Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/270

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Газрын тосны оператор мэргэжилтэй, “Петро Чайна дачин тамсаг” ХХК-д оператор ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “” ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/

Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* /РД:*******/ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цаг 49 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг нутаг дэвсгэр байрлах “Бумбат” хорооллын аюулгүйн тойргийн зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приүс 30 маркийн, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.19%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* /РД:*******/ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цаг 49 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг нутаг дэвсгэр байрлах “Бумбат” хорооллын аюулгүйн тойргийн зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приүс 30 маркийн, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.19%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч : “...Миний хувьд Замын цагдаагийн тасагт, цагдаа зохицуулагчаар ажилладаг юм. Ингээд 2025 оны 08 дугаар 15-ны орой эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх хугацаанд 23 цаг 49 минутын орчимд Хэрлэн сумын 2 дугаар баг бумбат хорооллын аюулгүйн тойрог дээр Приус-30 маркийн Дор улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул драгейр багажаар үлээлгэхэд 2,19 хувийн согтолттой байсан. Ингээд *******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Үгүй ******* нь урьд өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ хасуулсан нөхцөл байдал тогтоогдсон...” гэжээ. /хх-ийн 6 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/385 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх-ийн 28-31/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 23 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******ын согтуурлын зэрэг 2.19 хувьтай гарсан болох нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ