Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/271

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521005190279 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Хулганай Цайдам” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:Ж*******/

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь  2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг, “Швед” гэх газарт хохирогч “машины бариул хугаллаа” гэх шалтгааны улмаас биед нь халдаж, модоор гар, хөл, толгой хэсэгт нь цохиж биед нь дагзанд шарх, зүүн гуя, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь  2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг, “Швед” гэх газарт хохирогч “машины бариул хугаллаа” гэх шалтгааны улмаас биед нь халдаж, модоор гар, хөл, толгой хэсэгт нь цохиж биед нь дагзанд шарх, зүүн гуя, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...Би тус аймгийн Булган сумын нутаг дэвсгэр буюу аймгаас 45 км-ийн зайд байрлах “Швед” гэх газар айлын мал харж, малчнаар ажилладаг юм. 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим тус газарт малаа хараад байж байтал зүс таних гэх ах эхнэр болон малчинтайгаа гээд гурвуулаа ДОР улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирсэн. ах манайд орж ирээд малчин залуутай юм яриад сууж байснаа намайг машины араас цүнхтэй багаж аваад ир гэсэн. Тэгэхээр нь би машиных нь араас цүнхтэй багажийг нь авах гэж байгаад машиных нь багаажны бариулыг хугалчихсан юм. Гэтэл ах гарч ирээд намайг зүүн гарын бугалга хэсэгт модоор олон удаа цохиж, нуруу, гар, хөл хэсэгт минь өшиглөж, зодсон. Хажууд байсан хүмүүс болиоч ээ гэхэд болихгүй намайг зодоод л байсан. Би ч сүүлдээ боль л доо ахаа гээд гуйсан. Тэгээд хамгийн сүүлд хонь хайчилдаг хайчаар толгой хэсэгт минь олон удаа цохиж толгойг минь хагалж, толгойноос минь цус гарахад намайг зодохоо больсон. Ингээд би аймгийн төвд ирээд эмнэлэгт очиж толгойндоо 2 оёдол тавиулсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Өнөөдөр дахиж эмнэлэгт үзүүлээд, цагдаагийн байгууллагад хандаж байна. Толгойндоо 2 оёдол тавиулж боолгосон, зүүн хөлийн гуя хэсэг болон зүүн гарын бугалга, тохой хэсэгт хөхөрсөн байгаа. Толгой минь маш ихээр өвдөж байна... Би сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 22-23, 26 талууд/

 

 

            Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 423 тоот дүгнэлтэд: “...ийн биед дагзанд шарх, зүүн гуя, баруун зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  

  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.

 

Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 28,350 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкны 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 800,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын Ж******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн мод, хайч тус бүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 800,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын Ж******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ