Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 75

 

 

      Увс аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгч:  Ц.Бат-Эрдэнэ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овгийн Цэнгэнбаярын Бат-Эрдэнэд холбогдох 1735000270012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, одоо Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуульд хөгжмийн багш ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 06-15 тоотод оршин суух, регистрийн дугаар ОД89100815, Бурдууд овогт Цэнгэнбаярын Бат-Эрдэнэ.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн нутагт хохирогч Р.Балдоржийг зодож, эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Хохирогч Р.Балдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тэс сумын 6 дугаар багт амьдардаг ба 2017 оны 07 дугаар сарын 26-ны өглөө Зүүнговь сумын 90 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор Зүүнговь суманд очсон. Тухайн өдөр тэмцээн болж Тэс сумын баг Зүүнговь сумын багтай тоглож байхад эсрэг багийн тоглогч Бат-Эрдэнэ гэгч намайг бөмбөг шидэх болгонд пизда гэх мэт үгээр харааж байсан. Цааш үргэлжлүүлээд тоглож байтал Бат-Эрдэнэ хальтирч унахдаа миний өмнө унасан юм. Бат-Эрдэнэ босож ирээд миний бэлэг эрхтэн рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд би газарт унаад босож ирсэн, гэтэл  Бат-Эрдэнэ гараараа миний шүд рүү цохиж миний нэг үүдэн шүд хугарч хагарсан шүдний хэлтэрхий Бат-Эрдэнийн баруун гарын дунд хэсэгт зоогдож цус гарсан. Бат-Эрдэнэ намайг цохисноос миний бүх шүд өвдөж сумын эмнэлэгт яаралтай очсон. Эмч үзээд “ чиний үүдэн нэг шүд хугарсан байна” гэж хэлсэн. Тэр өдрөө Зүүнговь сумаас ахынхаа машинтай Улаангом сум руу ирсэн. Намайг зодсон Бат-Эрдэнэ гэх залуу Улаангом сумын 1-р сургуулийн дуу хөгжмийн багш ажилтай хүн байсан. Бат-Эрдэнийг урьд өмнө харж байгаагүй, танихгүй хүн байсан. Бат-Эрдэнийн намайг цохисон гар нь миний шүдэнд зүсэгдэж 2-3 оёдол тавиулсан. Бат-Эрдэнийн  намайг цохиж байхыг тэнд байсан тамирчид болон  хүмүүс харсан. Одоо миний гэдэс хэвлий хэсгээр болон бэлэг эрхтэн, шүд, толгой өвдөж байна. Би одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явж байна. Өнөөдрийн байдлаар надаас эм тариа болон Зүүнговь сумаас ирж очих зардлууд болон бусад зардалд нийт 600.000 төгрөгний зардал гарсан бөгөөд би цаашид үргэлжлүүлж эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Ц.Бат-Эрдэнэ надад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эмчилгээндээ хэрэглэх зардал гээд 1.000.000 төгрөг өгсөн ” гэх  мэдүүлэг /хх-ийн 7, 8 х/,

           2. Гэрч Н.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тэс сумаас 2017 оны 07 дугаар сарын 26-ны өглөө Зүүнговь суманд болох сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор дасгалжуулагч Сандаг, Балдорж, Жамбалдорж, Галиндэв, Янсанжав, Буянтогтох нарын хамт Зүүнговь сум явж тэнд 09 цаг 30 минут орчимд очсон юм. Тэмцээн эхлээд эхний тоглолт болоод Зүүнговь сумын багтай тоглож байтал нөгөө багийн ахлагч Бат-Эрдэнэ гэх эрэгтэй хүн манай багийн Балдоржийг  зодсон. Манай баг нөгөө багаа 6 онооны давуугаар хожиж явтал нөгөө багийн ахлагч шаралхаад бохир тоглож байгаад эргэтэл манай багийн ахлагч Балдорж хааж байгаад хоёулаа нэг нэгнийхээ хөлөнд тээглээд газар унасан. Тэгээд Балдорж босож иртэл нөгөө багийн ахлагч Бат-Эрдэнэ уурлаад Балдоржийн эмзэг эрхтэн рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөөд Балдорж эмзэг эрхтнээ дараад тонгойгоод эргээд өндийтөл Бат-Эрдэнэ гэгч гараа зангидаж байгаад баруун гараараа Балдоржийн ам руу нь нэг удаа цохисон. Балдоржийг зодсон хүний баруун гарын дунд хурууны үений хооронд язарч цус гараад бид нар эмнэлэг явсан юм. Бат-Эрдэнэ бөмбөг залаад явж байтал нь Балдорж хамгаалж байгаад Бат-Эрдэнийг эргэтэл нь хальтарч унаснаас болж Бат-Эрдэнэ босож ирээд чи намайг өшиглөдөг хэн юм гээд зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9 х/,

            3. Гэрч Ц.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “....Тэмцээн эхлээд эхний тоглолт болоод манай баг хожиж явсан юм. Дараагийн тоглолтон дээр манай Тэс сумаас ирсэн 1-р баг Зүүнговь сумын багтай тоглож байсан. 1-р баг нөгөө багаа 6 онооны давуугаар хожиж байтал нөгөө багийн ахлагч Бат-Эрдэнэ гэх ах шаралхаж уурлаад бохир тоглож байгаад Балдоржийг бөмбөг залаад  эргэтэл нөгөө багийн Бат-Эрдэнэ гэх ах хааж байгаад хоёулаа нэг нэгнийхээ хөлд тээглээд газар унасан. Тэгээд Балдорж босоод иртэл нөгөө багийн ахлагч Бат-Эрдэнэ уурлаад Балдоржийн эмзэг эрхтэн рүү нэг удаа баруун хөлөөрөө өшиглөөд Балдорж эмзэг эрхтнээ дараад тонгойгоод эргээд өндийтөл Бат-Эрдэнэ гэгч баруун гараа зангидаж аваад Балдоржийн ам руу нь нэг удаа цохиход Балдоржийн амнаас нь цус гарч үүдэн дээд нэг шүд нь унаж гэмтсэн ба Балдоржийг зодсон хүний баруун гарын нэг хурууны үений хооронд язарч цус гараад бид нар эмнэлэг явсан юм. Балдорж бөмбөг залаад явж байтал нь нөгөө багийн ахлагч Бат-Эрдэнэ хамгаалж байгаад Балдорж бөмбөг залаад эргэх гэж байгаад халитраад  Бат-Эрдэнийн хөлд тээглэж унагааснаас болж Бат-Эрдэнэ уурлаж ,  чи намайг өшиглөдөг хэн юм гээд Балдоржийг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10 х/,

            4. Гэрч И.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Бат-Эрдэнэ нь миний нөхөр юм. Бид хоёр 2015 онд гэр бүл болж нэг охинтойгоо хамт Улаангом сумын 5-р багийн 06-15 тоотод амьдардаг. Ц.Бат-Эрдэнэ нь Цогцолбор 1-р сургуульд хөгжмийн багшаар ажилладаг юм. Ц.Бат-Эрдэнэ үг дуу цөөнтэй, даруу төлөв зантай, ямар нэг дэл сул үг яриа гаргаад байдаггүй, спорт урлагт сонирхолтой, өөрийн ажил мэргэжилдээ сайн, ур чадвар сайтай сургуулийнхаа урьдаа барьдаг багш бөгөөд урлаг спорт соёлын бүх арга хэмжээнд идэвхи чармайлттай оролцдог юм. Ц.Бат-Эрдэнэ хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, гэр бүлдээ халамжтай, нөхөрсөг, тусархаг, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуугадаг зан чанартай юм. Ц.Бат-Эрдэнэ нь эрүүл чийрэг биетэй, ямар нэг архаг хууч өвчингүй юм. Ц.Бат-Эрдэнэ архи уусан үедээ ямар нэг муу зангүй, шууд унтаад амарчихдаг. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Харин нэг удаа зөрчилд холбогдож байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 х/,

            5. Гэрч Ц.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Бат-Эрдэнэ нь миний ах юм. Ц.Бат-Эрдэнэ эхнэр, нэг хүүхдийн хамт Улаангом сумын 5-р багт амьдардаг ба Цогцолбор 1-р сургуульд дуу хөгжмийн багш ажилтай. Ц.Бат-Эрдэнэ зан аашийн хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, өөрийн мэргэжилдээ чадварлаг, олон нийтийн арга хэмжээнд идвэхи чармайлт сайн, спортоор хичээллэх сонирхолтой, мэргэжил болон спортын төрлөөр олон удаагийн тэмцээн уралдаанд оролцож байсан. Ц.Бат-Эрдэнэ хүнд тусархаг, эелдэг зөөлөн зан ааштай, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй, гэр бүлдээ халамжтай, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч агсам согтуу тавьдаггүй, шууд унтаад өгдөг юм. Ц.Бат-Эрдэнэ нь эрүүл чийрэг биетэй, архаг хууч өвчингүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х/,

              6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №426 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Р.Балдоржийн биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд баруун 1-р шүдний углуургын хугарал, дээд зүүн 1-р шүдний цөгцний хугарал, дээд уруулын салстад цус хуралт, хэвлийн урд доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой, шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Цаашид уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 14 х/,

            7. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн №439 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Ц.Бат-Эрдэний биед гэмтэл учирсан байна. Баруун сарвууны 3-р хуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, эдгэж буй гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамраарахгүй гэмтэл болно. Цаашид уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18 х/,

            8. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 х/,

            9. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаангом сумаас Зүүнговь сумын 90 жилийн ойн урлагын хүндэтгэлийн ажиллагаанд оролцохоор очсан юм. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зүүнговь сумын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа сагсан бөмбөгийн тэмцээн болсон бөгөөд уг тэмцээнд дүү нарын хамтаар баг үүсгэж тоглосон юм. Тэмцээн эхлэхэд манай багийнхан 5 дахь тоглолтын үеэр Тэс сумаас оролцож байгаа багтай сугалаагаар таарч тоглосон юм. Бид нарын тоглолт явагдаад дундаа орж байтал Тэс сумын багаас тоглож байгаа Р.Балдорж гэгч нь шүүгчтэй “буруу шүүж байна” гэж хальт маргалдаад салсан юм. Тэгээд тоглолтоо цааш үргэлжлүүлэхэд Тэс сумын багаас оролцож байгаа Р.Балдорж гэгч нь нилээд ууртайгаар тоглож байсан. Би хамгаалагчаар тоглож байтал эсрэг багийн довтлогч Р.Балдорж нь довтолж орж ирсэн бөгөөд зөрөхдөө Балдорж миний цээж рүү өвдөглөөд зөрсөн бөгөөд тухайн үед би газарт унасан юм. Тухайн үед миний уур гэнэт хүрээд Р.Балдоржийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохичихсон бөгөөд би Балдоржийн шүдэн дээр нь цохичих шиг болсон. Тэгтэл миний баруун гарын дунд хуруу нь Балдоржийн шүдэнд цохигдож хуруунаас цус гарч эхэлсэн юм. Би Зүүнговь сумын эмнэлэгт очиж баруун гарынхаа дунд хуруунд оёдол тавиулаад эмнэлгээс гараад Балдорж дээр очоод “ах нь сая уурандаа чамайг цохичихлоо, ахыгаа уучилаарай” гэж хэлээд уучлалт гуйсан. Р.Балдоржийн шүд нь хугарсан байсан. Тэгэхээр нь би Р.Балдоржид аймаг руу орж шүдээ үзүүлэх хэрэгтэй, ах нь хохирол гомдлыг нь барагдуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Зүүнговь сумаас тэр шөнөдөө гарсан. Харин Балдорж мөн адил гэрийхэнтэйгээ аймаг руу гарсан юм. Тэр шөнө би 22.00 цагийн үед Улаангом суманд орж ирсэн. Балдоржид би утасны дугаараа өгсөн ба Балдорж надаас өмнө Улаангом руу орсон юм. Тэр шөнөдөө Балдорж над руу залгана гэж хэлсэн боловч залгаагүй. Маргааш нь намайг цагдаад өгчихсөн байсан. Би Р.Балдорийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Р.Балдорж Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад нь би 1.000.000 төгрөг өгсөн. Р.Балдоржийн биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.        

                   

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрт хохирогч Р.Балдоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Балдорж, гэрч Н.Өсөхбаяр, Ц.Эрхэмбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 426 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Балдоржийн  бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн  болон хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй  байх тул энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзлээ. Харин мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь хохирогч Р.Балдоржид 1000000 / нэг сая / төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

                Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1.Шүүгдэгч Бурдууд овгийн Цэнгэнбаярын Бат-эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН