааранд найз нарын хамт орсон. Тэнд байхдаа хүнд зодуулж найз Э-р цагдаад дуудлага өгүүлсэн. Эргүүлээр явж байсан хоёр цагдаа зохих ёсны шаардлага тавилгүй, шууд гар өчиж хүзүүн дээр дараад миний үгийг сонсохгүй байсан. Үүнд би гомдож биеэ барьж чадалгүй хариу үйлдэл хийсэн. Энэ үйлдлээ буруу гэж үзэж байгаа. Гагцхүү миний үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Учир нь, үүнийг зөрчлийн хэргээр шийдвэрлэх боломжтой. Үндэслэл нь Э.Б-, цагдаа Н.Энхдөлгөөнийг эсэргүүцэх үйлдэл хийсэн. Гагцхүү цагдаагийн энгэрийн камерын бичлэгийн эхний хэсгийг хэрэгт оруулаагүй. Зөвхөн Э.Б-ын эсэргүүцсэн хэсгийг нотлох баримтаар бэхжүүлсэн. Гэтэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Э.Б- эсэргүүцэх үйлдэл хийхээс өмнө цагдаагийн ажилтан зохих ёсны шаардлага тавихаасаа өмнө өөрөө сэдлийг үүсгэсэн байдаг. Хүзүүн дээр нь дарж мушгисан. Үүний хариуд Э.Б- үйлдэл хийсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ёс зүй болон дүрэм, журмын дагуу цагдаагийн алба хаагч нь Э.Б-ын биед халдах үйлдэл хийх шаардлага байгаагүй. Үүний дараа Э.Б-ын хийсэн үйлдэл буруу бөгөөд өөрөө үүнийг ойлгож байгаа. Камерын бичлэгийн цаг хугацааг харсны дараа Э.Б-ын гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийг мөргөх, өвдөглөх, унагаах зэргээр хүч хэрэглэсэн, “Чамайг ална, ажилгүй болгоно” гэх зэргээр заналхийлсэн үйлдэл гаргаж эсэргүүцсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дүрс бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1 дүгээр зүйлд “Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн үед биеийн хүчийг хэрэглэнэ” гэж заасан. Дуудлагаар очсон албан хаагчийн хүч хэрэглэсэн үйлдлийг эсэргүүцсэний хариуд хүч хэрэглэсэн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, эрүүгийн хариуцлага гэм буруугийн хэлбэрт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт авагдсан хохирогч С.Э-ий “... Бид Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “МҮҮН” цэнгээний газарт очиход Э.Б- цээж нүцгэн бусадтай маргалдсан байдалтай байсан. Түүнээс юу болсныг тодруулахад “Чам шиг муу дэд ахлагчтай харьцдаг нь би биш, чи тэр хүнийг явуулсан” гэж маргалдаад намайг заамдаж мөргөөд, ТҮЦ рүү шахаж, автомашины хамар дээр унагааж өвдгөөрөө дарсан...” /хх 9-11/, гэрч О.Ц-ын “...С.Э тэр залууд шаардлага тавихад хүлээж авахгүй, өөрийгөө Нийслэлийн цагдаагийн газрын даргын жолооч гээд С.Э-ийг “Дэд ахлагчаа чи зүгээр цаашаа зайл, та хоёрыг ажилгүй болгож чадна шүү” гээд нүүр рүү нь мөргөөд, барилцаж авсан...” /хх 13-14/, гэрч М.Э-ын “... Э.Б- цагдаа нартай маргалдаж орилоод, цагдаа нар гарыг мушгиад байсан..” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд, цагдаагийн алба хаагч албан үүргээ биелүүлж явсныг тодорхойлсон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл ажиллах алба хаагчдын хуваарь /хх 87/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-71/, Нийслэлийн цагдаагийн газрын дотоод аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн ахлах ахлагч Э.Б-т албаны шалгалт явуулсан илтгэх хуудас /хх 73-91/, эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл /хх 89/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МҮҮН” цэнгээний газрын гадаа согтуугаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Н.Э-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн объектив талын шинж нь хууль сахиулагч хуулиар хүлээсэн албан үүргээ хэвийн явуулахад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, заналхийлсэн, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байхыг уриалсан, сурталчилсан зэрэг идэвхтэй үйлдэл, эсхүл хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлэхгүй гэсэн эс үйлдэхүйгээр илэрдэг.

Цагдаагийн алба хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж, 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно” гэж заасны дагуу шаардлага тавих, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн 49.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр биеийн хүч хэрэглэх эрх хэмжээ албан үүрэгт нь хамаарч байна.

Хохирогч С.Э нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа олон нийтийн газар болж буй маргааныг зохицуулах зорилгоор хэргийн газарт очиход шүүгдэгч Э.Б- нь түүнд шаардлага тавих завдал өгөлгүй хэл амаар доромжлон, хүч хэрэглэсэн нь тогтоогдож байх тул уг үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгч Э.Б-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ын “... өөрийн үйлдлээ гэмт хэргийн шинжгүй...” хэмээн гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ        

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН