Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/580

 

 

 

 

 

 2021             06           08                                         2021/ДШМ/580                                                                                                                                                                                      

Г.Г-т холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2006041590186 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн Г, Дархан-Уул аймагт 1994 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймаг, 00 дугаар баг, 0 дүгээр хэсгийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. 

Г.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа Г.Ө-ыг “Түлхэж унагалаа” гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г-ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 1 жил хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд хүндрэл учруулалгүй хэргээ хүлээсэн. Би хоёр дүүгийн хамт амьдардаг. Эгч маань Солонгос хүнтэй гэр бүл болоод 2005 оноос хойш нутагтаа ирээгүй. Ээж маань 5 жилийн өмнө гадаад яваад сураггүй болсон. Би ажил хийж дүү нараа тэжээдэг. Цар тахлын үед Дархан хотод ажил олдохгүйн улмаас Улаанбаатар хотод ирж ажил хийж байсан. Ар гэрт минь 19 настай, 11 настай дүү нар минь үлдсэн. Дүү нарыг минь харж хандах хамаатан садан байхгүй тул ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г-ын эх нь Солонгосоос ирсэн байгаа. Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Г-т үйлдсэн хэрэгт тохирсон хамгийн бага ял шийтгэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа Г.Ө-г “Түлхэж унагалаа” гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Ө-ы “... явах гээд гарч байхдаа нийтийн байрны жижүүр эмэгтэйтэй бага зэрэг маргалдсан. Тэр эмэгтэйн дуудсан залуу гарцгаа гээд хөөсөн. Найзууд маань гарсны дараа би гэрийг нь цоожлоод араас нь гарч байхад нөгөө залуу тааралдахаар нь түлхээд урагш 2 алхтал баруун талын далны орчимд хутгалсан байсан...” /хх 13-14/,

гэрч Р.Г-ийн “... 14 тоот өрөөнд шөнөжин архидаад байхаар нь гарч явахыг шаардсан. Тэр үед 5 тоот өрөөнд амьдардаг залуу ажлаа тараад орж ирэхдээ надаас юу болсныг асуухаар нь согтуу хүмүүс амраахгүй байгаа тухай хэлсэн. Тэгтэл нөгөө согтуу залуус хэрэлдээд “Гараад ир үзье” гээд чирээд аваад гарсан. Хохирогч гэх залуу нүүрэн тус газар нь 1 удаа цохихоор нь би хүн дуудах гэж ороод, буцаад гараад ирэхэд “Дүрчихлээ” гээд орилоод байсан. Хохирогч залуу газар хэвтээд гэдэс нь цус болсон байсан...” /хх 17-18/,

гэрч Т.У-ын “... тэр залуу араас гарч ирэхэд цамцных нь баруун ханцуйнд хурц үзүүртэй хутга харагдсан. Хутгаа далайгаад хөөхөөр нь бид зугтсан. Гэтэл Өлзийсайхан хаалга түгжээд шатаар дээш өгсөөд гараад ирсэн. Бид “Наад залуу чинь хутгатай байна” гэж орилоход Өлзийсайхан тэр залууг түлхэхэд нэг удаа дүрсэн. Ө газарт орилоод унаад өгсөн...” /хх 19-20/,

гэрч Ц.Б-ийн “...Тэр залуу хутгатай байхыг би болон манай найзууд бүгд харсан. Биднийг ална гэж сүрдүүлж хутгаараа болон гараараа бидийг цохих гээд хөөсөн. Тэгтэл Ө хаалга түгжээд гараад ирэхээр тэр залуу хутга барьсан байна гэж орилж хэлсэн. Өлзийсайханыг газарт унасан үүргэвчээ авах гээд тонгойх үед нь тэр залуу ар нуруунд хутгалсан...” /хх 22-23/,

шүүгдэгч Г.Г-ын яллагдагчаар өгсөн “... хутгыг аваад хохирогч залуугийн бөөр хэсэгт нь нэг удаа хутгалсан...” /хх 108-109/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Ө-ы биед ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 12265 тоот шинжээчийн дүгнэлт /хх 31-33/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.        

Шүүгдэгч Г.Г-ын хохирогчийг хутгалж цээжний баруун хөндийд нэвтэрсэн амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-т 5 жил хорих ял шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ.

Гэрч Т.Д “... Г.Г-, миний төрсөн дүү Мөнхцаст бид гурав хамт амьдардаг. Г.Г- миний төрсөн ах биш, эгч дүүсийн хүүхдүүд юм ...” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Г.Г-ын асрамжид насанд хүрээгүй хүүхдүүд байдаг талаар давж заалдсан гомдолдоо дурьдсан нь үндэслэлгүй байна.

Тэрээр өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдож, шүүхээс тухай бүр нь хорих ял шийтгэхгүйгээр тэнсэж засарч хүмүүжих боломж олгосоор байтал өөртөө дүгнэлт хийлгүй дахин хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ        

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН