| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2022/00348/И |
| Дугаар | 148/ШШ2022/00433 |
| Огноо | 2022-05-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 148/ШШ2022/00433
| 2022 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 148/ШШ2022/00433 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, гоодой гудамжны 18 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт *******ы *******ын /РД:ЧК66011816/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сумын засаг даргын тамгын газар/РД9057293/-т холбогдох
10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Ө.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Иргэн Ч.******* би Шаамар сумын Ардын хувьсгалын партизан цэргийн хөшөөний баримал болон тугны хэлбэртэй дурсгалын цутгамал самбарын карказ зангидан хийх, партизан цэргийн нэрийг мөнхжүүлэн хар гантиг чулуун дээр лазераар бичиж суулгах ажил хийхээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дамгын газартай 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. Одоо хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын засаг даргын тамгын газар нь гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 346 дугаар зүйл, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ч.******* нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газарт ардын хувьсгалын партизан цэргийн хөшөөний баримал, тугны хэлбэртэй дурсгал, самбарын карказ, партизан цэргийн нэрийг мөнхжүүлэх хар гантиг чулуун дээр лазераар суулгах ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны хооронд хийж дуусгахаар 24,861,400 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 14,861,400 төгрөгийг тухайн үед авсан. Үлдэгдэл санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг өгөөгүй тул бид аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Шаамар сумын Засаг даргын тамгын газар ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу санхүүжилтийг гэрээнд заасан үүргийн дагуу биелүүлээгүй учир гэрээний 4.2-д зааснаар төлбөр шаардах эрхээ эдэлж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон гэрч нарын мэдүүлгийг үзвэл нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаар ирүүлээгүй. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ нь энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээг хийгээд 3 жил болсон ч энэ хугацаанд хариуцагч тал ямар нэг гомдол, санал гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү! гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... 2019 онд мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолоор 10,000,000 төгрөгөөс дээш ажил гүйцэтгэх ажил болон худалдан авалтыг заавал тендер зарлахаар тусгасан. Мөн Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019-2020 оны төсөв батлах тухай тогтоолын худалдан авалтын төлөвлөгөөнд Партизаны талбайн тохижилтын ажил тусгагдаагүй. Улмаар төрийн худалдан авах ажиллагааны системд бүртгэгдээгүй, тендер зарлагдаагүй юм. Хуучин Тамгын газрын даргаас гэрээний талаар асуухад ...Ч.******* нь ажлаа хийхгүй хаяад явчих вий гэсэн үүднээс гэрээ байгуулсан гэж хэлдэг. Маргаан бүхий гэрээ нь 24,000,000 төгрөгийн санхүүжилттэй тул тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зэргийг гаргаж өгсөн,
Хариуцагчаас 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, итгэмжлэл, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Шаамар сумын партизаны талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/138 тоот албан бичиг, Шаамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай тогтоолын хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Сэлэнгэ аймаг Шаармар сумын Засаг даргын тамгын газарт холдогдуулан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №02 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 22-ны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Шаамар сумын Ардын хувьсгалын Партизан цэргийн хөшөөний баримал болон тугны хэлбэртэй дурсгалын цутгамал самбарын карказ зангидан хийх, партизан цэргийн нэрийг мөнхжүүлэн хар гантиг чулуун дээр лазераар бичиж суулгах ажлыг хийхээр тохиролцсон байна.
Уг ажил гүйцэтгэх хугацааг хоёр тал харилцан тохиролцож,
-ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны хооронд барималын ажил дуусч барималын ажлыг үндэслэн тугны хэлбэртэй дурсгалын цутгамал самбарын ажлыг эхлүүлэх,
- 2019 оны 10 дугаар сарын 02-ны дотор хөшөөны болон тугны суурийг бүрэн цутгаж дуусгах,
- ажлын нийт хөлс 24.769.100 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний нийт өртөг 24,769,100 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл санхүүжилт болох 40 хувийн санхүүжилтийг /ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцсон бол тухайн хэсгийн ажлын үр дүнгээр хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож/ олгохоор тус тус заасан байх боловч мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д заасан үүргээ захиалагч биелүүлээгүй болох нь гэрч М.Баярбаатарын ... Ч.*******ад 10 сая төгрөг арай ч олгогдохгүй, 3 сая төгрөг дутуу байгаа ... гэх, мэдүүлэг зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд бичгээр байгуулагдсан дээрх гэрээнүүдийн агуулга тохиролцооноос дүгнэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, хоёр талын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй байна.
Хэдийгээр хариуцагч ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэх тайлбар өгч байгаа ч энэхүү татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй.
Иймд дээр дүгнэсэн үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг Шаамар сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Шаамар сумын Засаг даргын тамгын газраас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг Шаамар сумын Засаг даргын тамгын газраас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ