Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2022/00568

 

 

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2022/00568

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө багт байрлах, ******* гурил ХХК РД: 2607417, утас: 89088805,77178899/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 8 дугаар хэсэг улаанхудаг 8 дугаар гудамж 29 тоотод оршин суух хаягтай гэх, Хэмчигийнхэн овогт *******ийн ******* /РД:ВМ78091813/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 8 дугаар хэсэг улаанхудаг 8 дугаар гудамж 29 тоотод оршин суух хаягтай гэх, Цариг овогт *******ийн ******* /РД:МХ73100306/ нарт холбогдох

6.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* гурил ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн УБУ-12/11 дугаартай Улаан буудайн урьдчилгаа олгон дэмжлэг үзүүлж, Улаан буудай худалдан авах гэрээ ******* гурил" ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу ******* гурил* ХХК нь Б.*******т 5,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улаан буудай тариалахад нь дэмжлэг болж зээлдүүлсэн. Уг гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь 40 га талбайгаас хураах нийт ургацыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрийн нөхцөлөөр нийлүүлэхээр тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй худлаа хэлж өөр газар худалдсан ба дээрх шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилсэн боловч удахгүй өгнө гэж худлаа хэлсээр өнөөдрийг хүрлээ.

1. Б.******* нь 2020.10.06-ны өдөр 5,000,000 төгрөг авсан уг мөнгийг өгч чадалгүй өдий хүрсэн нь үнэн, компанийг хохиролгүй болгоно. 2020.11.10-ны дотор бүрэн гүйцэт өгнө гэсэн хүсэлт.

2. Б.******* нь 2021.03.16-ны өдөр Гандан хайрхан ХХК-ний Захирлын тушаал гаргаж

4.700.000 төгрөгөөс 03.18-нд 1,000,000 төгрөг, үлдэгдлийг графикийн дагуу

2021.06.30-ны дотор төлж бүрэн барагдуулна гэсэн тушаал.

3. Г.******* нь 2021.09.08-ны өдөр Манай гэр бүлийн зүгээс танай байгууллагад төлөх

4.400.000 төгрөгийг миний бие дараах байдлаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний бие Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багт оршин суудаг. Тус сумын ЕБС-ийн захирлаар ажилладаг. Танай байгууллагад төлөх өглөгийг нэг дор бүтэн төлөх боломж бололцоо дутмаг ар гэрт хүндрэл байгаа тул дараах байдлаар төлж барагдуулах хүсэлтийг хүлээн авна уу. 2021.09.30-нд 1,000,000 төгрөг,

2021.10.30-нд 800,000 төгрөг, 2021.11.30-нд 800.000 төгрөг, 2021.12.30-нд 800,000 төгрөг, 2022.01.30-нд 1,000,000 төгрөг сард өөрийн хэмжээнд орж ирж байгаа орлого, түүнээс гарах бусад зарлагаа тооцож танай өглөгийг барагдуулахаар тооцож боломж, байгаа нөхцөлөө танилцуулж хүсэлт гаргалаа, хүлээн авна уу, байгууллагад чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье, гэсэн өглөг барагдуулах тухай хүсэлт зэргийг тус тус ирүүлж байсан болно.

Иймд ******* гурил" ХХК нь иргэн Г.*******, Б.******* нарын эхнэр нөхөр буюу гэр бүлийн хүмүүсээс зээлдүүлсэн 4.400,000 төгрөг, гэрээний 5.3-т заасан гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 2,200,000 төгрөг нийт 6,600,000 /Зургаан сая зургаан зуу/ төгрөг болон Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг тус тус гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батхуяг, Г.******* нар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

... Хүү алданги төлөх ямарч боломж байхгүй.Үндсэн төлбөр болох 4.400.000 төгрөгийг Цагааннуур сумын нутаг Баянхангай гэдэг газар тарьж ургуулж байгаа сонгиноо хурааж авч борлуулж 2022 оны 09 дүгээр сарын 25 гэхэд төлж дуусгах боломжтой байна. Наана нь төлөх боломж байхгүй. Намайг байлцуулахгүйгээр хурлыг хийж болох бол татгалзах зүйл алга. Түүнээс гадна шүүх хуралдааныг хойшлуулж болохоор бол хойшлуулж өгөхийг хүсч байна!...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон шүүх хуралдааны ирцтэй холбоотой гаргасан саналдаа: ******* гурил ХХК нь иргэн *******тай улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. ******* нь зээлсэн төлбөрийн оронд улаан буудай өгөх байсан ч 2019 оноос өнөөдрийг хүртэл худлаа ярьж маш олон удаа төлбөрөө төлөөгүй. 5,000,000 төгрөгөөс 600,000 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгдээгүй. Тэгээд гэрээний дагуу гэрээ зөрчсөн үндэслэлээр ******* гэдэг хүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэрээнд зааснаар алданги 2,200,000 төгрөг болон гэрээний үнэ 4,400,000 төгрөг нийт 6,600,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн хариу тайлбар хэрэгт авагдсан байгаа. Үндсэн төлбөр болох 4,400,000 төгрөгийг 9 сарын 25-ны өдөр төлнө, алдангийг төлөх боломжгүй гэсэн байсан ч манай зүгээс гэрээнд заасны дагуу алдангийг нэхэмжилсэн тул хангуулах хүсэлтэй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх

Нэхэмжлэгчээс: ******* гурил ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, улаан буудайн урьдчилгаа олгон дэмжлэг үзүүлж, улаан буудай худалдан авах гэрээ, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк шилжүүлэгийн мэдээлэл, Б.*******ын ******* ХХК-нд гаргасан ... төлбөр төлөхөө илэрхийлсэн 2020 оны 10 дугаар сарын 06, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтүүд, Г.*******ын өглөг барагдуулах тухай хүсэлт, Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагч нараас: Г.*******ын Б.*******т олгосон итгэмжлэл, тайлбар зэргийг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* гурил ХХК нь хариуцагч Г.*******, Б.******* нарт холбогдуулан 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 Нэхэмжлэгч нь 6,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 4,400,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алдангид 2,200,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

Зохигч талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12ы өдөр улаан буудайн урьдчилгаа олгон дэмжлэг үзүүлж, улаан буудай худалдан авах гэрээг бичгээр байгуулан улмаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчийн хүсэлтийн дагуу тариалалт, намрын улаан буудайн хураан авалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор улаан буудайн урьдчилгаа 5.000,0000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэх, бэлтгэн нийлүүлэгч өөрийн тариалсан талбайгаас хураасан 2019 оны намрын шинэ ургацын улаан буудайнаас сайн чанарын хогт хольцгүй стандартын шаардлага хангасан товарын улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханштай уялдуулан гаргасан худалдан авагч талын үнээр тооцон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор нийлүүлэх, хэрэв бэлтгэн нийлүүлэгч тогтоосон хугацаанд барааг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол улайн буудай урьдчилгаа зээл авсан өдрөөс эхлэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тус зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулжээ.

Түүнчлэн зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцэх бөгөөд алдангийг ******* гурил ХХК нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нэхэмжилж байгаа нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Хэдийгээр хариуцагч алданги төлөхгүй гэх тайлбар гаргасан боловч энэхүү татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй төдийгүй татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэв.

Иймд Г.*******, Б.******* нараас 6.600.000 төгрөг гаргуулж ******* гурил ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн ******* гурил ХХК-ний Г.*******, Б.******* нараас 6,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 07ы өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товолсон боловч хариуцагч Б.******* нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба түүний хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон.

Шүүх хуралдааны товыг түүний дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүй шийдвэрлэх боломжтой бол татгалзахгүй, хурлыг хойшлуулж болох бол хойшлуулж өгнө үү гэсэн.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг заавал байлцуулах шаардлагагүй, хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Г.*******, Б.******* нараас 6.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* гурил ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Б.******* нараас 120,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ